Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.ЦОГОО: ЧИ ЯЛ, БИ Ч БАС ЯЛНА. ХАМТДАА ...

Ч.Болортуяа
2014 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Улстөрийн хуваагдалт, хөлбөмбөгийн "халуухан" тоглолт өрнөж буй энэ үед уншигч Таны сонорт "арай өөр" нэгэн өнцгийг хүргэж байна. 

Монголчууд бид дотроо хагаралдаж, нэгнийхээ сайн, мууг үзэж байх хойгуур дэлхий ертөнц эргэдгээрээ эргэж, эдийн засгийн шинэхэн тоглогч нар өндийн гарч ирсээр байх ...

Үнэхээр бид ингэж завтайхан маргаж сууж байхын хажуугаар нэг цэгээс эхэлсэн бусад улс орон хөгжлийнхөө зургийг илүү гэрэл гэгээтэйгээр төсөөлж, түүнийгээ бүтээсээр байх аж.

Харин ...

Монголчууд бид өөр дотроо хангалттай өрсөлдсөн. Одоо олон үндэстэнтэй өрсөлдөх, дэлхийн стандартад хүрч ажиллах цаг нь хэдийнэ болжээ. 

Тиймээс ч энэхүү шинэ стандартад суралцаж яваа нэгэн залууг "Өглөөний хүн" буландаа урилаа.

iKon.mn сайтын АНУ-аас бэлтгэж буй анхны ярилцлагын эзэн “Хафэзи Капитал" компанийн Бизнес хөгжлийн менежер Цэрэнбатын Цогоо юм. 

Шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилж байна.

МОНГОЛЧУУДТАЙ ГҮЙЦЭТГЭЛ ТАЛ ДЭЭР ӨРСӨЛДӨГЧ БАЙХГҮЙ БОЛЖ БАЙНА

- Та яг одоо хийж байгаа ажлаа манай уншигчдад танилцуулахгүй юу?
- “Хафэзи Капитал" гээд зургаан жилийн өмнө байгуулагдсан санхүүгийн зөвлөгөө, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг компанид ажиллаж байна. Миний хувьд 2011 оноос энэ компанид ажиллаж байгаа. 

Оюутан байхдаа M&T банкинд ажилладаг байлаа. Энэ ажлаа хичээлийнхээ хажуугаар хийдэг байсан болохоор нэлээд төвөгтэй байсан. Тэр үед манай менежер одоогийн компанид ажиллахыг санал болгосон юм. Байгуулагдаад удаагүй компани байсан учраас өөрийгөө хөгжүүлэх, нээх боломжтой юм уу гэж харсан. Өглөөгүүр энэ ажлаа хийгээд орой нь ресторанд ажиллаад л сургуулийн төлбөрөө хийсэн дээ.

- Өглөө, орой нь ажил хийхээр хэзээд нь сургуульд сурах уу?
- Дундуур нь сургуульдаа яваад л төгссөн дөө. Мэдээж өөрөө хүсч байсан учраас зүтгэл гаргаад сургуулиа төгссөн. Одоогийн компани маань байгуулагдаад удаагүй байсан учраас анхны цөөхөн ажилтны нэг болоод хамтдаа хөгжөөд явчихаар юм бүхэн нь минийх юм шиг эерэг сэтгэлтэй болчихдог юм шиг санагддаг. Ажилтны хувьд ч илүү үнэ цэнэтэй нэгэн нь болж чаддаг болов уу. 

Цагийн хувьд надад уян хатан боломж өгдөг юм. 

- Та АНУ-д ирээд 12 жил болж байна гэсэн. Ирэнгүүтээ юу хийсэн бэ?
- Анх Лос Анжелес хотод буусан. Ажил олдохгүй хэцүү л байлаа. Анхны ажил маань цэвэр усны компани байсан. Харамсалтай нь хэл мэдэхгүй гэж гологдоод 10 хоног л ажиллаад халагдаж байлаа. 

- Монголд та дээд сургуулиа төгсөөд ирсэн биз дээ?
- Тийм ээ. Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгсөөд ирсэн. 

- Сургуулиа төгсөөд л ирсэн хэрэг үү. Монголд ажил хийдэг байсан уу?
- Монголд ажил хийдэг байсан. Их сургуульд сурч байхдаа харуул хамгаалалтын компанид шөнө нь ажиллаад өдөр нь боломж гарахаараа “Түшиг” их дэлгүүрийн урд найзтайгаа хамт гар утас зарж сургуулийнхаа төлбөрийг олдог байлаа. 

Хамгаалалтын албанд ажиллаад сардаа 50 мянган төгрөгний цалин авдаг оюутан байв. Тэгээд л АНУ –д сурах зорилготойгоор ирсэн. Ирээд коллежид суралцсан. Гэтэл Монголд үзсэн хичээл заагаад байсан учраас сургуулиа орхисон. Харин мэдэхгүй зүйл нь англи хэл байсан учраас хэлний курст суралцсан юм. 

