Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Орос ХАА-н хамтын ажиллагааны асуудлуудаа тохиролцлоо

ikon.mn
2014 оны 8 сарын 28
iKon.MN

“Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны ажлын хэсгийн анхдугаар хурал” Улаанбаатар хотноо өнөөдөр боллоо.

Яам хоорондын хамтын ажиллагааны байнгын механизм болох Ажлын хэсгийн хурал нь хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгааг Талууд тэмдэглээд цаашид жил бүр зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв.  

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх Төрийн айлчлалыг угтан хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаа тохиролцох чухал ач холбогдлыг онцоллоо. 

Түүнчлэн Монгол-Оросын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхээр тохиролцлоо. Үүнд:

1. Мал эмнэлгийн салбар дахь хамтын ажиллагаа

Мал эмнэлэг, малын халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр өөрсдийн Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар харилцан мэдээлэл хийв.  Монголын мал сүргийг эрүүлжүүлэхэд зориулан ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлсэн шүлхийн вакцин, ДУК машин өнгөрсөн жилүүдэд гарсан шүлхий өвчинтэй тэмцэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг Монголын тал онцлон тэмдэглээд ОХУ-ын Засгийн газар, ард түмэнд талархлаа илэрхийлэв. 

Хил дамнасан малын халдварт өвчинтэй тэмцэхэд хамтран ажиллах, Монголын мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлаар Монголын тал дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийв. Монголын талын тавьсан саналыг ойрын хугацаанд Оросын тал судалж үзэхээр тохиролцов. 

2. Тарималын үр сортын үржүүлгийн салбар дахь хамтын ажиллагааны асуудал

Монголын цаг уурын нөхцөлд тохирсон, эрт болцтой, өвчин, ганд тэсвэртэй улаан буудайн шинэ сортын үрийг гарган авах, нутагшуулах чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд Талууд хамтран ажиллахаар болов. Ингэхдээ хоёр талын  эрдэмтдийн баг 2014 онд багтаан хөтөлбөрийг боловсруулан, 2015 оноос хэрэгжүүлж эхлэхээр тохиролцов.

Оросын тэргүүний техник технологийг газар тариалангийн салбарт нэвтрүүлэх асуудлаарх Монголын талын тавьсан саналыг Оросын тал анхааралдаа авав. Тодорхой асуудлыг шийдвэрлэх хүрээнд тус салбарын монгол мэргэжилтнүүдэд зориулан танилцах аялал болон сургалт зохион байгуулахаар Талууд тохиролцов.

3. Бусад асуудал (Технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт, г.м.)

Талууд хоёр орны хил залгаа аймаг, мужуудад байгаль цаг уурын хүндрэлээс болж ургац алдах, хүнсний хомсдол үүсэх зэрэг нөхцөлд таримлын үр, сорт, хүнсний  бүтээгдэхүүн зэрэг шаардлагатай зүйлсийг нэн яаралтай экспортлож, импортлох асуудлаар хамтарсан төсөл боловсруулахаар тохиролцов. 

Европоос Монгол руу ОХУ-аар дамжин өнгөрч байгаа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Монголд оруулах асуудалд хүндрэл үүсэж буй талаар Монголын тал мэдэгдэв. Оросын тал дээрх асуудлыг анхааралдаа авч холбогдох арга хэмжээг авахаар боллоо. 

2014 оын 10 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Москва хотноо болох Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Хөдөө аж ахуйн сайд нарын уулзалт болон хөдөө аж ахуйн салбарын дахь инновацийн “Агро-Иннотек” үзэсгэлэн-яармагт Монголын тал оролцохоо мэдэгдлээ.

Ажлын хэсгийн хоёрдугаар хурлыг 2015 оны хоёрдугаар хагаст Москва (ОХУ) хотноо зохион байгуулахаар Монгол, Оросын ажлын хэсгийн тэргүүнүүд тохиролцов.