Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Шилтэй цэнхэр"-ээс бид аз жаргалыг мэдрэхгүй бас эрэхгүй

Ж.Өнөржаргал
2014 оны 11 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

Архи...Жаахан боловсон хэлбэл согтууруулах ундаа. Идээний дээд хэмээн хүндлэн нэрийдэж ирсэн энэ ундааны хор уршиг, муу, муухайг бид хангалттай мэднэ. Архины гай, зовлонг энэ биеэрээ хангалттай мэдэрсэн нэгэн ч та бидний дунд бий.

Савнаасаа бусдыг дийлдэг гэгддэг сархад гэгчийг хүчирхийлэл, зовлон, гуниг, салалт, үхэл, хагацал, нулимс л тойрч эргэлддэг. Түүнээс биш архи уугаад амьдрал нь сайжирсан, ажил, үйлс нь өөдөлсөн, урт, удаан жаргалтай амьдарсан гэж дуулаагүй юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд амны уншлага болтлоо яригдсан хүчирхийлэл тэр тусмаа гэр бүлийн хүчирхийллийн гол шалтгаан нь архи болж байгаа нь маргах аргагүй зүйл.

Архи хүчирхийллийн үндэс

Хүчирхийллийг шууд архидалт, ажилгүйдэлтэй холбож тайлбарлах нь өрөөсгөл зүйл хэмээн холбогдох албаны хүмүүс ярихыг олонтаа сонсч байлаа. Гэр бүлийн хүчирхийллийн үндэс, шалтгаан өөр олон зүйлтэй холбоотой болохыг ч нэг бус удаа сонсч байсан юм. Мэдээж тэдний байр суурь үнэний ортой.

Гэхдээ Монголын нийгэмд үйлдэгдэж байгаа дийлэнх гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл архинаас үүдэлтэй болохыг ХЭҮК, цагдаагийн байгууллага, ХЭҮГ зэрэг холбогдох газруудын тоон мэдээллээс тодорхой харж болно. Хүүхдийн эсрэг, бэлгийн, гэр бүлийн зэрэг олон төрлийн хүчирхийлэл үйлдэгчид араатнаас дор авирлахдаа ихэвчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг нь үүний илэрхийлэл юм.

“Аав архи уусан болов уу” хэмээн бяцхан зүрхэндээ айдас тээн гэр рүүгээ алхах хүүхдүүд өнөөдрийн нийгэмд дэндүү олон болжээ. Эрүүлдээ бол амьд бурхан шиг аав нь архи уухаараа араатнаас дор авиртай болдог учраас хүүхдүүд бяцхан зүрхэндээ ийнхүү айдас тээн алхах. Гэртээ харихад нь өнөөх л архины шил, эхүүн үнэр, нүүр нь хөхөрч, хавдсан эхийн өр өвтгөм дүр төрх, бохирдсон орчин, хоолгүй хангинах тогоо, шанага, зэвхий даасан хүйтэн гэр орон угтана.

Та бидний “гудамжны” хэмээн адалдаг хүүхдүүдийн дийлэнх нь ийм л орчноос зугтахдаа хүсээгүй сонголтоо хийж байна. Сайхан амьдрах итгэлээр жигүүрлэсэн охид, бүсгүйчүүд архичин нөхрөөсөө болж хэчнээн шөнийг нойтон дэрэн дээр жиндэж өнгөрүүлсэн бол. Хэчнээн жилийг зодуур, дарамт, хүчирхийлэл дунд элээсэн бол гэж бодохоос элэг эмтрэх юм.

Зөвхөн гэр хороололд, ажилгүй хүн архидаж байна гэвэл эндүүрэл. Та бидний дунд “зангиатай архичид” олон байгааг ч мартаж болохгүй. Хэдийгээр гаднаас нь харахад эхнэр, хүүхдээ зовоодоггүй, товхийсэн амьдралтай, мэргэжил, боловсролтой нэгэн мэт харагдах боловч өнөөх л “шилтэй цэнхэр”-т дөнгөлүүлэн өдрөөс өдөрт уруудан, доройтож, далд хүчирхийлэл үйлдэж байгааг сануулахгүй өнгөрч боломгүй. “Амьдралын нахиа” кинонд гардаг Баяраагийн дүр бол “зангиатай архичны” тод жишээ.

Эхнэрийнхээ хацар дээр тамхиа унтрааж, хайртай охиныхоо аминд хүрэх шахдаг харгис эр эхээс төрөхдөө архичин байгаагүй. Чадварыг нь архиар “урамшуулсан” учраас тэрбээр архин далайд живж, эцэст нь амьдралаа алддаг. Архины ид шидийг “Аманд орохдоо алтан шумуул мэт, амнаас гарахдаа арслан барс мэт” хэмээн Чингис хаан нэгэнтээ тодорхойлсон байдаг. Кино, зохиол, сонин, хэвлэлээс архины хор, уршгийн талаар бидхангалттай мэдээлэл авч байгаа хэрнээ хэрэглээ яагаад буурахгүй байна вэ.


Хүмүүс архинаас татгалзаж байна, харин та...

Гэхдээ өнөөгийн нийгэмд архи уудаг нь байхад бас татгалзаж чаддаг нь байгааг мартаж болохгүй. Орон нутгийн удирддагууд архины хэрэглээг бууруулах талаар санаачлага гаргаж, түүнийгээ ажил хэрэг болгох гэж тэмүүлж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, Архангай аймагт сумаараа архи бүү хэл исгэсэн бараашиг ч хэрэглэхээ болихуриалга гарсан.

