Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг, Өрөмгөт уулын хавцалд, Эг-Сэлэнгийн бэлчрээс 2.5 км-т баригдах Эгийн голын усан цахилгаан станцын Техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх ажил дуусч, энэ сарын 25-нд Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан Технологийн зөвлөлөөр хэлэлцэгдэн батлагджээ.
Дэлхийн 200 гаруй УЦС-ын техник эдийн засгийн үндэслэл хийж, хамтран ажилласан энэ салбарын тэргүүлэгчдийн нэг Францын “TRACTEBEL Enjnering” компани энэ ажлыг хийж гүйцэтгэсэн аж.
Технологийн зөвлөлийн гишүүд Монгол Улсад төвийн эрчим хүчний системд горимын тохируулга хийх хамгийн боломжтой том чадлын усан цахилгаан станц зайлшгүй барих шаардлагатай байгааг онцолж, шинэчилсэн Техник эдийн засгийн үндэслэлийг богино хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэнд баяр хүргэжээ.
Одоогоор яригдаж байгаа 10 гаруй Цахилгаан станцуудын төсөл дотор нэгдсэн сүлжээний горим тохируулах том чадлын ганцхан усан цахилгаан станц байгаа нь Эгийн голын станц юм. Дэлхий нийтээрээ Сэргээгдэх эрчим хүч рүү тэмүүлж байгаа энэ үед том чадлын УЦС нь нар салхины цахилгаан үүсвэрүүдийг ч хооронд нь холбож тохируулдаг стратегийн болон эрчим хүчний нэгдсэн сүлжээний хувьд хамгийн боломжит зөв хувилбар аж.
Эгийн голын УЦС нь жилд 480 сая кВт цаг цахилгаан үйлдвэрлэн борлуула.
Олон жил яригдаж дуншсан Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ батлагдсанаар Усан цахилгаан станц амжилттай баригдах боломж нээгдэж байгаа юм. Эгийн голын УЦС нь жилд 480 сая кВт цаг цахилгаан үйлдвэрлэн борлуулах бөгөөд одоогийн үнэ тарифаар тооцвол жилдээ 25 сая ам. долларын орлоготой байх гэнэ.
Харьцуулсан тооцооллоор ДЦС-ууд үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 20 хүртэл хувийг дотоод хэрэгцээндээ зарцуулдаг бол Эгийн голын УЦС нь ердөө нэг хувийг зарцуулах учир жилдээ 96 сая кВт цаг цахилгаан эрчим хүч буюу дунджаар 4.7 сая ам.долларын хэмнэлт гаргаж энэ хэмжээгээр орлого нь нэмэгдэх тооцоо гарчээ.