Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

М.Саруул-Эрдэнэ: Үнэнийг хэлэхэд үндэсний бичиг маань хамаагүй боловсронгуй...

Ч.Болортуяа
2014 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Зурагт, "Өглөөний хүн" булангийн зочин М.Саруул-Эрдэнэ доктор болон iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа нар, Арлингтон хотноо..., 2014 он

Хүний нутагт гүний хошуунд эх орныхоо нэрийг сайнаар гаргаж яваа олон залуутай тааралдах. 

iKon.mn сайтын "Өглөөний хүн" ярилцлагын булангийн ээлжит зочноор алс хол АНУ-д амьдран суугаа Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ багшийг урьсан юм. 

Монголоос ирсэн зочдод Дэлхийн хамгийн том номын ордон болох Конгрессийн номын санг баяртайгаар танилцуулж, улмаар ном, бичгийн соёлыг хөгжингүй оронд хэрхэн дээдлэн, авч явааг таниулах түүний чин хүсэл эндээс харагдах шиг.

Хэл шинжлэлийн талаар Монголдоо шинэ онол нэвтрүүлж, одоо ч оюутан, залуустай уулзаж лекц уншиж, тэдэнтэй санал бодлоо хуваалцахаар эх орон руугаа жил болгон яардаг М.Саруул-Эрдэнэ багшийн энгийн хэрнээ ихийг бодогдуулах ярилцлагыг уншигч танд хүргэж байгаадаа сэтгүүлч миний хувьд тун баяртай байна.

М.Саруул-Эрдэнэ доктор өдгөө АНУ-д Төрийн Департаментын Гадаад Харилцааны Дээд Сургуульд Монгол хэлний багш хийдэг бөгөөд тэрбээр бямба гариг бүр Конгрессийн номын санд МОНГОЛ номын танхимдаа ажиллаж Монгол ном хөтөлбөрийг үргэлжлүүлж яваа нэгэн юм.

"Өглөөний хүн" цувралын Вашингтон хотод хийсэн хоёр дахь ярилцлагыг маань хүлээн авна уу. 

Шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилж байна.


 ХҮҮХЭД БАЙХДАА ХӨЛ БӨМБӨГ ТОГЛОЖ ӨССӨН ГУРВАН ТАЛБАЙ МААНЬ ГУРВУУЛАА БАЙХГҮЙ БОЛСОН

- Хөл бөмбөгийн дэлхийн аваргын сүүлийн шатны тоглолтууд үргэлжилж байна. Таныг хөл бөмбөгийн хорхойтой гэж уншиж байлаа. 
- Тийм ээ. 1980- аад оны үед буюу намайг хүүхэд байхад хөл бөмбөг хамгийн түгээмэл спортын нэг байсан юм. Харин 1990 он гараад бөмбөг өшиглөдөг хүн ховор болсон. Сагсан бөмбөг рүү их урвасан хэрэг. Харин 2000 оноос манай залуучуудын дунд хөл бөмбөг эргээд моод болсон. Тэгэхээр хөл бөмбөг сонирхогчид үе тасарсан хоёр хэсэгтэй. Хуучин үеийн хөл бөмбөг сонирхогчдын тоонд би орно. 

Энэ хоёр үеийн хооронд их ялгаа бий. Сайн нь юу вэ гэхээр одоогийн сонирхогчид бүх талын эх сурвалжаас мэдээлэл авах боломжтой учраас илүү мэдлэгтэй болж байна. Харамсалтай нь маш муу нэг зүйл байна. Ингэж их мэдээлэл авснаар улам л их гэгээрсэн сонирхогчид төрөх ёстой байтал бидний үеийнхнээс ялгаатай нь өөрийн шүтдэггүй багаа үзэн ядах хандлага их ажиглагдаад байна. Их гайхалтай. Манай гэр бүлд гэхэд хоёр ахын маань нэг нь Бразил, нөгөө нь Аргентиныг шүтдэг. Би Германыг шүтдэг. Нэг нь Зико, нөгөөх нь Марадонаг шүтдэг байх жишээтэй. Харин би Литтбарскиг шүтдэг. Надад хэзээ ч Марадонаг эсвэл Зиког үзэн ядах сэтгэл байдаггүй байлаа. Гэтэл орчин үед Мессиг шүтдэг нь Роналдог үзэн яддаг, Роналдд дуртай нь Мессиг бараг л хөлбөмбөгч биш гэж боддог болчхож. 

- Ганцхан манай Монгол залуус ч биш байх аа. Гадныханд ч бас ийм байдал ажиглагддаг.
- Магадгүй. Америкчууд нэг их хөлбөмбөг сонирхдоггүй болохоор би сайн мэдэхгүй юм. Ямартай ч бидний үед эсрэг багаа тэгж үзэн ядах зүйл байсангүй. Мэдээж баалах, дооглох зүйл байна л даа. 

- Хөл бөмбөг үзэхээс гадна таныг тоглох дуртай гэж байсан. Анзаараад байхад таны насан дээр жингээ барих хэцүү зүйл. Харин та их хөнгөн шингэн юм. Хөл бөмбөг тоглодогтой чинь холбоотой байх.
- Тийм байх. Вашингтон хотод бид өөрсдийн лийгтэй. Дан монголчуудаас бүрдсэн зургаан баг байдаг юм. Намраас эхлээд хавар хүртэл тойроод тоглочихдог юм. Ням гариг бүрт тоглодог. 

Вашингтон хотод бид өөрсдийн лийгтэй. Намраас эхлээд хавар хүртэл тойроод тоглочихдог юм.

- Яг эндхийн зарчмаар тоглодог юм байна. Тийм үү?
- Тийм ээ. Ням гариг бүр тоглоод байгаа болохоор эрүүл мэндэд хэрэгтэй юм. Би хоёр хүүтэйгээ нэг багт тоглодог.

- Танай баг ямар нэртэй вэ?
- Бид энд Монгол Соёлын Төв байгуулаад ажиллаж байгаа. Түүнийхээ дэргэд “Монгол Соёлын Төв” гэж нэртэй багаа бүрдүүлсэн юм. Мэдээж спорт учраас өрсөлдөөд түүнээсээ таашаал авах нь чухал хэрэг. Хоёрдугаарт гадаадад байгаа Монголчуудын дунд энэ лийгийг үүсгэн байгуулсны хамгийн сайн юм нь бид хөл бөмбөгийн аварга болоод, медаль хүртээд байхаасаа илүү нийтийн эрүүл мэндэд их чухал. Манай залуучуудад их л сайн дасгал болдог байх.

Зурагт, "Өглөөний хүн" булангийн зочин М.Саруул-Эрдэнэ доктор болон iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа нар, Арлингтон хотноо..., 2014 он

- Улаанбаатарт ч бас хөл бөмбөгийн их сайхан талбайнууд бий болж байгаа. Залуучууд маань хөл бөмбөг тоглож чөлөөт цагаа сайхан л өнгөрөөдөг болж байна.
- Тийм байна лээ. Сүүлд Монголд очихдоо хөл бөмбөгийн талбайнууд байгуулагдсанд их баярласан. 2006 онд Монголд очихдоо маш их харамсаад буцаж байлаа. Би өөрөө хүүхэд байхдаа VI сургуулийн талбайд хөл бөмбөг тоглож өссөн юм. Харамсалтай нь тэр газар барилгын ажил эхэлчихсэн байсан. Яг манай байрны хажууд байдаг, мөн л тоглож өссөн Орос III сургуулийн талбай дээрээ очтол бас л маш том барилга барьж байсан. Ингээд гурав дахь талбайгаа харах гээд XXXI сургууль дээр очтол аанай л барилга барьж байлаа. Нүднээс нулимс гарах шахсан шүү.

Хүүхэд байхдаа хөл бөмбөг тоглож өссөн гурван талбай маань гурвуулаа байхгүй болж байсан. Хүүхдүүдийн тоглодог хөлбөмбөгийн талбайг сөнөөгөөд хэчнээн сайхан барилга барьсан ч энэ бол ухрал болохоос, дэвшил биш. 

