-УИХ-ын дарга асуудалд танай, манай гэж хандах ёсгүй-
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн дунд Засгийн газрын бүтцийн шинэ таамаг төлөвлөгөө гарсан. Таны хувьд гүйцэтгэх засаглалд өөрчлөлт оруулах асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Би аливаа асуудлыг олон талаас нь харахыг хичээдэг. Сөрөг хүчний хувьд цөөнхийн байр сууриа илэрхийлж, асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа байх. Гэхдээ нөгөө талаас бодит байдлуудыг харах ёстой. “Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилт хэр байв гэх зэргээр асуудлыг хийсэн болон хийхээр төлөвлөгдсөн ажлуудын үр дүнгээр хэмжих хэрэгтэй.
Засгийн газрын бүтцийн тухайд “Эзэн-100” хөтөлбөр, сөрөг хүчний тавьсан шаардлагатай холбоотой, төрийн данхар бүтцийг хумих, тодорхой сайд нартай хариуцлага тооцох нь гэсэн олон өнцгөөс харж болохоор байна.
Түүнээс Засгийн газрыг бужигнуулж, тогтворгүй болгосноор улс, эх орны эдийн засаг сайжирна гэвэл цаг хугацаа алга. Үндсэндээ жил хагасын дараа ард олон Засгийн газар байтугай УИХ-д дүн тавина шүү дээ.
Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалтай холбоотойгоор бүтээн байгуулалт, дэд бүтцийн гацаанд орчихсон байсан нэлээд асуудлыг урагшаа дорвитой алхахуйц боломж харагдаж эхэлсэн энэ үед Засгийн газрыг огцом эргэлт хийлгэж, хөдөлгөөнд оруулах нь зохистой үйлдэл яав ч биш.
Мэдээж Ерөнхий сайдын хувьд нэгийг бодож, хоёрыг тунгаасан байх. Зөвхөн өөрийнхөө хүрээнд ч биш. Кабинетынхаа сайд нар болон нам дотроо ярилцах байдлаар нэлээд нухацтай хандсаны эцэст шийдвэр гаргаж байгаа байх.
-Гэхдээ л засагт хөдөлгөөн орох нь тодорхой болчихлоо шүү дээ?
-Дан, давхар дээлийн асуудал, сайд нарт хариуцлага тооцох механизм зэрэг нь хаврын улстөржилт болж хувирсан. Бид түүнээс зөв зүйтэй зүйл үлдээгүй гэдгийг бодитойгоор харж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, тухайн үед цаг хугацаа алдсанаас, гарц гаргалгаагаа олоогүй.
Үндсэндээ хэт их улстөржилт, хөөрөгдөл, ашиг хонжоо хайсан, амин хувиа хичээх байдал эцсийн дүндээ төр, ард олны амьдралд сөрөг нөлөөтэй гэдгийг “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн гишүүдийн зүгээс дүгнэж, үүрээ эвдүүлэхгүй байх зарчмыг баримталж ирсэн.
-Хамтарч төрийн эрх барьж байгаа болохоор хамаагүй гоочлоод байж болохгүй гэсэн байр суурьтай байна уу?
-Бид хамтарч байгаа гэдэг утгаараа Засгийн газрын алдаатай зүйлийг хараагүй, мэдээгүй мэт алгаа ташиж, дагаж далдаганаагүй. Алдаатай асуудлуудад нь шүүмжлэлтэй хандаж, ахиц дэвшилтэй яваа үйлдлүүдийг нь дэмжиж, урам зориг өгөх байдлаар явж ирсэн.
-“Шударга ёс эвсэл”-ийнхэн Засгийн газартай хамтрахдаа тодорхой квотын дагуу сайдуудаа томилсон. Энэ утгаараа “муу юм холуур” өнгөрнө хэмээгээд дуугүй байхыг илүүд үзээд байгаа юм биш биз?
-Зөвхөн квоттой холбоотой асуудал биш. Намууд дотроо асуудлаа нэлээд нухацтайгаар шийдэх байх.
-УИХ-ын чуулганы завсарлагаанаар гишүүдийг найр, наадам хэслээ гэх шүүмжлэл их байдаг. Гэхдээ тойргоос сонгогдсон нь тухайн орон нутагтаа ажилладаг. Харин парламентад жагсаалтаар орж ирсэн гишүүд бол тойроггүй учраас наадам алгасахгүй амардаг гэсэн бодол бий. Таны хувьд чуулганы завсарлагаанаар юу, ямар ажил амжуулсан бэ?
