Монгол хэлний тухай хууль батлагдсантай холбоотойгоор тус хуулийн зүйл заалт, нэр томьёоны асуудлаар МУИС-ын Монгол судлалын Хүрээлэнгийн Гүйцэтгэх Захирал Ж.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.
-Монголчууд яагаад хуучин монгол бичгээ гээж кирил үсэгт шилжих болсон тухай түүхээс яриагаа эхэлье?
-Би бол хуучин гэж хэлэх дургүй. Монгол бичиг гээд нэрлээд сурч дасаж байна шүү дээ. Монголчууд өнөөдөр монгол бичгийг сайн, муугаар хэлээд байгаа боловч цаг хугацааны хувьд авч үзвэл мянга гаруй жилийн түүхтэй бичиг юм. Өнөөдрөөс тоолох юм бол далаадхан жилийн өмнө хэрэглэж л байсан. Тухайн үедээ монгол бичгийг кирил бичгээр халсан нь шулуухан хэлэхэд улс төрийн шалтгаантай байсан. Оросын шахалт улс төрийн нөлөөгөөр орж ирсэн бичиг.
Ер нь бичиг үсгийн асуудал бол улс төр оролцдог ойлголт бөгөөд өнөөдөр ч гэсэн монгол хэл бичгийн тухай асуудал улс төртэй холбоотой хэвээрээ л байна.
Бичиг үсгийн асуудлыг төр засаг бодлогоор зоримгоор шийдээд явах хэрэгтэй. Ард түмнээс санал авна гээд байх юм бол их төвөгтэй, бүтдэггүй. Бичиг үсэг гэдэг бол массын хувьд өдөр тутмын талх тариатай нь адилхан өргөн хэрэглээтэй, нөлөөтэй эмзэг хүчин зүйл.
-Кирил үсгийг хэрэглэдэг болсноос хойш Монголчуудад ямар эерэг ба сөрөг үр дүн гарсан бэ?
-Энэ хуульд дурдсанаар кирил монгол бичгийн нэг сайн тал нь анхнаасаа төв халхын аман ярианд ойртуулж зохиосон нь бичиг үсэг сурахад амар болсон ач тустай. Болгараас эхтэй кирил бичгийг Оросоор дамжуулж аваад “Ө,Ү” үсгийг нэмж Ц.Дамдинсүрэн гуай одоогийн цагаан толгой болон зөв бичих дүрмийг зохиосон шүү дээ.
Гэвч кирил үсгийн дүрэм маань үгийн үндэс эвдэрдэг, олон дүрэмтэй, тэр дүрмүүд нь байнга зөрчилдөж байдаг учраас зөв бичиж сурахад их төвөгтэй. Энэ нь монгол хүмүүсээс гадна монгол хэлийг сурч байгаа гадаад хүмүүст тун хэцүү. Ялангуяа гадаад хүнд монгол хэл заахад илэрхий тодорхой харагддаг юм.
-Саяхан Монгол хэлний тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн төслийн тухайд хүмүүс сөргөлдөөнтэй байр суурьтай байсан. Өмнө нь Монгол бичгээ сэргээх оролдлогууд хийгдэж байсан л даа. Энэ удаад юугаараа ялгаатай вэ?
-1991 онд Монгол бичиг болон түүх соёлоо сэргээх хөдөлгөөн орон даяар эхэлсэн. Тухайн үед Засгийн газраас “Монгол бичгийг сэргээх хөтөлбөр” баталж хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлж байв. Эхний давалгаагаар нэгдүгээр ангийн хүүхдүүдийг монгол бичгээр амлуулж эхэлсэн ч эцсийн үр дүнг нь үзэлгүй дундаас нь буцсан. Учир нь энэ цаг үе эдийн засгийн хувьд хүнд байдалд байсан, тохироо буюу тааламжтай үе биш байсан л даа.
Бичиг үсэг авна гэдэг бол эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй асуудал. Тухайн үед тэр ачааллыг даах чадваргүй байсан учир энэ давалгаа саарч бараг зогссон. Зогсоогүй үргэлжилсэн зүйл нь бага, дунд сургуульд монгол бичиг заадаг болсон явдал юм. Энэ хооронд хүүхэд залуус тодорхой хэмжээгээр монгол бичгээ мэддэг болчихсон. Бичиж чадахгүй юм аа гэхэд монгол бичгээ уншиж, таньдаг хэд хэдэн үе бэлтгэгдсэн гэж үзэж болно. Ерээд онд монгол бичиг дахин танилцуулах гэж байсан үе, өнөөдрийн бэлтгэгдсэн үе хоёр уг нь их ялгаатай болсон.
