ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Жастин Капла хилийн хоригийг цуцалж өгөхийг хүсэв

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 8 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

“Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Капла нарын гурван хүнийг өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд шүүлээ. Эхний өдөр шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцэж өнжсөн бол өчигдөр ч мэтгэлцээн үргэлжилсэн юм. 

Шүүх хуралд шүүгчээр Е.Цогтзандан, Т.Алтантуяа, Г.Ганбаатар, улсын яллагчаар О.Гэрэл байсан бол Кристобал Дэвидийн өмгөөлөгчөөр Н.Цогт, н.Нандинчимэг, Хиларион Кажукомын өмгөөлөгчөөр Ж.Эрдэнэбулган, Э.Уянга, Жастин Каплаг өмгөөлж Ц.Цэрэнжээ, П.Одгэрэл нар болон гадаадын ажиглагчид нийлсэн 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцов. 

ӨМГӨӨЛӨГЧИД ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХЫГ ХҮСЛЭЭ

Прокурор О.Гэрэлийн шүүгдэгчдэд яллах дүгнэлт үйлдсэн тогтоолоос онцолбол, Жастин Каплаг “Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар зургаан сарын хугацаанд ажиллахдаа татварын тайлангаа зохих журмын дагуу тайлагнаагүй, татварт ногдох орлогыг зориудаар бууруулж мэдүүлсэн зэрэг үйлдэлд зохион байгуулагчаар оролцож нийт 46.2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2-т зааснаар таван жил хоёр сараар хорих ялын дүгнэлт үйлджээ.

Түүнтэй хамт компанийн санхүүгийн менежрээр ажиллаж байсан Хиларион Кажуком мөн хугацаанд “Саусгоби сэндс” компанийн санхүүгийн тайлан тооцоог гаргахдаа Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчиж нийт 46.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийж улсад онц их хэмжээний хохирол учруулсан учир Жастин Каплагийн ижил зүйлчлэлээр таван жил гурван сарын хугацаагаар хорих ял оноох санал гаргажээ.

Хэргийн нотлох баримт бүрэн үндэслэлгүй хэмээн мөрдөн байцаалтад буцаахаар болов.

Харин Кристобал Дэвидийг 2007-2011 онуудад санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байхдаа өмнөх удирдлагуудтайгаа хамтран 38.8 тэрбум төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийсэн үйлдлээр нь түүнд мөн таван жил гурван сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байв.

Хэргийн гол нотлох баримт нь шинжээчийн дүгнэлт байв. Шүүхийн үндэсний хүрээлэнгээс томилогдсон таван шинжээч Жастин Капла нарыг санхүүгийн тайлангаа засварласан, нүүрс тээвэрлэлтийн өртгийг өсгөсөн, борлуултын орлогыг бууруулсан зэрэг үйлдэл нь тогтоогдсон хэмээн дүгнэжээ.

Харин өмгөөлөгчид шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцэж, хууль зөрчсөн хэмээн байр сууриа илэрхийлэв. Өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Н.Цогт нар шүүхийн шинжээчид нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн төдийгүй шинжилгээний обьект, эрх бүхий байгууллагын акт дүгнэлт байгаагүй байхад дүгнэлт гаргасан хэмээн буруушаав.

Мөн шүүгчдэгчдийн буруутгаж буй үндэслэлүүдийг няцаах нотлох баримтуудыг өмнө нь шинжээчдэд гаргаж өгч байсан гэв. Тухайлбал, шүүгдэгчдийн “Саусгоби Сэндс” компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хууль зөрчсөн үйлдэл хийвэл ажлаас чөлөөлөгдөх заалттай байсан нь анхнаасаа энэ хүмүүсийг хууль зөрчсөн гэж үзэх нь утгагүй гэж байв. Тиймээс тэд Жастин Капла нар гэмт хэрэг үйлдээгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байлаа. Харин улсын яллагч анхны саналдаа хатуу байр суурьтай байсан.

“БИ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ЗӨРЧӨӨГҮЙ”

Шүүх хурлын төгсгөлд  Жастин Капла “Би Монгол Улсын хууль журмыг зөрчсөн үйлдэл хийгээгүй. Үүнийг шүүх бүрэн нотлоосой гэж хүсч байна. Хоёр жил хилийн хориотой байсан болохоор энэ хугацаанд ар гэрийнхэнтэйгээ уулзсангүй. Хилийн хоригийг цуцалж өгөөч” гэв.

Бусад шүүгчдэгчид ч түүнтэй ижил саналыг хэлсэн юм. Ингээд шүүх хурал завсарлаж шүүгчид зөвлөлдсөний эцэст хэргийн нотлох баримт бүрэн үндэслэлгүй хэмээн мөрдөн байцаалтад буцаахаар болов.

Зураг