2019/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.99₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-27°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-22°
17:00
S30
-21°
18:00
S29
-22°
19:00
S29
-22°
20:00
S29
-23°
21:00
S29
-24°
22:00
S31
-25°
23:00
S31
-26°
00:00
S31
-26°
01:00
S31
-26°
02:00
S31
-27°
03:00
S31
-27°
04:00
S31
-27°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨРӨГ: Алмааз эрдэнэс асар их хүнд даралтад бий болдог

FORBES MONGOLIA сэтгүүл
2014 оны 12 сарын 9
Forbes Mongolia

Болгарын Варна хотод 1998 онд болсон  олон улсын балетын тэмцээнд оролцохоор 16-хан настай жаал хүү анх  дэлхийн шилдгүүдийг төрүүлдэг, хамгийн урт түүхтэй, нэр хүндтэй тэмцээнд оролцохоор явжээ.

Гэрэл зургийг П.Энхтүвшин

Гэвч тухайн үедээ насны ангиллаар хамгийн бага нь байсан түүний хувьд эхний шалгаруулалтад ороод л унажээ.

Энэ бол дэлхийн шилдгийн шилдэг найман бүжигчний эгнээнд багтаж чадсан, эх орныхоо  нэрийг дэлхийд цуурайтуулсан Монгол Улсын гавьяат жүжигчин, бүжгэн жүжгийн од Дугараагийн Алтанхуягийн анхны  ялагдал байв. 

Гэвч энэ ялагдал түүний хувьд өөрийгөө таньж мэдсэн, урлаг гэгч чухам юу болохыг мэдэрсэн, амьдралд нь тохиолдсон хамгийн сургамжтай мөчүүдийн нэг байсан хэмээн даруухнаар инээмсэглэн хэлэх түүний түүх алмаз эрдэнэ хэрхэн бий болдгийг батлах мэт.

Алмаз эрдэнэс чулууны хаан боловч байгаль дээр бол жирийн чулуун нүүрс шиг энгийн зүйл аж. Харин маш хатуу даралт шахалтад нягтаршиж жинхэнэ ховрын ховор эрдэнэс болдог байна.

Алтанхуягийн бүжгэн жүжгийн амьдрал эгэл чулуу  жинхэнэ алмаз эрдэнэс болтлоо хатаагддагтай адил мэт сэтгэгдэл надад төрсөн юм...

Ховд аймагт өвөө, эмээ дээрээ төрж өссөн түүний хувьд аавтайгаа тийм ч удаан хамт амьдарсангүй. Түүний аав  Ховд аймгийн театрт насаараа ажилласан Монгол Улсын гавьяат жүжигчин, ардын бие биелээч Дугараа гуай бяцхан хүүгийнхээ авьяасыг нээж таниад урлагийн замд оруулсан ачтан ажээ.

Маш хатуу даралт шахалтад нягтаршиж жинхэнэ ховрын ховор эрдэнэс болдог.

Тэр долоо, найман настай байхаасаа л аавтайгаа монгол ардын бүжиг бие биелэгээ бүжиглэж,  олон аймгаар бүр хил давж Орос хүртэл  аялан тоглолт хийж, бас олон тэмцээн уралдаанд оролцдог байжээ.

Тэр ирээдүйд бүжигчин болно гэдгээ бүр багаасаа л мэддэг байж. 1993 онд 11 настай хүү Улаанбаатарт ирээд Хөгжим бүжгийн коллежийн ардын бүжгийн ангид орно гэсэн бодолтой байсан боловч  тухайн үед дөнгөж нээгдээд байсан Монголын анхны балетын ангид орчихжээ.

Энэ сонголт түүнд таатай санагдаагүй ч, дотроо “За яахав нэг хоёр  жилийн дараа ангиа сольж өөрчилнө дөө”  гэж бодоод зөвшөөрчээ. Ардын бүжиг бүжиглэдэг аав нь ч бас дургүйцсэнгүй. Санамсаргүй халтирч орсон энэ л мэргэжил түүний амьдралын жинхэнэ утга учир болжээ.

Хөгжим бүжгийн коллежийн балетын анхны ангид 24 хүүхэд орж байснаас 15 нь төгссөн ч  түүний тал нь л мэргэжлээрээ ажиллаж  байгаа гэхээр балетын урлаг ямар хатуу, тэвчээр шаардсан урлаг болохыг харуулна. Шинэ мянганы төгсөгчид гэсэн сүржин нэртэйгээр төгссөн тэд бүгдээрээ салбартаа амжилттай яваа.

