"Төв суурин газрын махны асуудлыг орон нутгийн удирдлага нь хариуцна. Махны үнэд экспорт нөлөөлж байна гэх хэцүү"
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хаврын тариалалтын талаар мэдээлэл өгчээ.
2026 онд улсын хэмжээнд
- 372.7 мянга га-д үр тариа,
- 16 мянган га-д төмс,
- 18.3 мянган га-д хүнсний ногоо,
- 121.9 мянган га-д малын тэжээл,
- 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд байгаа аж.
Мөн “Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны эх үүсвэрээр олгогдож буй 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор 55 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтын зээлийг эх үүсвэрийг шийдсэн.
Засгийн газрын хуралдааны дараа сайд Ц.Идэрбат махны үнийн талаарх сэтгүүлчдийн асуултад "Төв суурин газрын махны асуудлыг тухайн орон нутгийн удирдлага хариуцна. Нийслэлийн хувьд долоо хоногийн өмнө авсан мэдээллээр 1,600 орчим тонн мах нөөцийн агуулахаас түгээгдэж байгаа.
Сарын өмнө 380 гаруй цэгээр түгээж байсан бол одоо 630 гаруй цэг болгон өргөтгөсөн. Одоогоор байгаа нөөцийн махны 600 орчим тонн нь хонины, 1,100 тонн нь үхрийн мах.
Цаашид төв суурин газрын Засаг дарга нь иргэдийн хэрэгцээний махны асуудалдаа ахиц дэвшил гаргах ёстой. Нийслэлчүүдийн энэ хаврын хэрэгцээнд 5,000 тонн бэлдсэн бол ирэх хавар үүнээс ахиу бэлдэхээр одооноос ярилцаж, ажиллаж эхэлсэн" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