Хүүхдүүдийн тоглодог хөлбөмбөгийн талбайг сөнөөгөөд хэчнээн сайхан барилга барьсан ч энэ бол ухрал болохоос, дэвшил биш. 

Харин сүүлд 2009 оноос эхлээд энэ тэнд хөл бөмбөгийн их гоё талбай бий болоод эхэлсэн. Би Монголд жил болгон очдог. Мөнгө төлөөд тоглочхож болохоор их гоё талбайнуудтай болсон байна лээ.

- Ерөнхий боловсролын сургуулиудаас хамгийн гоё талбайтай нь V сургууль. Хамгийн алдартай нь шүү дээ.
- Том 11- ийн талбай юу?

- Тийм.
- Ямар сайн юм бэ.


М.Саруул-Эрдэнэ докторын ярилцлагыг бэлтгэж байх зуур түүний фэйсбүүкээс энэ зураг анхаарал татан цаг үеийн сонирхолтой зураг учраас орууллаа. Түүний гэр бүл Германы шигшээ багийг чин сэтгэлээсээ дэмждэг ба өнөөдөр үүрийн тоглолтын үеэр ийнхүү дурсгалтай зураг татуулжээ. 

М.Саруул-Эрдэнэ багш энэхүү зурагтаа "Манай гэр нурж уналаа. Хөршүүд айгаад бүгдээрээ гараад явчихлаа" хэмээн пост хийжээ. 

М.Саруул-Эрдэнэ докторын фэйсбүүкээс нь ашиглав. Өнөөдөр өглөөний Герман -Бразил тоглолтын үеэр тэдний гэрт "халуухан" үйл явдал өрнөжээ. 2014.7.9

 - Хөгжингүй оронд ирээд харахаар хотын хөгжил гэдэг өндөр байшингаасаа гадна иргэдийнхээ амрах, чөлөөт цагаа эрүүлээр өнгөрөөх газруудыг олноор бий болгож чадаж байна. Хот дотроо онгон байгалийн төрхөө хадгалсан цэцэрлэгт хүрээлэнгүүд нь үнэхээр сайхан юм.

- Бид анх Америк гэхээр л Нью-Йорк, Лос-Анжелес шиг өндөр байшин л төсөөлөөд байдаг. Харин Вашингтонд өөр. Хараад байхад бид олон нийт, хамт олон гэдэг зүйлийг мартсан улс бололтой. Нэг хотхон, хороолол гэдэг бол нэг хамт олон. Тэгэхээр энэ хамт олонд ойрхон хүрчих заавал нэг спортын цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн байх ёстой. Түүнийг нь хуулиндаа тусгачихдаг учраас АНУ-д зөрчих боломжгүй.

Харин Монголд нэг сургуулийн захирал нь мэдээд хашаандаа барилга бариулчихдаг гэж байна. Гэтэл энд бол юун захирал нь тэр газрыг мэдэх. Тийм зүйл огт байхгүй. Хуулиа дагадаг, юу нь хэний өмч вэ гэдгээ мэддэг. Мөн хэзээ ч ногоон байгууламж руугаа халддаггүй. Халдах ч шаардлага байхгүй, яагаад гэхээр АНУ газар нутаг томтой. Уг нь бол Монгол ч бас газар нутаг томтой шүү дээ. Тиймээс шавж биш тэлж хөгжих боломж нь баймаар л юм.

БИДЭНД ХЭН, ХЭЗЭЭ МӨНГӨ ӨГӨХ БОЛ ГЭЭД ХҮЛЭЭГЭЭД СУУСАН БОЛ МОНГОЛ СУДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНД ИНГЭЖ ЭХЛЭХГҮЙ Л БАЙЛАА

"Өглөөний хүн" булангийн зочин М.Саруул-Эрдэнэ доктор, Арлингтон хотноо..., гэрэл зургийг Ц.Цогоо

- Монгол судлалын хурлыг жил болгон АНУ-д зохион байгуулж байгаа юм билээ. Энэ хурлынхаа талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
- 2007 онд Вашингтон орчмын Монгол судлал, соёлын талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хэсэг залуу нийлээд Монгол Соёлын Төв байгуулсан юм. Үндсэн хоёр зорилготой.  Нэг нь Монголчууддаа АНУ-ын соёлыг танилцуулах явдал байлаа. Тухайн үед АНУ-д монголчууд маань олноороо нүүж ирдэг байсан. Тэр хүмүүст туслах зорилготой, хэл заах, шинэ газар орныг нь таниулах гэх мэт үйл ажиллагаа явуулдаг байлаа. Нөгөөх нь Америкт Монгол соёлыг танилцуулж, сурталчлах зорилготой байгуулагдсан юм.

Байгуулагдсан жилдээ эхлүүлсэн хоёр том ажил маань одоо хүртэл үргэлжилж байна. Нэг нь Олон улсын Монголч эрдэмтдийн бага хурал. Нөгөөх нь Монгол хүүхдийн зуслан. Энэ хоёр бидний жил бүр хийдэг даацтайхан том ажил маань. Монголч эрдэмтдийн хурлыг гэхэд бид энэ жил найм дахь удаагаа зохион байгууллаа.

Анх энэ хуралд зөвхөн АНУ-ын Монголч эрдэмтэд ирдэг байсан. Харин сүүлдээ томроод Түрк, Солонгос, Израйль, Орос зэрэг улсаас зочид ирж оролцдог болж байна. Яагаад энэ хурлыг хийдэг вэ гэхээр Монгол судлал гэдэг зүйл АНУ-д бараг унтрах гээд байна. Харин түүний галыг бид өрдөж өгөх, асаах хэрэгтэй байгаа юм. Монголч эрдэмтэд хийсэн ажлаа тайлагнах, бусадтай хуваалцах газар бараг байхгүй. Хэдхэн болдог хурлууд нь сонсогч багатай, анхаарал бага татдаг учраас бид одоогийн хурлаа их ач холбогдолтойд тооцон, хичээн ажилладаг. Монгол Улсын Элчин сайдын яамтайгаа хамтарч зохион байгуулж байна. 

Монголч эрдэмтэд хийсэн ажлаа тайлагнах, бусадтай хуваалцах газар бараг байхгүй. Хэдхэн болдог хурлууд нь сонсогч багатай, анхаарал бага татдаг

- Монголч эрдэмтдийн тооны хувьд ямар өөрчлөлт байдаг вэ. Нэмэгдэх, хасагдах?
- Социализмийн үетэй харьцуулахад Монгол судлал багассаар байгаа. Яагаад гэхээр АНУ гэхэд илүүтэйгээр дайснаа судлах сонирхолтой байдаг. Социалист улсууд илүү найзуудыгаа судлах сонирхолтой байдаг. Тиймээс Монгол судлал 1970-1980 оны үед их сайн хөгжиж байсан. Яагаад гэхээр бүх социалист улсад Монгол судлалын ямар нэг танхим ажиллаж байсан байдаг. Харин капиталист улсууд чинь дайснаа илүү судалдаг учраас АНУ-д жишээ нь Монгол судлал хөгжиж байж. Одоо харин буурсаар байна. 

- АНУ дахь Монгол судлал буурч байгаагийн шалтгаан, үүнээс үүдэх сөрөг тал нь юу вэ?
- Шалтгаан бол ойлгомжтой. Монгол АНУ-тай адилхан ардчилсан улс. Нөгөө их мөнгө, судалгааны хараа дарангуйлагчтай, алан хядагчтай улсуудыг судлах, хуучин коммунист хэвээрээ байгаа улсууд руу чиглэж байна.

