Л.Пүрэвсүрэн: 104 үхрийг Хойд Солонгост тусламжаар өгсөн
Хойд Солонгосын онгоц манай улсаас мал ачиж байна гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр тараад байгаа билээ.
Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.
-Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс манай улсаас агаарын тээврээр үхэр ачиж байна гэсэн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдах боллоо. Хойд Солонгосын тал үнэхээр Дорнод аймгаас үхэр ачиж авч явсан юм уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч жил гаруйн өмнө Хойд Солонгост айлчилсан. Тэр үеэр манай улс дэлхийн нийтийн өлсгөлөнтэй тэмцэх хөтөлбөрт нэгдэхээр болсон. Хойд Солонгос хүнсний дутагдалтай. Манай улс өнгөрсөн жилээс эхлэн 2014-2015 онуудад Ази номхон далайн бүсийн хүнсний байгууллагын дарга хийж байгаа. Энэ хоёр жилийн хугацаанд дэлхийн, ялангуяа бүс нутгийнхаа хүнсний асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулахаар болсон.
Бүс нутгийн хамгийн гол асуудал нь Хойд Солонгос. Тус улсад ургац алддаг, өлсгөлөн болдог. Тиймээс манай улс тодорхой хэмжээнд тусламж үзүүлж ирсэн. Хойд Солонгост өнгөрсөн жил гурилын тусламж үзүүлсэн.
Гадаад хэргийн яаманд олон улсын хамтын ажиллагааны сан гэж бий. Төсвөөс тодорхой хэмжээний мөнгө гаргаад сан байгуулсан. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Хойд Солонгост зөвхөн хүнсний тусламжаас гадна хүнсний асуудлаа шийдэхэд нь тусламж үзүүлье гэсэн асуудлыг ярьсан. Бид мах, гурил гээд бэлэн юм өгөхийн оронд мал үржүүлэхэд нь туслах юм. Хойд Солонгос хүйтэн, сэрүүн уулархаг нутгаа мал аж ахуйн тусгай бүс болгох хөтөлбөр явуулдаг.
Энэ дагуу өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр Хойд Солонгосын ачааны онгоц ирээд 104 үхэр ачиж явсан. 104 үхрийг Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны оролцоотойгоор эмнэлгийн үзлэгт оруулаад, Хойд Солонгосын эмч нар ирээд, газар дээр нь шалгаад аваад явсан.
Манай улс өмнө нь ч мал гаргаж байсан туршлага бий. Лаос улсад 1980-аад оны үед нэлээн тооны мал гаргаж байсан. Одоо ажиллаж байгаа Лаосын малын эмч нар манай улсын Хөдөө аж ахуйн их сургуульд сурч төгсөж байсан.
Мөн 2000-аад онд ямаа гаргаж байсан. Тэр нь өнөөг хүртэл үржиж байгаа. Өөрөөр хэлбэл, ийм харилцааны туршлага манайд бий. Улаанбаатарт мал оруулаад ачих боломжгүй учир Чойбалсангийн онгоцны буудлаас нислэгийн зөвшөөрөл авч, мэргэжлийн хяналт, гаалийн хяналт дор онгоц нь буугаад үхэр аваад явсан.
-Энэ тусламжид хэдий хэмжээний хөрөнгө орсон бэ. Зардлыг нь хаанаас гаргасан бол?
-Зардлыг манай Олон улсын хамтын ажиллагааны төслөөс гаргасан. Яг хэдий хэмжээний санхүүжилт зарцуулсныг хэлж мэдэхгүй байна. 104 үхрийн мөнгө өгсөн. Цаашдаа ч энэ ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөө байгаа. Төсвийн хүндрэлтай байдлаас болоод энэ жилдээ дахиж явуулах боломжгүй болж байх шиг байна.
104 үхрийн мөнгө өгсөн.
Дараа дараагийн жилүүдэд Хойд Солонгосын талтай хамтарч ажиллана. Хөдөө аж ахуйн дээд сургуульд тэдний малын эмч, зоо техникч нарыг сургах тухай асуудал яригдаж байгаа. Олон улсын хамтын ажиллагааны сан гэж бий. Энэ сан Монголын төсвөөс санхүүждэг. Энэ ажил нь бүс нутагт Монгол Улсын нөлөөг нэмэгдүүлнэ.
-Энэхүү тусламжийн үйл ажиллагаа манай улсын гадаад харилцааны талд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү. Манай хоёр улс хөрш орон биш учраас өөр улсын нутаг дэвсгэрээр дамжин Монголд ирж байгаа шүү дээ?
-Манай хөрш орон биш учраас ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисч өнгөрнө. Олон улсын харилцааны дүрмийн дагуу зөвшөөрөл аваад ирж байгаа. Тэгэхээр ямар нэгэн асуудал байхгүй. Нөгөө талаас манай улс Хойд Солонгост мал нийлүүлж, хүнсний асуудлаа урт хугацаанд шийдэхэд нь дэмжлэг үзүүлснээр олон улсын хэмжээнд хүлээсэн үүргээ биелүүлж байна гэсэн үг. Ялангуяа олон улсын хүнсний байгууллагыг ахлаж байгаа орны хувьд үлгэр дуурайлал үзүүлэхүйц, үйл ажиллагаа юм.
-Эхний удаад 104 үхэр өгч байгаа юм байна. Цаашдаа тэдэн толгой мал өгнө гэсэн тохиролцоо бий юу?
-Хэлэлцээрээр 10 мянга хүртэл тоо толгой мал явуулахаар тохиролцсон. Гэхдээ дан ганц үхэр биш. Хонь, ямаа ч явуулна. Өөр олон улсын байгууллагууд энэ ажилд оролцож байгаа. Жишээлбэл, НҮБ-аар мал тээвэрлэх ажлын замын зардлыг даалгах талаар өнгөрсөн жилээс ярилцаж байгаа.
-Манай улс мал, мах импортлоход чанар, эрүүл ахуйн шаардлага хэр хангадаг вэ?
-Хятад, Оросын нутгаар дамжуулж мал тээвэрлэхэд малын эрүүл мэндийн хорио цээрийн асуудал их гардаг. ОХУ-ын махны зах зээл нэлээн хязгаарлагдмал байдаг. Засгийн газар нь тодорхой хэмжээний ковот өгдөг. Өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нэлээн сайн хэлэлцээ хийсэн. Одоо ч ХХААЯ-ны хүрээнд хэлэлцээр үргэлжилж байна.
Орос бол үхрийн махны нэлээн том зах зээл. Хэрэглээний онцлог уламжлалаасаа болоод хонины мах бага хэрэглэдэг. Гэвч манайд шүлхий өвчин гарлаа гээд Монгол даяар мал нь өвчилчихсөн юм шиг экспортоо хаачихдаг. Үүнийг шийдэхийн тулд Оросын талтай ярьж байна.
Мөн Оросоос манай махны үйлдвэрүүдэд өөрийн мал эмнэлэг, хорио цээрийн багийг ажиллуулаад, стандартад нийцэж байгааг шалгаад явсан. Үүний үндсэн дээр ОХУ-д нийлүүлэх махны хэмжээ нэмэгдэж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
