Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Уянга: Эрсдлээс болгоомжлоод явсан бол өнөөдөр юу ч бүтээхгүй байсан биз

Ч.Болортуяа
2014 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Твиттер гэдэг хачин жигтэй ертөнц. Энд нийгмийн тодорхой захиалгат хэсэг бүлэг нь бий. Улстөрчид нь ч байна. Олны танил урлаг, соёлын одод ч байх. 

Харин энэ бүгдээс онцгойрч, ялгарч харагддаг яг л өөрийнхөөрөө байх олон сонирхолтой хүн байна. "Элийрэл бол төгс гэгээрэл" юм гэх этгээд үгсийг өөрийн профайл дээрээ бичсэн "Элийрэгч" -ийг бид энэ удаагийн "Өглөөний хүн" буландаа урилаа. 

Түүнийг зүгээр ч нэг уриагүй бөгөөд Ц.Уянгын хийсэн ажил, бүтээж байгаа бизнес нь анхаарлыг маань өөрийн эрхгүй татсан юм. 

Хотын өв соёлыг дээдлэгч, Дөчин мянгатын уугуул Ц.Уянгын ярилцлагыг уншсанаар яг бидний өнөөгийн амьдралд тулгамдаад байгаа үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжил, бодлогын талаар ойлголт авч, Улаанбаатар хотоо хайрлах тэр хүсэл илүү их төрнө хэмээн найдаж байна. 

Ингээд iKon.mn сайтын шинийг санаачлагч, хөдөлмөрч, бүтээгч, манлайлагчдын цуврал "Өглөөний хүн" ярилцлагын булангийнхаа ээлжит зочныг хүлээн авна уу. 

ХОМСДОЛ ҮҮСЧ БАЙГАА ЗАХ ДЭЭР БАЙГАА ЦӨӨХӨН БАРААНЫ ҮНЭ ҮРГЭЛЖ ӨСЧ БАЙДАГ

- Таныг твиттер дээр төсөөлдгөөс шал өөр бүсгүй байна. Сайхан бүсгүй байна. 
- Баярлалаа. 

- Ярилцлагаа танай компанийн гол бизнесийн нэг болох хотын төвийн барилгуудыг худалдаж аваад үнэ цэнэ нэмсний дараа дахин эргэлтэнд оруулдаг үйл ажиллагааны чинь тухайгаас эхэлье. Энэ төрлийн бизнес Монголдоо анхдагч нь байх. 
- Тийм ээ. Аливаа хөрөнгийн үнэлгээ өндөр байхад байршил, зах зээлийн идэвхтэй бүсчлэл, эргэн тойрны орчин, хотын соёлын өв, харилцаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. 

Бид дэлхийд тогтсон жишгийн дагуу хотын төвд оршиж байгаа хөрөнгүүд дээр ажилласаар ирлээ. Улаанбаатарын төвд хэрнээ мартагдсан энэ орон зайнд ажиллаж байна. Манайхан нэг хэсэг бүгд шинэ, тансаг зэрэглэлийн байр руу хошуурсан. 

Харин бид эсрэгээрээ хотын соёлын өв, төв болсон орон сууц, барилгууд орхигдсон байсныг олж харж хүмүүсийн хүсч байгаа тэр тав тух, үйлчилгээг бий болгосон. 

Бид эхний хоёр, гурван жилдээ олсон ашгаа бизнесийнхээ хөгжил рүү хөрөнгө оруулсан. Өнөөдөр хэчнээн хямарч байгаа ч бизнесийн байх ёстой дэд бүтцүүд маань тавигдлаа. Тэгэхээр цаашдаа тийм төвөгтэй байхгүй байх гэж итгэж байна. 

- Тансаг зэрэглэлийн ийм үйлчилгээ, бүтээгдэхүүнийг бий болгохоор зөвхөн гадныхан эсвэл баячуудад зориулсан үйл ажиллагаа явуулдаг гэсэн шүүмжлэлийг дагуулдаг. 
- Хамгийн гол нь хөрөнгийн хамгийн үнэтэй байх хэсгүүд нь үнэлэмжтэй байвал бусад хөрөнгийн зах зээл буюу суурин иргэншил тэлэх боломж олгодог.  

Хөрөнгө хамгийн эрэлттэй газраа үнэлэмж өндөр, үнэ цэнэтэй байх шаардлагыг хангаж гэмээн бусад бүсчлэл дэх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тэлж, идэвхжүүлж байдаг.

