ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Далай лам: Итгэл найдвараа алдалгүй, гэхдээ муу тохиолдолд бэлтгэлтэй бай

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Далай лам Хамбург хотоор айлчлах замдаа DW сувагт зочлон Төвөдийн тухай, Ирак болон Сири дэх нөхцөл байдлын талаар болон Төвөдийн Буддизм Хятадад тархаж байгаа тухай сонирхолтой яриа өрнүүлжээ.


DW: Дээрхийн гэгээнтэн минь, Хятад улс эдийн засаг болон улс төрийн хувьд улам бүр хүчирхэгжсээр байна. Бээжингийн энэ хүч таныг ганцаардуулж, Төвөдийн өөртөө засах эрхийн асуудлыг бүдгэрүүлсээр байгаа. Хэрвээ 1989 онд Хятад одоогийнх шигээ хүчирхэг байсан бол та Нобелийн шагнал авч чадах байсан болов уу?

Далай лам: Миний бие 2011 оноос хойш улс төрийн хариуцлагаасаа бүрэн салсан. Таны асуултын өнгө улс төрийн шинжтэй юм. Гэсэн хэдий ч би хариулъя. Тиймээ, БНХАУ-ын эдийн засгийн болон зэвсэгт хүчний хүч чадал нь улам нэмэгдсээр байна. Гэхдээ үүнтэй зэрэгцээд бид нэгэнт тусгаар тогтнол шаардахаа больсон тул олон тооны Хятад хүмүүс бидний үндсэн эрхийг дэмжих болсныг харж байгаа.

Бид бүр 1974 оноос эхлээд тусгаар тогтнол шаардахаа зогсоосон. Бид харин тодорхой эрхүүдээ үндсэн хуулиар баталгаажуулахыг л хүсч байгаа. Энэ л бидний хүсэл. Тиймээс олон тооны Хятадын ухаантан мэргэд, тухайлбал Лю Шиаобо (2010 оны Нобелийн энх тайвны шагналтан, одоо 11 дэх жилдээ шоронд хоригдож байгаа) зэрэг хүмүүс биднийг дэмжиж байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бидний төвийг сахих үзлийг дэмжсэн утгатай Хятадын дотор болон гадна суугаа хүмүүсийн бичсэн 1000 гаруй нийтлэлийг олж цуглуулаад байгаа. Тэд бүгд засгийн газрынхаа бодлогод тун шүүмжлэлтэй байна. Энэ бол бидний шүүмжлэл биш. Хятадын нийгэм дотор байгаа шүүмж юм шүү.

Үүнээс гадна Хятадад маш олон тооны Буддын шашинтай иргэд бий. Одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө Хятадын нэгэн их сургуулиас эх газрын Хятадад хэчнээн тооны Буддын шашинтан байгаа талаар судалгаа явуулсан байдаг. Үр дүн нь 300 сая гаруй хүн байна. Эдгээрийн дотор олон тооны боловсролтой хүмүүс бий. Одоо Хятадын Буддын шашинтнууд Төвөдийн Буддизмыг улам их сонирхох болжээ. Тэдгээрийн дотор Хятадын Коммунист намын гишүүд, албаны хүмүүс, бүр дээд албан тушаалтнууд ч бий.

Тиймээс бодит байдал дээр Хятадын засгийн газар Хятадын гадаад нэр хүндэд их санаа тавих болсон. Зөвхөн цэргийн болон эдийн засгийн хүчээр дэлхий нийтийн хэрэгт оролцох нь хангалтгүй. БНХАУ-д гадаад ертөнцөөс хүлээх ёс суртахууны хүндлэл, итгэл чухал. Хятадын олон нийт ч улс орныхоо энэ гадаад нэр хүнд, дүр төрхөд санаа зовох болсон. ​Олон Хятад хүн надад 1.3 тэрбум хүнтэй энэ улсад ёс суртахууны хүчин чадал үгүйлдэгдэж байгааг хэлдэг.

