ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

“МОНГОЛ РАЛЛИ”: Монголчууд биднийг шахан хавчиж байна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 7 сарын 28
iKon.MN

Адал явдалд дурлагч 500-гаад жуулчдыг нэгтгэсэн “Монгол ралли-2014” авто уралдаан өнгөрсөн долоо хоногт Лондоны Хайд паркаас хөдөлсөн билээ. Жуулчид нийт 20 гаруй орноор дайрч, 17 мянган км зам туулаад ирэх сарын 31-нд Улаанбаатар хотноо барианд орох учиртай.

Тус уралдааныг одоогоос 10 жилийн өмнө Английн иргэн Том Морган санаачилсан бөгөөд амь дүйсэн адал явдалт, бартаат замын уралдаан гэдгээрээ дэлхийн жуулчдын дунд ихээхэн алдартай. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд уралдаанд оролцогчдын тоо эрс нэмэгдсэн юм.

Энэхүү уралдаан нь манай улсыг зорих жуулчдын тоог өөд  нь татдаг давуу талтай ч уралдаанд оролцсон машинуудыг хандив нэрээр Монголд үлдээж, төмрийн сэг, агаарын бохирдлыг нэмэгдүүлэхээс цаашгүй гэж буруушаадаг иргэд ч цөөнгүй бий. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн есөн жилийн хугацаанд “Монгол ралли” уралдаан Монголчуудад төдийлөн эерэг сэтгэгдэл төрүүлж чадалгүй өдийг хүрсэн.

Энэ жилийн тухайд уралдааны бүрэлдэхүүн нэлээд өргөжиж 300 орчим баг оролцож буй аж. Өөрөөр хэлбэл, Монголын авто спорт сонирхогчид, иргэдийн нэрлэж заншснаар "төмрийн сэг" 300 ширхэг орж ирнэ гэсэн үг.

Тиймээс “Монгол ралли-2014” уралдаан гараанаас гарсан сургаар иргэд ч хэдийнээ олон нийтийн сүлжээгээр дургүйцлээ илэрхийлж эхлээд байна.

“МОНГОЛ РАЛЛИ” УРАЛДААНЫГ ИРЭХ ЖИЛЭЭС ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ

Өнгөрсөн есөн жилийн хугацаанд “Монгол ралли” уралдаанд оролцсон жуулчдын машиныг тус уралдааны Монгол талын зохион байгуулагч болох “Хөгжлийн төлөө адал явдал” ТББ хүлээн авч, худалдан борлуулаад орлогыг хандивын зориулалтаар зарцуулдаг тухай уг ТББ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Байгал хэлж байв.

Түүнчлэн тэрбээр “Монгол ралли” уралдаанд оролцогчдын машинд он заадаг бөгөөд бүгд хууль ёсны дагуу Монголд орж ирдэг. 

Нэгдсэн Вант Улс-Франц-Бельги-Герман-Чех-Австри-Словен-Хорват-Серби-Румын-Болгар-Турк-Гүрж-Армен-Азербайжан-Иран-Туркменистан-Узбекистан-Тажикистан-Киргизстан-Казахстан-ОХУ-Монгол Улс

Уралдааны эхний жилүүдэд машинуудыг хэрэгцээт газарт нь буюу гал команд, эмнэлэг зэрэг төрийн байгууллагад хандивладаг байсан бол сүүлийн жилүүдэд зах зээлийн үнээс харьцангуй хямд худалдаж, орлогыг хүмүүнлэгийн үйлсэд зарцуулдаг байсан" гэж хэлсэн юм.

Харин энэ жилийн тухайд уралдаанд оролцож байгаа 300 машинд оны хязгаар заагаагүй гэсэн мэдээлэл тархаад байна. Өөрөөр хэлбэл, 10, 20 магадгүй түүнээс ч дээш жилийн насжилттай машинууд Монголд орж ирэх нь.

"Монгол ралли" уралдааны үр дүнд нийт 4000 гаруй жуулчин манай улсад аяалж, зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан".

Энэхүү мэдээлэл үнэн, худал аль болохыг “Монгол ралли” уралдааны Монгол талын төлөөлөгч н.Шатараагаас тодруулсан боловч тэрбээр уралдааны талаар тэр дундаа энэ жилийн уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бодолгүй байна гээд цөөн асуултад дараах тайлбарыг өглөө.