Бичиг үсэг авна гэдэг бол эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй асуудал
Энэ хуулийн хувьд өнөө маргаашгүй монгол бичгээ авна, шууд кирил болон монгол бичиг зэрэг хэрэглэнэ гэсэн заалт байхгүй шүү дээ. Тэртээ тэргүй одоо бид хоёуланг нь давхар хэрэглээд явж л байна. Хүмүүс хууль хэлэлцээд эхлэхээр болохгүй талаас нь их хардаг.
Энэ нь бас хуульд хэрэглэж байгаа нэр томьёоноос болж байх шиг байна. Өөрөөр хэлбэл өнөө маргаашгүй монгол бичгийг аваад, хүмүүсийг мэдэхгүй байхад нь дарамт учруулах гээд байгаа мэт ойлгоод байна. Энэ нь буруу юм. Бид одоо ч монгол бичгээ өдөр тутамдаа хэрэглэж байгаа. Бүх хүүхдийн төрсний гэрчилгээ, бүх шатны боловсролын диплом, гэрчилгээ, байр байшингуудын хаяг, байгууллагын нэр, реклам, сурталчилгаа, зарим цахим хуудаснууд, Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайд, Их хурлын даргын албан бичгүүд гэх мэт олон зүйлийг монгол бичгээр бичиж хэрэглэж байна.
Иймэрхүү маягаар хэрэглэж, зааж сургаж, хэрэглээгээ улам улам ахиулж, нүд, гарт нь дасгаад байвал 2025 он гэхэд ард түмэн монгол бичигтээ зүгширч уншиж бичдэг болох байх гэж төсөөлж байгаа юм л даа.
-Хүмүүс энэ хуультай холбоотойгоор нэг зүйл дээр их төөрөлдөж байх шиг байна. Хуулийн этгээд албан хэргээ кирил болон монгол бичгээр давхар бичнэ гэсэн зохицуулалт энэ хуульд байгаа юм уу?
-Хос бичигтэн байна гэдэг маань кирил бичгээрээ албан хэргээ хөтөлж, өдөр тутмын амьдралдаа ашиглаад хажуугаар нь монгол бичгээ мэддэг, уншдаг, ойлгодог байя гэсэн санаа. Түүнээс биш кирил болоод монгол бичгээр албан бичгээ бичиж авчир гэсэн шаардлага хэзээ ч тавихгүй. Энэ нь өөрөө боломжгүй зүйл.
-Хуулийн төсөл дээр торгох заалтууд байсан. Үүнийг хүмүүс монгол бичгээ сурахгүй бол торгуулах юм байна гэж ойлгоод байгаа харагдах юм?
-Торгох заалт ганц монгол бичигтэй холбоотой биш. Ерөөсөө энэ хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь. Түүнээс биш монгол бичиг мэдэхгүй бол торгоно гэсэн үг биш. Албан хэргээ кирил монгол бичгээр хөтөлнө гэдэг маань одоогийн бидний хэрэглэж байгаа кирил үсгээрээ л бичнэ гэсэн үг. Хүмүүс хоёр бичгээр давхар хөтөлнө гэж төөрөлдөөд байгаа юм шиг байна лээ. Энэ хуульд монгол бичигтэй холбоотой заалтууд маш бага байгаа. Өнөөдрийн бидний хэрэглэж байгаа кирил бичгийн “кирил монгол бичиг” гэж томьёолж бичсэнээс болж кирил, монгол 2 бичгээр явах нь гэж буруу ойлгоод байна. Хуульд монгол бичгийг “Үндэсний монгол бичиг” гэж томьёолж өгсөн байгаа шүү дээ.
-Нэг талаасаа монгол бичигтэй холбоотой заалтууд байгаа боловч нөгөө талаасаа кирил бичгийг зохицуулах тухай хууль гэж ойлгож болох уу?
