Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Нэг ч хүүхдийг улаанбурханы вакцинаас хоцруулахгүй

Г.Номин, iKon.mn
2015 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын найман дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт улаанбурхан өвчний  нийт 4,691 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 464 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагдаад байна.

Үүнээс ХӨСҮТ-д 527 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 147 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарчээ. Хэвтэн эмчлүүлэгчдийн 84 нь хүнд болон хүндэвтэр явцтай, 16 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.

Улаанбурхан өвчний тархалт хурдацтай байгаатай холбогдуулан нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 15-25-ны хооронд хийхээр болсон.  


Нэмэлт дархлаажуулалтыг улс даяар хэрхэн зохион байгуулах талаар ЭМСЯ-ны Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэлээс  тодрууллаа.

- Нэмэлт дархлаажуулалтад хэчнээн хүүхэд хамрагдах вэ, бэлтгэл ажил хангагдсан уу?

-Улаанбурханы эсрэг вакциныг хуваарийн дагуу орон нутагт хүргүүлж, нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах сургалтууд эхэлсэн байгаа.

Энэ удаагийн улаанбурханы тархалт дүүргүүдийн алслагдсан хороод, эмзэг бүлгийн иргэд, товлолт вакцинаа хийлгээгүй хүүхдүүд  түлхүү тусч байгаа . Тиймээс нэмэлт дархлаажуулалтыг шуурхай зохион байгуулж нэг ч хүүхдийг вакцинаас хоцруулахгүй байхаар төлөвлөж байна.

Улсын хэмжээнд 6 сартайгаас 5 нас 11 сар хүртэлх насны бүх хүүхдүүдийг улаанбурханы нэмэлт дархлаажуулалт хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Нийт  370 мянга орчим хүүхэд хамрагдах  байх.

- Нэмэлт дархлаажуулалтыг  өрхийн эмнэлэгт хийх үү?    

-Цэцэрлэгт хамрагддаг хүүхдүүдийг цэцэрлэг дээр нь очиж вакцинжуулалт хийнэ. Улсын, хувийн гэж ялгалгүй бүх цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулах бөгөөд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд улаанбурханы товлолт вакцин хийлгэсэн хүүхдүүд нэмэлт дархлаажуулалтад хамрагдахгүй.

Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө товлолт вакцин хийлгэсэн бол дахин нэмэлт вакцинжуулалтад хамрагдана гэсэн үг.

Цэцэрлэгт явдаггүй, гэртээ байдаг 6 сартайгаас 5 нас 11 сар хүртэлх хүүхдүүдийг эцэг, эхчүүд нь өрхийн эмнэлэгтээ очиж нэмэлт дархлаажуулалтад хамруулна.

Мөн алслагдсан хороо, аймаг, сумын төвөөс хол амьдардаг өрхүүдэд хүрч дархлаажуулах ажлыг зохион байгуулах эмч, сувилагчдын багийг бэлтгэх ажил өнөөдрөөс эхлэн улс даяар гурван хоног үргэлжлэх гэж байна.

-Сайн дураараа нэмэлт дархлаажуулалтад хамрагдах иргэд хаана хандах вэ?

-Сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад очиж вакцин хийлгэх боломжтой.