МУГЖ. Ганчимэг, СТА. Хонгорзул, Болороо гээд мөн эрчүүд нь ч бас Японы театрт амжилттай тоглож, зарим нь гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртээд байгаа аж. Алтанхуяг хөгжим бүжигт байхдаа балетын анги боловч жирийн хүүхдүүд шиг хөл бөмбөг тоглоно, дотуур байранд амьдарна, сахилгагүйтэж байрнаасаа хүртэл хөөгдөж байжээ.

Тухайн үед шинээр нээгдээд байсан анги маш олон багшийн нүүр үзэж, зах зээлийн шилжилтийн хүндхэн  үеийн хоморгод тэвчээр шаардсан өдрүүд олон байсан ч тэр ажралгүй дасгал сургуулилтаа  өдөр болгон тасралтгүй хийж өнгөрөөдөг байж. Энэ л үеэс тэр тэсвэр тэвчээр, дасан зохицол, ямар ч хүнд бэрхийг даван туулах хатуужлыг олж авчээ.

Тэрээр зургаадугаар ангидаа анх “Цөмөөхэй” балетад тоглож, есдүгээр анги буюу нэгдүгээр курсээсээ Улсын дуурь бүжгийн Эрдмийн театрт ажиллан, хоёрдугаар курст байхдаа ангийнхаа анд Ганчимэгийн хамт “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын гол дүрд тоглосон нь маш том туршлага, итгэл, урам зоригийг өгсөн гэдэг. Тэрээр үүн дээр л жижиг оронд төрсний ашиг тус нь гардаг юм даа гэж даруухнаар хэллээ.

Жишээ нь, Америкт “Хунт Нуур” бүжгийн цорын ганц гол дүрд тоглохыг мөрөөдсөн хэдэн сая хүнээс өрсөлдөн гарсан хүн насаараа бүжиглээд ч  гол дүрд тоглох нь өдрийн од мэт ховор. Харин Монголд балетаар хичээллэдэг хүн цөөн учир залуучууд гол дүрд эрт тоглож эхэлдэг нь аз завшаан гэж болох юм.

Гэрэл зургийг Г.Эрдэнэтуяа

Түүнийг жинхэнэ хурцалж, шинээр нээсэн Варнагийн олон улсын тэмцээнээс тээж ирсэн мэдрэмжээ тэр одоо ч дурсах дуртай. Тухайн үедээ Дашлхавга багш бэлдэн уг тэмцээнд Энхтуяа багш болон ангийн анд Ганчимэгтэй хамт очиж байжээ.

Тэмцээний үеэр олон улсын тэмцээн дээр авьяастныг хайж шинжиж байдаг “Асами Маки” театрын захирал Митани Куозо анх түүнийг ажиж байснаа дурсахдаа “Чи тэр үед маш туранхай, шалны модны араас ч харагдахааргүй байсан шүү” гэж хошигнож байжээ. Тэр тэмцээнээс хойш дөрөвхөн жилийн дараа “Асами Маки” театр түүнийг өрсөлдөгч “Комаки” театраасаа арай гэж өрсөн өөрийн театртаа гэрээт бүжигчнээр авч байжээ. Тэр үед Митани Куозо түүнийг агуу бүжигчин болно гэдгийг бараг л гадарласан боловуу. Харин Алтанхуягийн хувьд жирийн л нэг монгол хүү байв.

Тухайн үед тэмцээнд орж байхад ресторанд хоол идэх мөнгөгүй байсан тул байнга авч явдаг ус буцалгагч төмөр залгуураа чанамалын шилэн саванд хийж, цай, бэлэн гоймон чанаж идэхээр залгуур хайн гүйдэг байж. Харин өнөөдөр миний урд суугаа энэ эрхэм хэдийн дэлхийн хүн болсон төдийгүй анх ялагдал гэдгийг мэдрүүлж байсан Варнагийн тэмцээнийхээ 50 жилийн ойн “гала тоглолтод” урилгаар тоглох гэж байгаа хэмээн инээвхийлэн хэлэх аж.

Өнөөдрийн түвшинд хүрэхэд нь түүнд маш олон бэрхшээл, азгүйдэл учирч байжээ. Тухайлбал, 2000 онд Нью-Йорк хотын олон улсын балетын тэмцээнд нэгдүгээр шатандаа хасагдаж байжээ. Тухайн үед 18 настай, жинхэнэ хийж бүтээхээр шатаж явсан түүний хувьд энэ ялагдал үнэхээр шарыг нь хөдөлгөжээ.

