Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Таван Толгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Архив

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж мэдээлэл хийлээ. Мэдээлэлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар оролцлоо.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Өнөөдрийн АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн үг, УИХ-ын даргын Хаврын чуулганыг нээж хэлсэн үг, Таван толгойн асуудлыг хэлэлцлээ. 

Таван толгойн асуудлаар гурван зүйл заалттай шийдвэр АН-ын бүлэг гаргалаа. Нэгдүгээрт АН-ын бүлэг бусад намын бүлэгтэй хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй юм байна. Хоёрдугаарт хэлэлцэгдэж байгаа гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай. Гуравдугаарт УИХ-аар хэлэлцүүлсний дараа гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа” гэв.

Дээрх мэдээллийн дараа Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Ч.Сайханбилэг: УИХ-аар 14 хоногийн дотор хэлэлцүүлнэ 

-М.Энхсайхан сайд Таван толгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж мэдэгдсэн. Гэтэл Засгийн газрын тэргүүн намынхантайгаа хуралдаад УИХ-аар хэлэлцүүлэх шийдвэр гаргалаа гэж ойлгож болох уу?

-УИХ-ын дарга болон гишүүдээс энэ асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүссэн. Хамгийн удаандаа 14 хоногийн дотор хэлэлцүүлэх нэгдсэн байр суурьт хүрлээ. Өнөөдөр Засгийн газраар уг асуудлыг хэлэлцүүлсний дараа УИХ-д оруулж ирнэ. Өчигдөр орой би олон нийтэд Монгол Улс эдийн засгаа тэлэхийн тулд том төслүүдээ хөдөлгөх  шаардлагатай гэж мэдэгдсэн.

Нэгэнт яригдаж эхэлсэн энэ асуудал дээр ганц хоёр долоо хоног гайгүй байх гэж бодож байна. Дахиж нийгэмд ямар нэгэн үл ойлголцол, асуулт, хариулт гаргахгүйн тулд УИХ-аар хурдан хэлэлцүүлээд Засгийн газар дараа нь холбогдох шийдвэрээ гаргаад явна

-Таван толгойн гэрээнээс эхлээд орж ирэх мөнгөнөөс иргэн бүрт 100 мянган төгрөгийн данс нээж өгнө гэж та мэдэгдсэн. Эдийн засаг хүнд үед бэлэн мөнгө тараах нь буруу гэж олон нийт үзэж байна. 

-Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх, байр сууриа илэрхийлэх бололцоо бүрдэж байна гэж харж байгаа. 

УИХ-ын дарга З.Энхболд: М.Энхсайхан шиг хүн миний буруу зөв ярихыг шүүхгүй

-М.Энхсайхан сайд “УИХ-ын даргын олон нийтэд дэлгэсэн Таван толгойн гэрээ хоёрдугаар сарын материал байсан. Эцсийн байдлаар хийх гэж байсан гэрээ биш” гэсэн. Энэ үнэхээр буруу мэдээлэл байсан уу?

-Энэ бол өнөөдөр гарын үсэг зурах гэж байсан гэрээ. Өглөө 10:30 цагт Гадаад Хэргийн Яамнаас миний нэр дээр файлаар болон цаасан хувилбараар ирсэн. УИХ-ын гишүүдэд тараасан, вэб сайтад тавьсан.

М.Энхсайхан шиг хүн миний буруу зөв ярихыг шүүхгүй. Харин М.Энхсайханы хийж  байгаа ажлын буруу зөвийг шийддэг нь УИХ. Тиймээс миний үгэнд итгэх хэрэгтэй.

Яагаад УИХ-ын сайтад тавьсан гэхээр Таван толгой бол нийт иргэд хувьцаа эзэмшиж байгаа онцлогтой компани. Ийм том хэмжээний гэрээг нийт хувьцаа эзэмшигчид, мэдэж ойлгож, юу хийх гэж байгаагаа ухамсарлах ёстой. Тиймээс энэ ил байх хэрэгтэй.

Засгийн газрын хийж байгаа хэлэлцээрийг эхнээс нь ил байлгахыг шаардсан. Яг гарын үсэг зурахад бэлэн болсон гэрээг Монголчууд та бүхэндээ ил болгосон нь энэ. Ерөнхий сайдыг өргөн барьсан тохиолдолд УИХ цаг алдалгүй хэлэлцэж гарын үсэг зурах эрхийг олгоно