Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-ын дарга З.Энхболдод Таван толгойн гэрээний төслийг өргөн мэдүүллээ.
С.Баярцогт “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэхэд авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Өнгөрсөн өдрүүдэд жаахан үйл ойлголцол үүсч, эргэлзэж байсан асуудлууд гарсан.
Ямар нэгэн хууль, тогтоолын төсөл өргөн барихаас өмнө УИХ-ын Тамгын газар хянаж шалгадаг. Хуулийн дагуу 72 цагийн дотор хянаж шалгаад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар "Зургаан төрлийн асуудал байна. Таван төрлийн материал нэмж өгч, нэгийг нь илүү ойлгомжтой болгож өгөөч" гэсэн хүсэлт өнгөрсөн Даваа гарагт Засгийн газарт ирүүлсэн.
Үүний дагуу Засгийн газрын хуралдаанаар хоёр асуудлыг нь хэлэлцэн шийдвэрлэсэн. Ингээд материал бүрдсэн учраас өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэхэд авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний төслөөс гадна хөрөнгө оруулалтын гэрээний хавсралт материал болох ашиглалтын тусгай зөвшөөрөл, хамтран ажиллах гэрээ, хамтын ажиллагааны төлбөрийн тооцоолол, газартай холбоотой эрх, тооцооллын томьёо, Ухаа худаг, Гашуун сухайтын төмөр замын концессын гэрээ, Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэхтэй холбоотой төсөв санхүүгийн зардлын тооцоо, төслийн талаар ТББ-уудаас ирсэн саналуудыг, Засгийн газрын 150, 151 дүгээр тогтоолуудыг нэмж өргөн мэдүүлсэн.
Ирэх долоо хоногоос Байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх болсон” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!