Тэр үед хосоороо бүжиглэх байсан боловч хамтран тоглогч нь оролцож чадахгүй болж, урьд нь огт хамт бүжиглэж байгаагүй америк эмэгтэйтэй хослон бүжиглэж тэмцээнээс хасагдсан байна. Гэвч түүнд аз таарч, шүүгчид түүнийг Гала тоглолтод ганцаараа бүжиглэхийг урьжээ.

Өнөөдрийн түвшинд хүрэхэд нь түүнд маш олон бэрхшээл, азгүйдэл учирч байжээ.

Тэр ч маш их баярлаж жинхэнэ бүжиглэнэ гэдгийг үзүүлээд өгч. Тэгтэл “Нью-Йорк Хотын Балет” компанийн нэгэн эмэгтэй түүн дээр ирэн “Таны хөлний сонсгол үнэхээр гайхалтай юм” хэмээн бишрэн хэлжээ.

Тухайн үедээ хөлөнд ямар сонсгол байдаг байнаа хэмээн гайхан өнгөрчээ. Гэвч тэр үнэхээр хөлөндөө сонсголтой аж. “Нью-Йорк Хотын Балет” компанийн тавилтууд нь монголынхоос өөр боловч тэр ямар ч хөдөлгөөнийг хараад л шууд хийж байсан нь олон хүмүүсийн гайхлыг төрүүлж, хүмүүс янз бүрийн саналууд тавьж эхэлжээ. Санал тавьж байсан хүмүүсийн дотор түүний одоо ажиллаж байгаа Бостон балетын хүмүүс ч байсан боловч түүний хувьд Нью Йорк л сонин байв.

“Нью-Йорк Хотын Балет” компани түүнтэй шууд гэрээ хийж компанидаа ажиллах санал тавьжээ. Түүнд Америкийн Балетын сургуульд 14 хоногийн зуны сургалтад хамрагдаж цаашдаа тус сургуульдаа 100 хувийн тэтгэлэгтэйгээр (жилийн 40,000 доллар) сурах эрх нь юу юунаас илүү таалагджээ.

Энэхүү зуны богино сургалт түүний хувьд жинхэнэ нүдийг нь нээсэн ба балетчин хүн дасгал сургуулилтаас гадна шөрмөсөө ажиллуулахын тулд ямар дасгал хийх хэрэгтэй, биеэ хэрхэн хөгжүүлэх ёстой гэх зэрэг маш нарийн зүйлүүдийг сурчээ.

 “Нью-Йорк Хотын Балет” болон “Америкийн Балетын Театерт” өдөр болгон балет үзэж түүн дээр сурсан хөдөлгөөнөө анги дээрээ давтан ёстой л сурах мэдэхийн цангаагаа тайлах шиг болжээ. Нэг өдөр тэр дасгал хийгээд байж байтал нэгэн настай хүн түүн дээр ирээд хаанаас ирснийг нь асуусан байна.

Тэрээр “Монголоос” хэмээн тоомжиргүй хэлж. Нөгөө хүн нь толгой дохин инээвхийлснээ “Би Монгол гэдэг орныг мэднэ ээ, чи энд байгаа юм чинь танайд балет сайн хөгжиж байгаа юм байна.” гээд явчихжээ. Түүнийг харсан ангийнх нь хүүхдүүд гайхан,  чи Мишаг хэн гэдгийг мэдэж байна уу, тэр гайхалтай алдартай шүү дээ” гэжээ. Тэр алдарт балетчин Михайл Баришников хэмээх эрхмийн Миша гэсэн богино нэрийг нь танилгүй өнгөрөөсөн байжээ. 

Гэрэл зургийг П.Энхтүвшин

Анх зургаадугаар ангид байхдаа зурагтаар бишрэн харж байсан домогт бүжигчинтэйгээ хамт дасгал хийж, бүр хувцас солих өрөөнд яриа өрнүүлнэ гэж хэн санах билээ. Нью-Йорк түүнд энэ мэт санаанд оромгүй маш их зүйлийг өгөх байлаа.

Гэвч түүний тэмцээнд ирсэн визний хугацаа дуусаж Монгол руугаа явахаар болов. Харин тэр School of American Ballet-ийн тэтгэлэгтэйгээр Монголд очоод эргээд ирнэ гэж бодоод явсан ч хүсэхэд хясна гээч юм болж 6-7 удаа визэнд орсон боловч хар тамга даруулжээ.