- АНУ-д байсан ч англи хэлийг мэргэжлийн түвшинд сурна гэж хэцүү гэдэг дээ.
- Тийм ээ. Тухайн хүнийхээ зүтгэлээс л хамаарна. Миний сурч байсан хэлний курс хямдхан нь байсан болохоор Азиуд давамгай сурдаг, ярилцах орчин үүсэхэд жаахан бэрх байсан. Тэгээд явж явж өөрөө бие дааж сурахаар шийдсэн. Рестаронд зөөгч хийнгээ өдрийн амралтын хоёр цагтаа TOEFL-ийн бэлтгэх номыг бие дааж бэлдэж эхэлсэн. Ингэж явсаар Вашингтонд шилжиж ирээд Бизнесийн удирдлагаар Мэри Вашигтоны их сургуульд магистрт суралцсан. 

Мэри Вашингтоны сургуулийн анхны магистр зэрэг хамгаалсан Монгол оюутан гэсэн үг.

- Мэри Вашингтоны сургуулийг магистр зэрэгтэй төгссөн анхны Монгол хүн гэж сонссон.
- Сургуулийнхаа гадаад оюутан хариуцсан хүнээс Монгол оюутан байгаа эсэх талаар асуухад үгүй гэж байсан. Миний дараа нэг Монгол оюутан баклаврийн зэрэг хамгаалсан. Тэгэхээр Мэри Вашингтоны сургуулийн анхны магистр зэрэг хамгаалсан Монгол оюутан гэсэн үг.  Мэри Вашингтон гээд Вашингтоны /ерөнхийлөгч асан/ ээжийн нэрэмжит сургууль л даа. Улсын сургууль учраас тэтгэлэг олдох боломжгүй байсан. Тиймээс өөрөө өдөр, шөнөгүй ажиллаж байж сургуулиа төгссөн. 

Сургалтын төлбөрт маань олон ч хүн тусалсан даа. Хамаатан садан, найз нөхөд маань. Э.Санчир гэж найз маань миний хоёр дахь багш шиг бүх зүйлийг маань чиглүүлж өгч байлаа. Тэтгэлэгийн хувьд хувийн сургуульд илүү боломж байдаг. Тэр тусмаа нарийн мэргэжлийн чиглэлээр тэтгэлэг аваад сурах боломжтой харагдаад байгаа.

"Өглөөний хүн" ярилцлагын булангийн зочин Ц.Цогоо, Арлингтон хотноо...

- Яг одоо ажил дээрээ та ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
- Албан тушаал маань Бизнес хөгжүүлэлтийн менежер. Манай компанитай гэрээтэй байгууллагуудын татвар, тайлан тооцоог нь гаргаж өгдөг. Цалингийн тооцоо, улирлын татварын төлөлтүүдийг нь тооцож бодож хийдэг. Мөн бизнесүүдийг хэрхэн хөгжих боломжийн талаар судалгаа хийдэг. Бизнеснүүдийн өсөлтийг хэрхэн түргэтгэх, анх ямар цэгээс эхлэх зэрэг дээр зөвлөгөө өгдөг юм. 

- Танай компанийг Америкт ирсэн гадаадын иргэдэд түлхүү зөвлөгөө өгдөг гэж сонссон. Түркүүд жишээ нь АНУ-д бизнес эрхлэхээрээ танайхаас зөвлөгөө их авдаг гэж байсан. 
- Тийм ээ. Ихэнх нь цагаач хүмүүс байдаг. Түрк, Тайланд, Иран, Хятад, Монголчууд байдаг.  Одоо голчлон Түрк, Монголчуудтайгаа хамтарч ажиллаж байгаа. 

- Монголчууд энд чулууны үйлдвэрээр нэлээд амжилттай ажиллаж байгаа гэж сонссон. Энэ үйлдвэрүүдтэй хамтарч байгаа гэж ойлгож болох уу?
- Тийм ээ. Хойд Виржина муж улсын хэмжээнд Монголчууд барилгын бизнес их хийж байна. Тэр дундаа чулууны үйлдвэр болон бизнес их эрхэлж байгаа. Чулууны бизнесээр Монголчуудтай гүйцэтгэл тал дээрээ өрсөлдөгч байхгүй болж байна. 

Мөн бүсгүйчүүд маань үл хөдлөх хөрөнгийн худалдаа их хийдэг. Вашингтонд үл хөдлөх хөрөнгө бусад муж улстай харьцуулахад үнийн бууралт бага байдаг. Эдийн засгийн хямрал боллоо гэхэд хамгийн бага эрсдэлд өртдөг. Манай хүүхнүүд энэ салбарт их амжилттай ажиллаж байгаа. 

- Энэ том зах зээлд хөлөө олоод одоо бүр ижил төрлийн бизнес эрхлэгчдээсээ тасраад эхэлж байна гэхээр бахархмаар л санагдаж байна.
- Энд үйлчилж байгаа систем нь өөрөө жижиг бизнесийг дэмжих, хөгжүүлэхэд түлхүү анхаарч байна.  АНУ –д ирээд хууль бус буюу “харлачихсан” хүн байсан ч бизнес хийж болдог. Нөгөө талаар том зах зээл учраас өрсөлдөөн ихтэй хэцүүгийн хувьд хэцүү. Гэхдээ энэ том зах зээл өөрөө маш их боломжийг өгч байдаг. Монголд жижиг зах зээл дээр маш их өрсөлдөөн байдаг. Мэдээж өрсөлдөөн байх хэрэгтэй. Гэхдээ аль ч түвшинд бизнес нь өөрөө органик бус байдал ажиглагддаг. Энд бол чи үнэхээр чаддаг зүйлээ хийгээд бусдаас ялгарал бий болгоод ажиллаж чадвал харьцангуй органик орчинтой. 

