Хятад улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн аравдугаар сард өмнөх есдүгээр сартай харьцуулахад 20.89%-иар нэмэгдэж, 5.44 сая тоннд хүрчээ.
Тус улс руу хийдэг нүүрсний экспортоороо тэргүүлж буй Австрали улс өнгөрсөн сард 3.14 сая тонн нүүрс нийлүүлсэн бөгөөд Монгол улс 1.15 сая тонн нүүрс гаргажээ. Австралийн хувьд өнгөрсөн сарын экспортын дүн нь өмнөх сарынхаас нь 43%, өнгөрсөн оныхоос нь 29%-иар өссөн байхад Монголынх өмнөх сарынхаасаа 25%-иар өссөн ч, жилийн өмнөхөөсөө 38 орчим хувиар буурчээ.
Ийнхүү Австрали, Монгол хоёр улс нийлээд тус улсын аравдугаар сарын коксжих нүүрсний импортын 79%-ийг дангаараа бүрдүүлжээ.
Австрали он гарсаар эхний 10 сарын турш 24 сая гаруй тонн нүүрс, Монгол улс 11.9 сая тонныг Хятад руу нийлүүлжээ. Канад улс өнгөрсөн сард 0.55 сая тонн коксжих нүүрс Хятад руу экспортолсон үзүүлэлтээр гутгаар байранд оржээ. Араас нь ОХУ 0.52 сая тонн нийлүүлжээ. Канадын экспорт буурсан бол Оросынх чамгүй өсчээ.
Хятад улс энэ оны эхний арван сарын байдлаар 49.8 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 18%-иар багассан дүн ажээ. Оны эхний арван сарын байдлаар Хятад улс 650 мянган тонн коксжих нүүрс экспортлоод байгаа нь өмнөх оныхоос 28.4%-иар буурсан дүн юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!