Сургуулиас нь түүнийг батлан даасан албан ёсны захианууд, АНУ-ын синетор болон түүнийг хүлээж авах байсан айлаас захианууд ирээд ч нэмэр болсонгүй. Энэ л үед түүний хамгийн хэцүү бөгөөд бүх зүйл зогсолтонд орсон үе байжээ. Нью-Йоркт харсан бүхэн зөвхөн үлгэр мэт санагдаж, Монгол дэндүү жижиг, дахиж хэзээ ч ийм боломж гарахгүй мэт санагдаж байсан ч бууж өгсөнгүй.

Нью-Йоркоос ирээд нэг жилийн дараа Японоос тэмцээнд орох урилга авав. Гэвч нэг том шалгуур нь санхүүгийн асуудал байв. Тухайн үед дуурийн театрт ажиллаж байсан түүний цалин дөнгөж унаа, хоол унданд арай чүү хүрч, цаана нь өртэй хоцордог байв. Тиймээс Ховд аймагт суугаа ээжээсээ хүртэл мөнгө авах хэрэгтэй болдог байжээ. Замын зардлаа нэг компаниар ивээн тэтгүүлж, бусад гарах олон зардлын нэг болох тоглолтын хувцас авах хэрэгтэй байв. Хувцсандаа тохируулж бүжгээ тавих хэрэгтэй болов. Хамгийн хямд өртгөөр хувцас хийе гэвэл резин ашиглаж болохыг бодож олжээ.

Нью-Йоркт харсан бүхэн зөвхөн үлгэр мэт санагдаж, Монгол дэндүү жижиг, дахиж хэзээ ч ийм боломж гарахгүй мэт санагдаж байсан.

Тэгээд “Аалз” гэсэн орчин үеийн номер толгойдоо бясалгаж олоод тэр даруй “Нарантуул” зах гарч 6 метр хардуу өнгөтэй резин худалдаж авчээ. Японд очоод тэмцээнийхээ 1, 2-р шатыг давж, хамгийн шийдвэрлэх шатанд орчин үеийн балет бүжиглэх ёстой болов. Тэр даруй Монголоос авчирсан сунадаг  резинээрээ гараасаа эхлэн нүцгэн биеэ бүхлээр нь ороож,  жинхэнэ аалз мэт дүртэй болоод бүжгээ хийв. Ийнхүү энэ бүжиг хамгийн дээд оноо буюу 99-100 оноо авч Д. Алтанхуягт  Монголын балетын түүхэнд анхны олон улсын тэмцээний алтан медалийг авчирчээ.

Японд болсон тэмцээнээс алтан медаль авснаар түүнд энд тэндээс  маш олон санал ирж, улмаар “Асами Маки” болон “Комаки” театр булаацалдан гэрээ хийж, Япон Монголын хооронд явдаг ажилтай болов. Гэвч тэр ихэнх цагаа Монголд өнгөрөөж, 2007 он хүртэл Монгол Улсын дуурь бүжгийн Эрдмийн театрт бүжиж, Монгол Улсын Гавьяат Жүжигчин гэсэн эрхэм цолыг аваад амжжээ.

Энэ хугацаанд хайрт хань Хулантайгаа танилцаж, 2004 онд гэрлэв. Гэвч бүх зүйл ингээд үлгэр шиг сайнаар төгссөнгүй. 2006 онд тэр маш хүнд гэмтэл авч энэ нь бараг гурван жил үргэлжилжээ. Яг түүн шиг гэмтэл авсан мэргэжил нэгт нөхөр нь шилбээ авахуулж, хиймэл хөл хийлгэсэн байдаг. Энэ үед түүнд “Чиний бүжигчний карьер ингээд дууслаа, өөр юм бодсон нь дээр дээ” гэж хэлэх ч хүмүүс байв.

Тухайн үед 24 настай байсан түүний хувьд бууж өгөх бодолгүй бүжиглэсээр л байж.  Японы “Асами Маки” театрт гэрээт бүжигчнээр бүжиглэж байхад түүнд аз тохиож ХХI зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Бетиттэй хамтран аялан тоглолт хийх болов. Домогт бүжиг дэглээч дэлхийн шилдэг гэсэн найман бүжигчинг сонгохоор болж, түүндээ Итали, Герман, Испани, Япон, Куба, Хятадаас хоёр хүн, Монголоос Алтанхуягийг сонгож аялан тоглолт хийжээ. Испанид болсон тоглолтын үеэр түүнийг Бостон Балетын захирал Микко Нисинен хараад түүнд шууд л ажлын санал тавьжээ.

