Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Хяналт шалгалт үзэмжээр болон өө хайсан зорилгоор байж болохгүй”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Монголын эдийн засгийн чуулган 2015-ын ээлжит хуралдаан “Төрийн хяналт-шалгалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдвээр үргэлжилж байна. 

Хуралдааны хөтлөгчөөр JCI 2015 оны Дэд Ерөнхийлөгч Ц.Арилдийпүрэв ажиллаж байна. Хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, УПЕГ-ын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр, ҮТЕГ-ын Татвар, хяналт шалгалт, удирдлага арга зүйн газрын дарга Я.Батжаргал, “Делойт онч” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ончинсүрэн, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн зөвлөх Дональд Макрей нар панелистаар оролцож байгаа юм. 

Энэхүү салбар хуралдааны гол зорилго нь бизнесийн байгууллагуудад төрийн хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааны хууль дүрэм, журмыг тодорхой болгох, төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас үүдэж бизнес эрхлэгчдэд учирсан хохирлыг барагдуулах механизм, хариуцлагын тогтолцоо, аргачлалыг боловсронгуй болгох гэдгийг хөтлөгч Ц.Арилдийпүрэв онцоллоо.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Хуралдааны эхэнд Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх Дональд Макрей Монгол Улсын өнөөгийн байдлын талаар өөрийн хийсэн судалгааны үр дүнг танилцуулж, илтгэл тавилаа. 

Тэрбээр илтгэлдээ “Хяналтын байгууллагууд цагдан шалгах чиг хандлагаас зөвлөн туслах арга барил руу шилжих шаардлагатай. Мөн тэд мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн бай ёстой боловч энэ түвшинд мэргэшүүлэх институт дутагдаж байна” гэдгийг онцолсон юм. 

Асуулт: Хэрхэн зөв, хуулийн дагуу хяналт шалгалт хийх ёстой вэ. Хувь хүний шинж чанартай субъектив нөлөөллөөс хэрхэн бизнес эрхлэгчдийг хамгаалах ёстой вэ?

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл

“Нэг газар шалгалт хийхэд удирдамж гэдэг зүйл гаргадаг. Тэр удирдамжийг гаргадаг дарга нар субъектив асуудлаа оруулах бүрэн боломж байгаад байна. Би хоёр жил сайдын ажлыг хийхэд зохион байгуулсан хяналт шалгалт болгон дээр удирдамж дээр гарын үсэг зуруулж байсан.

Хэрвээ надад субъектив сонирхол байсан бол нэг асуултыг хасуулах, нэмүүлэх, удирдамж дээр нэг заалт хүчээр нэмүүлэх бүрэн эрх мэдэл байдаг юм билээ.

Тэгэхээр бид нар чек лист гэдэг зүйлийг шалгах болгондоо заавал нэг даргаар гарын үсэг зуруулна гэхээсээ илүү хөнгөн чанарын шалгалт хийхэд цэнхэр өнгөтэй, дунд зэргийн шалгалт хийхэд шаргал өнгөтний чек листэд тусгагдсан арван асуултаар шалгая, бүр ноцтой гэмт хэргийн шинжтэй зүйлийг гучин асуулттай улаан чек листээр шалгалт хийе гэдэг ийм даргын удирдамжаас хамаардаггүй янз бүрийн чек лист бидэнд хэрэгтэй байна.

Эдийн засгийг баллачихаад байгаа, Монгол Улсыг “Хотел Монголиа" болгочихоод байгаа энэ бүх дуулиан шуугиан чинь эцсийн эцэст 2012 оны сонгуулийн өмнө улс төрийн гар орсны л үр дүн.

Яг үнэнийг хэлэхэд тухайн үед МАН-аас нэр дэвших өндөр магадлалтай байсан н.Батхуяг гэдэг хүнийг шалгах нөмрөг дор өчнөөн олон компаниуд сонин байдалд орсон. Нэг хүний сонирхлыг удирдамж гэдэг юманд оруулахгүй байх тийм л чек листийн систем хэрэгтэй байна”.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

УПЕГ-ын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

Хяналт шалгалт үзэмжээр болон өө хайсан зорилгоор байж болохгүй. Манайх үзэмжээрээ шалгалт хийгээд байна гэж шүүмжлэгдэж байж болох юм. Үнэхээр философи нь, ерөнхий хандлага нь зөрчил гаргасан л байж таараа гээл шалгаад явбал хүнийг үнэхээр “гомдооно”.

Хамгийн харамсалтай нь хийдэл хаанаа байна вэ гэхээр хяналт шалгалтыг хийж байгаа хүн зөрчил юм уу гэмт хэрэг юм уу гэдгээ шалгаж тогтоох үйл явц нь журамлагдаагүй.

Хэрвээ мэргэжлийн хяналт, татварын байцаагч намайг хууль бусаар шалгасан гээд гомдол гаргая гэвэл манайд ямар хууль зөрчиж шалгасан бэ гэдэг асуудлыг нь шийдэж шалгах боломж байхгүй.

Яагаад гэвэл яаж шалгах вэ гэдгийг нарийн журамлаагүй. Эрүүгийн хэрэг үүсэх эсэхийг гомдол гаргаснаас хойш 19 хоногийн дотор шийддэг. Үүнийг дэлхийн жишгээр харахад шал, босго хоёр нь бараг тэнцүү гэсэн үг. Бид эрүүгийн хэрэг үүсгэх үү үгүй юу, зөрчил байна уу гэдгийг ялгаж, шалгахад 19-хөн хоног зарцуулдаг. Энэ 19 хоногийн хугацаанд хууль сахиулдаг байцаагч, цагдаагийн ажилтан ямар журмаар ажиллах вэ гэдэг хууль нь байхгүй. Харин хяналт шалгалтын тухай Төрийн хяналт шалгалтын тухай, Татварын тухай хууль дээр байна. 

Нуусан юм уу буруу мэдүүлсэн юм уу гэдгийг шалгах тэр цагаасаа эхлээд журамлагдах ёстой. Бараа бүтээгдэхүүнийг нь хурааж авах юм уу, битүүмжлэх юм уу, үйл ажиллагааг нь зогсоох юм уу гэдэг асуудал хуульчлагдах ёстой.

Шалгаж тогтоох процесс хуульчлагдаагүй байгаа энэ хоосон орон зайд шалгалт хийгээд ямар нэгэн асуудал байна гэдгийг тогтоонгуут татварын байцаагч цагдаад өгдөг. Тэгэхээр цагдаагийн байгууллага гэмт хэрэг байж магадгүй гэсэн нэлээн доогуур утгаар нь аваад эрүүгийн хэрэг үүсгэнэ. Ингээд шалгаад явахад нөгөөх нь үнэн хэрэгтээ эрүүгийн хэрэг биш гээд хэрэгсэхгүй болдог. Шалгуулагч хохирдог. Тиймээс эрх зүйн зохицуулалт хэрэгтэй” гэв.