Хөрөнгө идэвхжил өндөр газраа үнэтэй байж чадахгүй бол энэ зах зээл хаяагаа тэлэх боломжгүй. Амьдрал буцалдаг газар нэг үнийн жишиг шаардаад байвал нийгмийн бүхий л төрлийн харилцаа тухайн бүсдээ хэт төвлөрч нийгмийн харилцааны хэт нягтаршлаас шалтгаалж тэнцвэргүй, чанаргүй амьдралын хэмнэл үүсдэг жамтай. 

Иймд Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үндсэн агууллагыг маш зөвөөр ойлгон хүлээн авах нь чухал юм. 

- Зөв ойлгоно гэдэг нь?
- Бид олон зууны түүхтэй гэж байгаа боловч суурин иргэншлийн зарчмаар амьдраад 60 орчим жил болж байна. Хамгийн анхны орон сууцны хороолол 1956 онд баригдаж байсан. Тэгэхээр Монгол хүн хананаасаа халуун устай болоод нэгэн жарны л нүүр үзэх гэж байна. Суурин соёлтой болсон сүүлийн үндэстнүүдийн л нэг. 

Хоёрдугаарт чөлөөт зах зээлийн жамаар хөгжөөд 20, 22 жил гэдэг ч үндсэн бодлого нь бий болоод 10 гаруйхан жил болж байгаа. Тиймээс учраа ойлгоогүй, бухимддаг байдал их.

Хүүхэд төрөнгүүтээ босоод гүйж чаддаггүйтэй яг адилхан. Бид алдах ёстойдоо алдаж, онох үедээ онож байж бойжиж боловсорно. Ийм хүнд цаг үед ажиллаж байгаадаа бухимдах үе байдаг ч анхнаасаа энэ бизнесийн зарчмыг зөв тавихаар  хичээж ажиллаж байна. 

Барилгын салбарт анхны гараа нь буруу тавигдсан учир буцаагаад засахад хүнд асуудлууд их. Гэтэл урбан гэдэг чинь манайхаас хамаарахгүйгээр аль Византын үеэс бий болчихсон шинжлэх ухаан, ойлголт байдаг. Монголд энэ зарчим өөрөөр ажиллана гэсэн зүйл байхгүй. Мэдээж өөрийн онцлог байна уу гэхээс үндсэн бодлого нь явах зарчмаараа явах ёстой.

- Орон сууцны үнэ гэхдээ үнэхээр үнэтэй байна гэсэн шүүмжлэл нийтлэг.
- Тийм ээ. Улаанбаатарын үл хөдлөх салбарын үнэ өндөр. Гэхдээ хөөстэй гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэхээр энэ зах зээлд хомсдол байна. Орон сууцны тооллогын бохир дүнгээр харахад 550 мянга орчим орон сууцны нэгж байна гэсэн тооцоо байдаг. Үүнд үнэтэй хаус нь ч орж байгаа, нийтийн байрны нэг өрөө нь ч орж байгаа. 

Бид суурин иргэншлийнхээ явцад 550 мянгахан нэгжтэй байна гэдэг маш бага тоо. Гэтэл Улаанбаатарт амьдарч байгаа хүн ам албан ёсоор 1,2 сая. Бохироор 1,6 сая гараад явчихсан. Нийт хүм амынх нь дийлэнх нь нэг газраа чихцэлдээд байж байгаа. Тэгэхээр үнэхээр бодит хэрэгцээ зах зээлийн эрэлт, нийлүүлэлт таарахгүй байна гэсэн үг. Хомсдол үүсч байгаа зах дээр байгаа цөөхөн барааны үнэ үргэлж өсч байдаг. 

Энэ асуудалд уурлаж, бухимдах явдал их ч шийдвэрлэгдэхэд их цаг хугацаа орно. Гэтэл энэ зах зээл дээр эргэлдэж буй байгаа хэдхэн бараа, бүтээгдэхүүний үнийг хянах, жишиг тогтоох гэвэл үл хөдлөх хөрөнгийн эргэлт ч үгүй, барилга орон сууцны хөгжил ч үгүй болно гэсэн үг. Нэг ёсондоо энэ зах зээлийн агуулгаа мэддэг, ойлгодог байж хөгжих бололцоотой гэсэн үг юм.  

Тансаг байшингуудыг аваад аваад 200 гэр бүлээс дээш гарахгүй.