Түүний бэртэлтэй байсан нь тэдэнд ямар ч хамаагүй байлаа. Учир нь Бостон Балет хамгийн сайн эмнэлгийн үйлчилгээтэй нь байв. Бостон Балет жинхэнэ алмааз эрдэнийг харж байсан тул бэртэлтийг нь эдгэн эдгэтэл цалин өгч эмчилнэ гэсэн гэрээ хийжээ. Ингээд тэрээр нэг жил хагас хөлөндөө аппараттай хэвтээд, 2009 оноос бэртэл нь бүрэн эдгэрэх үед Бостон Балетын гоцлол бүжигчин болж дахин дүүлж эхэлжээ.

ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛД ХЯЗГААР ҮГҮЙ

Гэрэл зургийг П.Энхтүвшин

Хөл нь бүрэн эдгэрсэн тэрээр  2009 онд эх орондоо ирэв. Балетын урлаг цэвэр залуу насны хатуу урлаг тул 27 настай түүний хувьд ихийг бодох хэрэгтэй болсон нь гарцаагүй. Дуурийн урлагт 38 наснаас карьер эхэлдэг бол балетчин хүний карьер 38 насанд бараг дуусаж байдаг аж.

Энэ хатуу бөгөөд үнэн бичигдээгүй хууль түүнийг бүх залуу насаа зориулсан урлагийнхаа ирээдүйн залуу халааг бэлдэхэд юу хийж чадах вэ гэсэн асуултыг өөртөө тавихад хүргэжээ. Түүний ажиллаж байсан Дуурийн театр өнгөрсөн хугацаанд нэг их өөрчлөгдсөнгүй. Гэтэл дэлхийн балетын урлаг асар ихээр хөгжсөөр л.

Энэ урлагийг өдий зэрэгтээ авч ирсэн Монголын олон гавьяатай хүмүүсийн үйл хэргийг тасалдуулалгүй улам хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг хэрхэн оруулж чадах вэ? хэмээн бодсоны эцэст 2010 онд “Монголын Балетын Хөгжлийн Сан”-гаа байгуулжээ. Энэ хугацаанд урлагт хайртай олон хувь хүн, бизнес, төр засгийн тусламжтайгаар чамлахааргүй ажлуудыг хийжээ. “Бостон Балетын” хатуу гэрээт ажлын хажуугаар жаахан чөлөө  цагийг завчилан жилд хоёр удаа олддог өвөл, зуны амралтаараа Монголынхоо үзэгчдэд зориулан тоглолтууд хийдэг болжээ.

Балетын урлагт зүгээр суух цаг зав алга.

2011 онд анх Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, балетмейстер Б. Жамъяндагвын нэрэмжит Олон улсын балетын фестиваль Монголдоо зохион байгуулав. Тив тивээс ирсэн чадварлаг бүжигчид Монголын үзэгчдийн нүдийг тайлж гайхалтай тоглолт үзүүлэв.

Мөн тус оны өвөл ирж, “Балетын үдэш” “Шөнийн од” гэсэн тоглолтоо хийжээ. Комаки балетыг ч авчирч ирэх ажлыг зохион байгуулжээ. Мөн алдарт бүжигчин Тамара Рохо-г ч бас авчирсан байна. 2012 онд Дашлхавга багшийнхаа нэрэмжит тоглолтыг  гадаадад байгаа Монгол бүжигчдийн хамт хийжээ.

Мөн Бостон балетынхан багаараа ирж “Хунт нуур”-ийг тоглов. 2014 оны зун анх удаа орчин үеийн балетыг Бостон Балетын уран бүтээлчидтэй тавьжээ. Бостон Балет сонгодог бүжиг, модерн бүжиг хоёрыг 50:50-иар хослуулан тоглодог байна. Харин манайд 100 хувь сонгодог бүжиг байдаг болохоор энэ модерн тоглолт их л шинэлэг болжээ.

Өнгөрсөн жил Дуурь Бүжгийн Эрдмийн Театр тавин жилийнхээ ойг хийсэн. Энэ сайхан тогтоод ирсэн уламжлал, арга барил сургуулиа өөр цааш нь дэлхийн дэвжээнд гаргахад бүх хүний оролцоо хэрэгтэй гэж тэр үздэг.