- Та хэчнээн Монгол компанитай хамтарч ажилладаг вэ?
- Гарын арван хуруунд багтана аа. Тийм их биш. Бидний соёлтой холбоотойгоор консалтинг компанийг Монголчууд маань сайн ойлгодоггүй. Одоохондоо бид үйлчилгээний бизнесийг үнэлж, ойлгох цаг арай болоогүй байх шиг байна. 

- Монголд жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх гээд л олон төрлөөр үзэж байна. Эндээс үлгэр болохоор туршлагуудаас хуваалцахгүй юу?
- Энд засгийн газрын зүгээс бодлогоор дэмждэг алхмууд байдаг. Үүний хажуугаар томоохон бизнесүүд нь жижгүүдийгээ дэмжих хандлага их түгээмэл ажиглагддаг. Засгийн газрын зүгээс Монгол шиг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих газар ажилладаг. Жижиг бизнесийг дэмждэг газар нь бүх төрлийн сургалт, зөвлөгөөг өгч байна. Бүх алхмыг нь заагаад өгчихдөг. Тухайн муж улсаасаа шалтгаалаад ямар зөвшөөрөл авахаас эхлээд бүх зүйлийг нь зөвлөөд, хэлээд өгдөг. Монголчуудын түлхүү хийгээд байгаа барилгын бизнес гэхэд A, B, C гээд гурван төрлийн лицензийг тухайн муж улсаасаа авдаг. Мөн жижиг, дунд бизнесийг дэмжих зээлээ аваад бизнесээ эхлүүлдэг. Засгийн газраас авдаг бүх төрлийн татвар түүнтэй холбогдох мэдээллүүдийг өгчихдөг. 

Жижиг бизнесүүд АНУ-ын ажиллах хүчний 64 хувийг хангаж байна.

Харин томоохон үл хөдлөх чиглэлийн компаниуд гэхэд жижиг бизнесийг дэмжихийн тулд түрээсийн тал дээр маш их боломжийн саналуудыг өгдөг. Жишээ нь үйлчилгээний давхартаа тодорхой шаардлага тавиад л эхний 6-9 сарын хугацаанд түрээсээс нь хөнгөлөх зэргээр тухайн жижиг бизнест маш том тусламж үзүүлж байдаг. “Манай байшингийн нэг давхарт эко хими цэвэрлэгээ оруулна” гээд өөрсдийн шаардлагаа тавиад явчихдаг.  

Эсвэл томоохон компаниуд жижиг бизнес эрхлэгчдээс борлуултаас нь маш бага хувийг нь түрээсдээ авдаг. Энэ нь өөрөө бизнес эрхлэгчдийг тогтмол түрээсийн дарамтанд өртөхөөс хамгаалаад өгчихөж байна. Дээрээс нь бусад ижил төрлийн үйлчилгээ эрхлэгчдэд тодорхой хугацаанд, тодорхой зай дахь ойр орчимд нь түрээс өгөхгүй гэх мэтээр өрсөлдөөнийг нь хүртэл хамгаалаад өгчихдөг. Гэх мэт өөрсдөө дотроо ингэж бизнесүүдээ их сайн дэмжиж, удаан хугацаанд хамтарч ажиллаж чадаж байна. 

Жижиг бизнесүүд АНУ-ын ажиллах хүчний 64 хувийг хангаж байна. Тэгэхээр энэ зах зээлд яах аргагүй ач холбогдол өгч төр засгаас анхаарч байгаа юм. Нийт зээл олголтын 23 хувь гэхэд жижиг бизнесийн зээлд хамаарч байна. Гэхдээ энэ бол АНУ-ын иргэн болсон хүмүүсдээ л хамаарна.

- Монголчууд энд чулууны үйлдвэр хийгээд удаж байгаа юу. Ямар хугацаанд ажиллаад ингэж зах зээлд байршиж чадаж байна вэ?
- Ихэнх хүмүүс нь арваас дээш жилийн туршлагатай. Сүүлийн 10 жилийн хугацаанд бизнесээ өөрсдөө аваад явж байгаа үйлдвэрүүд байгаа. 

- Энэ үйлдвэрүүд дандаа Монгол ажилтантай гэж ойлгосон зөв үү?
- Холимог. 

- АНУ-д үйлчилгээний салбаруудыг нь олон үндэстнүүд салбар салбарт нь төрөлжөөд том тоглогч болчихсон гэдэг. 
- Тэгж хэлж болно. Албан бус тоогоор энд хими цэвэрлэгээний үйлчилгээ гэхэд 65 хувийг Солонгосчууд хийдэг. Хойд Виржина гэхэд 90 хувь нь Солонгосчууд хими цэвэрлэгээг хийж байна. Зочид буудлын бизнесийг Энэтхэг гаралтай хүмүүс түлхүү хийх жишээтэй. Иран гэхэд эм, эмнэлгийн салбарт хүчтэй тоглогч болж байна.

- Олон үндэстнүүд нэг доор цуглаад АНУ-ыг байгуулсан учраас гадны иргэд энд бизнес хийхэд их боломж байдаг санагдлаа. 
- Үндсэн бүтэц нь цагаачдын улс учраас чаддаг зүйлээ хийгээд татвараа төлөөд л амьдрахад харьцангуй нээлттэй юм даа. 