-Хүмүүс гол анхаарлаа монгол бичиг үсэгт төвлөрүүлээд байгаа болохоос биш энэ бол “Монгол хэлний тухай” хууль шүү дээ. Хэл гэдэг маш өргөн ойлголт. Үүнд хэл, бичиг, түүний хэрэглээ, бичгийн соёл, зөв бичих дүрэм, журамлах толь бичиг, боловсролын байгууллагад заах тогтолцоо, хэм хэмжээ гээд олон зүйл орно.
Эдгээрийг хуульчлахаас гадна монгол хэлний төлөө ямар байгууллагууд ямар үүрэг хүлээж, эрх эдлэх юм бэ гэдгийг зохицуулж байгаа.
Төрийн хэлний тухай хууль бол харьцангуй жижиг хүрээнд ажиллаж байсан. Харин Монгол хэлний тухай хууль бол маш өргөн хүрээнийх.
Үүнтэй холбоотойгоор “Хэлний бодлогын үндэсний зөвлөл” байгуулагдана. Энэ зөвлөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд байх бөгөөд олон нарийн асуудлыг зохицуулах юм. Төрийн хэлний зөвлөл одоо бол БСШУЯ-ны сайдын хажууд ажилладаг бөгөөд хүрээ хэмжээ эрх мэдэл нь хязгаарлагдмал байгууллага байгаа юм.
-Яагаад хуулийн хүрээнд өөрчлөлт хийх болов. Хуучин зохицуулалтаараа яваад байж болохгүй байсан уу?
-Яагаад ингээд байгаа вэ гэвэл манай монгол хэл, бичиг үндэсний маань үндэсний аюулгүй байдлын нэг дархлаа болсон асуудал бөгөөд энэ асуудал маань үндсэндээ ямар ч хяналтгүй урсгалаараа явж байгаа юм. Хэн ч хянаж чадахгүй байна.
Үндсэн хуульд байгаа Монгол хэлний тухай заалт маш ерөнхий. Жишээ нь хэлийг яаж хэм хэмжээ тогтоох, гадаад үгийг хэрхэн орчуулах, толь бичиг яаж зохиох, ном сурах бичгийг хэн редакторлах, хэрхэн хэвлэх, бичиг үсгийг хэн яаж, өөрчлөх, ямар бичиг үсэг хэрэглэх гэх мэт асуудлыг зохицуулах хууль байхгүй.
Наанаа нэг ном алдаа мадагтай гараад байгаа мэт боловч цаанаа ард түмэнд очих эцсийн үр дүн нь муу нөлөө ихтэй юм. Энэ бүгдийг улс орон даяар зохицуулахын тулд Монгол хэлний тухай хууль гарч байгаа гэж би ойлгож байна.
-Кирил үсгийн дүрмийн асуудал их маргаантай. Кирил үсгийн дүрмийг сайжруулах, нэгдсэн шийдэлд хүрэх ямар боломж байна?
-Бичиг үсгийн асуудал нэг талаасаа шийдвэр гаргадаг байгууллагын асуудал юм шиг боловч нөгөө талаасаа олон нийтэд маш эмзэг тусдаг асуудал. Хоёр гурван жилийн өмнө дөрвөн үсгийн асуудал яригдаад эхэлмэгц сошиал ертөнцөд шуугиан болж хүмүүс талбай дээр гарч жагсахаа алдсан. Тиймээс болгоомжтой хандах ёстой. Кирил үсэг өөрөө их төвөгтэй, зөрчилтэй. Гадаад хүн битгий хэл Монгол хүмүүс зөв бичиж чадахгүй байнга алдаад байдаг.
Үүнийг засахын тулд Засгийн газраас гаргасан 36 дугаар тогтоолыг үндэслэн манай тэргүүлэх эрдэмтдээс бүрдсэн баг ажиллаж кирил үсгийн шинэ дүрмийг зохиосон юм.
Уг нь бол танилцуулахад бэлэн болчихсон байх ёстой. Энэ дүрэмд ерөнхийдөө монгол бичгийн үгийн үндэс эвддэггүй зарчмыг баримталсан.
