Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхсайхан: УИХ ажлын хэсгийн дотоод асуудалд орж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга хэлсэн үгэндээ “Тавантолгойн гэрээ ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгойн ордыг ашиглах гэрээг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой.  Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье”  гэж хэлсэн.

Энэ талаар Тавантолгойн хэлэлцээрт ажиллаж байгаа Монгол Улсын сайд М.Энхсайханы байр суурийг сонслоо.

-Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэлгүй гарын үсэг зурвал таныг огцруулах асуудлыг өргөн барина гэж УИХ-ын дарга мэдэгдлээ. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Зөвхөн надад хандаж хэлээгүй байх. Засгийн газрыг УИХ-ын зөвшөөрөлгүй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурвал огцруулах асуудлыг тавина гэсэн. Энэ нь Үндсэн хуультайгаа нийцэж байна уу гэдгийг өөрсдөө сайн харах хэрэгтэй. Цөөхөн хэдэн улстөрчдийн 2016 оны сонгуулийн ажлаас огт өөр гэж би бодож байна.

-Хуулийн дагуу Тавантолгойн ажлын хэсэг УИХ-д ажлаа тайлагнах ёстой юу?

-Ажлын хэсэг бол Засгийн газраас байгуулагдсан. Тэгэхээр  ажлынхаа үр дүнг Засгийн газарт тайлагнана. Засгийн газар өнөөдөр 16:00 цагт хуралдаж, хэлэлцээрийн үр дүнг хэлэлцэнэ. Хэрвээ УИХ ажлын хэсэг байгуулаад хэлэлцээ хийж байсан бол УИХ-д тайлагнана. Ер нь хууль тогтоох эрх мэдэлтэй байгууллага өвөр түрийндээ орчихсон байгаа нь өнөөдөр харагдлаа. Эрх мэдлүүдээ тус тусдаа хариуцдаг байх хэрэгтэй. Засгийн газар нь УИХ-ынхаа өмнө хариуцлага үүрдэг учраас Засгийн газар эцсийнхээ шийдвэрийг гаргаад УИХ-д оруулдаг.

УИХ Засгийн газарт хуулийн орчныг нь үүсгээд эрхийг нь өгсөн

-Хуулиараа Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гэж заасан уу?

-УИХ Засгийн газарт хуулийн орчныг нь үүсгээд эрхийг нь өгсөн. Засгийн газар ажлын хэсгээ байгуулаад шийдэх хувилбараа гаргана. Ажлын хэсэг ажлаа Засгийн газарт, Засгийн газар УИХ-д тайлагнана. Өөрөөр хэлбэл ажлын хэсгийн дотоод асуудалд УИХ шууд оролцож байгаа нь Үндсэн хуулиа зөрчиж байгаа хэрэг

-Монгол Улсад ноцтой хохиролтой гэрээ байна гэж шүүмжилсэн. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Гэрээг Засгийн газар,  Улсын комисс өмнө нь хөрөнгө оруулалтын хэмжээ болон бусад асуудлыг бүгдийг нь харсан. Хөрөнгө оруулалтын тогтоож өгсөн хэмжээг хангаж байгаа

-Манай Засгийн газрын үүрэг тодорхой байхад хөрөнгө оруулагчийн үүрэг тунхгийн шинжтэй байна гэсэн?

-Засгийн газарт хэлэлцээд эцэслэн шийдэгдээгүй гэрээг УИХ-д албан ёсоор хүргүүлсэн зүйл огт байхгүй. Энэ тэнд явж байгаа ажлын материалуудыг аваад дүгнэлт хийж байгаа нь дэндүү гоомой хэрэг. Бид хэлэлцээрийнхээ явцыг УИХ-д тайлагнаж байсан болохоос эцсийн үр дүнг ажлын хэсэг Засгийн газарт танилцуулна

-Хэлэлцээр өнөөдөр ямар шатандаа явж байна вэ?

-Ер нь бэлэн болсон гэж хэлж болно. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд тайлагнана. Засгийн газар эцсийн шийдвэрээ гаргана.