"Өглөөний сонин" хугацаат цэргийн албан хаагчдыг дээд газрын зөвшөөрөлгүйгээр барилга дээр ажиллуулж, хөдөлмөрийнх нь хөлсийг ангийн захирагч нь халаасалдаг талаар баримтад тулгуурласан “Цэргүүд боолын хөдөлмөр эрхэлсээр байх уу, сайд аа” материалыг энэ оны наймдугаар сарын 22-ны баасан гарагийн дугаартаа нийтэлсэн билээ.
Дээрх нийтлэлийнхээ үргэлжлэл болгож, Төв аймгийн Сэргэлэн суман дахь Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр хугацаат цэргийн албан хаагчдыг барилга дээр ажиллуулсан тухай мэдээллийг хүргэж байна.
ЗХЖШ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын орлогч дарга, хурандаа Г.Баярсайхан өнгөрсөн Улсын их баяр наадмаар ажил үүргийн хуваарийнхаа дагуу бригадын генерал Л.Онцгойбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн цэрэг, түрүүч нарыг бүртгэж үзэхэд тус ангийн 40 байлдагч ангидаа байгаагүй байсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын баяр наадмаар тав хоног амрах болсон эл өдрүүдэд хугацаат цэргийн албан хаагчид ангийнхаа байранд амарч байх учиртай байтал тэд ор сураггүй байжээ. Хаачив гэх асуудал тус ангид гэнэтийн шалгалтаар очсон ЗХЖШ-ын ХШҮГ-ын орлогч дарга, хурандаа Г.Баярсайханы анхаарлыг татсан нь дамжиггүй.
Бригадын генерал Л.Онцгойбаяр цэргийн албан хаагчдыг барилга дээр ажиллуулж, тэдний ажлын хөлсийг хувьдаа завшдаг байсан.
Тиймээс тухайн өдөр ангийн эргүүлийн үүрэг гүйцэтгэгч, хариуцлагатай албан тушаалтнаас 40 цэргийг нэхэхэд “Ангийн захирагчийн тушаалаар Улаанбаатар хотод, Нарантуул захаас холгүйхэн барилга дээр ажиллаж байгаа. Хоол хүнстэйгээ явсан” гэх мэдээллийг өгсөн гэнэ. Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр нь дээд байгууллагын зөвшөөрөлгүйгээр хугацаат цэргийн албан хаагчдыг барилга дээр ажиллуулж, тэдний ажлын хөлсийг хувьдаа завшдаг байсан нь ганц удаагийн тохиолдол биш бололтой.
Тус ангийн офицер, ахлагч нар нь “Ангийн захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр өнгөрсөн оноос ЗХЖШ-аас зөвшөөрөл авалгүйгээр барилга дээр цэрэг ажиллуулах болсон. Түүнийхээ хөлсөнд авсан үйлчилгээ явуулах зөвшөөрөл бүхий объектоо дэслэгч генерал Ц.Бямбажавт найр тавьж өгсөн сураг сонсогдсон. Үнэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Саяхан БНСУ-д хүүхдээ эмчилчлүүлж байгаад ирсэн. Жирийн офицер, ахлагч нар Солонгос явж хүүхдээ эмчлүүлэх нь бүү хэл Найрамдал зусланд амраах мөнгө нь олдохгүй юм.
Энхийг сахиулах ажиллагаанд явж ирээд л өөртөө L-470 жийп, эхнэртээ Hilander дунд гарын жийп машин худалдаж аваад, шинэ байранд нүүж орсон гэж дуулдана лээ” хэмээн Жанжин штабынхаа эрх мэдэл бүхий албан тушаалтанд хов болгон сонирхуулж ярьсан гэнэ.
Ангидаа байгаагүй тэр 40 цэрэг Нүхтийн аманд баригдаж буй Хуримын ордны барилга дээр ажиллаж байсан ЗХ-ний 013 дугаар ангийн цэргүүдийн адил аль нэг барилга дээр боолын хөдөлмөр эрхэлж байв уу. Тэдний хөдөлмөр өдрийн хөлс 016 дугаар ангийн данс руу орсон эсэхийг ЗХЖШ-аас асуумаар байна. Энэ талаар холбогдох байгууллагууд нь шалгаж үнэн мөнийг тогтоох буй за.
Цэрэгт дарамт гэдэг зүйл үгүй болсон хэмээн мэдээллийн хэрэгслээр сурталчилаад байсан чинь худлаа юм байна.
Нөгөөтэйгүүр, Зэвсэгт хүчний жанжин штабын ирээдүйн дарга хэмээн сэрүүн зүүдэлж яваа бригадын генералын ангид цэрэг цэргээ зодон эрэмдэг болгосон маш ноцтой хэрэг гарчээ.
Энэ тухай тодруулах аваас нийслэлийн Баянзүрх дүүргээс хугацаат цэргийн албанд татагдан ирсэн байлдагч Д.Өнөболдыг хал цэрэг буюу өнгөрсөн 2013 оны намар татагдан ирсэн цэргүүд бүлэглэн зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулсан байна. Байлдагч Д.Өнөболд тархины гэмтлийн улмаас цэргийн албаа үргэлжлүүлэн хаах чадваргүй болсон төдийгүй үе үе ухаан алдаж унадаг болсон талаар ар гэрийнхэн нь хэлж байгаа юм. “Ээжээ хүү нь цэрэгт явж хатуужил суугаад ирнэ ээ” хэмээгээд үеийн нөхдийн хамт цэрэгт явсан хүүгээ сэтгэл санааны дарамт эдлээд зогсохгүй Цэргийн төв эмнэлгийн эмч нарын комиссын дүгнэлтээр “Гэмтлийн урхагт тархины гэмтэл” гэсэн оноштойгоор цагаасаа өмнө халагдаад ирэх юм гэж мэдсэн бол юу боллоо гэж цэрэгт явуулах билээ.
Цэрэгт дарамт гэдэг зүйл үгүй болсон хэмээн мэдээллийн хэрэгслээр сурталчилаад байсан чинь худлаа юм байна гээд нулимсаа арчин суух ээж өнөөдөр бригадын генералаас Д.Өнөболд хүүгийнхээ эрүүл мэндийг нэхэмжилнэ гэж байна лээ.
Энэ тухай мэдээллийг Зэвсэгт хүчний удирдлагууд “Манайд тийм зүйл болоогүй, худлаа мэдээлэл” гэх байх даа.