Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал өөрийн “Хакухо сан”-аараа дамжуулан Инчоны Азийн наадамд оролцох бейсболын баг тамирчдын замын зардалд зориулж 30 сая төгрөг хандивлалаа. Тэгвэл Хакухо аваргын бэлэглэсэн энэхүү мөнгийг “Хакухо сан”-гийн тэргүүн М.Батцэрэн, сангийн ерөнхий менежер Б.Батжаргал бейсболын баг тамирчдад гардуулан өгсөн юм.
Хандив гардуулах уулзалтад МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, ССАЖЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Бахытжан нарын спортын байгууллагын удирдлагууд, Монголын бейсболын баг тамирчид оролцлоо. 17 дахь удаагийн Азийн наадам БНСУ-ын Инчон хотноо есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд болно. Манай баг тамирчид энэхүү тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!