-“Монгол ралли-2014” уралдаанд 800-гаад жуулчид оролцож байгаа гэж дууллаа. Бүрэлдэхүүний тухайд нэлээд өргөжиж. Яг хэчнээн баг Лондоноос хөдөлсөн бэ?

-800 биш л дээ.  “Монгол ралли-2014” уралдаанд 400-500 орчим жуулчид оролцож байгаа. Нийтдээ 300 баг гараанаас гарсан. Нэг баг дунджаар хоёр хүний бүрэлдэхүүнтэй байгаа.

-Энэ жилийн авто уралдаанд оролцож байгаа жуулчдын машинуудад оны хязгаар заагаагүй гэсэн. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Учир нь энэ жил орж ирэх машинуудыг Монголд үлдээхгүй, бүгдийг нь буцаан гаргах юм. Гаалиар ачаа тээвэрлэлт хийх асуудлуудыг нь яг одоо хөөцөлдөж, шийдвэрлэж байгаа.

-Яагаад буцаахаар болов. “Монгол ралли”-д оролцсон автомашинуудыг урьд жилүүдэд дандаа үлдээдэг байсан?

-Учир  нь “Монгол ралли” уралдааныг ирэх жилээс зохион байгуулахаа больж байгаа. Зохион байгуулагчдын зүгээс уралдааны талаарх мэдээллийг анхнаасаа иргэдэд зөв ойлгуулж чадаагүй. Тэр ч үүднээс уралдааны тухай сөрөг, таагүй, ташаа мэдээлэл маш их гардаг. Хэнд  ч хэрэггүй төмрийн сэг, хог оруулж ирж байна гэх мэт.

Үүнээс болоод Английн тал ч Монголчууд биднийг шахан гадуурхаж байна гэсэн ойлголттой болчихсон.

-Тэгвэл энэ жилийн уралдаан сүүлчийнх байх нь.

-Тийм.

 -Ер нь өнгөрсөн есөн жилийн хугацаанд “Монгол ралли” уралдаанаас хэдий хэр хэмжээний орлого олсон бэ. Орлогыг хандивын зориулалтаар зарцуулдаг гэдэг ч зорилтот бүлэгтээ очиж чаддаггүй гэсэн хардлага их байдаг.

-Бид өнгөрсөн есөн жилийн хугацаанд хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Жил бүрийн тайлангаа Монгол Улсын Засгийн газарт танилцуулдаг байсан.

Тэр ч бүү хэл Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлж ирсэн. Тус аймгийн гаалийнхан ч бидэн рүү жил бүр утасдаж, "Уралдаан хэзээ болох уу, машинууд хэзээ орж ирэх вэ?" гэж асуудаг.

“Хөгжлийн төлөө адал явдал” ТББ-аас өгсөн тайлан.

Орж ирсэн энэ бүх машин гаалийн онцгой татвар мөн дээр нь гаалийн татвараа НӨАТ-тай төлдөг байсан. Зарим хүн үүнийг буруу ойлгодог байж магадгүй. "Монгол ралли" уралдаан Монгол Улсын төсөвт хоёр тэрбум шахуу төгрөгийг оруулаад байгаа.

Тухайлбал, 2008-2012 онуудад манай байгууллага, Монгол Улсын төсөвт ойролцоогоор хоёр тэрбум төгрөг, Монгол Улсын төрийн ба төрийн бус байгууллагуудад 909,425,000 төгрөг бүхий 298-н автомашин, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн асрамжийн газрууд, хүмүүнлэгийн байгууллагууд түүнчлэн хөгжил боловсролын төслүүдэд 3,904,223,663 төгрөгийг тус тус хандивласан ба нийт  6,813,648,663 төгрөгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн.

Мөн өнгөрсөн хугацаанд дээрхи ажлын үр дүнд нийт 4000 гаруй жуулчин манай улсад аялж, зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан.

Тэрбээр ийн хариулсан юм.

Ийнхүү адал явдалд дурлагч жуулчдын сонирхлыг татдаг “Монгол ралли” уралдаан энэ жилээр төгсгөл болж, элдэв хийц, загвартай автомашинууд ирэх жилээс Монголд зочлохоо болих нь ээ.