Монголоос ч энд бизнес хийх сонирхолтой хүмүүс хандаж зөвлөгөө, мэдээлэл авч байна. Жишээ нь АНУ-д рестаронтай болмоор байна гэвэл бид энэ талаарх бүх мэдээллийг бэлтгэж өгдөг. Аль мужид ямар байрлалтай, ямар төрлийн, хүн амын нягтрал нь хэд байх вэ гээд судалгаа хийнэ. Мөн ойр орчимд нь байгаа өрсөлдөгчдийнх нь судалгааг хийнэ. Ази рестарон байх уу, европ байх уу гэдэг дээр зөвлөнө. Мөн тухайн дүүрэгт амьдарч байгаа хүмүүсийн орлогын түвшин зэргийг судална. Түүнээсээ үүдээд нэг таваг хоолыг ямар үнэтэй зарах, өдөрт хэдийг зарах ёстой гэдэг дээр тооцоо хийж өгдөг. Энэ бүгдээсээ үндэслээд нийтийн хоолны үйлчилгээний, архины тийм тийм зөвшөөрөл авна гээд гаргаж өгнө. Мөн байраа түрээслэж ажиллах бол хуулийн хүрээнд ямар гэрээнүүд хийх ёстой тал дээр мэргэжлийн хуульч маань зөвлөчихдөг. 

Энд мөн хөгжлийн бодлогыг дэмжихийн тулд хотын захын дүүргүүдэд 500 мянган ам.доллар хүртэл хөрөнгө оруулалт хийгээд бизнес хийвэл тухайн хүнд ногоон карт олгодог. Томоохон хотуудад энэ нь нэг сая ам.доллар байх жишээтэй.

Мэдээж жижиг бизнесүүд нь хамгийн бага татвар төлж байна. 

- АНУ-д ирээд бизнес хийх сонирхолтой хүн танд хандаж болно гэсэн үг биз дээ?
- Болно. 

- Та иргэншлээ солиогүй биз дээ. Монгол улсын иргэн хэвээрээ юу?
- Би Монгол Улсын иргэн. 

 

БУСАД ҮНДЭСТЭНТЭЙ ӨРСӨЛДӨХ ЦАГ БОЛСОН БАЙНА

Зурагт, "Өглөөний хүн" булангийн зочин Ц.Цогоо болон iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа нар Пентагон хотноо ..., 2014 он. Гэрэл зургийг Б.Түвшинтөгс

- Монголчууд дотроо биш гадаад зах зээлд гарч өрсөлдөх цаг болсон гэж та өмнөх уулзалтууд дээр нэлээд хэлж байсан даа.
- Олон улсын хэмжээнд шууд өрсөлдөх хэцүү. Харин энд хамгийн түрүүнд бизнес хийх олон улсын стандартад суралцаж байгаа хэрэг. Наад зах нь бид үйлчлүүлэгчээ хүндэлж сурах хэрэгтэй. Алхам тутамдаа бид үйлчлэгч, үйлчлүүлэгч болж байдаг. Засгийн газар ч бас бидэнд үйлчилж байгаа нэг хэлбэр. Өөрийнхөө байх энэ өнцгүүдээ л ойлгодог болчихвол болчихож байгаа юм.

- Татварын талаар илүү дэлгэрүүлэхгүй юу. Яг жижиг бизнесийг хэрхэн дэмждэг талаар?
- Олсон хэмжээгээрээ татвар төлдөг зарчим энд үйлчилдэг. 10 хувиас эхлээд хэд хэдэн шатлалтай. Корпораци болохоор 35 хувь хүртэл татвар төлдөг. Хувь хүн ч мөн адил 10 хувиас эхлээд 39 хувь хүртэл татвар төлдөг.

Татвар төлөх нь үнэн, үхэх нь үнэн гэсэн хоёр хууль л үйлчилдэг шүү дээ. Энгийнээр хэлэхэд машинтайгаа явж байгаад хүн шүргэчихлээ гэхэд бараг шоронд орохгүй, харин татвар төлөөгүй бол шоронд ордог. Бусад орныг бодвол татварын хувьд өндөрт тооцогддог. Гэхдээ бизнесийн орчин нь таатай учраас хүмүүс татагдаад байна. 

Энгийнээр хэлэхэд машинтайгаа явж байгаад хүн шүргэчихлээ гэхэд бараг шоронд орохгүй, харин татвар төлөөгүй бол шоронд ордог.

Хувь хүний тухайд жилийн орлого 400 мянган ам.доллараас доош байвал 10 хувийн татвартай. 401 мянгаас дээш болоод ирэхээрээ 39 хувийн татвартай болоод ирдэг. Гэхдээ энэ дотроо задаргаа их.

- Тантай өмнө уулзаж байхад ярианаас чинь байнга цухалзаад байсан зүйл бол Монголчууд бид дотроо хангалттай өрсөлдлөө. Одоо гадаад зах зээл рүү орох болсон гэж байсан даа.
- Энд ирээд харж байхад гадны орны хүмүүс бие биетэйгээ их хамтарч, нягт ажилладаг. Түркүүд, Иранууд, Хятадууд, Солонгосчууд биенээ их сайн дэмждэг. Салбар, салбарт монополь болохоор том тоглолтууд хийж байна. Тэгэхээр бид дотроо л өрсөлдөөд, бие биедээ атаархаад суухын оронд бусад үндэстэнтэй өрсөлдөх цаг болсон байна. Хэдийгээр Америкт амьдарч байгаа ч бусад олон үндэстний хүмүүстээ өрсөлдөж бас тэдэнтэй хамтарч ажиллаж байна.
 
