Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэхүү баярын арга хэмжээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний 80 гаруй албан хаагч оролцож Москва хотын Улаан талбайд цэргийн сүрт жагсаалыг гайхуулна.
Тиймээс бид эх орныхоо төлөө зүтгэж, хөдөлмөрлөж яваа эрхэм хүнийг онцолдог “Монгол Улсын төлөө” буландаа Москвагийн Улаан талбайн парадад алхах Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн зангилгааны бүлгийн дарга, ахлах дэслэгч А.Алтангэрэлийг урьсан юм.
013 дугаар анги бол зэвсэгт хүчний ангиудын холбоо зохион байгуулалтыг хариуцдаг хамгийн том холбооны хороо гэдгээрээ онцлогтой. Харин ахлах дэслэгч А.Алтангэрэл ангиасаа төдийгүй Зэвсэгт хүчний албан хаагчдаас шалгаран эх орноо төлөөлөн Москвад парад алхаж байгаа юм.
Тэрбээр Говь-Алтай аймгийнх. Аав Д.Адилаа, ээж Д.Сувдаа нь аймагтаа ажиллаж, амьдарч байгаа аж. Харин түүний өвөө СТА Д.Дамдин аймгийнхаа Алтай чуулгад 30 гаруй жил гоцлол дуучин, найруулагч, жүжигчнээр ажиллахдаа “Ард Аюуш” киноны Маньбазар гүн, “Аянгат цагийн дууль” кино, "Учиртай гурван толгой" жүжиг зэрэг олон уран бүтээлд дүр бүтээсэн байна.
А.Алтангэрэл багаасаа спортоор хичээллэж, есдүгээр анги төгсөх жилээ аймгаа төлөөлж Улаанбаатарт цэрэгжилтийн тэмцээнд бусад аймгийн тамирчидтай өрсөлдөөд БХИС-д орох урилга авчээ. Тэгээд анги дэвшиж суралцаад үеийнхнээсээ жилийн өмнө дунд сургуулиа төгсөж БХИС-ийн холбооны ангид элсэн орсон байна. Оюутан байхаасаа спортын тэмцээн, уралдаанд тогтмол оролцож сургуулийнхаа олон төрөлт гимнастикийн төрөлд нэгдүгээр курсээсээ эхлэн жил бүр түрүүлж хошой аварга болсон удаатай.
Ахлах дэслэгч А.Алтангэрэл ч энэ жишгээр албаа гүйцэтгэх хугацаанд 2012 оноос хойш хоёр удаа Катарын Доха хот руу Араб хэлний дамжаанд явсан байна. Тэнд тус улсын гадаад хэлний нэгдсэн сургалтын төвд Турк, Куб гээд бусад орныхонтой хамт суралцжээ.
Түүний ажлын нэг өдрийг сонирхвол “Өглөө анги нэгдээд дарга нар чиглэл өгч үүргээ гүйцэтгэж эхэлснээр өдөр эхэлнэ. Тэгээд ротынхондоо цагийн хуваарийн дагуу хичээл орно.
Тэмцээн уралдаанд их ордог учраас ихэнхдээ ажлаасаа чөлөөлөгдчихдөг. Тэгэхээр би “муу” албан хаагч байгаа биз” гээд инээсэн юм.
Тэмцээн уралдаанд их ордог учраас ихэнхдээ ажлаасаа чөлөөлөгдчихдөг.
Тэрбээр оны дараахан болсон жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрийг тохиолдуулан БХИС-ийн нэрэмжит болгон зохион байгуулсан Зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэрэгжилтийн гимнастикийн чөлөөт хөдөлгөөний төрөлд манлайлж цэрэгжилтийн спортын аварга болжээ.
Ингэснээр армийн долоон удаагийн аварга болж байгаа гэнэ. Цэрэгжилтийн гимнастикийн тэмцээнд турник, модон морин дээр малгай тавьж харайх, сонс эргэх гээд авьяас, ур чадвар шаардсан хэсэг олон бий. Ийнхүү ажил мэргэжлийнхээ чиглэлээр амжилт гаргасан нь эх орныхоо нэрийг дэлхийд мандуулан алдарт Улаан талбайд алхах завшаан олдсон байх хэмээн ахлагч дэслэгч ярьсан юм.
Олон улсын том хэмжээний ийм арга хэмжээнд оролцох албан хаагчдыг тодорхой шалгуураар сонгосон нь мэдээж. Тухайлбал 180-185 см өндөртэй, биеийн хөгжил сайтай, нүүрэн тус газраа элдэв сорвигүй, цэргийн жагсаалын дүрмийг мэддэг, албандаа амжилт гаргаж, мэргэжлийн шалгуур хангасан байх зэргийг шаарджээ.
Тухайн үед энэ шалгуурт 160 гаруй цэргийн албан хаагч тэнцсэнээс явц дундын шалгуураар 80 гаруй нь үлдсэн байна. Эдгээр албан хаагчид гуравдугаар сарын эхнээс хүндэт харуулын буюу Зэвсэгт хүчний 032 дугаар ангид тусгай бэлтгэлд гарч байгаа. Ахлах дэслэгч А.Алтангэрэлээс Монгол цэрэг анх удаа Москва хотын Улаан талбайд болдог ялалтын парадад оролцох гэж байгаа бэлтгэлийн талаар асуухад “Олон улсын арга хэмжээнд албан хаагчидтай мөр зэрэгцэн оролцох гэж байгаадаа баяртай байна.
Монгол цэргийн сүр хүчийг дэлхий дахинаа гайхуулж, Монголын цэргийн түүх, эх орноо сурталчлахаар явсан албан хаагчдадаа амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!