Монгол бичиг бол харахад төвөгтэй ч гэсэн бичихэд маш цөөн дүрэмтэй, цөөхөн зурлагаар цэгцтэй бичигддэг “ухаантай” бичиг шүү дээ. Яг үүн шиг кирил үсгийг цөөхөн дүрэмтэй болгож хураасан юм. Гэхдээ одоо тэрийг танилцуулахад асуудал үүсэх учир болгоомжилж байгаа байх. Ард түмэн хүлээж авах цаг нь арай болоогүй.
-Яагаад хүлээж авахгүй вэ гэвэл урьд нь хийж байсан өөрчлөлтүүдээс болоод хүмүүс өнөөдөр зөв бичдэг байснаа маргааш буруу бичдэг болчихсон. Заавал ингэж өөрчлөх шаардлага байдаг уу. Цаашид нэг шийдэлд хүрээд олон жил, тогтвортой хэрэглэгддэг дүрэмтэй байж болохгүй юу?
-Яг үнэндээ кирил үсгийн дүрэм маань 1983 оноос хойш өөрчлөгдөөгүй, бүтнээрээ л байгаа. Ц.Дамдинсүрэн гуайн тэр дүрмийг хэн ч өөрчлөөгүй, хэн ч засаагүй.
Одоо өөрчлөөд байгаа тодорхой тооны хэдэн үг бол Ё.Отгонбаяр сайдын үед санаачилсан маргаантай буюу хэд хэдэн янзаар бичдэг үгсийг цэгцлэх ажил байсан. Энэ нь тодорхой үгний хувьд хийсэн өөрчлөлт болохоос биш цогц дүрмийн өөрчлөлт биш юм. Хүмүүс бол дүрэм өөрчлөөд байна гэж буруу ойлгоод байдаг.
Кирил үсгийн дүрэм маань 1983 оноос хойш өөрчлөгдөөгүй, бүтнээрээ л байгаа
Харин дээр хэлсэн кирил үсгийн шинэ дүрмийг нэвтрүүлэх цаг нь арай болоогүй. Учир нь бичиг үсгийн асуудал олон нийтэд их эмзэг тусдаг учраас түр зогсоочхоод байна. 1990-ээд оны эхээр монгол бичгийн асуудлыг эдийн засгийн хямралтай, тохироо нь бүрдээгүй үед тавьсан учраас амжилт олоогүйтэй адил.
-Монгол хэлний тухай хуулийн төслийн хувьд эдийн засгийн хямралтай үед батлагдсан нь зохимжтой гэж үү?
-Хуулийн хувьд эдийн засагт дарамттай, дарамтгүй гэж хоёр янз байна. Энэ хуулийн хувьд эдийн засагт ямар ч дарамт учруулахгүй. “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-ийн зардал бодвол төсөвт суучихсан байлгүй.
Энэ хууль нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, хэлний хүрээлэн, судалгааны байгууллага, толь бичиг зохиох, хэм хэмжээ журам, стандарт зохиох зэргийг зохицуулах л хууль болохоос биш эдийн засгийн дарамт бий болгож, овойж оцойсон их мөнгө шаардах, улмаар өнөө маргаашгүй бичиг үсэг өөрчлөөд сүйд хийх тухай хууль биш гэдгийг хүмүүс зөвөөр ойлгох ёстой. Хувь хүн, иргэд дээр ч айхтар дарамт ирэхгүй. Харин ч учраа олохгүй байгаа олон асуудал цэгцрэх юм.
-Монгол хэлний тухай хууль хэрэгжсэнээр ямар ач холбогдолтой вэ?
-Хууль хэрэгжсэнээр түрүүний хэлсэн хэл, соёлын замбараагүй асуудлууд аяндаа цэгцэрч хяналттай болно. Мэдээж хууль батлагдаад нэг, хоёр жилийн дараа биш тодорхой хугацааны дараа үр дүн нь гарна.
Одоогоор монгол хэлтэй холбоотой асуудлыг цэгцэлдэг хууль байхгүй учир энэ нь маш өргөн хүрээний, их ач холбогдолтой хууль болж байгаа.
Мөн нүүдэлчин соёлтой Монголчууд хэн нэгний амаар будаа идэж биш, бичиг соёлдоо харьцах нарийн зохицуулагдсан дүрэм журам, толь бичгийн дагуу зөв бичдэг, зөв ярьдаг болох зам нээгдэнэ гэж үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!