Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХЭН ФОТО: Үндэсний соёл, уран барилга

ikon.mn
2015 оны 3 сарын 9
iKon.MN

Монголчууд хот суурин, орд өргөө, шашны болон иргэний уран барилгын маш олон дурсгалыг үлдээсэн төдийгүй үндэсний өвөрмөц онцлогтой уран барилгын мэдлэг ухааныг боловсруулж, түүнийгээ дорно дахины сонгодог ололтоор баяжуулан хөгжүүлжээ.

Үүний жишээнд XIX- XX зууны эхэн хүртэлх хугацаанд монгол нутагт барьж байгуулсан олон арван сүм дуган, дацан, хүрээ хийдийн барилга орно.

Эдгээрээс заримыг дурдвал, VIII Богд Жавзандамбын Дэчингалбын хэрмэн дэх шар ордон шатсан тул 1893-1906 оны хооронд Богдын ногоон ордон хэмээх уран барилгын цогцолборыг Туул голын орчимд байгуулжээ.

Богдын цагаан сүмийн цогчин дугана
Эх дагины аймгийн дуган
Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацан
Майдарын дуган XX зууны эхэн үе

ҮНДЭСНИЙ ДУУ

Монголын уламжлалт дуу хөгжим нь нүүдэлчин хүний аж төрөх ёс, амьдралын хэв маяг, зан заншил, баяр наадам, ертөнцийг үзэх үзэл болон байгаль газар зүйн орчин, цаг уурын онцлогоор нөхцөлдөн үүсэж, олон зууны турш өвлөн уламжлагдаж, хувьсан хөгжсөөр иржээ.

Тийм учраас бусад улс үндэстний дуу хөгжмөөс нэлээд өвөрмөц хэв маяг, хэлбэрийг олж боловсорсон юм.

Олноо ”Үхэрчин хүү” хэмээх дуугаараа алдаршсан лимбэчин (баруунаас) Цэрэндорж, Б.Дамдинсүрэн
Зүүнээс: Орос худалдаачин, судлаач А.Бурдуков, алдарт туульч Мандиханы Парчин, бичээч Мажар (Мажаа) 1918 он

КИНО

1910-аад оны үеэс Монголын Нийслэл Хүрээнд болон орон нутагт хэд хэдэн газар кино гаргаж байсан тухай мэдээ, баримт бий. Тухайлбал, Богд хаан Жавзандамбын өргөөнд ордныхон кино үздэг байжээ.

Энд чухам ямар кино гарч байсан нь тодорхой бус боловч Богдын хөтөч, хамниган Бадам гэгч кино гаргадаг төдийгүй Богдын заларч, морилж яваа байдлыг, Богдод сайдууд бараалхаж буй үйл явдлыг харуулсан кино хийсэн тухай мэдээ байна.

Мөн Нийслэл Хүрээн дэх Америк болон Германы пүүст голдуу Америк, Герман, Англи, Мексик, Япон кино гарч байжээ.

Ший-Янзаны гудамжинд

 

Эх сурвалж: Монголчууд XX зууны эхэнд /ЗУРАГТ ТҮҮХ/ ном

 

Зуу гаруй жилийн тэртээ Монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин уламжлал, удам соёлоо хэрхэн хадгалан амьдарч байв гэдгийг энэхүү номонд түүхэн гэрэл зургаар өгүүлэх юм.

Мөн XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, “Мөхөж буй үндэстэн” хэмээгдэж байсан Монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр улсаа сэргээн төвхнүүлж байсан үйл явдлыг тодорхой харуулах болно.

Энэ бүхэнтэй уншиж танилцсанаар та Монгол хүний авхаалж самбаа, эелдэг сайхан сэтгэлийг гадаадынхан хэрхэн үнэлсэн хийгээд Монгол хүмүүс ямар саваагүй, сониуч зантай байсныг мэдэж болохоос гадна эх болсон байгаль дэлхийгээ хайрладаг хүнлэг, энэрэнгүй нүүдэлчин түмний эгэл амьдралын үнэн дүр төрхийг харах боломжтой аж.