Угаасаа хүртээмжгүй учраас. Бид уурлахад хэцүү. Байгаа хэддээ уурлаад аль ч үгүй болох уу. Энэ бол дахиад л ерөнхий цөмөө мэддэг байх ёстой л асуудлын нэг. 

Хөөс хаана байгааг сайн ажиглах хэрэгтэй. Нэг м/кв нь 2,5 - 5,0 мянган ам.доллар  болон түүнээс дээш үнэтэй тансаг зэрэглэлийн барилгууд ихээр баригдаж байна. Тансаг байшингуудыг аваад аваад 200 гэр бүлээс дээш гарахгүй. Тэгэхээр манай компаниуд үүнийг маш их хэрэгцээтэй байна гэж ойлгоод бие биенээ хуулбарладаг байдал гарч байна.

- Том талбайтай тансаг орон сууцнууд л их баригдах болж. Гэтэл амьдрал дээр жижиг талбайнуудтай нь л түрүүлээд дуусдаг.
- Тийм ээ. Зах зээлийн судалгаа хийхгүй энэ бизнест орсноор маш их царцмал хөрөнгө бий болж байна. 

Уг нь дунд болон дундаас бага зэрэг дээш орлоготой гэр бүл хамгийн ашигтай зах зээл. Хүн болгон гэр бүлтэй болоод орон сууц авахыг хүснэ. Нэг өрөө байр авна. Дараа нь хөгжлийн түвшингээсээ хамаараад хоёр өрөө байр авна. Тэгэхээр энэ бол хамгийн хурдан эргэлттэй, эрэлттэй зах зээл. Манай барилгынхан одоо л ойлгоод энэ зах зээл рүү орж байх шиг байна. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ГЭДЭГ ЧИНЬ ЦЭВЭР ТООН ДЭЭР Л АЖИЛЛАДАГ ХҮМҮҮС. УЛААНБААТАР ХААНА БАЙДАГ НЬ ТИЙМ СОНИРХОЛТОЙ БУС

"M.A.D Mongolia" компанийн оффис, 2014 он

- Танай компани зах зээлийн судалгаануудаа дотроо хийж байна уу?
- Тусгайлсан зах зээлийн судалгаа манайд сайн хөгжөөгүй байна. Бид судалгаагаа сайн гаргаагүй байж хөрөнгө оруулагчдыг татах, энэ зах зээлд оролцогчдод өсөлт, бууралтыг тайлбарлаж чадахгүй байдалд хүрнэ. Дээрээс нь энэ салбараа судлаагүй бол бид өөрсдийнхөө бизнесийг ч ойлгохгүй байдалд хүрнэ. 

Тиймээс судалгаа руу өөрийн эрхгүй хөтлөгдөөд орчихсон. Гаднаас судалгааны экспертүүдийг авчирсан. Энэ зах зээлийн судалгаан дээр ажилладаг цорын ганц нь болоод байх шиг байна. 

- Үл хөдлөх салбар дахь хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр танайх олон ажил хийдэг. 
- Бид онлайн маркетинг дээр нэлээн анхаарч ажилласан. Google search engine дээр гэхэд манайх хамгийн түрүүнд гарч ирдэг. Монголыг сурталчлах, Монгол руу хөрөнгө оруулах сонирхолтой ихэнх хайлтуудад манайх эхний нэгт гарч ирдэг.

Ингэхийн тулд бид нэлээд судалгаа хийж сууриа бэлдэж хөрөнгө зарсан. Мэдээж Монголыг сурталчлахын тулд зөвхөн өөрийн компанийн хийдэг ажлаа сурталчлахыг хэлэхгүй. Монголын эдийн засаг, нийгэм, улстөрийн орчинд явагдаж байгаа бүхий л үйл явдлыг мэдээлэл хэлбэрээр цацдаг. Хоёрдугаарт, Монголд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа компани, корпорациудыг сурталчилдаг. 

-  Хөрөнгө оруулалтын зуучлалын үйл ажиллагаагааг тодруулж ярихгүй юу?
-  Хөрөнгө оруулалтын мега төслүүд рүү бид зуучилж өгдөг. Хөрөнгө оруулалт татна гэхээр хүмүүс их хялбараар боддог. Энэ бол бүхэл бүтэн арилжааны нэг сектор. Хөрөнгө оруулалт татахын тулд наад захын санхүүгийн эх үүсвэр, сэдэл байх ёстой. Дээрээс нь одоо байгаа зах зээлийн тайлан, сурталчилгаа, Монголын нийгэм, улстөр, өнгөрсөн цаг үеийн түүхэн хөгжлүүдийг нэгтгэсэн дүн шинжилгээнүүд, хөрөнгө оруулагчдын сонирхож байгаа тэр хэсгүүдийн тандалт, судалгаатай байх ёстой. Үүнийг нь олон улсын санхүүгийн наад захын стандартуудад нийцүүлсэн байх хэрэгтэй.

