1915 оны Хиагтын гэрээний дараахан олон жилийн турш Монголын зах зээл дээр ноёрхож байсан Хятадын худалдаатай Оросын худалдаачдын хувийн жин тэнцэж иржээ.
Энэ үед Орос орны дотор хувьсгалт хөдөлгөөн гарч, хаант засаг суларч, дэлхийн нэгдүгээр дайн эхэлснээр Монголд санхүүгийн тусламж олгох явдал зогсох шинжтэй болов. Энэ нь Монголын санхүү эдийн засгийн нөхцөлд шууд нөлөөлж, тэртээ тэргүй алдагдалтай байсан улсын санхүү уналтын байдалд оржээ.
Монгол дахь Хаант Оросын нөлөө суларч байсныг ашиглаж энэ үед Америк, Япон, Англи зэрэг орны худалдаачин иргэд Монголын зах зээл рүү түрж орох алхам хийсэн юм.
БАРОН УНГЕРН
Барон Унгерн Австрид төрсөн, угсаа гарлын хувьд герман, балти, унгар, славян, скандинав цус холилдсон, эртний язгууртан удамтай аж. Тэрээр “миний цусанд Аттилын удам угсаа ч бий” хэмээн ярьдаг байжээ.
1920 оны наймдугаар сард Барон Унгерн Дагуурыг орхиж, тухайн үед Хятадын эрхшээлд ороод байсан Монголын нийслэл Их Хүрээг эзлэхээр хөдөлжээ. 1920 оны аравдугаар сарын 26-нд Их Хүрээг довтолсон боловч Хятадын гамин цэргийн галын хүч илүү давуу байсан тул эхний дайралт амжилтгүй болон, тун удалгүй хоёр дахь дайралтыг харьцангуй амжилттай хийсэн ч эцэстээ сөрөг давшилтад цохигдон, Хэрлэн голын зүг ухарчээ.
Монгол, буриад, япон цэргүүд, түвдийн зуутаар хүчээ зузаатган, дэг журмаа сайжруулсан Барон Унгерн гурав дахь дайралтыг 1921 оны эхээр хийж, хэд дахин давуу хүч бүхий (ойролцоогоор 10 мянга) Хятадын цэргийн хамгаалалтыг бут цохиж, 1921 оны хоёрдугаар сарын 3-нд Хүрээг эзлэн авчээ.
Эх сурвалж: Монголчууд XX зууны эхэнд /ЗУРАГТ ТҮҮХ/ ном
Зуу гаруй жилийн тэртээ Монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин уламжлал, удам соёлоо хэрхэн хадгалан амьдарч байв гэдгийг энэхүү номонд түүхэн гэрэл зургаар өгүүлэх юм.
Мөн XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, “Мөхөж буй үндэстэн” хэмээгдэж байсан Монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр улсаа сэргээн төвхнүүлж байсан үйл явдлыг тодорхой харуулах болно.
Энэ бүхэнтэй уншиж танилцсанаар та Монгол хүний авхаалж самбаа, эелдэг сайхан сэтгэлийг гадаадынхан хэрхэн үнэлсэн хийгээд Монгол хүмүүс ямар саваагүй, сониуч зантай байсныг мэдэж болохоос гадна эх болсон байгаль дэлхийгээ хайрладаг хүнлэг, энэрэнгүй нүүдэлчин түмний эгэл амьдралын үнэн дүр төрхийг харах боломжтой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!