Монгол судлал багасахын сөрөг тал нь нэгдүгээрт Монгол судлаач нар ажилгүй болно. АНУ-аас мөнгө зарцуулахаа больчихвол, ажил олдохгүй юм бол монгол судлалаар хүмүүс суралцахаа болих болно. Ингээд Монгол судлаач нар байхгүй болно гэсэн үг. За тэгтэл, Монголтой холбоотой ямар нэгэн шийдвэрийг АНУ-ын Конгрессоос гаргах хэрэгтэй боллоо гэж бодъё. Сенатчид иймэрхүү том асуудал дээр заавал судлаач, мэрэгжилтний үгийг сонсдог юм. Тэгтэл нэгэнт монгол судлаач ховор болсон тул орос эсвэл нэг хятад судлаач орж ирээд Монголын тухай ярих хэрэгтэй болно. ​Монгол судлаач байхгүй болох эцсийн үр нөлөө их харамсалтай харагдаж байгаа биз.

- Монголч эрдэмтдийн хуралд та өөрөө жил болгон илтгэл тавьдаг уу?
- Янз бүр. Би өөрөө өөрийнхөө биш, бусад хуралд илтгэл тавих илүү сонирхолтой. Учир нь энэ хурлыг манай баг өөрсдөө гардан зохион байгуулдаг учраас маш завгүй байдаг. Зохион байгуулалтын ажил нэн их. Сонгон шалгаруулалтаа хийнэ. Монголоос болон бусад гадаад улсаас олон хүн ирдэг. Тэдэнд урилга явуулахаас эхлээд их ажилд дарагдчихдаг юм. Тиймээс би барагтаа илтэл тавьж амждаггүй. Бид нар Засгийн газраас нэг ч мөнгө авч үзээгүй. Дандаа өөрсдийнхөө зардлаар хийж байна.
 
- Хувиасаа гэсэн үг үү?
- Анх хувиасаа гаргаж байсан. Одоо ивээн тэтгэгч нартай болчихсон. 

Бидэнд хэн, хэзээ мөнгө өгөх бол гээд хүлээгээд суусан бол энэ хурал, Монгол судлалын үйл ажиллагаа энд ингэж эхлэхгүй л байлаа. Хамгийн анхны хурлаа гэхэд удирдах зөвлөлд байсан долоон хүн тус бүр 100 ам.доллар гаргаад 700 долларт багтааж хоёр өдрийн хурал зохион байгуулж байлаа.

Хоёр өдрийн хоол, өглөөний цай, хурлын материал гээд аль бүхнээ эвтэйхэн, чанартай, амжилттай зохион байгуулсан. Хурлаа цаашид төсөвгүй гэдэг шалтгаанаар зогсоохгүйн тулд өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг системийг хайж эхэлсэн. Тиймээс эндхийн хурлуудын зарчмаар буюу оролцож байгаа хүмүүс нь мөнгө төлдөг зарчмыг сонгосон. Хамгийн сайн зүйл нь юу вэ гэхээр манай анхны хурал их сайн болсон юм. Тэгээд л хүмүүс дэмжээд хандив өгч эхэлсэн хэрэг.

Одоо хоёр гол хандивлагчтай. “Пирамид Гранит” компанийн Маналжавын Дэлгэрцогт, бас Санж Алтан гээд Америкийн Монголчуудын Соёлын Холбоог бүр социализмын үед, Хангин Гомбожавтай нийлэн байгуулсан халимаг цустай монголч эрдэмтэн байдаг.  Энэ хоёр хүн маань жил болгон бидний хурлыг ивээн тэтгэж байна. Гэхдээ хөрөнгө санхүү маань тийм ч хангалттай биш учраас одоо хүртэл бид хурлын материалаа хэвлүүлж чадахгүй л байгаад байна. Хурлуудын маань материал цуглаад л яваад байгаа. Шинэ байгуулагдсан Монгол судлалын сангийн үйл ажиллагаа жигдрэхээр хурлыг маань дэмжих байх аа. 

- Энэ жилийн хурлын хамгийн сонирхол татсан илтгэлээс танилцуулахгүй юу?
- Би өөрөө хэл, уран зохиолын хүн учраас Саймон Уикхам Смит гэж Монголын уран зохиолыг англи хэлэнд орчуулдаг судлаачийн илтгэл сонирхол татсан. Сэдэв нь Вэймарын Бүгд Найрамдах улсын (ВБНУ) Монголын шинэ үеийн утга зохиолд үзүүлсэн нөлөө. ВБНУ гэдэг нь 1919-1933 он хүртэл Германд тогтож байсан Гитлерийн өмнөх засаглал. Анх үүнийг сонсоход их хачин сонсогдохоор. Яахаараа тэр Веймарын үеийн урлаг Монголын шинэ үеийн утга зохиолд нөлөөлдөг байна аа гэж бодмоор. 

Вэймарын үеийн урлаг Д.Нацагдоржид нөлөөлсөн нь тодорхой юм бол Монголын орчин үеийн утга зохиолд шууд нөлөөлсөн гэсэн үг.

Тэгсэн Саймоны тавьсан илтгэлээр бол үнэхээр манай Монголд нөлөөлсөн байх магадлал маш өндөр санагдсан. Яагаад гэхээр 1927 онд манай сэхээтнүүд Герман явцгаасан. Яг Германд очих тэр үед Веймарын үзэл суртал, урлагийн шинэчлэл мандаж байсан үе байж. Манай хамаг томчууд Д.Нацагдорж, Д.Намдаг Наваан-Юндэн гээд энэ жагсаалт үргэлжилнэ, тэгэхэд очиж суралцсан байгаа юм. Тухайн үеийн Веймарын урлаг, уран сайхны гол философи нь үхэл, мөн хар гариг, од эрхэс, уран зөгнөл, психоанализ гэсэн сэдвүүд болж байсныг дэлгэж гаргаж ирээд энэ нь Д.Нацагдоржийн зохиолд нөлөөлсөн байна уу гээд харахаар бүгд нөлөөлсөн байдаг юм билээ. Д.Нацагдоржид нөлөөлсөн нь тодорхой юм бол Монголын орчин үеийн утга зохиолд шууд нөлөөлсөн гэсэн үг.

Энэ илтгэл маш сонирхолтой. Саймоныг манай утга зохиолынхон андахгүй. Орчин үеийн Монгол яруу найргийг англи хэл рүү орчуулж байгаа гол хүн. 

- Та одоо ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?
- Хоёр ном орчуулж дуусгалаа. Миний үндсэн хийдэг судалгаа бол Монгол хэлэнд гарч байгаа өөрчлөлтүүдийг судалдаг. Яг одоо болж байгаа өөрчлөлтүүдийг судалдаг. Энэ ажил одоогийн хийж байгаа ажилд маань их дөхөм байдаг юм. Би энд Монгол хэлний багш хийдэг. Гэхдээ яг одоо гарч байгаа өөрчлөлтийг судалж байгаа ч үүнийг хийхийн тулд бүр эрт үеэс нь Монгол хэл яаж өөрчлөгдөж ирснийг судлах хэрэгтэй байдаг. Түүхэн хэл зүй судлах хэрэгтэй гэсэн үг. 

- Хэдийгээр таны үндсэн мэргэжил хэл шинжлэл ч түүхтэй яах аргагүй холбогдчихдог юм байна. Тийм үү?
- Хэл шинжлэл хамгийн түрүүнд утга зохиолтой заавал холбогдоно. Мөн түүхтэй холбогдоно. Гэхдээ би аль болох хилээ давахгүйг хичээдэг. Хэл шинжлэл дотроо барихыг хичээдэг. Хэл шинжлэлийн бус улс хэл ярихаараа таг буруу тийш нь яваад байгаа учраас өөрөө тэгчихгүйн тулд мэдэхгүй сэдвээрээ аль болох оролдохгүйг хичээж байна.

