Монголын шигшээ баг эхний тоглолтдоо ялалт байгууллаа
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийнхан 2015 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх эхний шатны тэмцээнээ амжилттай эхлүүллээ.
Энэхүү тэмцээн Гуамын Хармон хатын Үндэсний бэлтгэлийн төвд болж буй бөгөөд "Талын хөх чононууд” өчигдөр эхний тоглолтоо Умард Марианы арлуудтай хийж, эхний үед М.Төгөлдөр, С.Гал-Эрдэнэ, сүүлчийн хагаст Б.Дашням, А.Мөрөн нарын хийсэн гоолын ачаар 4:0-ээр буулган авлаа.
Энэ бол Монгол Улсын шигшээ багийн өчигдрийн тоглолтод оролцсон гарааны 11 тоглогчийн зураг бөгөөд ерөнхий дасгалжуулагч, серб мэргэжилтэн Воислав Бралушич 4-2-3-1 хувилбарыг сонгож, хаалгачаар Б.Ариунболд, хамгаалагчаар (Баруун талаас) Б.Мөнгөнтулга, Ц.Энхжаргал, Б.Гарьдмагнай, Г.Билгүүн, төвийн хагас хамгаалагчаар Х.Цэнд-Аюуш, А.Чинзориг, довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар Б.Дашням, М.Төгөлдөр, А.Мөрөн, ганц довтлогчоор С.Гал-Эрдэнэ тогложээ.
Сонины дугаар шилжих мөчид тоглолтын үр дүнгээс өөр мэдээлэл гадны ямар ч сайт дээр гараагүй байсан ч энэхүү мэдээллийг шигшээ багийн түлхүүр тоглогчийн нэг Х.Цэнд-Аюуштай холбогдож авсан юм.
Өчигдрийн хоёр дахь тоглолт Гуам, Макаугийн хооронд болж, 0:0-ээр тэнцсэн. Ингэснээр Монголын шигшээ баг хэсгээ гурван оноотой тэргүүлж эхэллээ. Манайхан 23-нд Гуамтай, 25-нд Макаутай хүч үзнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
