ТОСК-ын Стратеги, бодлого, төслийн газрын дарга Д.Энхбаатар, “Тусгай салаа” киноны Тогтохын дүрд тоглож олон танигдсан жүжигчин Э.Чинзориг нар иргэн Б-гийн жолоодож явсан автомашиныг мөргөж, гэмтээгээд цагдаа дуудах гэсэн хохирогчийг зодож гэмтээсэн хэрэг гарчээ. Улмаар Б-г зодчихоод хэргийн газраас зугтсан гэнэ. Замын цагдаагийнхан дуудлагын дагуу ирж үзлэг хийгээд зугтсан машиныг эрэн сурвалжилж маргааш нь саатуулсан аж.
Гэвч уг хэргийг прокурор хэрэгсэхгүй болгожээ. Болсон асуудал нь ил тод, хохирлоо барагдуулаагүй байхад хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль хяналтын байгууллагад хийж буй шинэчлэл үр дүнд хүрэхгүй байгааг харуулж байна. Энэ талаар хохирогчийн аав М.Загд-Очир “Д.Энхбаатар, Э.Чинзориг нар тухайн үед нэлээд согтуу машинаасаа бууж ирээд “Чи юундаа цагдаа дуудах гээд байгаа юм бэ. Зүгээр байгаа биз дээ” гэж Д.Энхбаатар нь орилж хашгиран хүүг минь эхэлж цохисон гэсэн. Тэгээд хоёулаа элбэж зодоод машиндаа суугаад явцгаасан.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээгээр тархиндаа хөнгөн гэмтэл авсан гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийг үндэслэлгүй хаагаад байна. Өмнө нь хэргийн газраас зугтсан асуудлыг Тээврийн прокурорын газрын прокурор Мөнхжаргал үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байсныг бид гомдол гаргаж байж сэргээлгэсэн. Хүүг минь зодож гэмтээсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад Л.Цогтсайхан нэг ч удаа байцаалт аваагүй атлаа хэрэгсэхгүй болгох саналыг Дүүргийн I прокурорын газрын хяналтын прокурор М.Алтанцэцэгт хүргүүлж хэрэгсэхг үй болгуулаад байна. Анх миний хүүг цохисон хүн нь Д.Энхбаатар байтал жүжигчин Э.Чинзоригийг сэжигтэн, яллагдагчаар татсаныг гайхаад байгаа юм.
Энэ хэрэг мөрдөн байцаалтад байхад “Эвлэрье” гэж ТОСК-ын байрны урд талын хаалганд байдаг ресторанд намайг дуудаад согтуугаар зодох гэж дайрсан. Тэгэхдээ “Хууль хяналтын байгууллагынхан намайг дийлэхгүй” гэж давшилж байсан байгаа юм. Тухайн үед Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрг үүлийн цагдаа нар ирж түүнээс тайлбар авахад “Би ажилгүй” гэж төрийн цагдаагийнханд худлаа ярьсан байна лээ. Түүний баримт нь захиргааны арга хэмжээ авсан бүртгэлд байгаа. Догшин авирлаж танхайрсан этгээдүүдэд хариуцлага тооцохгүй байгаад би гомдолтой байна. Энэ асуудлаар дээд шатны прокурорт болон АТГ-т хандаад байгаа” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!