Испанийн эргийн ойролцоо живсэн Оросын хөлөг Умард Солонгост хүргэх цөмийн реактор тээвэрлэж явсан байж магадгүй гэв

Т.Давааням, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Одоогоос 17 сарын өмнө Испани улсын зүүн өмнөд эргээс холгүй Газар дундын тэнгисийн усанд ямар нэг нууцлаг цохилтод өртсөн Оросын ачааны хөлөг живж байжээ.

Оросын төрийн өмчит Оборонологистикс компанийн эзэмшдэг 142 метр урт Урса Майор хөлөг 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны шөнө дундын өмнөхөн Мурсиагийн эргээс 115 км зайд Санкт Петербург хотоос Владивосток чиглэлд аялж байгаад живсэн юм.

Хөлгөөс аврах дуудлага хүлээж авсан Испанийн тэнгисийн аюулгүй байдлын алба Sasemar нисдэг тэрэг, чирэгч хөлөг онгоц, хурдан завь зэргийг ослын газарт илгээж байжээ.

Урсула Майор хөлгийн хөдөлгөөн 24 цагийн өмнөөс огцом удааширч, багийн гишүүд нь зугтаж байгааг тэр хавьд зорчиж байсан хөлгүүд ажигласан байна.

Аврагдсан далайчид хөлгийн хөдөлгүүрийн хэсэгт гурван удаа дэлбэрэх чимээ гарсныг сүүлд мэдүүлжээ.

зураг
 

Гэвч маргааш өглөө нь Оросын байлдааны хөлөг ослын газарт ирснээр Испанийн аврагчид ажиллагаагаа зогсоосон байна.

Энэхүү ослын талаар дүгнэлтийг Испанийн засгийн газар гурван сарын өмнө парламентдаа танилцуулж байжээ.

CNN агентлаг энэ тайлан дээр үндэслэн явуулсан мөрдлөгийнхөө үр дүнг өчигдөр нийтэлсэн байна.

Үүнд өгүүлснээр одоо тэнгисийн 2,500 метрийн гүн ёроолд хэвтэж байгаа Урса Майор хөлөг дээр эхний дэлбэрэлт болоход багийн хоёр гишүүн амь үрэгдэж, бусад 14 нь аврагдаж байжээ.

Хөлөг өөрийгөө “аюулгүй бараа” тээвэрлэж байгаа гэж мэдүүлж байсан ч осол, аяллын маршрут зэрэг нь Испанийн эрх баригчдын анхаарлыг татсан байна.

Испанийн мөрдөн байцаагчдын асуултад хөлгийн ахмад “шумбагч хөлөгт ашигладагтай төстэй цөмийн реакторын хоёр хэсэг эд анги тээвэрлэж байсан, гэхдээ цөмийн түлш байгаагүй” гэж хариулжээ.

Мөрдөгчид үүнээс гадна хөлөг дээр тус бүр 65 тонн жинтэй хоёр аварга том чингэлэг байсныг хиймэл дагуулын зургаас тодруулсан байна.

“Хуурай газраар тээвэрлэх боломжгүй нууцлаг ачааг Урса Майор 15,000 км гаруй урт замаар Санкт Петербург, Владивостокийн хооронд тээвэрлэж явсан бололтой” гэж Испанийн засгийн газрын тайланд бичжээ.

Уг ачааг Владивостокоос цааш Умард Солонгосын Расон боомтод хүргэх зорилготой байсныг CNN олж тогтоосон байна.

CNN-ийн дүгнэлтэд “Орос улс өөрийн холбоотон Умард Солонгост цөмийн технологи дамжуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд Өрнөдийн цэргийнхэн ховор бөгөөд өндөр эрсдэлтэй ажиллагаа явуулсан байж болзошгүй байна” гэж бичжээ.

Ким Жон Ун цэргүүдээ Украины эсрэг дайнд оролцуулахаар Орос руу илгээснээс хойш хоёр сарын дараа Урса Майор хөлөг замдаа гарсан нь үүнийг баталж байгаа гэнэ.

Хөлгийн бөөрөнд үүссэн 50:50 см харьцаатай нүхийг “supercavitating torpedo” гэгддэг өндөр хурдтай пуужингийн цохилтын ул мөр гэж үзэж байна.

“Зөвхөн АНУ, НАТО-гийн цөөн хэдэн холбоотон, Орос, Иран улсууд усны эсэргүүцлийг багасгахын тулд агаараас харвадаг ийм төрлийн өндөр хурдны торпедо пуужинтай гэдэг” гэж CNN дүгнэлтдээ тайлбарлажээ.

Ослын дараа хөлөг живсэн тэнгисийн хэсэгт болсон цэргийн үйл ажиллагаанууд нууцлаг ачаа нь цөмийн реактор байсан байж болзошгүйг харуулж байгаа гэнэ.

Тухайлбал өнгөрсөн онд АНУ-ын шумбагч хөлөг “илрүүлэгч” нисэх онгоц энэ хэсэгт хоёр удаа нислэг үйлдсэн бол ослоос хойш долоо хоногийн дараа Оросын тагнуулын хөлөг энд дөрвөн удаа ямар нэг зүйл дэлбэлж байжээ.

Оборонологистикс компанийн тайланд Урса Майор хөлгийг “зорилтот террорист халдлага”-ын золиос болсон гэж тайлбарласан байна.

 

Эх сурвалж: CNN

 

Зураг
1 | 16 цаг