 Үүний дараа төсөл рүүгээ орж төслийн судалгааг явуулна. Яг тодорхой төсөл оллоо гэхэд түүнийх нь ТЭЗҮ гарч ирэх ёстой. Тэгэхээр энэ бол маш урт хугацааны ажил. Үүнийг зүгээр нэг хөрөнгө хүсч байгаа газар өөрөө хийх боломжгүй. Угаасаа дэлхийд ч ингэж хийдэггүй. Хөрөнгийн дутагдалтай байгаа нэгж эсвэл нэр хүнд олохын тулд ч хөрөнгө оруулалт хүсдэг газрууд байдаг. Ийм газрууд нь мэргэжлийн фирмээр хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг гүйцэтгүүлдэг. Манай дээр орж ирсэн ажлууд тэр болгон амжилттай болоход хэцүү. Би мега төслүүдийн тухай ярьж байна. Бололцооны явж байгаа ажлууд ч их байгаа. Үүнийг бид ярихад хэцүү. 

Яагаад гэвэл энэ захиалагчдын хүсэлт, бизнесийн хамгаалалттай холбоотой. Нэрлэж болох газрууд ч байна. 

Cube capital, MGG зэргийг дурдаж болно. Энэ бол тухайн төслүүдийн хэсэгчилсэн хөрөнгө оруулалтын төслүүд байсан. Хөрөнгө оруулалт хүссэн газар болгон мөнгөтэй болчихно гэж бодож болохгүй. Яагаад гэхээр хөрөнгө оруулагчид гэдэг чинь цэвэр тоон дээр л ажилладаг хүмүүс. Улаанбаатар хаана байдаг нь тийм сонирхолтой бус. Тиймээс тэдний сонирхлыг татахын тулд олон зүйлийг хийх хэрэгтэй. Гарч ирсэн тоонууд нь эдийн засаг, арилжааны сонирхол үүсэхээр тэдний тавьж байгаа шаардлагыг хангадаг газар манайд цөөн. Хоёрдугаарт бизнесийн хэл нь буюу  биеэ авч явах байдал нь ойлгомжгүй байдаг.  Хий хартай, хий биеэ тоосон хүмүүс  их байна.

ӨДРИЙН ҮЛДСЭН ТАВАН ЦАГТ НЬ ЧАНАРТАЙ АМЬДАРНА ГЭСЭН ЗОРИЛГОТОЙ, ҮЗЭЛТЭЙ ХҮМҮҮС ГАРЧ ИРЖ БАЙНА

- Танай засал чимэглэл хийсэн байрнууд их шинэлэг бас Монгол агуулгыг шингээж өгч байгаа нь ажиглагдсан.   
- Зах зээлийн нийгэмд шилжээд шинээр хөгжиж байгаа салбарын нэг нь интерьер. Мэргэжлийн талаасаа энэ IT технологитой бараг зэрэг хөгжиж эхэлсэн. Анх энэ салбарыг  үйлчилгээний хөрөнгийн салбарууд авчирсан. Жишээ нь "Номин". Их дэлгүүрийн дотоод засал чимэглэл гээд шинэ шинэ стандартуудыг эх орондоо авчирсан байх жишээтэй. 

Харин айл өрх рүү чиглэсэн интерьерийн компаниуд нэлээд хожуу гарч ирсэн. Хүчээ авч эхэлсэн нь 2004, 2005 оноос. Энэ нь өөрөө манай эдийн засгийн өсөлт, хөгжилтэй шууд холбоотой. 