- Таны зохион байгуулдаг Монголч эрдэмтдийн хурал аль салбар руу түлхүү хазайж байна. Түүх, утга зохиол ...?
- Уламжлалт Монгол судлал гэж ойлголт байдаг. Уламжлалт Монгол судлалд түүх, хэл шинжлэл, утга зохиол, археологи, шашин судлал гэх мэт ордог юм. Харин Орчин үеийн Монгол судлал гэдэг их сонирхолтой болчихсон байгаа. Эдийн засаг, улс төр, уул уурхай гээд Монголын тухай бүхий л зүйлийг хамруулах их өргөн ойлголт болоод байна. Манай хурал аль болох уламжлалт судлалаа барихыг хичээдэг. 

МОНГОЛ БИЧГЭЭ МЭДДЭГ ХҮН БОЛ ДӨРВӨН ҮСЭГ ХАСАХЫГ ДЭМЖИХ Л БАЙСАН. ДААНЧ ИХЭНХ НЬ ИНГЭЖ БОДОЖ ЧАДСАНГҮЙ

Зурагт, "Өглөөний хүн" булангийн зочин М.Саруул-Эрдэнэ доктор болон iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа нар, Арлингтон хотноо..., 2014 он

- Хэл шинжлэлийн талаар яриагаа эхэлье. Хамгийн сүүлийн дуулиан буюу эргэлзээтэй бичигддэг 700 үгийн жагсаалтын тухайгаас яръя. 
- “Зугаатай хэл шинжлэл” гээд фэйсбүүкийн бүлэг хөтлөөд явдаг юм. Тэр бүлэг дээр нэг уншигч маань эргэлзээтэй бичигддэг 700 үгийн нэг болох “зөвлөгөөн” гэхийг “зөвлөлгөөн” гэж шийдсэн байна гэдэг юм байна. Яаж ч бодсон хэлний зөвлөлийнхөн “зөвлөгөөн” гэдэг үгийг “зөвлөлгөөн” гэж бичмээргүй юм гэж санаад хэлсэн вэб сайт руу нь ороод хартал үнэхээр “зөвлөлгөөн” гэж байсан. Ингээд гайхаад байж байтал анх сайдын гарын үсгээр баталгаажсан эхийг нь манай бүлгийн нэг зохицуулагч оруулахад нь харсан чинь “зөвлөгөөн” гээд зөв бичсэн байсан. Тэгсэн харин вебсайтууд руу файлаар буюу PDF-ээр тараасан нь олон алдаатай байсан юм билээ. Шивсэн хүн нь маш их алдаад биччихсэн байна лээ. 

Энэ маш их аюултай. Хамгийн наад зах нь тэр алдаатай файлаар тарсан хувилбараас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид харж байгаа. Тэгээд л элсэлтийн шалгалтандаа тэр буруу хувилбараар нь бичээд алдаанд тооцогдоод дүн нь хасагдах зүйл болохыг үгүйсгэхгүй. Аль хэдийнээ ийм зүйл болсон байлгүй. 

- 700 үг дотор хүлээн зөвшөөрөх боломжгүй гурван үг байгаа гэж та өмнө нь уулзахдаа хэлж байсан даа. Үүнийгээ уншигчдад маань тайлбарлаж өгөхгүй юу?
- Энэ чинь бас яг 700 үг биш шүү. Хүмүүсийн дунд 700 гээд алдаршчихсан л болохоос тоолоод үзэхээр 400 орчим үг байгаа. 

Энэ эргэлзээтэй үгнүүдийг 1983 онд Ц.Дамдинсүрэн гуай энүүгээр нь явъя гэж тогтоосон байдаг.

- Тийм үү. Ерөөсөө тоолж үзээгүй юм байна. 
- Манайхан ер нь их цуурхлаар амьдрах юм. 400 үгийг 700 гэх нь ч дүүрч. Гадаад үгийг хэрхэн бичихтэйгээ нийлээд 700 болж байгаа байх. Хамгийн сонирхолтой нь дүрэм ингэж өөрчлөгдсөн байна гээд цуураад байх юм. Хаана, ямар дүрэм өөрчлөгдсөн байна гэхээр түүнийг нь үндэслэлтэй гаргаж ирж байгаа хүн нэг ч байхгүй. Яаж дүрэм өөрчлөгдсөн байна гэдгийг гаргаад ирэх нэг ч хүн байхгүй мөртлөө үгийг өөрчиллөө л гээд яриад байдаг.  XXI зуун гарчихаад байхад цуурхлаар амьдарсаар л байна.  Гэтэл 1983 оны дүрмийг огт өөрчлөөгүй л явж байгаа. 

- 1983 оны дүрэм мөрдөгдөж байгааг танаас АНУ-д ирээд л сонсож байна. Хамгийн харамсалтай нь ахмад настай, өндөр боловсролтой хүмүүс хүртэл дүрэм өөрчлөгдөөд, үгийг өөрөөр бичдэг болоод байна гэж яриад байхаар нь бид юу хэлэх вэ. Жишээ нь миний аав, ээж “хэчнээн” гэдэг үгийг “хичнээн” гэж сурсан хүмүүс. Тэд сүүлд энэ үгийг солиод “хэчнээн” болголоо л гэж бодож яваа.
- Янз бүрээр бичээд байсан нэлээд үгийг 1983 онд Да багш нэг мөр болгосон юм. Тэгэхээр тэгж ярьж буй ахмадуудын хувьд 1983 оноос өмнө боловсрол авсан хүмүүс л байгаа байх. Хүмүүс ардчилалтай холбоод байдаг. 1990 он гараад л үгийг өөрчилсөн юм шиг яриад байгаа юм. Гэтэл энэ эргэлзээтэй үгнүүдийг 1983 онд Ц.Дамдинсүрэн гуай энүүгээр нь явъя гэж тогтоосон байдаг. Бүр Ю.Цэдэнбал даргыг буугаагүй байх үеийн юм шүү дээ. Дэгдээхий, эрвээхий зэрэг одоо хүмүүсийн маргаан болоод байгаа үгнүүдийг бүр тэгэхэд л  шийдсэн юм шүү дээ. Өмнө нь “дэгдээхэй, эрвээхэй” гэж бичдэг байсан. 

- Одоо ч ингэж бичдэг хүмүүс олон. Эрвээхэй, дэгдээхэй гэж.
- Хуучнаараа л яваад байна гэсэн үг. Яагаад гэхээр бид “мэлэхэй, дэлэхэй” гэж бичдэггүй биз дээ. Хуучин Монгол бичгээ мэддэг хүмүүс бол дор нь ухаарна. Монгол бичгийн тэр “хэй” залгаврыг кирилд дандаа “-хий” гэж буулгасан юм. Гэтэл “эрвээхий, дэгдээхий” хоёрыг л “хэй”-тэй бичээд сурсныг Ц.Дамдинсүрэн гуай 1983 онд зөв болгосон байдаг юм. Тухайн үед энэ өөрчлөлтийг зарим багш нь ойлгоод, зарим нь хуучнаар нь явснаас болж өнөөдрийн энэ маргаан үүссэн юм уу даа. Миний хувьд 1984 онд дөрөвдүгээр ангийн сурагч байсан. Манай багш энэ бүх өөрчлөлтийг бидэнд тодорхой зааж өгч байлаа.  

Гэтэл “эрвээхий, дэгдээхий” хоёрыг л “хэй”-тэй бичээд сурсныг Ц.Дамдинсүрэн гуай 1983 онд зөв болгосон байдаг юм.

Багш болгон энэ өөрчлөлтийг авч хүүхдүүдэд заагаагүй нь алдаа болж. Хүмүүс үүнээс үүдээд үг өөрчлөгдөөд байна л гэж ойлгоод байна. Зарим хүн надаас “танай хэл шинжээч нарт чинь хийх ажил байхгүй болоод ингээд үг өөрчлөөд байдаг юм уу” гэж хүртэл асууж байх шиг. Ц.Дамдинсүрэн гуайн тэр 1983 онд гаргасан номыг л олоод харчих хэрэгтэй. 

