"Эмч нарын буруутай үйлдлээс болж миний хүү насаараа асаргаанд орсон. Харин буруутай хүмүүсийг шүүхээс өршөөлд хамруулсанд гомдолтой байдаг"
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын алдаанаас болж насан туршийн асаргаанд орсон хүүхдийн асуудлаар ар гэрээс нь өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа.
Энэ талаар Галуут сумын гуравдугаар багийн иргэн Б.Мөнхдаваа "Миний бага хүү М.Эрхэмбаяр нь 2019 онд долоон настайдаа нэгдүгээр ангид элсэн суралцаж байхдаа үсэглэлийн баярынхаа маргааш нь толгой, гэдэс өвдсөн тул сумын эмчид үзүүлсэн юм.
Тухайн үед хоолой өвдөж, ханиад хүрсэн байж магадгүй гэсэн ч маргааш нь дахин үзүүлэхэд олгой байж магадгүй гээд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт үзүүлсэн. Ингээд олгойн хагалгаанд оруулсан. Эмч нар хүүд маань хагалгаа хийх явцдаа унтуулга, мэдээгүйжүүлэлтийн эмч нь нугасаар мэдээгүйжүүлэх тариа хийсэн ч хагалгааны явцад өвдөлт мэдэрсэн тул дахиж судсаар тариа хийсэн.
Энэ бүхнээс үүдэлтэйгээр хүүхэд ухаан алдаж, зүрх нь зогссоноос болоод тархины эд эс гэмтэж, өдийг хүртэл эмчилгээгүй долоон жил болж байна.
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт 11 хоног ухаан ороогүй тул онгоцоор хүүгээ Улаанбаатар хотын Эх Нялхаст үзүүлэхээр ирээд 14 хоногийн дараа ухаан орсон байдаг. Сэргэснийхээ дараа бүх үе нь чангаралттай, саажилттай болсон.
Үүнээс хойш өдийг хүртэл аль сайн гэсэн эмнэлэг, сувиллаар явж байна.
Бид уг асуудлаар хуулийн байгууллагад хандахад Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч хагалгааны явцад хоёр өөр мэдээгүйжүүлэлт ашигласны улмаас тархины эд эс нь гэмтсэн гэсэн дүгнэлтийг танилцуулсан.
Аймгийн мэргэжлийн хяналтаас гаргасан дүгнэлтэд цусны шинжилгээ авч, эход харж бүрэн оношлоогүй, хүүхдэд мэдээгүйжүүлэлт хоёр удаа хийсний улмаас тархины эд эс гэмтсэн гэсэн байдаг.
Мөн цагдаагийн байгууллага энэ асуудлаар дүгнэлт гаргах гэж маш их хугацаа алдсан. Шүүх шинжилгээний долоон эмчээр дүгнэлт гаргуулна гээд бүтэн хоёр жилийг зарцуулсан юм. Ингээд эхний гарсан дүгнэлтээр М.Эрхэмбаярын нас барсан шалтгаан нь үрэвсэлтэй олгой гэж гаргасан байсан. Амьд хүнийг нас барсан болгож дүгнэлт гаргасанд туйлын гомдолтой байдаг.
Үүнээс зургаан сарын дараа бидний гомдлоор дахин дүгнэлт гаргуулахад мөн адил дүгнэлт танилцуулсан. Ингээд прокурор, цагдаа дээр асуудал сунжирсаар 2022 оноос шүүх хурал эхэлсэн. Ийм алдаатай дүгнэлтийн уршгаар шүүхэд ч асуудал даамжирсан. Улмаар 2023 оны гуравдугаар сард хамгийн сүүлийн шүүх хурлаар унтуулга эмчийн буруу арга хэмжээний улмаас хүүхдэд хүнд гэмтэл учруулсан буруутайд тооцсон.
Шүүхээс буруутай эмч нарт өршөөлд хамруулах тухай хуулийн 5.1 дэх заалтыг баримтлан холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн шийдвэр гаргасан.
Мөн иргэнийн шүүхээр гарсан зардлаа нэхэмжилж болно гэсний дагуу ₮2.6 саяыг гаргуулахаар болсон ч одоог хүртэл тус эмнэлгээс нэг ч төгрөг аваагүй байна.
Шүүх, хуулийн байгууллага нь жирийн иргэн бидэнд ингэж л хандаж буй. Хүү маань одоог хүртэл 100% асаргаанд байдаг.
Бид энэ байдлаа Эрүүл Мэндийн Яаманд Д.Сарангэрэл сайдаас эхлээд Э.Батшугараас бусдад нь хандсан ч нэг ч удаа анхаарал тавиагүй. Өнгөрсөн өвөл одоогийн Ерөнхий сайд Н.Учралыг Улсын Их Хурал (УИХ)-ын дарга болоод Баянхонгорт уулзалт хийхэд нь уг асуудлаа танилцуулсан.
2022 оноос хойш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан ч нэг ч удаа анхаарал тавьсангүй. Өнгөрсөн оны сүүлч хүртэл Ерөнхийлөгчид хандаж зургаа, долоон удаа хүсэлт илгээсэн.
Ганц манайх ч гэлтгүй аймгийн нэгдсэн эмнэлэгт буруу эмчилгээний улмаас хүүхэд нас барсан нэг бус тохиолдол бий. Бид Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн унтуулгын эмч н.Алтанзаяа, хагалгааны эмч н.Гэрэлчулуун нарт гомдолтой байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