Гэрэл зургийг Г.Эрдэнэтуяа

Сонгодог урлагаар нь улс орны соёлыг хэмждэг тэр дундаа балетын урлаг нь нийгэмд гоо сайхан, сэтгэл зүй, бие бялдар, оюуны өндөр таашаалыг өгч байдаг. Балетын урлагт зүгээр суух цаг зав алга. Бид хийхгүй бол өөр хэн хийхэв гэж тэр үнэн сэтгэлээсээ  хэлэв.

Түүний дараачийн том төсөл нь Оросоор “Шелкунчик” Монголоор “Цөмөөхэй’ нэртэй балетыг энэ оны сүүлээр шинэ тавилтаар гаргахаар ажилдаа ханцуй шамлан оржээ. Энэ балет нь шинэ жил болсныг илэрхийлдэг бөгөөд Америкийн мянга мянган гэр бүл зөвхөн энэ тоглолтоор шинэ жилийг төсөөлж байдаг аж.

Түүн шиг Монгол хүн бүхэн үүнийг үзэж сэтгэлийн болоод оюуны таашаал авч хүүхэд насны мөрөөдлөөсөө бүү хагацаасай гэж тэр хүсдэг. Зөвхөн энэ тоглолтод хэрэглэх тайз, хувцсыг Бостонгоос тусгай дизайнераас нь зөвшөөрөл аван авчирч байгаа гэнэ. Мэдээж энэ бүхэнд цаг, мөнгө маш их шаардагдана.

Манай бүжигчид чадалтай бол чадалтай. Гол нь бид нарт нарийн менежмент, зохион байгуулалт хэрэгтэй байна. Бүжигчин хүн зөвхөн бүжгээ л бодож байдаг тийм л орчин хэрэгтэй хэмээн тэр ярина. Түүний хамгийн эхний зорилго бол балетын урлагийг олон хүнд таниулж, сонирхлыг төрүүлэх улмаар үүнээс үүдээд балетын урлагийн сургууль үүсч бий болно гэж үздэг.

Тиймээс “Цөмөөхэй” балетад мэргэжлийн биш хүүхдүүдийг сонгон шалгаруулж тоглуулах аж. Нийт Улаанбаатарын бүжигт дуртай хүүхдүүдийг тайзан дээр гаргах учир тэд мартагдашгүй дурсамжтай үлдэх нь гарцаагүй.

Оросоор “Шелкунчик” Монголоор “Цөмөөхэй’ нэртэй балетыг энэ оны сүүлээр шинэ тавилтаар гаргахаар ажилдаа ханцуй шамлан оржээ.

Түүний 16 настай байхдаа Варнагийн тайзан дээр мэдэрсэн мэдрэмжийг тэр олон хүүхдэд өгөхийг хүсэж байна. Театрын ард юу болдгийг, нэг тоглолтыг хэрхэн удирдаж явуулдгийг олон хүүхдүүдэд харуулахыг зорьж байгаа юм байна.

“Энэ хүнд хүч хөдөлмөрийг мэдэрсэн хүмүүс сонгодог урлагийг үнэлж чадна, бас хайрлах болно. Цаашлаад энэ тоглолтыг зөвхөн цөөн тооны хүмүүс үздэг биш гэр хорооллын хүүхдүүд хүртэл үзэж, шинэ жилийн өмнөх хүсэл мөрөөдлөө амилуулдаг болно. Мөн ийм тоглолтыг хөдөө орон нутгаар ч хийх бодол байна” хэмээн тэр цогтойгоор өгүүлнэ.

Цаашид  бидний олон залуучууд юу ч хийж бүтээж чадна, миний хүсэл хязгааргүй хэмээн ярих энэ эгэл даруу мөртлөө эгэлгүй гайхамшигтай хүнтэй ярихад цаг дэндүү богино байлаа. Монголын сонгодог урлаг тэр дундаа балетын урлаг хөгжин дэвжихэд хүн бүрийн оролцоо хэрэгтэй нь мэдээж.

Үүнийг бичиж буй би ч хүртэл шинэ жилийн мөрөөдлийг асааж байдаг “Цөмөөхэйг” Монгол хүн бүр үздэг болгохын тулд юу хийх ёстойгоо бодож сууна. Танд ч бас энэ асуултыг үлдээж байгааг минь хүлээн авна уу.

Нийтлэлч Ц.Энхжаргал

/"Цөмөөхэй" бүжгэн жүжиг арванхоёрдугаар сарын 24-28-ны хооронд ДБЭТ-д тавигдах ажээ/

 

x