- 2012 онд гарсан энэ үгсийн жагсаалт Ц.Дамдинсүрэн гуайн 1983 онд хийсэн өөрчлөлтүүдтэй үгний хувьд хэр давхцал байгаа вэ. 1983 онд нэг мөр болгосон үгнүүдийг давтаад сая гаргасан гэсэн үг үү? 
- Ихэнх нь 1983 оных. Зарим нэг нэмэлт үгнүүд байгаа. Энэ дотор нь миний хэлээд байгаа асуудалтай гурван л үг бий. “Цээж” гэдгийг “чээж” болгох ямар ч хэрэггүй. “Жижгэрэх” гэдгийг “жижгирэх” гэж их буруу тогтоосон байна лээ. ​Гуравт, “эмхэтгэл”, “цомхотгол” хоёрыг эгшигтэйгээр тогтоосон нь өнгөц харахад сайн боловч С, Х-ын араас Т, Ч эгшиггүй орно гэдэг дүрмээ зөрччихсөн байна. Бусад үгс нь бол хүн тэгтлээ шүүмжлээд байхааргүй боломжийн л харагдсан.
 
- “Бүжин” гэхийг “бөжин” гэсэн байна лээ. Уг нь “бүжин” нь бидний үзсэн үг шүү дээ.
- “Бөжин” гэх нь зөв. Манайхан энэ нэг мөр болгож байгаа үгнүүдээ яагаад ийм болж байгааг огт тайлбарлаж өгдөггүй нь хүмүүсийн дунд янз бүрийн эргэлзээ төрүүлээд байх шиг байна. Аливаа зүйлд олон нийтэд таниулах сурталчилгаа их чухал. Хэдэн үгийн жагсаалт гаргаад л хаячихдаг. Түүн дээр нь хүмүүс маргалдаад бөөн хэлэлцүүлэг үүсгээд байдаг. Миний хувьд олон нийтийн сүлжээтэй их ойр болохоор аливаа үгнүүдийг чадлаараа тайлбарлаж өгөөд л явж байна. Яг үнэндээ энэ 700 үг нэртэй үгнүүдийг тайлбарлаж, PR хийх ажлыг нь би олон нийтийн сүлжээнд сайн дураараа хийж өгөөд л явж байна /инээв/.

“Бөжин” гэдгийн хувьд Монгол бичигт “ө”, “ү” адилхан болохоор зарим үгэн дээр “ө”, “ү”-г холиод явчихсан. Үнэн хэрэгтээ “бүжин” гэвэл язгуур нь бүжиглэх, бүжих гэдэг утгатай болно. Гэтэл “бөжин” чинь бүждэг гэхээсээ илүү “бөндгөр, бөөрөнхий, бөөр” гэсэн “бө-“ язгуураас гаралтай. Тиймээс “бөжин” гэх нь зөв. 

Яг үнэндээ  эрдэмтэд үгийг солиод, өөрчлөөд байгаа юм биш. Хоёр, гурван янзаар бичээд байгаа үгийг нэг мөр бичих, аль нэгийг нь сонгох тухай л яриад байгаа юм.

Яг үнэндээ эрдэмтэд үгийг солиод, өөрчлөөд байгаа юм биш. Хоёр, гурван янзаар бичээд байгаа үгийг нэг мөр бичих, аль нэгийг нь сонгох тухай л яриад байгаа юм.

Хүн болгон өөр өөрийнхөөрөө бичээд сурчихсан. Түүнээс нь гажихаар үг солилоо, шинэ дүрэм гаргалаа гэж андуураад байна. Ямар ч тохиолдолд хүмүүсийн гомдол бол тасрахгүй. Яагаад гэхээр бид Монгол бичигтэй байж байгаад кирил үсэгт шилжээд тун удаагүй, манай үндэсний бичиг биш болохоор маргаан тасрахгүй. 1941 онд кирил үсэгт шилжүүлэх шийдвэр гараад 1946 онд шилжсэн шүү дээ. 1951 онд анхны хэвлэмэл дүрмийг Ц.Дамдинсүрэн гуай гаргаж байсан. 1951 онд гарсан ч гэсэн хүн болгон түүнийг нь уншаад дагана гэж байхгүй. Тэгээд зарим нь “хичнээн” гэж бичээд дадчихсан, зарим нь “хэчнээн” гээд сурчихсан байгаа. Аль нэгийг нь сонгоод стандарт болгохоор нөгөөхөөр бичдэг улс “солилоо, өөрчиллөө” гээд гомдол тавиад байдаг юм. Солиогүй, нэгийг нь сонгож байна гэдэг зарчмын том ялгаа байгаа биз. 

- 35 үсгээс дөрвийг нь хасах тухай нэлээд шуугиад өнгөрлөө. Та ямар байр суурьтай байсан бэ?
- Хүмүүсийн шүүмжлэл их байсан. Энэ талаар яриад эхлэхэд л улс төртэй хутгаад энэ дөрвөн үсгийг үлдээхээс өөр аргагүй болж байгаа нь харагдсан. Үсэг зүйн хувьд мэргэжлийн нүдээр харахад энэ дөрвөн үсгийг хасах нь маш зөв өөрчлөлт байсан юм. “Щ” гэхэд манай Монгол хэлэнд ямар ч хэрэггүй. Анх кирил үсгийг Монголд авахад Ц.Дамдинсүрэн гуай цаанаасаа их дарамтанд байсан юм шиг байгаа юм. Аугаа их Оросын 33 үсгийн энэ нь манайд хэрэггүй гээд гоочлох, хасах юм бол улс төрийн хувьд хүнд асуудал болно шүү дээ. 1940-ээд онд улс төрийн хэлмэгдүүлэлт дуусаагүй байсан үе. Тэгэхээр 33 үсгийг бүгдийг нь авах хэрэгтэй болсон байх. Щ, ь, ъ гээд ы-г хүртэл бүгдийг нь авсан байдаг.

Ц.Дамдинсүрэн гуайг би хувьдаа маш мундаг зүйл хийсэн гэж боддог. Зарим нэг нь түүнээс болж Монгол бичгээ орхисон, хаясан гэж хүртэл ярих юм. Гэтэл манайд хэрэглэдэггүй дээрх үсэгнүүдэд хүртэл ямар нэг үүрэг оноож өгсөн байдаг. Хэцүү л ажил байсан байх учиртай. Хэрэггүй үсгийг хэрэгтэй болгох гэж чармайсан байна шүү дээ. Энэ дөрвөн үсгийг хасах тухай яриа гарахад нийтээрээ босох дайны шахуу зүйл ажиглагдсан. Энэ юуг харуулж байна вэ гэхээр хүн нэг зүйлдээ дасчихвал тэр зүйлдээ их үнэнч байдаг юм байна. Шинэчлэлтэд бэлэн хүн гэж их ховор. Тэгэхээр зарим хэрэгтэй шийдвэрийг улстөрчид иргэний зориг гаргаад шийдэж л байх хэрэгтэй. Анх Монгол бичгээс кирил рүү шилжинэ гэхэд ард нийтээр хэлэлцүүлсэн бол хэд нь дэмжих байсан бэ. Бас л эргэлзээтэй шүү дээ. 

- Олон нийтийн сүлжээ дэх илрэл ийм байсан ч дөрвөн үсгийг хасах нь зөв гэсэн хүн бас цөөнгүй байсан байх. 
- Монгол бичгээ мэддэг хүн бол дэмжих л байсан. Даанч ихэнх нь ингэж бодож чадсангүй. 

- Одоо өргөн барьсан Монгол хэлний тухай хуулийн төсөлд 2025 оноос төрийн албан хэргийг үндэсний монгол бичгээр хөтөлж эхлэхээр тусгаад буй. Та үүнийг дэмжиж байгаа юу?
- Дэмжиж байгаа. Ерээд оны үед ч монгол бичигтээ буцаад шилжих тухай ярьж байхад би үүнийг дэмжсэн цөөнхийн нэг байсан. Би өөрөө монгол хэлний багш учраас кирилээр бид дүрмээ дагаад явбал уг нь зөв бичээд яваад байж болно. Гэхдээ үнэнийг хэлэхэд үндэсний бичиг маань хамаагүй боловсронгуй. Олон зуун жил боловсорчихсон бичиг шүү дээ. 

