Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн иргэн Б, М болон Мөрөн сумын иргэн Г нар ан агнах зорилгоор улсын хил зөрчиж явсныг өнгөрсөн долоо хоногт хилчид илрүүлсэн байна. Дээрх иргэдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн хэсгээс 5.5 км-т явган хүн явж байсныг хилчид саатуулсан байна. Уг этгээд сэтгэцийн өвчтэй, оршин суух тодорхой хаяггүй нэгэн бөгөөд өмнө нь хил орчмын дэглэм зөрчиж байсан аж. Түүнийг аймгийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.
Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд улсын хилээс 24 км-т хээрийн түймэр гарсан байна. Одоогоор шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд түймрийг унтраахад тус суман дахь хилийн отрядын төвөөс дөрвөн хүн, нэг машин дайчилсан байна.
Увс аймгийн Баруунтуруун , Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын хилийн хэсгээр энэ сарын 18-21-ний өдрүүдэд 24 үхэр, таван адуу бэлчээрээр улсын хилд тулж очсон байсныг хилчид зогсоожээ. Ингэснээр хилчид 30 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх малыг хил давахаас сэргийлж чаджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!