Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Татар-Монголчууд Орост хэрхэн нөлөөлсөн бэ?

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Түүхчид өнөөг хүртэл Татар-Монголын дарлал гэж байсан эсэх талаар маргалдсаар байна. Хэрвээ байсан бол Орос оронд хэрхэн нөлөөлсөн нь ч маргаантай. Гурван зуу орчим жилийн Оросын түүхэнд тэд яг юуг үлдээсэн бэ?

 

Үгүйрсэн хотууд

Татар-Монголчуудын байлдан дагуулалтын шууд үр дүнд Орос орон олон тооны хот тосгодоосоо салсан юм. Хэмжээний хувьд үлэмж. Эдгээрээс 14 хот дахиж сэргээгдээгүй устсан гэдэг. Хамгийн эртний, томоохон хотуудын нэг, Рязаний Их вант улсын нийслэл Старая Рязань 1237 онд сүйрчээ. Түүний бүх байшин барилга, сүм хийдүүдийг Батын дайчид газрын хөрснөөс арчсан. “Оросын Трой” гэж нэрлэгддэг Старая Рязань нь өнөөдөр Оросын хамгийн том археологийн талбарт тооцогдож байна. Түүний талбай 60 гектар гаруй хэмжээтэй.

 

Гар урлал, үйлдвэрлэлийн уналт

Татар-Монголын эзэрхийлэл Оросын гар урлалын хөгжилд ноцтой цохилт өгчээ. Түүхч Борис Рыбаков бичихдээ “Оросын үйлдвэрлэлийн хөгжлийг тэд хэдэн зуун жилээр хойш нь татсан. Барууныхан гар урлал үйлдвэрлэлийн эхний шатандаа явж байхад Оросууд хоёр дахь түүхэн шатандаа шилжиж байх байлаа” гэжээ.

Оросын дархчууд, гар урчууд Хархорум, Сарай руу илгээгдэж байлаа. Үүнээс болоод Орос орны нийгэм, эдийн засгийн хөгжил ухралтанд оров. Хүн ам зүүн хойд зүгт, Ока болон Хойд Волга мөрний бэлчирт шилжсэнээр худалдааны бүх зам харгуйг Алтан ордныхон хяналтандаа авчээ.

  

Москвагийн хүчирхэгжилт

XIII зууны дундаас Москва, Тверь хотууд бие дааж эхэлснээр XIV зууны эхээр эдгээр хотууд Зүүн хойд Оросын улс төр, эдийн засгийн гол төвүүд болжээ. Их ван Андрей Александрович (1304 онд) таалал төгссөний дараа Москва, Тверийн хооронд эрх мэдлийн төлөө тэмцэл эхлэв. Энэ тэмцэл нь дайн тулааны, дипломат бодлогын гээд олон янзын аргаар үргэлжилж байлаа. Эдгээрээс гадна Алтан ордны харьяаны хотууд гуравдагч хүчин болж гарч ирэв. Эцэстээ 1327 оны наймдугаар сарын 15-нд Тверьчүүд Алтан ордын эсрэг босчээ. Чол ханыг ордонд нь шатааж, Тверь дэхь бүх татарууд, Алтан ордоос ирсэн худалдаачдыг хядав. Бослогыг дарах Алтан ордын бүрэлдэхүүнд Москвагийн ван, Владимирскийн их вангийн ширээнд Тверьтэй өрсөлдсөөр ирсэн Иван Калита оролцжээ.

Москва Оросыг захирах сайхан боломж гарав. Үүний дараа ван Иван Калита Узбекын гараас алдарт Мономахын титмийг хүлээж авсан нь Москва болон Алтан ордны холбоотны билэгдэл байлаа.

 

Элит ангийн солигдол

Зарим түүхчдийн үзэж байгаагаар, тухайлбал Игорь Данилевскийн онолоор Татар-Монголчуудаас үлдсэн нэг том өв бол “элит ангийнхны” солигдол.

Байлдан дагуулалтад хамгийн их хохирсон нь тухайн үеийн язгууртнууд. Харин тэдний орон зайд энгийн хүмүүс, барлагууд, гуйлгачид дээш дэвшин гарч иржээ. Данилевскийн баталж байгаагаар XV-XVI зууны язгууртнуудын дотор өмнөх үеийн язгууртнуудын удам байхгүй болсон байв.

Эд бол шинэ сэтгэлгээтэй, шинэ язгууртнууд байлаа.

 

Барууныхны эсрэг цохилт

Байлдан дагуулалтын сөрөг, гашуун талаас гадна Оросын вангуудад Алтан ордынхны үзүүлж байсан тусламж, дэмжлэгийг мартаж болохгүй. Жишээ нь Александр Невский Монголчуудын дэмжлэгтэйгээр баруун хойд хилээ Швед, Германчуудаас хамгаалж байлаа.

Нэг тод түүх бол Ледовын тулаанд Монголчууд оролцсон явдал. Польшийн түүхч, Герман гаралтай Рейнгольд Гейденштейн (1556-1620) бичихдээ, уг тулаанд Александр Невский Монголын хаан Батаас тусламж гуйж, хариуд нь хаан өөрийн цэргийг илгээж байсан гэжээ. Мөн 1241 онд Батын цэрэг Легницийн тулаанд тевтоны рыцариудыг бут ниргэж, 1269 онд Новгородчууд хотын хэрмээ загалмайтнуудаас хамгаалахад нь Монголчууд туслаж байжээ.

Алтан орд ингэж Невскийд тусалсныхаа хариуд Оросын язгууртнуудтай хэл амаа ололцохдоо түүнээс дэмжлэг авдаг байсан байна.

 

Засаглах сэтгэлгээний өөрчлөлт

Түүхч Игорь Данилевскийн үзэж байгаагаар Монголчуудаас өвлөсөн нэг гол зүйл бол засаглах сэтгэлгээнд гарсан өөрчлөлт гэнэ. Монголын эзэмшилд байх үеэс нийгмийн давхарга, бүтцэд өөрчлөлт орж, түүхч Ключевскийн нэрлэснээр “анхны их Оросын” сэтгэлгээ буюу нэг хүний засаглал, дангаар хаанчлах ёс бүрэлдэн тогтжээ.

Энэхүү Монголын эзэнт гүрний дотор сайн зохицож байсан хэв ёс, зүүн хойд Оросын (Москва) улс төрийн системд өвлөгдөн үлджээ.

 

Эх сурвалж: Русская Семерка