 Гэхдээ үнэнийг хэлэхэд үндэсний бичиг маань хамаагүй боловсронгуй. Олон зуун жил боловсорчихсон бичиг шүү дээ. 

- Таны докторын зэрэг хамгаалсан сэдэв их сонирхолтой юм билээ. Бид өөрсдөө ч ажиглаагүй байхад хэл гэдэг зүйл маш их хувьсан өөрчлөгдөж байгаа. Үүнийг судлах явцад сонин зүйлүүд их ажиглагддаг байх.
- Докторын ажилд маань туссан нэг чухал зүйл нь хэл шинжлэлд “Аяндаа цэгцрэх тогтолцооны онол”-ыг нэвтрүүлсэн явдал юм. Энэ онол манай физик, цаг уурын шинжлэлд нэвтэрчихсэн байсан. Үүнийг би анх хэл шинжлэлд оруулж ирсэн. Хэл зүй гэдэг зүйл бидний хамааралгүйгээр өөрөө өөрчлөгдөж байдаг. Өөрөө өөрийгөө зохицуулаад явж байдаг гэсэн үг.  Хэл хэрхэн, бас яагаад өөрчлөгдөөд байна гэдгийг дээр хэлсэн “Аяндаа цэгцрэх тогтолцооны онол”-оор судлах ёстой юм байна гэдгийг гаргаж тавьсан. 

- Манайдаа бол шинэ ойлголт байжээ. 
- Тийм. Одоо үүнийг хэл шинжлэлд өргөн хэрэглэдэг болсон байна. 

- Хэл шинжлэлд гарч байгаа түгээмэл өөрчлөлтөөс та дурдахгүй юу?
- Жишээ нь нэг утгыг илэрхийлэх хоёр хэлбэр хоорондоо өрсөлддөг байна. Биологийн шалгарал шиг. Тухайлбал, өгөх, оршихын “д”, “т” нөхцөл, “аа”, “ээ” гээд нөхцөл байдаг даа. Хотноо гэхээс илүү хотод гэхийг түлхүү хэрэглээд эхэлж байна. Танаа гэхээс илүү танд гэдгийг илүү ашиглаад ижил хоёр утга илэрхийлж байгаа хоёр хэлбэр хоорондоо өрсөлдөөд нэг нь нөгөөгөө шахаж байна. Үүнд юу нөлөөлж байна вэ гэдэг их сонирхолтой. Судлаад үзэхээр тухайн хэлээр хэлд орж байгаа хүүхэд анх ямар хэлбэрээр нь хэлж сурч байна тэр нь шалгаралд илүү үлдэх магадлалтай юм билээ. Энэ бол хэл аяндаа цэгцэрч байгаагийн нэг жишээ. 

- Танаа, хотноо гэдэг бол миний ойлголтоор илүү хүндэтгэлийн чанартай юм шиг санагдаад байна. 
- Ярианд хэрэглэхээ болиод ирэхээр тэгж санагдаад байж магадгүй. Уг нь утга нь адилхан. Мөн хогны, номны, цагны гэж ярьдаг болсон. Уг нь бол бичгийн хувьд бүгд буруу. Тогтворгүй “н” гэдэг чинь дүрмийн дагуу зөвхөн эгшгээр төгссөн үгийн ард гарч ирнэ. Гийгүүлэгчээр төгссөн үгийн араас “н” залгадаггүй.

Хогны, номны, цагны гэж ярьдаг болсон. Уг нь бол бичгийн хувьд бүгд буруу. Тогтворгүй “н” гэдэг чинь дүрмийн дагуу зөвхөн эгшгээр төгссөн үгийн ард гарч ирдэг.

- Хонины гэдэг шиг ...
- Тийм. Гэхдээ “уул” гэхэд “уулны” гэж болно. Яагаад гэхээр Монгол бичгээр “агула” гээд эгшгээр төгссөн үг учраас. 

Гарч байгаа өөрчлөлт нь хогийн гэж ярихыг бид хогны гэж ярьдаг болсон. Цагийн гэж ярихыг цагны гэж бичдэг болсон. Хамгийн сонирхолтой нь энэ хоёр үг буюу цагийн, цагны хоёр өөр утга илэрхийлдэг ойлголт тогтож байна. Жишээ нь цагийн гэх нь хийсвэр утга буюу цагийн аяс, цаг цагийн явдал гэх мэт. Харин цагны гэдэг нь гартаа зүүсэн бодит цагийг илэрхийлж байгаа биз. Хогны гэхэд хогны машин, хогны уут гэх мэт утгатай бол хогийн гэдэг нь хийсвэр буюу хогийн амьтан гэсэн санаа агуулж байх жишээтэй. 

Хам цагийн хүрээнд авч үзэхээр энэ өөрчлөлтүүд нь өөрөө буруу юм шиг харагдаж байгаа ч цуваа цагийн хүрээнд судлаад үзэхээр бид буруу, зөв гэхэд түвэгтэй. Харин хэл хэрхэн хувьсаж байна вэ гэдэг нь илүү чухал байгаа юм. Хэлний зүй тогтол өөрөө их сонирхолтой. Утга хэрэгтэй болоход хэлбэр гарч ирж байна. Мөн эсрэгээрээ шинэ хэлбэр гараад ирэхэд утга хэрэгтэй болдог. Юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс номны, цагны гээд буруу яриад ч хамаагүй шинэ хэлбэр гараад ирэхээр энэ хэлбэрт таарсан утга хэрэгтэй болоод ирдэг. Тэгэхээр энэ маань аяндаа цэгцрэх зарчмаар явж байна. “Н” авсан нь бодит утга илэрхийлээд, “н” байхгүй цагийн, номын гэсэн хийсвэр утга гараад ирж байна. Энэ нь одоо буруу юм шиг байгаа ч 100 жилийн дараа яг энэ утгаараа зөв болоод тогтчихдог. 

- Гадаад үгийг Монголчлох тухайд та ямар байр суурьтай байдаг вэ. Т.Галсан гуай гэхэд огт гадаад үг хэрэглэхгүйгээр бүгдийг нь орчуулаад ярьдаг. Зарим эрдэмтний хувьд гадаад үг Монгол хэлэнд нэмэгдэж байх нь зөв гэх юм билээ.
- Чадах чинээгээр орчуулж л байх хэрэгтэй. Бас л аяндаа цэгцрэх онолоор тайлбарлах нь зөв. Аяндаа цэгцрэх тогтолцоо өөрөө нээлттэй систем. Хэл ч гэсэн тийм байх ёстой. Гэхдээ хэтэрхий нээлттэй байвал гадна тал руу уусчихдаг сөрөг талтай. Миний хэлэх дуртай жишээ байдаг.

Могойн чуулган. Могойн чуулганыг харахаар их сонирхолтой систем байдаг юм байна. Тэд гадуураа хамгийн бүдүүн, хөгшнүүдээ, дундуураа дунд үеийнхэн нь, голдоо хамгийн нялхуудаа хийгээд тойрог үүсгэчихдэг юм байна. Энэ нь могой өөрийгөө хамгаалж байгаа тогтолцоо. Их хүйтэн болохоор гаднаасаа хөлдөж үхдэг. Хөгшчүүл нь үхэж байгаа хэрэг. Хэрвээ их халуун болбол доторх нялхууд нь бүтэж үхдэг. Аль ч тохиолдолд хэн амьд үлдэх вэ гэхээр хамгийн боломжит дундаж насных нь буюу үр удмаа үлдээх боломжтой могойнууд нь үлддэг. Энэ бол өөрөө өөрийгөө хамгаалж байгаа тогтолцоо. Яг үүнтэй адилхан Монгол хэлийг бид хамгаална гэж яриад байгаа. Хамгаална гэж яриад бид битүүлээд байвал бүтээд үхчихнэ. Нээлттэй байлгана гээд задлаад байвал гадаад хэл болчихно. Үүнтэй адилхан гадаад үгийг бид боломж байвал орчуулаад байх хэрэгтэй. Үгүй бол яваандаа улам л хэцүүднэ. Үнэхээр боломжгүй байвал гадаад үгээрээ байсан нь дээр. 