Дээрээс нь энэ чиглэлийн боловсон хүчнүүд бэлтгэгдэж гарч ирсэн үе. Манай компанийн хувьд 2008 оноос зах зээлд нэвтрэхэд үйлчлүүлэгчдийн тав тухыг хангахын тулд интерьерийн шаардлага үүссэн. Хэрэглэгчээс тавьж байгаа шаардлагыг нь бид нар ойлгоод байдаг ч түүнийг гүйцэтгэж хийх компани байгаагүй. Тиймээс өөрсдөө энэ засал, чимэглэлийн ажил руу өөрийн эрхгүй орсон. Эхний үедээ интерьер хийгээд байгаагаа ч ойлгохгүйгээр ажиллаж байгаад хүссэн хүсээгүй мэргэжлийн түвшинд ажиллах хэрэгтэй болсон. Манай үйлчлүүлэгчид гадна, дотны бизнес, улстөр гээд янз бүрийн мэргэжилтэй хүмүүс байдаг. Тухайн үйлчлүүлэгч болгоны сэтгэлд нийцсэн тав тухыг нь хангасан орчныг бий болгохыг хичээдэг. 

Дэлхийд интерьер урлагийн хэмжээнд хүртэл хөгжсөн. Тэднээс суралцахаас гадна өөрсдийн онцлогийг шингээх шийдлүүдийг оруулж өгсөн. M.A.D компанийн брэндинг байх ёстой учраас хадгалж явдаг ижил шийдлүүд бий. Бид өөрсдийн хийж байгаа зүйлээ бол ойлгодог болчихсон. Харин хэрэглэгчийн хүссэн зүйлийг шингээж өгнө гэдэг биднийг илүү ихийг эрэлхийлэхэд хүргэдэг. Үүнийхээ хэрээр манай хамт олон улам чадваржиж байна. 

- Яг энэ байрыг ингэж засахад хэдий хэмжээний өртөг орсон бэ?
- Энэ өөрөө нэлээн өртөг өндөр загвартай. Хуучны сонгодог дотоод заслын загвар давамгайлсан, эртний уламжлалт стильтэй боловч хээ угалз, үнэтэй чамин чимэглэл төдийлөн ороогүй. Хөрөнгө өөрийн гэсэн өв, түүхтэй. Ганцхан загвар хараад байхгүй тухайн хөрөнгийнхөө онцлогоос хамаарч түүндээ нийцсэн засал, чимэглэлтэй байвал тохиромжтой. 

Энэ хөрөнгийн хувьд манай сайд нарын буюу тухайн үеийн элитүүд амьдарч байсан хамгаалалттай, төв талбайн хажууд байдаг ганц орон сууцны зориулалттай байр. Мэдээж тухайн үеийн сэхээтнүүд сонгодог урлаг, ном зохиолуудад нэвтэрч байсан хүмүүс байдаг. Тиймээс ордны гялгар стилиүдийг хасаад илүү консератив шийдлүүдийг нь түлхүү оруулж өгсөн. Энэ хөрөнгийнхөө онцлогийг илүү тодруулж өгсөн засал, чимэглэл хийсэн. 

- Энэ байрыг түрээслэхэд ямар төлбөртэй байх вэ?
-Урт хугацаанд 4000-4500 ам.доллараар түрээслэхээр тооцсон байгаа. 

- Сарын түрээсийн төлбөр нь гэсэн үг байх. Тийм үү?
- Тийм. Үр ашигтай байх санхүүгийн тооцооллоор гарсан дүн. 

- Яг энэ өртгөөр байр түрээслэх эрэлт хэр их вэ?
- Ийм хөрөнгийн эрэлт төдийлөн их биш. Байлаа гэхэд яг тухайн хүмүүсийнх нь хэрэгцээг бүрэн хангасан, нийцсэн байх ёстой. Манайхны тансаг гээд байгаа байрнуудад учир дутагдалтай зүйл багагүй ажиглагддаг. 

Байранд тансаг зэрэглэл тогтооход дотоод засал, чимэглэл, чанараас гадна байршил, өв соёл, замын хөдөлгөөн, парк, брэнд дэлгүүр, гээд эргэн тойрны бүх зүйлүүд цогцоороо шийдэгдэж байх ёстой. Яг энэ байр бол өндөр тансаг зэрэглэлдээ орохгүй. Гэхдээ энэ гүйцэтгэх дээд шатны албан тушаалтан байрлах байр гэж нэрлэдэг. 

Байранд тансаг зэрэглэл тогтооход дотоод засал, чимэглэл, чанараас гадна байршил, өв соёл, замын хөдөлгөөн, парк, брэнд дэлгүүр, гээд эргэн тойрны бүх зүйлүүд цогцоороо шийдэгдэж байх ёстой.

Байрных нь хүчин зүйлүүд нь арай өөр. Бизнес дүүрэгт, талбайн хажууд, харуул хамгаалалттай захиргааны бүсийн дунд оршиж байгаа нь энэ хөрөнгийн онцлогийг тодруулж өгч байгаа юм. 