Энд олон мундаг Монгол залуу өөрийгөө өндөрт үнэлүүлээд ажиллаж, амьдарч байгаа жишээ бий. Одоо хамтарч бусад үндэстэнтэй өрсөлдөх хэрэгтэй юм. Ингэж чадвал бидэнд илүү том зах зээл байна. Бас аливаад суралцах боломжийг ч өгч байна. 

- Барак Обамагийн PR хийдэг компанид хүртэл Монгол залуу ажиллаж байгаа гэж байсан.
- Барак Обамагийн PR хийдэг компанид Ч.Ганболд гээд Монгол залуу дизайнер хийж байна. Ийм мундаг олон залуу энд бий. 

- Манайд улстөржилт ихтэй юм. Энд бол улстөр сонирхож байгаа хүн ховор ажиглагдаж байна. Гэхдээ бид улстөрөө сонирхож, хянахгүй бол ар хударгаар юм хийчих гээд байдаг тал бий.
- Би үүнийг арай өөр өнцгөөс харж байна. Монголдоо байвал дотор нь орчихсон явж байхыг үгүйсгэхгүй. Товчхондоо хүмүүс маань их л завтай харагддаг. Маш их завтай байна. 

Нөгөөтэйгүүр улстөр, бизнес хоёр нь хэтэрхий холилдоод байгаа учраас заавал улстөрийг сонирхоод байгаа байх. Гэхдээ л их завтай байна уу даа гэж ойлгодог. Зөндөө хийх юм байхад түүнийг нь ярьсаар байгаад л цагаа өнгөрөөгөөд байна уу даа. 

- Гэхдээ алхам тутамдаа бухимдах зүйл гарахаар хүмүүс өөрийн эрхгүй улстөрчдийг шүүмжлэх хэрэг бас гараад байх шиг байна. Адаглаад л зам, талбайгаас эхлээд. 
- Аливааг сайжруулахын тулд хамгийн чухал нь стандарт гэдэг зүйл. 

Барак Обамагийн PR хийдэг компанид Ч.Ганболд гээд Монгол залуу дизайнер хийж байна

Дээрээс нь шат шатандаа, салбар салбартаа мэргэшинэ гэдэг чинь юм бүхний гүйцэтгэл сайн байхын үндэс болчихож байгаа хэрэг. 

Америкт бүх зүйл төгс бас биш. Муу зүйл их бий. Гэхдээ гол систем, тогтолцоо нь их чухал байна. Хүмүүс ярьдаг даа бид бүгд нэг усан онгоцон дээр хамт явж байгаа гэж. Харин бид нэг усан онгоцон дээр хамт яваа гэдгээ л ойлгоогүй байх шиг байна. 

Бүгдээрээ Улаанбаатар хотдоо амьдарч өөрийнхөө тавьсан зам дээр өөрөө эргэж явна гэдгээ л ойлгох хэрэгтэй байгаа юм. Сая хүртэл олон нийтийн сүлжээгээр нэг зураг яваад байсан даа. Явган хүний замыг нь эзлээд хашаа барьчихсан. Шалбааг тойрох гээд хүмүүс хашааны ирмэг дээр арай хийж явж байгаа дүр төрхийг харахаар бид хамтдаа нэг газар амьдарч байгаа гэдгээ л ойлгоогүй байх шиг байна. 

АМЕРИКТ ОДОО ХҮРТЭЛ МОНГОЛ НООЛУУРЫН ДЭЛГҮҮР БОДЛОГООР НЭЭГЭЭГҮЙ Л БАЙНА

"Өглөөний хүн" ярилцлагын булангийн зочин Ц.Цогоо, Арлингтон хотноо...

- Хувийн бизнесийн талаар чинь ярья. Олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг юм билээ. 
- Оюутан байхдаа найзуудтайгаа хамтраад нэг компани байгуулсан байсан юм. Энэ нь цэвэр нягтлангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой. Харин үүнийхээ хажуугаар Монголоос энд ирсэн хүмүүст зориулсан аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 

Богино хэмжээний сургалтанд суусныхаа дараа өөр хотуудаар аялах сонирхол манайханд байдаг. Үүний дагуу өөрийн компанийхаа үйлчилгээг өргөтгөөд аяллууд зохион байгуулж байна. Монголоос мэргэжлийн холбоодууд группуудээ нааш нь илгээдэг. Тэр бүгдэд нь тохирсон, хүссэн сургалтыг нь зохион байгуулж өгөөд дээрээс нь аяллыг нь хариуцаад хийдэг. Уул уурхай, эрүүл мэнд, нягтлан бодох бүртгэл гээд олон мэргэжилтнүүд энд ирж сургалтанд хамрагддаг.

- Та хэчнээн хүнийг энэ ажилдаа хамруулсан бэ?
- Дунджаар 10 хүнтэй нэг групп гэж бодохоор 20 орчим групп авсан. Нийтдээ 200 орчим хүнийг хүлээж авсан гэсэн үг. 

