Ерөнхийлөгч соёолонгийн уралдаан үзэж уяачдын галд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөө өглөө эртлэн Хүй долоон худагт очиж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн уралдаанд Г.Тэмүүлэнгийн халтар түрүүлж торгон жолоо өргүүлэв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч азарганы уралдааны түрүү магнайг авсан Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбатын галд зочлов. Төрийн тэргүүн Д.Баянбатынд зочлохдоо өөрийнхөө хүлэглэдэг Амгалан төрийн Ажнай шарга азаргаа унаж очсон нь наадамчдын сонирхлыг ихэд татаж байсан юм.
Түрүү азарганы эзэн Д.Баянбат нь ХХ зууны манлай хүлэгч Данзаннямын Даваахүүгийн хүү юм. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэрээ ажнай хүлгүүдийнхээ магнайд тоосгүй нааддаг Д.Даваахүү, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй уяачидтай уулзаж морьдын уяа, газрын гарц, цаг агаар таатай сайхан байгаа талаар ярилцаж, наадамчин олонд баяр хүргэв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч азарганы уралдааны түрүү магнай "Наран солонго" хонгор азарганы уяан дээр очиж хүзүүнд нь хадаг уян мялааж, уясан эзэн, унаач хүүхдэд нь гарын бэлэг гардууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
