Дараагийн долоо хоногт Нетфликс компаний сүлжээгээр “Марко Поло” цуврал цацагдаж эхэлнэ.
Цувралын эхний хэсэг болох 10 ангийг бүтээхэд 90 сая доллар зарцуулаад байгаа нь телевизийн цувралын түүхэнд хамгийн өндөр өртөгтэйд тооцогдож байна.
Зардлын хувьд түүнтэй дөхөж очих нь HBO-гийн “Хаадын тоглоом” (Game of thrones) цуврал байж магадгүй юм.
Нетфликс компаний хувьд АНУ-ын зах зээлд өөрийн интернет видео стриминг үйлчилгээгээр тэргүүлж байгаа. Гэхдээ зах зээлийн ханалтаас болоод тэд одоо гадаад зах зээл рүү нэвтрэхээр зүтгэж байгаа юм.
Энэ жил Европ, Латин Америкийн орнууд руу нэвтэрсэн. Он гараад Австрали, Шинэ Зеланд руу орохоор төлөвлөж байгаа.
Энэхүү глобал компани болох зорилгынх нь нэг гол хөшүүрэг нь “Марко Поло” цуврал байх юм.
Кинон дээр Хубилай хаан газар нутгаа тэлэх стратегийг түшмэдүүдтэйгээ зөвлөлдөн байгаа хэсэг гардаг гэнэ. Энэ үед нэгэн түшмэл их хаанаас түүнийг Хятадын хаан гэх нь зөв үү? Монголын хаан гэх нь зөв үү? гэж асуухад Хубилай суудлаасаа босч ирээд сэлмээ сугалан “Хятадын хаан? Монголын хаан? Би бүх дэлхийн хаан болмоор байна!” хэмээн хүрхэрдэг аж.
Энэ үзэгдэл нь үндсэндээ Нетфликс компаний зорилгыг тодорхойлсон гэлтэй. Өөрөөр хэлбэл 13 дугаар зууны Их Монгол улстай ижил олон хэлтэн, олон соёл угсаатан холилдсон 21 дүгээр зууны өөрийн эзэнт гүрнийг байгуулахыг Нетфликс хүсч байгаа юм.
“Марко Поло” цувралыг Нетфликс компани өөрийн нэвтэрсэн 50 орчим орны 50 сая гаруй үзэгчдэд зэрэг хүргэнэ.
Цувралын олон улсад гаргах эрх Нетфликс компаний мэдлийнх бөгөөд тэдний захиалгаар Weinstein компани бүтээж байна.
Цувралын зохиолч, гүйцэтгэх продюсер Жон Фюско 2007 онд “Forbidden Kingdom” киноны ажлаар Монгол орноор аялаж байхдаа Хубилай хаан, Марко Поло нарын түүхийг судалж эхэлсэн юм байна.
Марко Пологийн дүрийг сонгохдоо олон улсын 100 гаруй жүжигчнээс шалгаруулж эцэстээ 24 настай, төдийлөн олны танил болоогүй Итали залуу Лоренцо Рикелмиг сонгожээ.
Зураг авалтуудыг Итали, Казахстан, Малайз зэрэг орнуудад хийсэн гэнэ.
Ийнхүү Монголчуудын түүхийг тодорхой хэмжээгээр дэлхийд сурталчлах, бүтээгчдийнх нь тодорхойлсноор дайн тулаан, адал явдал, гал халуун секс, улс төрийн тоглолт, гардан байлдааны урлагийг нэгэн зэрэг үзүүлэх, маш сонирхолтой бүтээл 12-ны Баасан гарагт дэлхий дахинд нээлтээ хийнэ.
Монголчууд бидний хүртээл болох цаг ойрхон гэдэгт найдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|