- Голдуу ямар мэргэжлийн хүмүүс ирж байна вэ?
- Дээд болон дунд шатны менежерүүд  байдаг. Бүх л салбарын төлөөлөл ирсэн. Эмч, хуульч, уурхайн эздүүд, нягтлангууд, барилгынхан, төрийн аюулгүй байдлынхан. Мэргэжил, салбарынх нь дагуу сургалтын хөтөлбөр боловсруулаад түүнийг нь зохион байгуулдаг. Урилга явуулахаас эхлээд бүх ажлыг нь хийдэг.

Бүгдээрээ Улаанбаатар хотдоо амьдарч өөрийнхөө тавьсан зам дээр өөрөө эргэж явна гэдгээ л ойлгох хэрэгтэй байгаа юм.

Энэ ажил миний мөрөөдлийн нэг байсан. Олон, олон Монгол хүний "нүдийг нээх" миний зорилгын нэг. Мөрөөдлийн маань нэг хэсэг дээ.

Мэргэжлийн сургалтыг миний ажилладаг үндсэн компани маань хариуцаж хийдэг. Харин тэр сургалтанд суусан хүмүүсийг өөр хотууд руу аялуулах асуудлыг найзуудтайгаа байгуулсан хувийн компаниараа болон бусад компанитай хамтарч зохион байгуулдаг. 

- Smartshop.mn гээд бас онлайн дэлгүүр нээж байгаа гэсэн. Энэ тухайгаа танилцуулахгүй юу?
- Хуучин цагт хүмүүс Эрээнээс бараа дардаг байсан бол одоо Америкаас бараа дардаг болж байна. Монголчуудын халаас зузаарч л байна. Халаасан дахь мөнгө зузаан болсон ч түүнийгээ дагаад оюун санаа, соёлынх нь хөгжил жаахан хоцроод байна уу даа. Гэхдээ удахгүй сайжрах байх.

Залуучууд маань их мундаг болж байгаа. Эдийн засгийн хөгжлийн хажуугаар энэ хүний хөгжил, соёлын асуудлаа давхар хөгжүүлээд явах нь их чухал байх.

Смартшопийн тухайд Монголчууд энд ирээд их наймаа хийнэ. Түүнийгээ Монголоос маш үнэтэй худалдаж авдаг учраас энд ирсэн Монголчууд маань бидэнд их зүйл захидаг. Тэр болгоны хойноос би өөрөө дэлгүүр хэсэх цаг зав олдохгүй. Дээрээс нь чадахгүй гэж хэлэхэд хэцүү. Үүндээ тулгуурлаад Монголчууддаа зориулсан захиалгын дэлгүүр байгуулж өгөхөөр ажиллаж байна. Жижигхэн төсөл юм даа. 

- Хэзээнээс ажиллаж эхлэх вэ?
- Сайт маань бэлэн болсон. Одоо бусад үйл ажиллагаагаа төлөвлөөд явж байна.

- Есдүгээр сард Монголд очно гэсэн. Ямар ажил төлөвлөсөн бэ?
- Өмнө нь хамтарч ажиллаж АНУ-д ирж сургалтанд хамрагдсан хүмүүсээрээ дамжуулаад нэг уулзалт, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Агуулга нь Монгол компаниуд хэрхэн АНУ-ын зах зээлд гарах вэ, АНУ-ын компани Монголын зах зээл рүү хэрхэн орох вэ гэдэг дээр мэдээлэл солилцох арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Монгол Улс маш өргөн уудам газар нутагтай учраас ханган нийлүүлэлтийн бизнес их сонирхолтой сэдэв. Ийм гурван чиглэлээр сенинар хийх төлөвлөгөөтэй байгаа. Эцсийн шийдвэр нь долоодугаар сарын дундуур гарна. Одоо бэлтгэл ажил хийгдээд л явж байна.

- Өнөөдөр уулзсан эндхийн өндөр түвшний мэргэжилтэн Монголын талаар “Чингис хаан, өргөн уудам тал нутаг дээр нь авлига цэцэглэсэн газар” гэж хэлж байх жишээтэй. Хөрөнгө оруулалтыг яаж татах вэ. Бид улсаа яаж сурталчлах хэрэгтэй вэ?
- Одооноос л Монголын тухай жаахан гадарладаг болж байна. Түүнээс дийлэнх нь мэдэхгүй. Манай улсыг тодорхойлох брэндинг хэрэгтэй. "Сони" гэхээр бид Япон хүн төсөөлдөг шиг. Монголын брэнд бол Чингис хаан. Гэхдээ энэ хүн 800 жилийн өмнөх бидний түүх. Харин орчин үеийн Монголыг илтгэх шинэ брэндинг хэрэгтэй байна. 

Монгол компаниуд хэрхэн АНУ-ын зах зээлд гарах вэ, АНУ-ын компани Монголын зах зээл рүү хэрхэн орох вэ гэдэг дээр мэдээлэл солилцох арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Жишээ нь АНУ-ын нэг том брэнд нь холливудийн кино. Ямар нэгэн байдлаар зарах юмтай байгаад байна. Яагаад Америк бүтээгдэхүүнийг худалдаж авч байна вэ гээд Энэтхэгт судалгаа хийхэд холливудийн киноноос болж байх жишээтэй.  Тэгэхээр өөрийгөө сурталчлах маш чухал.

