Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөртөө сэтгэл хангалуун амьдар

Д.Энхтүвшин
2014 оны 12 сарын 20
MorninigNews.mn
Зураг зураг

Хязгааргүй оюун ухаант, хамгийн хүчирхэг амьд биет хүн гэгч хорвоо ертөнцийг ч захирах хүч чадалтай хэрнээ хамгийн өчүүхэн саад бэрхшээлд өвдөг сөхрөн бууж өгдөг нь гайхмаар.

Амьдрал нэг хэвээр үргэлжилнэ гэж байхгүй. Тиймдээ ч өдөр болгон шинэ содон байж гэмээнэ төдий чинээ сонирхолтой, давтагдашгүй байдаг.

Амьдрал нэг хэвээр үргэлжилнэ гэж байхгүй. 

Бидний амьдралд тооцож бодоогүй гэнэтийн азгүйтэл, гайхаж дуу алдмаар баяр хөөртэй явдал тохиолдох нь элбэг.

Хүнсний дэлгүүрээс өдөр тутмын хэрэгцээт бараагаа худалдан авсны төлөө хонжворт сугалаа авч "За яах вэ байж л байг" гээд гэртээ аваачаад шүүгээндээ хийчихсэн сугалааны тохирол гарахад гэнэтхэн сая төгрөг хожих өдөр бий.

Гэтэл өглөө ажилдаа яаран автобусанд чихэлдэж яваад түрүүвчтэй мөнгө, хамаг бичиг баримтаа хулгайчид алдах хар өдөр бас тохионо.

Өдөржингөө ажил бүтэхгүй, өөрийнхөө бүтэлгүй, аз хийморь муутайд сэтгэл гонсойж, толгойгоо унжуулсаар харихад тог тасарчихсан хоол цай ч үгүй угтах өдөр байж л байна.

Зарим өдөр уулзсан болгоноосоо сайн сайхан үг сонсч төлөвлөсөн бүх л ажил жигтэйхэн урамтай бүтэж, дуу аялсаар гэртээ ороход ширээ дүүрэн идээ будаа алаглаж, халуу дүүгсэн гэр маань улам ч тохитой, саруулхан болсон шиг санагдана.

Бодоод байхад гэгээн сайхан өдрүүд нь гэнэтийн золгүй өдрөөсөө хавьгүй олон байдагтаа л хүмүүс бид маргаашийн алтан намрыг харж, ахиухан амьдрах хүслээр жигүүрлэж явдаг байнам.

Бодол санаанд их учир бий

Хүмүүсийг өдөр болгой баяр хөөр, урам зоригтой, магадгүй хамгийн завгүй, бүтэлгүй нэгэн болгодог шидэт хүч нь өөр Юу ч биш чухамдаа бидний бодлогошрол, аливааг эргэцүүлсэн санаашрал хүслэн л юм.

Жишээ нь, та "Ишш чааваас өчнөөн жил ажиллачихаад ганц өрөө умгар байранд энэ олуулаа чихэлдэж амьдрах ч гэж дээ. Тэгэхэд надтай л адилхан байсан Ганбаа өнөөдөр дөрвөн өрөө байранд тансаглаж хэвтэнэ" хэмээн бухимдан бодоод байвал тархи мэдрэл, элэг цөсөө л өвтгөж зовоохоос өөр шагнал ирэхгүй.

Харин түүнийхээ оронд "Гуравхан жилийн өмнө дөрвөн ханатай гэрт яажшуухан амьдарч байлаа даа. Өнөөдөр паартай дулаан байранд нүүрс, түлээ, ус, хог гэж санаа зоволтгүй сайхан л амьдарч явна.

Харин хоёр гурван жилээс үүнийгээ томсгоно доо" гэсэн гэгээхэн бодолтой амьдарвал нуруун дээр чинь ямар ч хүнд ачаа дарахгүй сэтгэл амар тайван амьдрах болно.

Сэтгэл амар Үдэш болгоныг тайван жаргалтай өнгөрүүлвэл ядаж л бие тань эрүүл байх болно. Эрүүл байж гэмээнэ маргааш нь өнөөдрийнхөөс илүүг үзэж, бас амжуулан бүтээх болно.

Сүүлийн үед "нийгэм даяараа бухимдалтай байна, залуу үе маань амьдралд хөлөө олохгүй амиа егүүтгэн цаг бусаар хорвоогоос буцаж байна, эсвэл эхнэр нөхөр хардаж сэрдээд нэгнийхээ аминд хүрчихжээ, үр хүүхдээ төрүүлсэн эцэг нь тэгэж тэгэж тамлажээ" гэж зарлан тунхаглах нь холгүй ярьж, бичих нь түгээмэл болж.

Тэдгээр цаг бусаар одогсдод тохиолдсон хүндрэл бэрхшээлүүд нь бүр яадгаа алдчихсан, эцсийн цэг дээр очоод зогсчихсон аймшигт учрал биш байх нь олонтаа.

Хайртай охин, үерхдэг банди нь өөрийг нь тоохгүй болсон, ээж, аав нь ангийнхантайгаа наргиж зугаалах мөнгө өгөөгүй, тэр битгий хөл өөрийнхөө царай муутай, бүдүүн, эв хавгүй биенд гутраад "нойрсуулах эм" уучихжээ гэх дуулдана.