Харин Дундговь аймагт хамгийн олон хүн архинаас татгалздаг бол, цаашлаад Төв, Дорнод, Хэнтий аймгаар хүрээгээ тэлсээр байна. Архинаас татгалзаж, ээжүүддээ бэлэг барьсан тохиолдол ч бий. Төв аймгийн Архустай сумын харъяат Д.Бат-Эрдэнэ гэгч залуу архийг хаяж чаджээ. Тэрбээр “Би наймдугаар ангиа төгсөөд хөдөө аж ахуйн техникумд суралцаж байсан. Яг үнэнээ хэлэхэд аравдугаар ангиа төгсөх хүртлээ архи уусан даа. Тэрнээс хойш бараг хорь шахам жил архинаас хамааралтай явж ирлээ. Архинаас гарах гэж их олон удаа оролдож байсан өөрөө дийлээгүй л дээ.

Ээж, эхнэр хоёр маань ч их зүтгэсэн. Нөгөө талаас хүмүүс хаана яаж архидсан, хэдэн шил архи даасан бэ гэдгээ гайхуулж байгаа юм шиг ярьдаг мөртлөө архины хор, хохирол хөнөөлийг дурсдаггүй. Хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, харилцаа хандлага, хэл яриа гээд маш олон зүйлд хортой. Түүний цаана гэр бүл, ажлын хамт олон, нутгийн иргэдэд сөрөг нөлөө ихтэй байдгийг ярьдаггүй шүү дээ” гэв. Энэ бол архинаас ангижирч чадсан хүний жишээ. Харин та...

Бидэнд хүчирхийлэлгүй амьдрах боломж бий

Эрүүл харилцаатай гэр бүлийг цогцлоож, гэрэл, гэгээтэй амьд-рах боломж монголчууд бидэнд байна. Тэр гарц бол архины хэрэглээг бууруулах. Иргэдийн ханддагыг өөрчлөх гарц юм. Хүн бүхэн араатан шиг авир-тай байдаггүй. Харин дотор нь нуугдаж буй араатан шиг авирыг сархад л сэрээдэг.

Согтууруулах ундааны хяналтын тухай хууль энэ өдрүүдэд УИХ-д хэлэлцэгдэж байна. Тус хуульд зөвхөн бүтээгдэхүүний талаар авч үзсэн бөгөөд архины хэрэглээг бууруулах, өөрчлөх нэлээн дорвитой заалтууд багтжээ. Тухайлбал, 38-аас дээш градустай архи зарах тусгай дэлгүүр байгуулах, найман нэрийн дэлгүүрүүдэд пиво, вино худалдах эрхийг нь үлдээх зэрэг заалтууд багтсан аж. Мөн 2000 хүн ам тутамд нэг архины дэлгүүр ногдох зэрэг зохицуулалтыг хийсэн байна.

Үүнээс гадна дэлхийн ихэнх улс орнуудад ням гарагт архины тусгай дэлгүүрүүд ажилладаггүй аж. Учир нь иргэдийг гэр бүлдээ цагаа зарцуулж, эрүүл харилцааг бий болгоход чирлэгддэг юм байна. Харин манай улсад 93 архины үйлдвэр, ааг, амтыг нь сайшаан магтах реклам, 750 дэлгүүр, худалдааны байгууллага, 320 тутамд ногдох архины дэлгүүр бий. Үр дүнд нь Монголд архины хэрэглээ хэрээс хэтэрч, үүнээс үүдэлтэй муу, муухай бүхэн цэцэглэжээ.

Монголчууд бид арчдиллын он жилүүдээс ийм зүйл хүсээгүй. Ийм зүй тогтолтой, хүчирхийлэл, архидалттай нийгмийг бий болгох гэж сонголт хийгээгүй. Хүчирхийллээс хүчирхийлэгч төрдөг гэдэг. Тэгвэл ирээдүйн хүчирхийлэгчдийг төрүүлэхгүйн төлөө яг одоо та сонголтоо хий. Архи ууж, агсам тавьж, гэр бүлийнхнийгээ зовоосоор байх юм уу. Эсвэл амьдралаа өөрчлөх алхмыг хийж, архины мухлаг руу биш, гэр рүүгээ алхах уу гэдгээ зөвхөн та л сонгоно.

Монголчууд бид хүүхдийн сэвлэг үргээхэд ч, нялхасын төрсөн өдрийг тэмдэглэхдээ ч, өвчтэй нэгийгээ эргэж очихдоо ч заавал архи заддах ёстой мэт сэтгэдэг болчихжээ. Хорт хавдар тусчихсан найзыгаа эргэж ирэхдээ үүдэнд нь архи задлаад тойруулж байсан тухай нэгэн танил маань ярьж байсан юм. Энэ бүхэн Монголчууд бидний архины хэрэглээ хэрээс хэтэрснийг гэрчилнэ.

Хэрэв архины борлуулалтыг бууруулж, хэрэглээг өөрчлөх юм бол нэг биш нэжгээд өрх гэрэл, гэгээ, инээд баясалтай өдөр, хоногуудыг өнгөрүүлэх нь дамжиггүй. Хамгийн чухал нь бид “шилтэй цэнхэр”-ээс аз жаргалыг мэдрэхгүй бас эрэхгүй. Архи бидэнд амьдрал бэлэглэхгүй. Бидэнд архигүй, аз жаргалтай, хүчирхийлэлгүй, инээмсэглэлтэй амьдрах боломж байна. 

Зураг