Монголын тухай юу ч мэдэхгүй хүн манайхаас юу ч худалдаж авахгүй биз дээ. Олон улсын агентлагуудаар бусад улс гадны орнууд руу бодлогоор өөрсдийгөө маш их сурталчилдаг ш дээ.

- Манайхан Bloomberg, CNN ээр сурталчилгаа явуулдаг.
- Тийм ээ үздэг. Жишээ нь Bloomberg-ээр “Монголд хөрөнгө оруулъя” гээд сурталчилдаг. Харин яагаад хөрөнгө оруулах ёстой вэ гэсэн талаар мэдээлэл огт явдаггүй. Яагаад би Монголд хөрөнгө оруулалт хийх ёстой юм бэ гэдэг асуултын хариу хамгийн чухал шүү дээ. 

- Монгол брэндийн эрэлд гараад удаж байгаа. Таныхаар Монгол брэнд гэж юу вэ?
- Чиний хамгийн сайн хийж чаддаг юм юу байна. Тэр чинь л. 

- Гар утас лав биш байх.
- Үйлдвэрлэж бол чадна, болно. Харин өрсөлдөх чадвар нь юу билээ. Бодох л зүйл. Манайхан ноолуур гэж ярих дуртай. Гэтэл Америкт гэхэд нэг ч Монгол ноолуурын том дэлгүүр бодлогоор нээгээгүй л байна шүү дээ. Харин бор зүрхээрээ гэр бүлээрээ Америкт ноолуурын дэлгүүр нээчихсэн Монгол хүмүүс байна.  Том зах зээлд эрсдэл өндөртэй ч сайн тооцоогоо хийгээд эхлэхэд болохгүй зүйл байхгүй шүү дээ. Гол нь сайн маркетинг хэрэгтэй. Ноолуур гэдгийг гадныханд ойлгуулах хэрэгтэй. Монгол ноолуур хамгийн чанартай гэдгээ тодруулж өгөх нь чухал. Ингэж чадвал “Америкчууд юу л хамаагүй авдаг хүмүүс шүү дээ” гэж Америк хүн өөрөө хэлж байлаа. 

ЧИ ЯЛ, БИ Ч БАС ЯЛНА

"Өглөөний хүн" булангийн зочин Ц.Цогоо болон iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа нар Капитолын ордны өмнө, 2014 он. Гэрэл зургийг Б.Түвшинтөгс

- Америкт байгаа Монголчуудын уулзалтан дээр нэг зүйл их гоё сонсогдож байсан. Монголоос долларын тэрбумтан төрөх хэрэгтэй байна гэж ярьж байсан нь их сайхан сонсогдож байлаа.
- Бусад үндэстнүүдээс долларын тэрбумтнууд төрөөд л байна. Харин Монголоос яагаад болохгүй гэж. Энд байгаа гадны үндэстнүүдийг хараад байхад бие биенийгээ л их сайн дэмжих юм. Бизнесийг нь дэмжээд явчихдаг. 

- Гэхдээ бие биенээ дэмжих ажлыг та жишээ нь тодорхой хэмжээнд хийж байгаа гэж ойлголоо. 
- Өөрийнхөө хэмжээнд олж мэдэж сурсан зүйлээрээ бусаддаа туслаад л явж байна. “You win, I win” гэж хэлц байдаг даа. Чи ял, би ч бас ялна. Хамтдаа зэрэг хөгжье гэсэн бодолтой. Энд байгаа Монголчууд бол усны дусал төдий л шүү дээ. Нийтээрээ бид бие биенээ дэмжиж байж илүү том амжилтанд хүрэх байх даа. 

- Яг өнөөдөр Монголдоо буцаад очиход таны орон зай тэнд байгаа юу. Ажлын тавцанд?
- Хэлж мэдэхгүй байна. 

- Яаж төсөөлж байна?
- Болохоосоо болохгүй хүртэл хичээнэ дээ. Боломж байвал бизнес хийх орчинг нь л цэвэр болгомоор байна. Бюрократ гэж ярьдаг даа. Түүнийг л арилгах хэрэгтэй. Одоо энд компани байгуулахад 15 минут л болж байна. Гэхдээ тусгай зөвшөөрлийг тусдаа авна.  Гүйцэтгэх ажил хийхэд цэвэр өөрсдийн чадвараас хамаарч сонгон шалгарч байна.

Нөгөөтэйгүүр Монголд хүмүүсийн боловсрол мэдлэг дээшлээд улс орон хөгжөөд ирэх тусмаа үнэлэмж дээшилж шинэ стандартууд бий болно.  

Бид хүний үнэлэмжийг гүйцэд үнэлэх хэмжээнд очоогүй байна. Тэр нь бидний хөгжилтэй л холбоотой. АНУ-д гэхэд 76-80 хувь нь үйлчилгээний эдийн засаг болчихсон. Үйлчилгээний үйлдвэрлэл гэсэн үг. Манайх бол түүхий эдийн эдийн засагтай орон. Үүний дараагийн шат нь үйлдвэрлэлийн үе байх ёстой. Тэгээд үйлчилгээний эдийн засаг нь хөгждөг. Тэгэхээр бидний аливааг үнэлэх үнэлэмж доогуур байсаар байна. Гэхдээ энэ цаг зуурын зүйл гэж ойлгож байна.

