Нийслэлийн нэг сая иргэний хэрэглэсэн бохир усыг нэг л өглөө цэвэрлэж чадахгүй болж мэдэхээр байгааг Ус сувгийн удирдах газрынхан өчигдөр дахин санууллаа.
Дахин гэдгийн учир нь Улаанбаатар хотын бохирыг шүүж, цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламж хэдийнэ насгүй болчихсоныг мэргэжилтнүүд хангалттай ярьж, хэлж, сануулсаар ирсэн. Харамсалтай нь хамгийн чухал энэ асуудалд хөрөнгө мөнгө хангалттай төсөвлөдөггүйгээс Төв цэвэрлэх байгууламж тэг зогсолт хийхэд хүрлээ.
Тодруулбал, ойрын өдрүүдэд уг байгууламжийн аэротенкийн хэсгийг нөхөх ажлыг яаралтай эхлүүлэхээр болжээ. УСУГ-ын дарга С.Үнэнгийн хэлснээр засварын ажлыг өнөөдөр ч эхлүүлж магадгүй байна.
Хамгийн том асуудал нь засвар хийх гурав хоногийн хугацаанд нийслэлийн иргэдийн хэрэглээний усыг хязгаарлаж, хоол ундаа бэлтгэхээс эхлээд гар, нүүрээ угаах, бие засах гээд өдөр тутмын бүх хэрэглээгээ зогсоох эсвэл бохир усыг цэвэрлэлгүй шууд Туул гол руу цутгах хоёр сонголт байгаа гэнэ.
Харин хэрэглээний усыг хязгаарлах нь боломжгүй зүйл тул Туул гол руу хэрэглэсэн бохироо тэр чигээр нь асгах сонголтыг хийхээс аргагүй гэв. Одоо 65 хувийн цэвэрлэгээ хийгдсэн бохир усыг Туулд цутгадаг. Тэгвэл засвар хийх гурав хоногийн хугацаанд нийслэлийнхний гаргасан бохирыг ямар ч шүүлтүүргүйгээр тэр чигээр нь гол руу асгана гэсэн үг.
Эхний ээлжийн гал унтраах засвараа хийх 40-50 сая төгрөгийг УСУГ-аас гаргаж, бие даан шийдвэрлэхээр болсон байна.
Одоо 65 хувийн цэвэрлэгээ хийгдсэн бохир усыг Туулд цутгадаг.
Харин Төв цэвэрлэх байгууламжаа тэр чигээр нь шинэчилж, нийслэлчүүдийн өмнө тулгараад байгаа бохирын асуудлыг шийдэхэд 300 сая ам.доллар хэрэгтэйг С.Үнэн дарга хэлэв. Хэдийгээр гал намжаах төдий засвар хийсэн ч ирэх жил гэхэд Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа бүрэн зогсч, нэг л өглөө нийслэлчүүд бохиртоо хутгалдаж мэдэх аюул хэвээр үлдэхийг мэргэжилтнүүд сануулж байна.
Засварын хугацаанд бохирыг цэвэрлэлгүй Туул гол руу шууд цутгах талаар Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын яамнаас тодруулахад “Манайд энэ талаар ямар нэг мэдээлэл ирээгүй. Туул руу бохироо шууд цутгаж болохгүй. Нийслэл усны аюулгүй байдлын хөтөлбөртэй. Түүгээрээ шийдэх ёстой” гэсэн хариултыг өгсөн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!