"Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэрийн төсөлд гадаад зээлийн ашиглалтыг нэмэх хуулийн төслийг дахин өргөн барина"
Монгол болон Оросын Холбооны Улс(ОХУ)-ын Засгийн газар хоорондын Агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал(УИХ)-д өргөн барихаар тогтжээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ тухайд "ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад 2024 оны есдүгээр сард айлчлахдаа хоёр чухал гэрээ байгуулагдсан. Үүний хоёр дахь нь нефтийн бүтээгдэхүүнээр Монгол Улсыг тасралтгүй хангах юм. Хоёр гэрээ нь хоёулаа хүчин төгөлдөр мөрдөгдөж, хоёулаа зэрэг ажиллах нөхцөлтэй.
Ийм дээрх гэрээг УИХ-д өргөн барьж, соёрхон батлуулснаар ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнээр тогтвортой хангагдах эрхзүйн баримт бичгүүд бий болно" гэлээ.
Түүнчлэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой хоёр шийдвэр гаргасан байна. Энэ талаар сайд Г.Дамдинням "Нэгдүгээрт Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын гэрээнд тусгагдсан зарим ажлыг тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-д өөрчлөлт оруулж, хурдасгах боломж нөхцөлөөр нь хангах, харьцангуй уян хатан ажиллах боломжийг нээсэн тогтоол батлагдсан.
Хоёрдугаарт УИХ-ын 20 орчим гишүүн өргөн барьсан гурван төслийн төсвийг Улсын Нэгдсэн төсвийн орлого, зарлагад бүртгэхгүйгээр тусад нь авч явах, хөрөнгө оруулалтын хэмжээг эрс нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн баригдаад эцсийн хэлэлцүүлэгтээ дэмжигдэлгүй буцсан. Энэхүү хуулийг Сэлбэ дэд төвийг хасаад Эрдэнэбүрэн, Газрын тосны үйлдвэрийг Засгийн газраас УИХ-д дахин өргөн барихаар боллоо.
Хэрэв яаралтай горимоор шийдэгдээд явбал газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулах зээлийн хэрэглээ өсөж, бүтээн байгуулалт эрчимжиж, ажил шуурхайлах боломж бүрдэнэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
