Монголын эдийн засгийн чуулган 2015-ын салбар хуралдаанууд үргэлжилж байна. Яг одоо Төрийн ордны Б танхимд “Мэдээллийн ёс зүй, хариуцлага” сэдвээр хуралдаж байгаа бөгөөд Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх захирал, Олон улсын Пресс клубүүдийн холбооны дэд тэргүүн П.Баярмагнай хөтлөгчөөр ажиллаж байна.
“Мэдээллийн ёс зүй, хариуцлага” салбар хуралдааны зочдоор Гадаад хэргийн Дэд сайд Н.Оюундарь, МСНЭ-ийн тэргүүн Б.Галаарид, "Монголиан Майнинг Журнал" сэтгүүлийн редактор Л.Болормаа, "Саусгоби Сэндс" компанийн гадаад харилцаа хариуцсан менежер Л.Алтанбагана, "Максима Консалтинг" ХХК-ийн захирал Я.Хишигсүрэн, "Ковер Монголиа" ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхдөл нар оролцож байна.
18 телевиз, 25 сайт, 14 өдөр тутмын сонины нийтлэлийг судлахад нийт 85 мянган мэдээллийн 14,435 нь уул уурхайн сэдэвтэй. Уул уурхайн сэдэвтэй мэдээллийн гурван мянга нь Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллүүд байна. Цацагдаж байгаа мэдээллийн сөрөг нь эергээсээ хоёр дахин илүү байна.
"Оюу Толгой"-той холбоотой мэдээллийн сөрөг мэдээлэл нь эергээсээ гурав дахин бага байна. Мөн өнгөрсөн онд 812 субъект энэ сэдвээр мэдээлэл өгсөн байна.
Саусгоби Сэндс компанитай холбоотой мэдээлэл 2014 оныг бодвол 2015 онд гурав дахин өсчээ. Жастин Каплатай холбоотой 334 мэдээлэл байгаа бөгөөд сөрөг өнгө аятай мэдээлэл илт давамгай гэсэн үр дүн гарчээ.
Мэдээллийн ёс зүй, хариуцлагын асуудлаар:
“Ёс зүйтэй холбоотой асуудал сэтгүүлчийн мэргэжлийн хэм хэмжээтэй холбогдож байна. Бид өөрсдөө олон эх сурвалжаас баталгаажуулсан, бодитой мэдээллийг хүргэдэг, тэр эх сурвалж нь олон нийтэд бодитой мэдээлэл болдог байхгүй бол асуудалтай болдог.
Хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар манайхан голдуу улс төржөөд байна. Улс төрчид нь өөрөө эх сурвалж болоод хувирчих жишээтэй. Манайхан өөрсдөө хөрөнгө оруулагчид, бусад субъектээс мэдээлэл авахаасаа илүүтэй улс төрчдийг эх сурвалжаа болгоод байна.
Хэвлэлийн эрх чөлөө гэдэг зөвхөн сэтгүүлчдийн эрх чөлөө биш
Хариуцлагын тухайд гэвэл хэвлэлийн эрх чөлөө гэдэг зөвхөн сэтгүүлчдийн эрх чөлөө биш нийт иргэдийн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг тогтолцоо байх хэрэгтэй. Сэтгүүлчид өөрсдөө дотооддоо ярьж байж үүнийг тодорхой болгохгүй бол хамгийн сүүлд сэтгүүлч буруутай болдог”.
“Эдийн засгийн чуулганд мэдээллийн сэдэв орж ирсэн маш их талархсан. Мэдээллийн өнгө аяс дээр илүү тогтож ярихын тулд мэдээллийн эх сурвалж гэсэн асуудал гарч ирнэ. Мэдээллийг хэн өгч байна вэ гэдэг нь Максимагийн судалгаанаас харагдаж байна.
Мөн хамгийн том хариуцлага хүлээх ёстой зүйл нь редакц өөрөө. Редакц нь сэтгүүлчид чиглэл өгдөг. Энд байгаа сэтгүүлчид ямар хурдтай ажилладаг билээ гэдгээ мэдэж байгаа. Дараа нь үүрэх эрсдэлийг хэн хүлээдэг билээ.
Дараагийн нэг чухал асуудал бол сэтгүүлчдийн боловсрол. Сэтгүүлчид мэргэших хэрэгтэй”
“Мэдээлэл хурдтай цацагдаж байгаа энэ үед амнаас гарсан үг амархан тарж байдаг. Үүнтэй холбоотой сэтгүүлч, улс төрчид хариуцлагаа хүлээж байгаа. Аливаа мэдээлэл маш тодорхой бус байдаг. Үүний араас хөөцөлдөж байгаа сэтгүүлчийн буруу биш.
Өмнө нь төрийн байгууллагууд дээр олон нийттэй харилцах алба байсан. Одоо бүсээ чангалаад тийм хэлтэс, нэгжгүй болсон. Тийм болохоор мэдээллийн эх сурвалж нь улс төрчид болчихлоо.
Монгол Улсад төдийгүй дэлхий даяар хэвлэл мэдээллийн ёс зүйн код үйлчилж байдаг.
Саяхны жишээ хэлэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Германы канцлер Ангела Меркелтэй уулзаж байхдаа Оросыг дайруулахгүй төмөр зам тавина гэсэн худал мэдээллийг ОХУ-ын ганцхан эх сурвалжаас авсан байна. Ерөнхийлөгч тэгж мэдээлээгүй гэдгээ хэлсэн.
Тиймээс аливаа мэдээллийг бэлтгэхдээ олон эх сурвалжаас мэдээлэл авч, тэнцвэртэй хүргэж байх хэрэгтэй.
Максимагийн судалгаанаас харахад уул уурхай, хөрөнгө оруулалттай холбоотой сөрөг мэдээлэл эергээсээ НАЙМ дахин их байна. Тэр нь өөрөө гадаад улс орнууд болон гадаадын хөрөнгө оруулагчдад хэр тусах вэ гэдгийг Монголчууд бид өөрсдөө сайн бодох хэрэгтэй.
Эцсийн бүлэгтээ бид хэр сайн мэдээллийг, хэр зөв дамжуулж өгнө тэр хэмжээгээрээ Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж таарна”
"Сая манай компанийн жишээг ярьж байна. Манайх бол нээлттэй, Канад болон Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани. Компанийн олон нийтийг хариуцсан хүний хувьд харахад манай компанийн өсөлт, бууралт Монгол Улсын эдийн засгийг дагаж байна.
Маш их буруу мэдээлэл санаатай болон санамсаргүй байдлаар тарсан. Нийтлэгдсэн 800 гаруй мэдээллээс надтай холбогдож авсан мэдээлэл маш цөөхөн.
Улаанбаатарт манай ХМХ-үүд төвлөрчихсөн байдаг. Хэвлэлээр Улаанбаатарт манайхыг муулаад байдаг атал орон нутагт очиход шал өөр. Орон нутагт яг үнэнийг хэлэхэд Саусгоби Сэндсийг ажлаа муу хийж байна гэж хэлдэггүй.
Хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгийг заахад хэцүү. Гэхдээ үр дагаврыг нь бид бүгдээрээ хүлээж байна"
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!