Нээрээ нэг зүйлийг хэлэхэд миний хэл шинжлэлд оруулж ирсэн аяндаа цэгцрэх тогтолцоо гэдэг бол хэлзүйн дотоод зүй тогтлын хувьд ярих юм байгаа юм. Дотоод систем өөрөө цэгцэрдэг тухай. Гэтэл залуус буруу ойлгоод нэр томьёо, орчуулга зэргийн талаар бараг л юу ч хийх хэрэггүй, аяндаа цэгцэрдэг юм гэж ярьдаг болсон байна лээ. Зөв бичих дүрэм, гаднаас үг авах гэх мэт механик, зохиомол зүйл аяндаа цэгцрэхгүй л дээ. Бодлого хэрэгтэй, хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэлзүйн дотоод зүй тогтол гэж харин өөр юм. Хэчнээн мундаг дарга ч зохицуулж чадахгүй. Тэр бол яг жинхэнэ аяндаа цэгцрэх тогтолцоо.
   
- Т.Галсан гуай бол их гоё орчуулдаг даа. Микрофон гэж хэлэхээр л “дуу цацруулагч” гээд л залруулаад байдаг хүн дээ.
- Т.Галсан гуай шиг тийм онч орчуулж чадах бол орчуулаад л байх хэрэгтэй. Жишээ нь кофег боргол гэж орчуулсан нь надад их таалагдсан. Л.Дашням гуай бас үгийг их сайн орчуулдаг. 

- Орчуулсан үгнүүдээ ч гэсэн дагаж, мөрдөх тал дээр нэгдсэн бодлого хэрэгтэй байх. 700 үг шиг. 
- Шинэ хуулийн төсөл дээр тэр санаа тусгагдсан байсан. Тэр хууль батлагдвал их сайн ажлууд хуульчлагдах юм байна лээ. Хэн тэгж орчуулах эрхтэй, хэн тэрийг нь дагах ёстой гээд сүрхий цэгцрэхээр хууль байсан.

- “Зугаатай хэл шинжлэл” бүлгэмээр таныг хүмүүс их сайн мэддэг болсон байх. Одоо бараг 12 мянга орчим гишүүнтэй болсон байна лээ. Та энэ бүлгэмийг нээгээд удаагүй байгаа биз дээ?
- Шинэ жилийн өмнөхөн нээсэн. “Алдааны цуглуулга” гэж нэртэй бүлэг нээгээд явж байсан юм. Тэгсэн сүүлдээ зөвхөн алдаанаас илүү бусад өөрчлөлт, шинэчлэл, хэлний тухай ярьж байвал зүгээр юм уу гээд “Зугаатай хэл шинжлэл” гэсэн танин мэдэхүйн чанартай бүлэг болгохоор шийдсэн.

Тухайн үед ч “Зугаатай хэл шинжлэл” гэж номоо гаргаад удаагүй байсан учраас тэр номынхоо нэрээр нэрлэчихсэн юм. Хэл шинжлэлийн талаар их зөв зүйл хийж байгаа залуус маань тэр буланд мэдээллээ тавьж байгаа. Бас бус хэрүүл хутгасан, нэгнээ доромжлох гэсэн улс ч мэр сэр таарах юм. Олон мянган хүнийг зохицуулах хэцүү юм билээ.

- Монгол хэлний маргаантай үгнүүд, зөв бичгийн тухай яривал их урт яриа болох байх. Энэ талаар танаас илүү мэдээлэл авахыг хүссэн хүмүүс “Зугаатай хэл шинжлэл” бүлгээр холбогдох боломжтой байх. 
- Тийм ээ. 

КОНГРЕССИЙН НОМЫН САНД МОНГОЛ НОМ  ХӨТӨЛБӨРИЙГ АВЧ ҮЛДСЭН ХҮМҮҮСИЙН НЭГ БОЛСОНДОО БИ ИХ БАЯРТАЙ БАЙДАГ

- Танаас асуухгүй өнгөрч болохгүй чухал зүйл Конгрессийн номын сан юм. Энэ номын санд Монгол хэл шинжлэлийн доктор хүн өөрийн номын танхимдаа ажиллаж байна гэдэг их бахархалтай зүйл юм. Энэ номын санд ажиллах болсон түүхээсээ манай уншигчдад ярьж өгөхгүй юу?
- Конгрессийн номын сан бол дэлхийн хамгийн том, хамгийн үнэтэй, хамгийн аюулгүй номын сан. Ийм номын санд Монгол ном байна гэдэг нэг талаар нэр төрийн хэрэг. Хоёрдугаарт, гадаадад Монголыг зөв таниулахад хамгийн чухал эх сурвалж болдог. Конгрессийн номын сан Монголоос ном авдаг энэ хөтөлбөр байснаараа манай гадаад сурталчилгаа, Монголыг дэлхий хэрхэн ойлгох вэ гэдэгт их чухал болж байгаа юм. Энэ хөтөлбөрийг авч үлдсэн хүмүүсийн нэг болсондоо би их баяртай байдаг. 

Анх 2002 онд Индианагийн их сургуульд ирээд байсан юм. Түүний дараа 2003 онд манай гэр бүлийн хүн маань хүүхдүүдээ аваад Вашингтонд Төрийн Департаментын их сургуульд багшлахаар ирсэн. Би зуныхаа амралтаар Вашингтонд ирдэг байлаа. Тэр үед Сюзан Майнхайттай танилцсан. Энэ хүн Конгрессийн номын санд Монгол ном хариуцаж ажилладаг. Тухайн үед надад Монголоос болон Өвөр Монголоос олон ном ирээд байгаа, харин каталог хийж чадахгүй байгаа талаараа хэлсэн. Ингээд би тэр ажлыг нь сайн дураараа хийж өгдөг болсон юм. Гурван жил дараалж зундаа ирж Монгол номын каталог хийж өгсөн. Тэгээд байж байтал номын сангаас “энэ хүнийг гурван жил үнэгүй ажиллууллаа, одоо арай хэтэрлээ” гээд, бас нэг зовмор болдог юм уу даа, надад ажлын санал тавьсан юм. Миний зундаа ирээд хийсэн ажил маань эндхийн нэг хүний бүтэн жил хийдэг ажил байж. 

Зундаа сайн дураараа ажиллаж байх хугацаандаа би Монгол бичгээр бичсэн номуудыг галиглаж, каталог хийж өгдөг байсан юм. Харин кирил номыг нь Шинэ Дэлигийн салбар дахь ажилтан хийгээд өгчихдөг байсан юм билээ. Гэтэл Шинэ Дэлигийн алба нь татан буугдаад кирил номын каталогоо хүртэл хийх боломжгүй болоод эхэлсэн. Ингээд Монгол номын хөтөлбөрөө зогсоох дээрээ тулаад байж байв. Тэгээд Сюзан бид хоёр захирал дээр нь орсон юм. Захирал нь номоо үргэлжлүүлээд аваад байвал каталог хийгээд байж чадах юм уу гэж асуусан, бид ч чадна гэж баталснаар монгол номын хөтөлбөр үргэлжлэхээр болж байлаа.

Тэгээд ажиллаж байтал удалгүй Төрийн Департаментын сургуулиас Монгол хэл зааж өгөөч гэхээр нь зөвшөөрөөд номын сангийнхандаа дуулгалаа. Тэд намайг хадгалахын тулд бямба гаригт ажиллаач хэмээн хүссэн юм. Тиймээс ажлын өдрүүдэд хичээлээ заагаад бямба гаригт номын сандаа ирж ажиллаад л явж байна. Одоо Монголоос, Өвөр Монголоос ирсэн ном, бас Шинжанаас тод үсгийн номнууд ирж, түүнийх нь каталогийг хийж өгч байна.