-Би ч гэсэн парламентад ороогүй байхдаа гишүүд чуулган завсарлагаанаар юу хийдэг юм бол, тойрогтоо ирж ажиллахгүй, баяр, наадам хэсээд явчихлаа гэж боддог байсан.Гэхдээ яг дотор нь ороод ажиллаад ирэхээр өөр байдаг юм байна. Би өөрийгөө жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон гэхээсээ өмнө илүү хариуцлагатай байх ёстой гэж боддог. Яагаад гэвэл тойргоос сонгогдсон гишүүн бол зөвхөн тухайн хэсгийн л төлөөлөл.
Харин жагсаалтынхан бол бүхэл бүтэн 21 аймаг, есөн дүүргийн сонгогчдын манай намд, тухайн жагсаалтад байгаа хүмүүст өгсөн саналаар парламентад орж ирсэн гэсэн үг. Жагсаалтаар гишүүн боллоо гээд тэрхүү өргөн утга, агуулгыг нь бүдгэрүүлж, алдагдуулж болохгүй. Нам тухайн хүнээ дүгнэж, үнэлж, ард түмний төлөө ажиллана гэж итгэж, найдаж жагсаалтад оруулдаг. Өөрөөр хэлбэл намын бодлогоор оруулсан.
Би Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга байсан. Тэр утгаараа зөвхөн чингэлтэйчүүдийн өмнөөс ажиллана гэвэл энэ нь өрөөсгөл ойлголт. “Шударга ёс эвсэл”-ийн жагсаалтад Баянсэлэнгэ, Улаан гэж хүн байгаа шүү гэх зэргээр дүгнэж, гайгүй хэдэн суудал аваад ирэх байх гэсэн бодлоор саналаа өгсөн нийт иргэдийн дуу хоолойг илэрхийлэх гэж хичээн ажиллаж байна. Тэр ч утгаараа өнгөрсөн үед Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Дунговь аймгуудад ажиллаж намын болон УИХ-ын гишүүний хувиар олон нийттэй уулзаж, санаа бодлыг нь сонсч, дараа дараагийн төлөвлөгөөгөө гаргалаа.
Ер нь УИХ-ын гишүүн найр, наадам хэсээд байгаа мэт харагдавч хаа яваа газраа иргэдийнхээ үгийг сонсож, санал бодлыг нь байнга тунгааж явдаг. Тэгэхээр заавал наадам хэссэн гэдэг утгаар нь хардаг байдлаа багасгах хэрэгтэй. Мэдээж хүн л юм чинь тодорхой хэмжээгээр амралтаа эдлэж, эрч хүчээ сэлбэн дараагийн ажилдаа өөрийгөө бэлтгэх шаардлагатай.
-Орон нутагт ажилласан хүний хувьд иргэдийн амьдрал ахуй хэр байна. Эдийн засгийн хямрал айл, өрхийн төсөвт илүү хүнд тусдаг шүү дээ. Өнгөрсөн хоёр жилд амьдрал хэр өөрчлөгдсөн байна?
-Түүх түүхээрээ л дуусдаг. Түүнийг хэн ч мушгин гуйвуулж болохгүй. Олонх хүн өмнөх Засгийн газрын үед ямар байв, одоо хэр байна гэх зэргээр асуудлыг харьцуулалтаар дүгнэдэг. Харин би ямар цаг үед ажил авч, хэр ажиллаж, гүйцэтгэж байгаагаар нь дүгнээсэй гэж боддог. Өмнө нь тодорхой хэмжээний хүндрэлтэй асуудлууд байсан.
Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжээ авах гэж хүлээдэг, дугаарладаг байлаа. Мөнгөний үнэ, ханш өссөн, буурсантай холбоотойгоор өнөөдөр эдийн засагт хүндрэлтэй асуудал тулгарч эхэлсэн. Үүнийг үгүйсгэхгүй. Гагцхүү энэ байдлаас Засгийн газар нь хэрхэн гарч байна. Гүйцэтгэх засаглал бодлогоо зөв тодорхойлж, хэрэгжүүлж чадаж байгаа эсэхээс тухайн цаг үе тодорхойлогдоно.
Эдийн засгийн хувьд өмнөхөөс илүү хүндрэлтэй үе тулгарч, өрхийн амьдралд ачаалал ирж байгаа нь үнэн. Тиймээс гүйцэтгэх засаглал асуудлыг нухацтайгаар авч хэлэлцэн, гүйцэлдүүлэх нь чухал. Аль ч нийгэм түүхийн үед эргээд харахад сайхан зүйл байдаг учраас одоогийнхдоо бодитоор хандах хэрэгтэй.
-Ирэх сарын 1-нээс УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Энэ түрүүнд ямар ажил төлөвлөсөн бол?