Одоогоор ерөнхийлөгч Си Зиньпин авлигатай хатуу тэмцэл явуулж байна. Саяхан тэр Европт хийсэн айлчлалын үеэр, Парист хэлсэн үгэндээ, Буддизм бол Хятадын соёлд чухал үүрэгтэй гэдгийг онцолсон.

Тиймээс Буддизмын үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэж байна. Миний хувьд коммунист намын удирдагч хүн олны өмнө Буддизмын тухай ийм эерэг мэдэгдэл хийсэнд их гайхсан. Байдал өөрчлөгдсөөр байна.

DW: Гэвч та Төвөд дэх нөхцөл байдал сайжирч байгааг харж байгаа юу?

Далай лам: Бидний тэмцэл бол зэвсэг болон үнэний хоорондох тэмцэл. Мэдээж богино хугацаанд харвал зэвсгийн хүч маш их, эргэлзээгүй. Гэвч урт хугацаанд харвал үнэн хамаагүй илүү хүчтэй. Би үүнд итгэдэг. Хятадын удирдлагууд болон сэхээтнүүдийн дунд одоогийн бодлого нь урт хугацаанд БНХАУ-ын сонирхолд нийцэх эсэх талаар яригдаад эхэлсэн. Байдал өөрчлөгдсөөр байна.

Гэвч миний харж байгаагаар Хятадын удирдлага Төвөд, Шинжаан дахь үндэсний цөөнхтэй харьцахдаа дарангуйлал, хөрөнгө оруулалтыг хослуулан хэрэглэж байна. Хоёр талтай алхам.

Хөрөнгө оруулалт бол сайн зүйл. Гэхдээ тэд давхар байгал орчны асуудлыг ноцтой анхаарах хэрэгтэй. Хэчнээн зөв зүйлийн төлөө байсан ч хүч хэрэглэх нь сөрөг үр дүнг заавал авчирдаг. Иракийн хямрал болон ерөнхийлөгч Бушийг хар л даа. Зорилго нь зөв байсан, Иракт ардчилал тогтоох. Гэхдээ арга нь буруу байлаа. Тиймээс ч сөрөг үр дагаварууд ар араасаа гарч ирж байна. Хятадад бас адилхан нөхцөл байдал үүсээд байна.

DW: Иракийн тухай ярихад яг одоо Германд олон хүний санааг зовоож байгаа асуултыг таньд тавихаас өөр аргагүй болгож байна. Энэ бол “Исламын улс”-тай хэрхэн зөвшилцөх. Та бол зөвшилцөл, хүч хэрэглэхгүй байх арга замыг баримталдгаараа дэлхий нийтийн хүндлэлийг хүлээсэн хүн. Гэвч одоо Германчууд уламжлалт бодлогоо өөрчлөн Исламын улстай дайтаж байгаа Курдуудэд зэвсэг нийлүүлэх эсэх дээр маргалдаж байна. Хэрвээ та зөвшилцөл мухардах, эсвэл эсрэг тал тань хүсэхгүй байвал юу хийх вэ?

Далай лам: Би бол Буддын сэтгэлзүйг судлаач хүн. Мөн би үйлийн үрийн хуульд хатуу итгэгч. Харамсалтай нь тэнд өршөөлгүйгээр хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг алж хядаж байна. Энэ бүгд ямар нэг үйлийн үр гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ Америкчууд Саддам Хусейны засаглалыг унагахдаа хүч хэрэглэхээс өөр арга замаар явсан бол өнөөдөр нөхцөл байдал илүү дээр байх байсан. Хорин нэгдүгээр зууны эхэнд үүссэн энэ санаанд оромгүй аймшигтай хямрал бол өнгөрсөн зуунд хийсэн алдааны үр дүн юм.

"Хэрвээ дэлхий энэ чигтээ байгаад байвал ёс суртахуун тогтохгүй" Далай лам

DW: Тэгвэл та юу гэж зөвлөмөөр байна?

