Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХЭН ФОТО: Монголын зоос, мөнгөн тэмдэгт

ikon.mn
2015 оны 3 сарын 16
iKon.MN

1860-1870-аад оны үед Монголд орон нутгийн чанартай цаасан мөнгөн тэмдэгт хэрэглэж байжээ. Тухайлбал, Чин сүжигт Номун ханы хүрээнд өөрийн шавийн нутагт гүйлгэхээр нэг шар цай, арван шар цай гэсэн хоёр янзын үнэлгээтэй “Их сангийн тийз” хэмээх цаасан мөнгийг гэгээний сангаас гаргаж байжээ.

1917, 1918 оны үеэр энэхүү мөнгөн тэмдэгтийг тав дахь удаагаа хэвлэж, орон нутаг дотроо чөлөөтэй хэрэглэж байсан тухай мэдээ бий. Үүнээс гадна XIX зууны сүүлч, XX зууны эхээр Ламын гэгээний хүрээнд таван фун мөнгөний үнэлгээ бүхий цаасан мөнгө гүйлгэж байжээ.

XIX зууны сүүл, XX зууны эхээр хэрэглэж байсан “Таван фун” мөнгөний үнэлгээт тэмдэг

БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ҮЕИЙН МӨНГӨН ТЭМДЭГТ

Богд хаант Монгол Улсын Засгийн газар 1921 оны дөрөвдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 20-н хүртэл зургаан сарын хугацаатай цаасан мөнгийг гүйлгээнд гаргажээ. Энэхүү мөнгөн тэмдэгтийг малаар баталгаажуулж гаргасан ба “бага болзоот” хэмээн нэрлэж, 10, 25, 50, 100 –тын долларын дэвсгэртээр модон бараар хэвлэсэн байна. 10-т нь хонины, 25-т нь үхрийн, 50-т нь морины, 100-т нь тэмээний зурагтай ба хэвлэгдсэн газар, он, сар, өдөр, тамга тэмдэг, гарын үсэгтэй юм.

Хониор баталгаажуулсан “Бага болзоот” хэмээх 10 долларын дэвсгэрт

МОНГОЛ АРД УЛСЫН МӨНГӨН ТЭМДЭГТ

Ардын Засгийн анхны мөнгөн тэмдэгтийг санаачлан “зээл авах болон хэвлүүлэх асуудлаар тууштай байр суурь баримталж, зээлийн хүү, төлөгдөх хугацааг яв цав тодорхойлон тогтоох талаар чармайлт гаргаж”, уг мөнгөн дээр гарын үсгээ зурж, түүхэнд нэрээ үлдээсэн хүн бол тухайн үед МАН-ын дарга бөгөөд Сангийн Яамны сайд байсан Сайжин овогт Солийн Данзан (1885-1924) юм. С.Данзан санаачлан хийлгэж, гарын үсэг зурсан учраас энэ мөнгөн тэмдэгтийг “Данзангийн доллар” гэж олны дунд нэрлэх болжээ. 

Сангийн сайд С.Данзангийн гарын үсэг бүхий 3 доллар

МУЗЕЙ

1842 онд ноён хутагт Данзанравжаа “Гэва дин равжаалин” (энэ буянаар дэлгэрч арвижсан орон) хэмээх үзмэрийн сүмийг үүсгэн байгуулсан нь зориулалт, зохион байгуулалт, үйл ажиллагааны арга хэлбэрээрээ жинхэнэ музей байв. Түүнчлэн VIII Богд Жавзандамба дотоод, гадаадын улс орны янз бүрийн амьтан, амьтдын чихмэл, хатаамал болон элдэв төрлийн эд юмсын цуглуулгатай байсан ба тэдгээр нь хожим байгуулагдсан улсын музейн эх үүсвэр болжээ.

Үндэсний музейн анхны байр

АРХИВ

1921 оныг хүртэл Монгол улс төвлөрсөн архивгүй байсан учир төрийн дээд болон төв, орон нутгийн төр, засгийн байгууллагууд өөр өөрсдөө архиваа хадгалж байжээ. Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд XX зууны эхэн үеэс эхлэн өмнөх бүх л үеийн архивыг төрийн мэдэлд шилжүүлэн авах зорилго тавьж байсан нь архивын эхлэл үүсэл болжээ. 

Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд архивын баримт бичгийг цэгцлэх ажил эхэлжээ 1922 он

ӨРТӨӨ

Ар Монголд 120 суурь өртөөнд 1250 өрх, захирагч түшмэл жар, үйлчлэгч хөтөч хорин хүн байнга байдаг ба нийт өртөө жилд 640,000 лан мөнгөний зардал гаргаж, нэг өртөөнд 5,330 лан мөнгө оногдож байжээ. Улиастай өртөөд нь “Цоохор өртөө”, “Түмт өртөө” гэж өөр өөр байв. Өртөөний алба зардал чирэгдэл ихтэй тул жилд нэг өрх дунджаар таван зуу гаруй лангийн сүйтгэлтэй байжээ. 

Олон замын өртөө харуулын схем зураг XIX зуун

МОНГОЛЫН АНХНЫ МАРК

Монгол улсын Улаанбаатар хотоос Хятад улсын Харбин хот руу хүргэгдсэн уг захиан дээр 1924 онд гарсан анхны “Элдэв-Очир” хэмээх сери маркийг бүгдийг нааж явуулжээ

 

Эх сурвалж: Монголчууд XX зууны эхэнд /ЗУРАГТ ТҮҮХ/ ном

 

Зуу гаруй жилийн тэртээ Монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин уламжлал, удам соёлоо хэрхэн хадгалан амьдарч байв гэдгийг энэхүү номонд түүхэн гэрэл зургаар өгүүлэх юм.

Мөн XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, “Мөхөж буй үндэстэн” хэмээгдэж байсан Монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр улсаа сэргээн төвхнүүлж байсан үйл явдлыг тодорхой харуулах болно.

Энэ бүхэнтэй уншиж танилцсанаар та Монгол хүний авхаалж самбаа, эелдэг сайхан сэтгэлийг гадаадынхан хэрхэн үнэлсэн хийгээд Монгол хүмүүс ямар саваагүй, сониуч зантай байсныг мэдэж болохоос гадна эх болсон байгаль дэлхийгээ хайрладаг хүнлэг, энэрэнгүй нүүдэлчин түмний эгэл амьдралын үнэн дүр төрхийг харах боломжтой аж.