Уиллиам Вүүдвил Рокхилл гэж АНУ-ын алдартай дипломатч байсан юм. Тэр хүн Монгол, Төвөдөөр олон удаа аялахдаа ном их цуглуулсан юм билээ. 

- Конгрессын номын санд Монголын 6500 орчим байна гэхээр манайхан их сайхан хүлээж авч байна лээ. Анх Монгол номын тусгай танхим байгуулсан нь их сонирхолтой түүх юм билээ. Хятадтай цуг байлгахгүй гээд...
- Монгол, Төвөдийн номын цуглуулга 1890-ээд оноос эхтэй. Уиллиам Вүүдвил Рокхилл гэж АНУ-ын алдартай дипломатч байсан юм. Бээжинд димполматаар сууж байсан Төвөд судлаач. Тэр хүн Монгол, Төвөдөөр олон удаа аялахдаа ном их цуглуулсан юм билээ. Энэ хүн 1900-ээд оны үед номын цуглуулгаа Конгрессын номын санд бэлэглэсэн байдаг. Үүн дээр үндэслээд Монгол, Төвөд номын цуглуулга үүссэн. Рокхиллыг нас барсны дараагаар үлдсэн номыг нь мөн эхнэр нь Конгрессийн номын санд хандивласан байдаг. Ингээд л хуучны ховор номын цуглуулга бий болсон юм билээ. Мөн Шинэ Дэлигийн салбараар дамжуулан социализмийн үед манай чухал олон номыг авсан байсан. Монголын хамгийн чухал, сайн, ховор номуудаас ихэнх нь энд бий. 

- Одоо Монголоос сард 20-30 ном шинээр ирж байгаа гэсэн үү?
- Тийм ээ. Албан ёсоор сард 20-30 шинэ ном Монголоос ирж номын сан маань арвижиж байгаа. Мөн найзуудын маань бэлэглэсэн олон номоор Конгрессийн номын сангийн Монгол номын цуглуулга баяжиж байна. 

- Бид Конгрессийн номын санг үзчихээд “Монголчууд бид ном дор мөргөмүй” гэж ярьдаг ч ганц сайхан номын ордонгүй юм байна даа гэж харамсаж байлаа.
- Манай номын сангуудын үйлчилгээ бас их муу юм даа. Намайг Монголд байхад ховор, хуучны ном руу ойртох ч боломжгүй байсан. Одоо харин өөр болж байгаа байж магадгүй. Харин энд бол карт нээлгэхээс эхлээд үнэгүй. Ховор, хуучин ном үзэх бол үзэхийг хүссэн хуудсыг нь электрон хувилбараар үзүүлчихдэг. Яг эхийг нь үзэх хэрэгтэй бол хажууд нь хүн зогсож байгаад харуулчихдаг. Яагаад гэхээр тэр номуудыг зүгээр нэг хадгалаад байхаас илүү судалгаанд гаргах нь чухал байдаг. Манайд номыг дижитал болгох төслүүд явж байгаа юм билээ. Тэр их сайн хэрэг шүү. 

"Өглөөний хүн" булангийн зочин М.Саруул-Эрдэнэ доктор, Арлингтон хотноо..., гэрэл зургийг Ц.Цогоо

Ховор хуучин номын хадгалалт олон жил их муу явж ирсэн байдаг. Б.Ринчен гуайн хүргэн Монголч эрдэмтэн Хар Дорж багш надад нэг түүх ярьж билээ. Жил болгон Монгол явж судалгааны ажил хийдэг байж. Нэг удаа Улсын төв номын сан орж Ганжуур, Данжууртай танилцах гээд Төв сангийн фонд руу ортол нэг дээлтэй хөгшин сууж байсан гэнэ. Данжуурын тэд дүгээр ботийг үзэх захиалгатай гээд хэлтэл нөгөө өвгөн их залхуу, дургүй хөдөлж байна гэнэ шүү. Тун дургүй явж ухаж ухаж байгаад нэг ном олоод иртэл бурууг нь аваад ирж. Хар Дорж багш “Энэ биш байна аа” гэсэн чинь татаж байсан тамхиа Данжуурын хатуу хавтсан дээр унтраасан гэдэг. Тэгэхээр нь Хар Дорж багш тэсэлгүй “Та тамд унана даа” гэж хэлсэн гэсэн. 

... Хар Дорж багш “Энэ биш байна аа” гэсэн чинь номын санч татаж байсан тамхиа Данжуурын хатуу хавтсан дээр унтраасан гэдэг. Тэгэхээр нь ...

- Гэтэл энэ Конгрессийн номын сан чинь маш хатуу дэглэмтэй ховор, хуучин номыг хадгалдгийг бид харлаа. Хуучны номыг шилэн хоргонд хийгээд хажуу талд тухайн орчны градусыг хүртэл тавьсан байсан. 
- Тийм ээ. Номын сан гэдэг хамгийн аюулгүй орчин байх ёстой. Тиймээс ч энэ номын сангийн хүний гар хүрэхгүй таазны хэсгийг хүртэл орлуулагч биш жинхэнэ чулуугаар хийсэн. Гал гарлаа гэхэд шатахгүй гэдэг үүднээс шүү дээ. 

- Конгрессийн номын сан өөрөө шатаж байсан гэдэг.  
- Тийм учраас энэ номын сандаа аюулгүй байдлыг ингэж сайн анхаарсан юм билээ. 

- Та Монголдоо хэзээ очих гэж байна?
- Эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдүүдийн сургууль соёл, бидний ажлын байрны боломжоос л бүх зүйл хамаарч байна даа. Эхнэр маань өнгөрсөн жил Монголдоо очиж төвхнөх гээд байр сууц бэлдээд хүүхдүүддээ сургууль хайгаад явсан ч эвтэйхэн сургууль яг олдоогүй. Манай том хүү энд, их сургуульд, бага ангийн багшийн мэргэжлээр сурдаг юм. Хүүгээ их сургуульд сургахдаа бүтэн жилд төлдөгтэй адил мөнгөөр охиндоо ерөнхий боловсрол эзэмшүүлнэ гэхээр боломж үнэхээр байхгүй юм аа. 

Нөгөө талаар найзууд маань, таньдаг хүмүүс “Эх орондоо хэзээ ирэх вэ? Ирээд хөгжүүлээч. Хурдан ирээч, таны мэдлэг туршлага энд их хэрэг болно” гэж их хэлдэг. Гэхдээ үнэнийг хэлэхэд яг тодорхой албан газар, байгууллагаас ажлын санал огт ирж байгаагүй. “Ирээд хөгжүүлээч” гэхээр гүйгээд оччих ч амархан л даа, гэхдээ ажил төрөлгүй хүн яаж эх орноо хөгжүүлэх сэн билээ. Боловсролын их сургууль маань ч байгаа л даа. Гэхдээ багшийнхаа ажлыг бол хаанаас ч хийгээд байж болох бололцоотой болж байна. Интернэтийн эринд амьдарч байгаа улс байна, хавтгай энэ дэлхийд эндээс хичээлээ зааж яагаад болохгүй гэж.   

- Эх орноо төлөөлөөд Монгол судлалыг үргэлжлүүлж авч яваа Монголын соёлын төв болоод дэлхийн хамгийн том номын санд Монгол ном хөтөлбөрийг үргэлжлүүлж байгаа таны хөдөлмөрт сайтынхаа өмнөөс талархлаа илэрхийлмээр байна. Танд амжилт хүсье.
- Баярлалаа. 

- Номын цагаан буян дэлгэрэх болтугай. 

 

Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА Bolortuya@iKon.mn

Гэрэл зургийг: Ц.Цогоо

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.