Хүний оюун ухаан олон дахин давтсан сайн, саар мэдээллийг өөрийн мэдэлгүй тогтоогоод авчихдаг. 

Хүний оюун ухаан олон дахин давтсан сайн, саар мэдээллийг өөрийн мэдэлгүй тогтоогоод авчихдаг.

Үүний хамгийн энгийн жишээ нь сүүлийн үед гарч байгаа ая эгшиг нь ялгахын аргагүй энэ олон зохиолын дуу юм. Зохиолын дуу шигээ олон FM радиогоор өдөр шөнөгүй балбаад байхаар нэг мэдэхэд л өнөө олон дууг бид цээжилчихсэн л явж байдаг.

Яг үүн шиг хүмүүс бидний өдөр тутмын амьдралд тааламжгүй, сөрөг муу нөлөөтэй мэдээлэл байнга л явж байдаг. "Яана даа, дахиад л мөнгөгүй болчихлоо, ядаж байхад энэ эхнэр, нөхөр өнөөдөр бас л оройтож ирэх нь.

За байз байрны гадаа тавьсан машины дугуйг урт гартнууд өнөө шөнө битгий л мулт татаад авчихаасай" гээд зовлон шаналантай бодлууд дуусна гэж байхгүй.

Дээр нь нэмэгдээд замын түгжрэл, шатахууны үнийн өсөлт, хүүхдийн сурлага хичээл, Улаанбаатарын агаарын бохирдол, мэдээллййн хэрэгслүүдээр цацагдаж байгаа аймшигт гэмт хэргүүд гээд сэтгэлээ зовоож бухимдаад байвал хэзээ ч дуусахгүй бэрхшээл зовлон, хүндрэл гачигдал эргэн тойронд л байгаа.

Бүх юм сайхан болно

Энэ бүхнээс сэтгэлээ чөлөөлж, амар тайван амьдрах хамгийн энгийн бөгөөд амархан арга нь та зүгээр л сайхан өнөөдрөөрөө амьдрах хэрэгтэй.

Өнөөдөр таны халаасанд хэдэн төгрөгтэй түрүүвч, орой хариад очиход тань дулаахан гэрийн чинь хөргөгчинд хэд хоногийн мах, ногоо, гурил байхад л боллоо. Хажууд тань хэзээ ч тулж түшээд авах халуун сэтгэлтэй хань ижил тань эрүүл саруул байж байвал бүх юм болоод явчихна.

Хамгийн гол нь бүтэх бүтэхгүй, чадаж мэдэхгүй олон юм бодож тархи толгойгоо зовоох шаардлага ерөөсөө байхгүй. Хэдий чинээ их юм бодно хүн төдий чинээ өөрийгөө болон хажуу дахиа зовоодог гэнэм.

Түүнээс гадна илүү хэрэглээ гэдэг хүнд хэзээ ч амар амгалан амьдрал, сэтгэлийн тайвшрал авч ирдэггүй байна. Өнөөдөр танд хэн нэгэнтэй мэнд ус мэдэлцээд байх гайгүй шиг гар утас, өвөл зуны хэдэн ээлжийн хувцас, сэтгэл амар амьдраад байх орон байр, дуртай ажил, хамт олон байхад л ямар ч түгшүүр, айдас зовлонгүй амьдраад байж дөнгөнө.

Бид бүхэн хэзээ ямагт цаг хугацааны оргилд амьдардаг гэдгийг хааяа нэг санаж явахад илүүдэхгүй. Яг өнөөдөр гэхэд л таны амьдарлын нэгээхэн хэсгийн цаг хугацааны оргил тул өнөөдрийг л аз жаргалтай элдэв зовлонгүй өнгөрүүлэх юм шүү гэж бодож явах учиртай. Өнгөрсөн амьдралд тань алдаа оноотой зүйл бишгүй л их байгаа. Тэр бүхнээ болж л өгвөл ор тас мартсан нь дээр гэдгийг амьдарсан шиг амьдраад дууссан алдар нэртэй хүмүүс бичиж үлдээсэн байдаг юм билээ.

"Хэдэн жилийн дараа хэнээс ч дутуугүй аз жаргалтай  хангалуун сайхан амьдарна даа" гэж санааширсаар өнөөдрийн жаргалаа битгий л үгүй хийж үзээрэй.

Маргааш бүх зүйл дуусах юм шиг өнөөдөртөө өөрийгөө хайрла, өнөөдөр л амжаад өөрийгөө баярлуулж жаргаагаад ав. Яах вэ дээ. Хүмүүс бухимдаж амьдралдаа сэтгэл хангалуун биш байж болно.

Харин та дунд нь орж зэрэгцэн бухимдаж сэтгэл зүрхээ шархлуулах хэрэггүй. Орой очоод зурагтаа үзэхдээ ч болж л өгвөл гэрэл гэгээтэй, гэгээн сайхан мэдээллүүдийг нь түүгээд үзчих хэрэгтэй. Тэгээд яг л өнөөдөр байгаа бүхнээрээ өөрийгөө баярлуулж, хамгийн гол нь дандаа сайхан бодолтой яваад байхад болно доо, болно.

Зураг