Уганда улсын 81 настай ерөнхийлөгч 40 жил үргэлжилсэн засаглалаа дахин таван жилээр сунгалаа

Т.Давааням, ikon.mn
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн Уганда улсын 81 настай ерөнхийлөгч Йовери Мусевени сүүлийн 40 жилийн турш улс орноо удирдаж байгаа хүн.

Тэгвэл тэр өчигдөр буюу Мягмар гарагт дахин таван жил үргэлжлүүлэн ажиллахаар ерөнхийлөгчийн тангараг өргөжээ.

Энэ нь түүний хувьд сүүлчийн бүрэн эрхийн хугацаа байж болох ч түүний гэр бүлийн хувьд үгүй бололтой.

Дараагийн ерөнхийлөгч болох хүн гэгддэг түүний хүү, армийн командлагч Мухузи Кайнеругаба аавынхаа тангараг өргөх ёслолын цэргийн жагсаалыг хэдэн өдөр бэлдсэн юм.

Нийслэл Кампала хотын захад зохион байгуулагдсан Мусевенигийн найм дахь удаагийн тангараг өргөх ёслолд мянга мянган хүн оролцжээ.

Гэхдээ Угандын иргэд өндөр настай ерөнхийлөгчийн үе өнгөрч буйг ойлгож, дараагийн удирдагчийн асуудалд илүү анхаарал хандуулж эхлээд байна.

зураг
 

Кайнеругаба ерөнхийлөгчийн суудлыг залгамжлах хүсэлтэйгээ ил тод илэрхийлээд зогсохгүй бүр үүний төлөө зогсолтгүй тэмцэхээ мэдэгдсэн.

Гэхдээ түүнд үндсэн хуулийн замаар ерөнхийлөгч болох магадлал тийм өндөр биш байгаа. Аавтай нь харьцуулахад түүнд илүү олон хүчтэй өрсөлдөгчид бий.

Тиймээс нэг бол хууль бус замаар, нэг бол үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар баталгаатай эцгийгээ залгамжлах боломж байгаа гэж ажиглагчид үзэж байна.

Одоо 52 настай Кайнеругаба 1990-ээд оны сүүлээр армид алба хааж эхэлсэн бөгөөд ерөнхий командлагч болтлоо дэвшсэн замнал нь нэлээд маргаантай байдаг.

Зарим шүүмжлэгчид үүнийг ерөнхийлөгчийн залгамж халааг бэлдэх “Мухузи Төсөл” гэж нэрлэдэг юм.

Тэрбээр АНУ, Их Британид цэргийн сургууль дүүргэснийхээ дараа эцгийнхээ хамгаалалтын албыг удирдаж эхэлжээ.

Одоо тэр армийн командлагчаас гадна Угандын Эх Орончдын Лиг нэртэй улс төрийн хөдөлгөөний үүсгэн байгуулагч юм.

Гэхдээ цэргийн хүний хатуу ширүүн дүр төрхтэй түүнд эцгийнх нь олныг байлдан дагуулах чадвар дутмаг гэж ажиглагчид үздэг.

Партизаны бүлгийн удирдагч Мусевени нь олон жил үргэлжилсэн эмх замбараагүй байдал, иргэний дайны дараа 1986 онд Угандын төрийн эрхийг хүчээр булаан авч байв.

Тухайн үед тэр “Африкийн асуудал бол бүрэн эрхийн хугацаагаа хэтрүүлдэг удирдагчид” гэж хэлж байсан ч сүүлд өөрөө тэдний нэг болсон юм.

 

Эх сурвалж: Associated Press