Хөрөнгө оруулалтын сангийн хууль хэрэгжээд найман сар боллоо.
Энэ хугацаанд манай улсад Хөрөнгө оруулалтын санг удирдах тусгай зөвшөөрлийг хоёр компани авчээ. Өөрөөр хэлбэл, тэд үйл ажиллагаагаа хэдийнэ эхэлчихсэн. Харин одоо Европоос хөрөнгө оруулалт татахаар ажиллаж буй юм байна. Үүнд хоёр жил шаардлагатай хэмээн тооцоолжээ.
Манай улсын санхүүгийн салбар нэг хөлтэй явж ирсэн. Энэ нь банкинд суурилдаг. Хэрэв банк ганхвал энэ салбар бүхэлдээ нурж унах эрсдэлтэй. Гэхдээ бас нэг сонирхолтой статистик нь монголчууд дотоодын хуримтлал багатай ард түмэн.
Тиймээс дотоодоосоо мөнгө босгож, Хөрөнгө оруулалтын сан байгуулах боломж хязгаарлагдмал. Товчхондоо хөрөнгө оруулалт татах хамгийн том суваг нь гадаадад буй.
Харин гадаадын томоохон хөрөнгө оруулагчид “Монголын хууль, эрх зүй тодорхой биш” хэмээн “үргэдэг”. Энэ нь манай улсын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн тоглогчдын орон зай үгүйлэгдсээр байгаа нэг шалтгаан. “Манай улсад хөрөнгө оруулаач. Хэдүүлээ сайхан хамтарч ажиллая” гэж аман хэлэлцээ хийхийн төдийд тэд тоож ирэхгүй.
Мэргэжлийн тоглогчдод бас өөрийн гэсэн дүрэм журам, туршлага бий. Мөн оруулсан хөрөнгө нь тодорхой хэмжээгээр өсч, ямар нэгэн унац буюу ашиг заавал байх ёстой.
Талуудын энэхүү сонирхлыг харилцан ашигтайгаар нэгтгэж, маргаантай асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхийн тулд Хөрөнгө оруулалтын хуулийг баталсан нь тодорхой. Гэвч манай улсын хувьд Хөрөнгө оруулалтын санг зохицуулагч нь ч тэр, зах зээлийг үүсгэгч гээд аль ч талдаа цоо шинэ “үзэгдэл”. Иймээс ямар нэгэн байдлаар алдаа, оноо гарахыг үгүйсгэхгүй.
Юутай ч Санхүүгийн зохицуулах хорооныхон “Хөрөнгө оруулалтын хуулийн дагуу сан байгуулагдаад ирэхээр эхний ээлжинд мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчид орж ирнэ. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ” гэдэгт бат итгэлтэй байна.
Харин иргэдийн хувьд төдийлөн ойлголт үгүй. Тэгвэл хуулиараа тус санг хөрөнгө оруулалтын менежментийн компани үүсгэн байгуулж, удирдах ёстой аж. Хөрөнгө оруулагчид нь бус мэргэжлийн хүмүүс сангийн мөнгийг захиран зарцуулж, өсгөж өгөх үүрэг хүлээнэ. Хаа нэг газар илүүдэлтэй байгаа хөрөнгийг мөнгө дутагдаж буй ч ирээдүйд үр ашгаа гарцаагүй өсгөх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад оруулах юм. Ингэснээрээ хүмүүсийн “гудсан дор”-оо хадгалж буй илүүдэл хөрөнгийг зөв эргэлтэд оруулна.
Монгол Улсад Хөрөнгө оруулалтын санг бий болгох эрх зүйн зохицуулалт нь бүрджээ. Цаашид, гадаадад давхар бүртгэлтэй бол яах вэ гэхчилэнгээр нарийвчилсан журмуудыг ирэх сарын 1-нээс өмнө амжиж батлах юм байна.
Үүнийг бодитоор ажил хэрэг болгохын тулд Санхүүгийн зохицуулах хорооноос хуулиа дагасан 20-иод журам батлах ёстой болжээ. Тэрхүү журмуудаа эхнээс нь боловсруулж баталсан байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын менежментийн компанийг хэрхэн байгуулах вэ. Тусгай зөвшөөрлийг яаж авах вэ зэргээр зарим нэгэн асуудал шийдвэрлэгдэж байгааг дурдаж болно.
Эдгээр журмыг боловсруулахдаа Дэлхийн банкнаас техникийн туслалцаа авсан аж. Тиймээс гаргасан журмууд нь олон улсын жишигт нийцнэ гэж тус хорооныхон үзэж байна. Өөрөөр хэлбэл, одоо Монгол Улсад Хөрөнгө оруулалтын санг бий болгох эрх зүйн зохицуулалт нь бүрджээ. Цаашид, гадаадад давхар бүртгэлтэй бол яах вэ гэхчилэнгээр нарийвчилсан журмуудыг ирэх сарын 1-нээс өмнө амжиж батлах юм байна.
Энэ ажлынхаа хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо нь Азийн хөгжлийн банк, Ази-Номхон далайн орнуудын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран анх удаа “Хөрөнгө оруулалтын сангийн хяналт ба зохицуулалт” сэдвээр санал, туршлага солилцох хурал, сургалтыг Улаанбаатарт зохион байгуулж байна. Үүнд тус бүс нутгийн 12 орны 60 гаруй төлөөлөгч хамрагдаж байгаа юм. Монголын хувьд энэ боломжийг ашиглан Малайз, Сингапураас илүүтэй туршлага судлах хэрэгтэй гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Нөгөөтэйгүүр, Хөрөнгө оруулалтын сан нь яг зэрэгцээ хөгжиж буй Тайланд, Вьетнам, Энэтхэгтэй санал солилцох ажлыг орхигдуулахгүй. Тэдгээр улс тодорхой хэмжээнд сүрхий судалгаа хийж амжжээ. Тиймээс цаг хугацаа хэмнэх үүднээс судалгаагаа солилцож, хамтарч ажиллахаар болсон байна. Энэ бүхний эцэст гадаадын томоохон хөрөнгө оруулагчид буюу мэргэжлийн тоглогчид монголчуудтай “найзалж”, бид санхүүгийн зах зээлээ олон хөлтэй болгон босгож авах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!