Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгуулалтын Байнгын хороодын өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хийсэн юм. Хуулийн төслийн зарим заалт хэвээр батлагдсан тохиолдолд төсвөөс хөрөнгө нэмж гаргах шаардлагатай болох тул одоо байгаа байдлыг хөндөхгүйн үүднээс зарчмын зөрүүтэй зарим саналыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр бэлтгэсэн, түүнчлэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийг тусгаж төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан тухайгаа ажлын хэсгийн ахлагч танилцуулав.
Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.
Ажлын хэсгээс гаргасан саналын дагуу уг хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбогдсон төслийн 23.1.1 дэх заалтыг өөрчлөн найруулахаар тогтов. Ингэснээр уг хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулагдаж байгаа юм. Харин албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тусгажээ.
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ тухай танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!