Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ганга нуурыг аргадна

ikon.mn
2014 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

“Ганга нуурын чуулган” хэмээх түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүдийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд энэ сарын 21-23-нд зохион байгуулах гэж байна. 

Дарьгангын түүх соёл, өв уламжлал, зан заншил, байгаль экологи, ард иргэдийн ахуй амьдралын хэв маягийг үзүүлэх цогц хөтөлбөрт нүүдлийн шувуудын гайхамшиг болсон Ганга нуурыг хамгаалах ойн зурвас байгуулж, мод тарих, гол усаа аргадах, шашин урлагийн зан үйлийг нуурын хөвөөнд зохион байгуулах юм байна.

Хөтөлбөрт:

  • Дарьганга уламжлалт соёлыг харуулсан сумдын нүүдлийн үзэсгэлэн
     
  • Дарьгангын түүх соёл, мөнгөн урлал, байгаль экологийн эрдэм шинжилгээний хөтөлбөр, уул усандаа зориулсан дуу хуурын тахил
     
  • Дарьганга адууны соёл
     
  • Жаахан шарга дуугаар бэлгэ тэмдэг болгосон урлагийн тоглолт
     
  • Дарьгангын түүх соёлын дурсгалт газруудаар хийх аялал зэрэг олон үйл явдлуудыг багтаажээ. 

Хөтөлбөр хээр тал нутгийн өглөөн наранд цай сүүнийхээ дээж өргөх Наран тахилгаар эхэлж, Ганга нуурыг аргадах, хун шувуудыг урих шашин соёлын зан үйл, Ганга нуурын эко системийн хамгаалалт, ойн зурвас байгуулах бүтээлч ажлаар өндөрлөх аж. 

Уг үйл ажиллагааг Соёл спорт аялал жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Нью Жуулчин Турс компани, Соёл Яруу найргийн Академи нар хамтран зохион байгуулж байгаа юм байна.