"Хямд, найдвартай ногоон эрчим хүчийг санал болговол өгөгдөлд суурилсан дижитал ЭЗ-т томоохон тоглогч болох боломжтой"

Б.Бадамгарав, IKon.mn
1 цаг 12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв" байгуулах төслийг Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-д танилцуулахаар шийдвэрлэлээ.

Монгол орны байгалийн сэргээгдэх эрчим хүчний нөөцөд түшиглэн хиймэл оюуны тооцоолуур бүхий "Ногоон дата төв"-ийг байгуулснаар олон улсын стандартад нийцсэн өгөгдлийн чөлөөт бүс бий болж, улмаар бус нутгийн дата хаб болон хөгжих боломжтой гэж Засгийн газар үзсэн байна. 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин энэ талаар "Хямд бөгөөд найдвартай ногоон эрчим хүчийг санал болгож чадвал бид өгөгдөлд суурилсан дижитал эдийн засагт томоохон тоглогч болох боломж байна гэсэн судалгааны дүн гарсан. Энэ боломжийг Монгол Улс хэрхэн ашиглах вэ гэдгээ үзлээ. Хамгийн чухал нь олон улсын хөрөнгө оруулагчийг хэрхэн энэ салбарт татах вэ, дотоодын хөрөнгө оруулагчдаа хэрхэн дэмжих талаар ч судалсан.

Олон улсын хөрөнгө оруулагчдыг татахад гурван үндсэн зүйл бий.

  1. Хямд бөгөөд ногоон эрчим хүчний найдвартай хангамж. Хамгийн багадаа 100 ГВт-аас дээш байх нь чухал.
  2. Сүлжээний найдвартай байдал. Өгөгдлийг аль нэг улсын нөлөөлөлгүйгээр дамжуулах нь чухал.
  3. Өгөгдлийн тусгаар байдал буюу халдашгүй байдлыг хангах нь чухал юм.

Мөн хөрөнгө оруулалтын орчныг нь бүрдүүлэх нь чухал гэсэн дүгнэлт гарсан. Нөгөө талд дотоодын хөрөнгө оруулагчдаа дэмжиж дата төвийг барьж байгуулахад хөнгөлөлттэй зээлийн орчныг бий болгох, татварын болон татварын бус дэмжлэг олговол монгол хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах боломжтой болох юм.

Түүнчлэн хэрэглэгч нь хэн байх вэ, эдийн засгийн эргэлтэд оруулахад ямар хэрэглэгч нарт үүнийг зориулах вэ гэдгээ тодорхой болгох нь нэн тэргүүнд тавигдсан. Ингэхэд өгөгдөл хэрэглэж буй хамгийн том хэрэглэгч нь төр өөрөө байгаа. Харин олон улсын хөрөнгө оруулагч нар Монголд ирж дата төвөө байгуулахын тулд бүтэн эко системээр нь харах нь чухал болсон. Иймээс эдийн засгийн чөлөөт бүсүүдийг бий болгож, тэнд ногоон эрчим хүч, ногоон дата төв байгуулах орчныг бий болгох хэрэгтэй гэсэн дүгнэлт гарлаа" гэв.