Далай лам: Нэг л зүйлийг хэлмээр байна. Хүч хэрэглэхгүй байх бол илүү дээр, аюул осолгүй арга зам. Гэвч бодит байдал дээр дэндүү олон хүн зовж байна. Хэрвээ дэлхий энэ чигтээ байгаад байвал ёс суртахуун тогтохгүй. Хамгийн сайн арга бол ярилцах. Хэрвээ яриа зөвшилцөл бүтэлгүйтвэл өнөөдрийнх шиг нөхцөл үргэлжилнэ. Үүнийг шүүхэд тун хэцүү.

DW: Төвөдийн тухай дахин хөндөхөд та Хятадын засгийн газар Төвөдөд хандах хандлага эерэг тал руугаа өөрчлөгдөнө гэсэн өөдрөг бодолтой байна. Тэгвэл та Төвөд, Лхас, Потала ордондоо эргэж очих тухайд итгэлтэй байгаа юу?

Далай лам: Хятадыг би 60 гаруй жил ажиглаж байна. Үүнийг би Мао Зедунг, Дэн Сяопинг, Зянг Земин, Ху Жинтаогийн үе гэж дөрөв хувааж үздэг. Эдгээр дөрвөн үеүдэд маш их өөрлчөлт болсон. Маогийн үед үзэл сурталд маш их анхаарал хандуулж байсан. Дэн Сяопиний үед үзэл суртал гэхээсээ илүү эдийн засаг, амьжиргааны түвшинд анхаарал тавьсан. Тиймээс тэр капиталист чиг баримжааг дагахаасаа татгалзаагүй. Тэгвэл Зянг Земиний үед бодит байдал дээр Коммунист нам нь дан ганц ажилчин ангийн нам байхаа больсныг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс тэр “Гурван төлөөлөл” гэсэн зарчмыг танилцуулж, намд чинээлэг болон сэхээтэн иргэдийн төлөөллийг оруулсан юм.

Маогийн үед энэ нь төсөөлшгүй зүйл байлаа. Дараа нь Ху Жинтаогийн үе эхэлсэн. Баян ядуугийн ялгаа ихэссэн учир тэр “Зохицсон нийгэм” гэсэн бодлого явуулж эхэлсэн юм. Үүнээс харахад нэг нам шинэ орчинд зохицон хэрхэн бодлогоо өөрчилж, дасан зохицож байгааг харж болно.

Хуг “нийгмийн зохицлын” бодлого зарлахад би бүрэн дэмжиж байсан. Гэвч арван жил өнгөрсний дараа харахад байдал муудаж эхэлснийг харж байна. Зорилго нь зөв байсан. Гэвч аргын хувьд тэд хүч хэрэглэсэн. Хятад улсын дотоод аюулгүй байдлын зардал нь батлан хамгаалах зардлаасаа давсан байна. Дэлхий дээр 200 орчим улс үндэстэн бий. Гэвч тэдний альных нь ч төсөв зардал Хятадынх шиг харьцаатай биш байгаа.

Харин Си Зиньпиний бодлого илүү амьдралд ойртож байна. Дэн Сяопин нэгэнтээ “үнэнийг баримтаас хайх хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Миний бодлоор шинэ удирдлага энэ зөвлөмжийг дагаж байх шиг байна. Ху Яаобанг (1980-1987 онд Коммунист Намын дарга байсан, шинэчлэгч үзэлтэн) мөн энэ сургаалийг дагаж байсан. Си Зиньпин бас дагаж байгаа мэт санагдаж байгаа.

1980-аад онд Ху Яаобанг Лхаст айлчлахдаа хэлж байсан үгс нь нэлээд бодитой сонсогдож байсан юм. Тэр үед бүгд л ирээдүйдээ итгэлтэй болсон байлаа. Хэрвээ Ху удаан эрх барьсан бол Төвөдийн асуудал шийдэгдчих байсан гэж би боддог. Си Зиньпинийг би бас ингэж чадах хүн гэж харж байна. Ямар ч байсан итгэл найдвараа алдалгүй, бас муу тохиолдолд бэлтгэлтэй байх хэрэгтэй болж байна.