Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Сүрэнханд: Товлолт вакцинаа хийлгээгүй хүүхдүүд улаанбурханд өртөж байна

Б.Туул
2015 оны 4 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг

2010 оноос хойш Монгол Улсад огт бүртгэгдээгүй улаанбурхан өвчний анхны тохиолдол өнгөрсөн сарын 18-нд эмнэлгийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ талаар ХӨСҮГ-ийн дэд захирал Г.Сүрэнхандаас тодрууллаа.

-Улаанбурхан өвчин хот, хөдөөд дэгдэлт маягаар гарах хандлагатай байна. ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн мэдээнээс харахад өдөр ирэх тусам өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна. Одоогийн байдлаар өвчлөл хэр байна?

-Дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний 383 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 108 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

-Иргэд улаанбурхан өвчнийг ямар шинж тэмдгээр таних вэ. Бусад тууралтад өвчинтэй андуурах тохиолдол бий юу?

- Тууралттай, хатууралттай хам шинж өвчин гэдэгт улаанбурхан, улаанууд, салхин цэцэг, гар хөл амны өвчлөл бүгд багтана. Гэхдээ энэ өвчин нь тэдгээрээс ялгарах шинж тэмдэг нь арай өөр. Хэрэв үүнийг иргэд таних боломжгүй бол эрүүл мэндийн байгууллагад хандаж, лабораторийн шинжилгээгээр тодорхойлуулах хэрэгтэй.

Улаанбурхан өвчний тууралт нь бусад тууралтаас өвөрмөц ялгаатай.

Улаанбурхан өвчний тууралт нь бусад тууралтаас өвөрмөц ялгаатай.

Нэгдүгээрт, тууралт бүх биеэр нэгэн зэрэг гардаггүй. Дөрвөн хам шинжээр илэрнэ. Тууралт толгой хэсгээс эхэлж гараад чих хавиар туурах. Тэгээд нүүр, хүзүү, гар хөл гэх мэт шаталсан дараалалтай туурдаг.

Нөгөө талаар нүд улайх, нус гоожих, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тиймээс ганцхан тууралтаар оношлох боломжгүй. Дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай харьяа дүүргийн өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүдэд хандах хэрэгтэй.

-Энэ өвчинд ямар хүмүүс өртөмтгий байна вэ. Мөн энэ өвчний вакциныг хаана хийлгэх ёстой вэ?

-Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд дунд улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй, дархлаа сул, суурь өвчтэй, тураалтай, олон дахин эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг, амьдарч буй орчин нөхцөл нь тааруу, гэр хорооллын бага насны хүүхдүүд цөөнгүй хувийг эзэлж байна. Олонх нь товлолт вакциндаа ямар нэгэн шалтгаанаар хамрагдаагүй байсан.

Тиймээс эцэг, эхчүүд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах, энэ талын мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал байна. Хэрэв вакциндаа хамрагдаагүй бол энэ талын мэдээллээ харьяа дүүрэг, өрхийн эмнэлгээсээ асууж тодруулах, нөхөн дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй байна.

Вакцинд хамрагдсан, дархлаа сайтай хүмүүст энэ өвчний урвал бага явагдаж байна. Тиймээс ЭМСЯ- тай хамтран албан даалгавар гаргаж байна. Хоёрдугаарт, зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдэд нэмэлт дархлаажуулалт хийхээр төлөвлөөд байна. Вакцинаа захиалсан байгаа.

Зураг