Улс орныг нь АНУ-ын 51 дэх муж болгох Трампын санааг Венесуэлийн ерөнхийлөгч няцаажээ
Даваа гарагт Fox News сувагт өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгч Дональд Трамп “Венесуэл улсыг АНУ-ын 51 дэх муж болгох талаар нухацтай бодож байгаа” талаар хэлснийг тус телевизийн хөтлөгч Жон Робертс сошиал хуудсаараа мэдээлсэн юм.
Трамп өмнө нь өөрийн хойд хөрш Канад улсыг бас 51 дэх муж болгох санааг илэрхийлдэг байсан.
Цагаан ордон Трампын сүүлийн мэдэгдлийн талаар тодруулга өгөхөөс татгалзжээ.
Энэ үеэр Гааг дахь Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүхийн сүүлчийн өдрийн хуралдаанд оролцож байсан Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэлси Родригес тус улсад ийм төлөвлөгөө байхгүйг сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Венесуэл болон түүний хөрш Гайана улсуудын хооронд байгалийн арвин баялаг нөөцтэй Эссекибо бүс нутгийн асуудлаар үүссэн маргааныг шийдвэрлэх хурал Гааг хотод болж байгаа юм.
“Бид өөрийн улсын бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, түүхийг үргэлжлүүлэн хамгаалах болно. Венесуэл бол колони биш, эрх чөлөөт улс” гэж Родригес энэ үеэр хэлжээ.
Тэрбээр энэ оны эхээр АНУ-ын явуулсан дарангуйлагч Николас Мадурог баривчлах ажиллагааны дараа Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм.
Гайана улсын газар нутгийн гуравны хоёрыг бүрдүүлдэг 160,000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайтай Эссекибо бол алт, алмааз, мод зэрэг байгалийн бусад баялаг ихтэй бүс нутаг.
Бас эндээс өдөрт дунджаар 900,000 баррель газрын тос олборлодог.
Харьцуулбал Венесуэл улсын газрын тосны үйлдвэрлэл өдөрт нэг сая баррель юм. Эссекибог бүр Испанийн колоничлолын үеэс Венесуэл өөрийн газар нутаг гэж үздэг байжээ.
Гэвч 1899 онд Их Британи, Орос, АНУ-ын арбитрын шийдвэрээр Эссекибо голоор хоёр улсын хилийн шугамыг тогтоосон нь Гайанын талд ашигтай болсон юм.
2023 онд Мадуро тус бүс нутгийг зэвсгийн хүчээр өөртөө нэгтгэхээр сүрдүүлж байв.
Гааг хотод болсон шүүх хурлын үеэр Родригес зуун дамжсан энэ газар нутгийн маргааныг шүүх биш улс төрийн яриа хэлэлцээгээр шийдвэрлэх ёстойг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

