Дэлхийд алдартай Фитч рейтингс, Ази номхон далайн зээлжих зэрэглэлийн дэд захирал Андрю Фэннэл яг одоо Монголын Эдийн Засгийн Чуулган 2015-д Монгол Улсын ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛийн талаар илтгэл тавьж байна.
Монгол орны зээлжих зэрэглэл B+ байна. Дэлхийд зэрэглэлээ тогтоосон 106 орныг ангилаад харуулахад Монголтой нэг зэрэглэлд багтаад байгаа улс орнууд 20 гаруй байгааг харууллаа.
Андрю Фэннэл “Тусгаар тогтносон улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоохдоо боловсронгуй загварууд ашигладаг. Зэрэглэлийн зөвлөмжүүдийг үүн дээрээ үндэслэн гарч ирнэ. Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагуудад тулгардаг асуудал бол зэрэглэл нь хэр үндэслэлтэй болох вэ гэдэг асуудал. Урьд өмнө нь бидний өгч байсан зэрэглэл бодит байдал дээр нотлогдож байна уу гэдэг нь чухал.
Монголын хувьд улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 50 хувьтай байна. Энэ нь Египет болон зарим орнуудаас доогуур байгаа боловч үүнээс ч бага хувь хэмжээтэй орнууд байгаа.
B+ зэрэглэлийг бууруулах уу, нэмэгдүүлэх үү гэдэгт харгалзаж үзэх ёстой хэд хэдэн асуудлууд байна. Гаднаас орж ирэх мөнгөний урсгал энэ чигээрээ муу байх юм бол төгрөгийн үнэ суларч, эрсдэл үүснэ.
“Оюу Толгой”-н хоёр дахь шатны яриа хэлэлцээ амжилттай болбол зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлнө. Макро эдийн засгийн бодлого тодорхойлолт оновчтой мэргэн байна гэдэг зүйлсийг зээлжих зэрэглэл сайжруулах эерэг хүчин зүйлийн тоонд оруулж болно” гэв.
Андрю Фэннэлийн илтгэлийн дараа Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Нямаа “Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагуудын зүгээс Монгол Улс бодлогын хувьд тогтворгүй байна гэдгийг үргэлж хэлж байгаа. Зээлжих зэрэглэл сайжруулахад хэд хэдэн чухал зүйл байна. Бодлогоо тогтвортой байлгах, гадаадын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах гэх мэт.
Одоогийн байдлаар Монгол Улсын зээлжих зэрэглэл B+ бөгөөд цаашдын хандлага нь сөрөг гэсэн үзүүлэлттэй байна. Сөрөг хандлага нь цаашид ямар байдалд очих эрсдэл байгаа юм бэ гэдгийг харуулж байна. Тиймээс зэрэглэлээ сайжруулахын тулд хандлагаа тогтвортой чиглэл рүү аваачиж, цаашид өндөр зэрэглэл авахад анхаарч, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Зээлжих зэрэглэлд чухал нөлөө үзүүлдэг гадаад валютын нөөцийн асуудлаар Монголбанкны төлөөлөл н.Батсуурь “Гадаад валютын нөөцийн хэмжээ 1.3 тэрбум ам доллартай тэнцэж байгаа. Нөөц огцом буурч байгаа гэх боловч 2014 оны есдүгээр сараас эхлээд манай уналт саарсан. Цаашид тогтворжино гэж бодож байгаа. Цаашид нөөцийг нэмэгдүүлэх тал дээр шаардлагатай арга хэмжээг авах талаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Эхний шийдвэрүүд нь гараад байна” гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!