ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Будаевийн нэрэмжит тэмцээнээс З.Занабазар алтан медаль хүртжээ

Н.Болд
2014 оны 7 сарын 28
Монголын мэдээ

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, европийн болон азийн аварга, Дэлхийн цомын тэмцээний аварга, ЗХУ болон Буриадын Гавьяат тамирчин Б.Будаевийн нэрэмжит олон улсын залуучуудын ХХI дэх удаагийн тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд боллоо.

360 мянган рублийн шагналын сантай болсон энэ тэмцээнд ОХУ-ын Буриад, Тува, Хакасс улс, Красноярск, Кемерово, Эрхүү муж, Байгалийн чанадахь тойргийн болон БНХАУ, Киргиз, Монголын 17-20 насны 120 гаруй бөх оролцжээ. Буриад улсаас энэ тэмцээнд медаль хүртсэн бөхчүүдэд спортын мастер цол олгосон байна.

Тэмцээнийг Оросын бөхийн төрлүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олимпийн хошой, дэлхийн зургаан удаагийн аварга А.Фазаев, Красноярск мужийн шигшээ багийн дасгалжуулагч, дэлхийн хошой аварга В.Алексеев нар үзэж сонирхож ОХУ-ын эрэгтэй чөлөөт бөхийн 2015 оны аварга шалгаруулах тэмцээнийг Улаан-Үд хотод зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ тэмцээнд манай улсаас МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, БТСДуС-ийн багш Г.Пүрэвбаатар нар удирдсан 12 бөх барилдсанаас 55 кг-ын жинд “Арслан” клубын бөх, азийн өсвөрийн аварга Занданбудын Занабазар алт, 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх Гансүхийн Ганхөлөг, 55 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх Алтансүхийн Мөнх-Эрдэнэ, 66 кг-ын жинд”Арслан” клубын бөх Хуягбаатарын Хишигбат нар хүрэл медаль хүртжээ.

Зураг