- Хамгийн сүүлд 2006 онд Монголд очсон гэж байсан. Дөрвөн жилийн дараа ямар өөрчлөлт ажигласан бэ?
- Зөндөө их байшин л баригдсан байсан даа. 

АНУ-ын Конгрессийн номын санд ажиллаж байгаа М.Саруул- Эрдэнэ доктор гэхэд жил бүр Монгол судлалын хурлыг энд зохион байгуулаад явж байх жишээтэй.

- Өөр. Хүмүүсийн хувьд?
- Хэвээрээ. Би өөрөө энд зөөгч хийдэг байсан хүн. Яг өөрийнхөө ажиллаж байсан шиг ресторанд ороход л үйлчилж байгаа хүмүүс нь их гунигтай санагдсан. Хүн гоё хоол идэх гээд орохоор нэг их гунигтай царайтай зөөгч үйлчлэхээр бас л сонин шүү дээ. Манай соёлтой холбоотой байх л даа. Өөрчлөлт мэдээж маш их байсан байх. Би хувьдаа хангалттай мэдэрч амжаагүй. Богино хугацаа байсан л даа. 

Миний бодлоор Монголд ажилдаа хариуцлагатай байх, бүтээлч байдлыг дэмжих нь л чухал юм. Залуусыг бүтээлч хандлагатай болгож дэмжих нь чухал байна.

- Энд ирээд Монголчууд маань өөрсдийн гэсэн соёл, орчныг бүрдүүлэх гээд л хичээж байгаа юм шиг санагдаж байна. Багачууд нь Монгол сургууль, Монгол хүүхдийн зусланд хамрагдчихаж байна. Томчууд нь хэд хэдэн төрлийн бизнесээр дагнаад амжилттай ажиллаж байна. Та бүхний энэ эрмэлзлэл маш сайхан санагдлаа. 
- Олон зүйлийг хийж байгаа хүмүүсийн өмнөөс төлөөлөөд ярих тохиромжгүй юм. Ямартай ч Монголчуудыг нэтгэсэн үйл ажиллагаа, арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хичээдэг. АНУ-ын Конгрессийн номын санд ажиллаж байгаа М.Саруул- Эрдэнэ доктор гэхэд жил бүр Монгол судлалын хурлыг энд зохион байгуулаад явж байх жишээтэй. Бахархалтай олон залуу бий.

- Энд Монгол айлын жаахан хүүхдүүд англиар яриад л гүйгээд байх харамсалтай дүр төрх ажиглагдах юм. Танай охин Монголоор ярих уу?
- Манай охин Монгол хэлтэй. Сайн ярьдаг. 5-8 насны хүүхдүүдийн шүлгийн уралдаанд "Миний нутаг" шүлгийг уншаад түрүүлсэн. Есөн сартай байхдаа эх орондоо очиж гурван сар болоод ирсэн. Түүнээс хойш Монголдоо очоогүй байгаа. Гэхдээ эх хэлээрээ маш сайн ярьдаг.  Англиар ярихаар нь би ойлгохгүй гээд гадаад хэлээр яриулдаггүй.

- Нутагтаа очиж суурьших бодол байна уу?
- Нутагтаа очилгүй яах вэ. 

- Хэзээ?
- Гурван жилийн дараа. Монголд болохгүй олон зүйл байгаа байх. Гэхдээ энэ бол хөгжлийн нэг үе шат л гэж бодож байна. Монгол шиг сайхан нутаг хаана ч байхгүй шүү дээ.

- Ойрхон л байгаа юм байна. Та Дорнодынх гэсэн байх аа. Нутгаа санаж л байгаа байх.
- Саналгүй яах вэ. Уул усаа санахын дээдээр санаж байна.

Аавыг маань Г.Цэрэнбат гэдэг Дорнод аймгийн уугуул, орос хэл, физик, математикийн багш мэргэжилтэй. Ээжийг маань Д.Оюунтунгалаг гэдэг, нутгийнхаа цахилгаан станцад 25 ажиллаж тэтгэвэртээ гарсан хүн бий. Аав, ээж маань оюутан байсан учраас би хүүхэд насаа эмээ дээрээ хөдөө хээр тоглож өссөн юм. Энэ жил миний төрсөн Баян-Уул сумын 90 жилийн ой тохиож байгаа. Нутгийн зон олондоо ойн мэнд хүргэмээр байна.

- Б.Лхагвасүрэн гуай энд ирээд Монголын өдөрлөг дээр үг хэлэхдээ “Хүн хүний нутагт хагас жаргаж, өөрийн нутагтаа бүтэн жаргадаг юм шүү” гэж хэлж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?
- Жаргалыг юу гэж ойлгохоос л шалтгаалах байх даа. Бүтэн жаргаж байгаа хүн ч байна. Миний хувьд үргэлж нутгаа санаж сэтгэл маань өлсгөлөн байдаг учраас хагас жаргаж байгаа юм болов уу даа.

- Тэгвэл удахгүй эх орондоо уулзъя.
- Тэгнэ ээ. 

Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА (Bolortuya@ikon.mn)

Гэрэл зургийг: Б.ТҮВШИНТӨГС

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.