-Мэдээж өөрийн болон бүлгээс санаачилсан хуулийн төслүүдээ амжилттай хэлэлцүүлж, батлуулахын төлөө ажиллана. Сүүлийн үед УИХ-д тухайн хуулийн автор нь хэн бэ гэдгээс шалтгаалж хэлэлцээд байна. Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг л гэхэд Ерөнхийлөгч санаачилбал л хэлэлцэгдэх мэтээр ойлгогдох болсон.
Мөн Өршөөлийн тухай хуулийг олон нийт маш их хүлээж байгаа. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед төсвийг хэмнэх үүднээс анх удаа хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, нийгэмд учруулсан гэм хороо арилгасан хүмүүст төрийн хайр энэрлийг үзүүлье, алдсан дээр нь мэргэшүүлж хэрэгтэн болгох бус алдаан дээр нь уучилж, дахин алдахгүй байх боломж олгохын тулд энэ хуулийн төслийг санаачилсан.
Гэтэл автороосоо болоод гацчихсан байх жишээтэй. Ард түмэн хэрэгтэй гэдгийг нь мэдэрчихсэн учраас хүлээж байна шүү дээ. Энэ мэтчилэн хуулийн төслүүд УИХ дээр бий. Бид парламентад нэгэнт олонх болж чадаагүй. Гэхдээ ард түмэнд амалсан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх юмсан гэсэндээ илүү идэвхтэй, мэрийж ажиллах болно.
-Сөрөг хүчнийхний өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй хойш тавиад байна гэдэг нь үнэний ортой байх нь ээ?
-Үүнтэй санал нэг байна. Санаачилсан авторт асуудал их бий. Шинэ, хуучин эсвэл баян хоосон, өмсч зүүсэн, нийгмийн давхаргаар нь л ялгаварладаггүй юм бол УИХ-ын гишүүд бүгд ижил, тэгш эрхтэй. Түүнээс УИХ-ын гишүүний гарын авлагад олон удаа парламентад сонгогдсон хүний санаачилсан хуулийн төслийг түрүүлж хэлэлцэнэ гэсэн заалт байдаггүй учраас асуудалд адилхан хандах ёстой.
УИХ-ын дарга гэдэг хуулиараа хуралдааныг дэгийн дагуу явуулах учиртай. Түүнээс биш асуудалд танай, манай гэж хандах ёсгүй.
-УИХ-ын гишүүд хууль санаачилж батлаад л байдаг. Гэвч тэдгээр нь үнэхээр амьдралд хэрэг болж, аливаа асуудлыг зохицуулахын тулд байна уу. Эсвэл олон нийтэд таалагдаж, “арьсаа” хамгаалахын төлөө санаачилсан төслүүд байна уу?
-Би хувьдаа арьсаа хамгаалах зарчмаар ажиллахыг боддоггүй. Гэвч ийм зарчим байгааг үгүйсгэхгүй. Дараагийн сонгуулиар ялалт байгуулж, олонх болохын тулд иргэдэд таалагдахуйц хуулийн төсөл оруулж ирж байгаа нь ажиглагддаг. Хэт их намчирхаж, талцсан хэвээр байвал энэ асуудал үргэлжилсээр л байна. Миний хувьд олон нийтэд таалагдахуйц, лоббидсон хуулийн төслийг оруулаагүй.
Тийм ёс зүй ч надад байхгүй. Би анх гишүүн болоод Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажилласан. Тэр үедээ өмнөх парламентаар хэлэлцэж, батлагдаагүй үлдсэн хуулийн төслүүдээс ард олонд хамгийн хэрэгтэйг нь эхний ээлжинд урагшлуулсан. Зарим нь одоо ч гацаалттай хэвээр байгаа.
Бямбацогт нарын гишүүдийн өргөн барьсан Олон хүүхэд төрүүлсэн эхэд урамшуулал олгох тухай, Оюунхорол нарын гишүүд өргөн барьсан Гэр бүлийн тухай хууль гээд тоолбол үлдсэн нь бий.
-Тэгж үлдсэн буюу өмнөх парламентад өргөн барьсан ч энэ УИХ-аар батлагдсан нь Тамхины хяналтын тухай хууль байх аа?
-Тийм ээ. Өмнөх УИХ-ын үед өргөн барьсан хуулийн төсөл. Тухайн үедээ Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэгдэж амжаагүй байсан юм.
-Ихэнх хүн Л.Эрдэнэчимэг гишүүн санаачилсан мэт ойлгодог?
-Л.Эрдэнэчимэг гишүүн хуулийн төслийн ажлын хэсгийг л ахалж ажилласан. Тиймээс л олон нийт андуурдаг байх.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!