Өндөр зэрэглэлийн тансаг байрны шаардлага өөр. Наад зах нь жакузи, SPA бүхий алжаал тайлагч, чамин, иж бүрдэл тоноглолтой угаалгын өрөөтэй байх гэх мэт.

- Танай компанийн энэ төрлийн үйлчилгээг 100 хувь гадны иргэд авч байгаа юу. Монголчууд бий юу?
- 100 хувь гадны хүмүүс байсан. Харин сүүлийн үед Монголчууд манай үйлчилгээг авч эхэлж байна. Зайсанд тэр хэмжээний үнээр том талбайтай, илүү сайхан хөрөнгө сонгож болох байсан. Манайхан анх бүгд материаллаг байлаа. Одоо бол илүү амьдралын чанартаа анхаардаг болчихсон байна. Өдөрт оногдож байгаа 24 цагийн найман цагийг чанартай ажиллачихна. Үлдсэн таван цагт нь чанартай амьдарна гэсэн зорилготой, үзэлтэй хүмүүс гарч ирж байна. Бид үлдсэн таван цагийн өглөөний хоёр цаг, оройны хоёр цагийг түгжрээнд өнгөрүүлнэ. Замдаа хоол хүнсээ цуглуулна. Очоод хоол хийж иднэ. Дундуур нь найз нөхөдтэйгээ уулзана. 

Энэ бүхнийг зохицуулахад маш хэцүү болсоор байна. Амьдралаас таашаал авахаасаа илүү стрессд оруулдаг болчихсон байна. Эдгээр хүчин зүйлийг ухамсарласан хүмүүс аль болох хялбаршуулсан дөт байдлаар асуудлаа шийддэг болсон. Нэг их том байшин, барилга, орон сууц гэхээсээ илүү өөрт оногдсон бага болтугай тэр орчиндоо тав тухтай бүрэн сэтгэл ханамжтай, ажил төрөл, бизнестэйгээ холбогдоход саадгүй ийм боломжийг сонгодог болсон байна. 

Том байшин, орон сууцыг арчилж, тордоно гэдэг чинь өөрөө хүнээс их стресс шаардаж байдаг. Тийм болохоор манай залуучууд хотын төвийн бүр үнэтэй зэрэглэлийн биш юм гэхэд энгийн зэрэглэлийн байрнуудыг урт, богино хугацаагаар түрээслэдэг болсон. Ихэвчлэн залуу гэр бүл, хосууд буюу үр хүүхэдтэй болохоосоо өмнөх амьдралд бэлтгэж байгаа залуус байдаг. 

ХОТЫН ТӨВ, ТҮҮХИЙГ ИЛЭРХИЙЛСЭН БАРИЛГУУД БАЙСНААРАА ХОТ ӨӨРӨӨ ҮНЭТЭЙ БАЙЖ ЧАДДАГ

- Хуучны энэ барилгуудыг засаад байдаг. Гэтэл энэ барилгууд чинь нураах төлөвлөгөөнд орчихсон биз дээ?
- Би үүний эсрэг байр суурьтай байдаг. Бидний нэг дутагдалтай тал нь байгаа зүйлдээ үнэ цэнэ оруулж сураагүй байдал. Арчлахгүй, засахгүй явсаар нурааж байгаад шинээр барьчихна гэж бодоод байдаг. Авто замыг ч гэсэн харахад арчлахгүй явж явж машин явахын аргагүй болох үед нь янзалдаг. Гэтэл тухайн зүйлийн чанарыг нь сайжруулна гэдэг маань их үр ашигтай бизнес. Хүнд төвөг болохгүй бөөнөөр нь мөнгө гаргахгүйгээр байнгийн тордолгоо хийж байх ёстой. Үүнийг өнөөдөр би зөвхөн зам, байшин дээр ярьж байгаа ч манай нийгэмд хамгийн дутагдалтай байгаа ажил бас зан чанарын нэг. 

Хотын төв, түүхийг илэрхийлсэн барилгууд байснаараа хот өөрөө үнэтэй байж чаддаг. Бид хүссэн хүсээгүй энэ хотын төвд чинь анхны бүхэн үүссэн байдаг. Суурин соёлын энэ өв үүссэн газар зах зээл төвлөрч байдаг. Хамгийн үнэлэмжтэй зах зээл. Үүнийг тойрсон бүхэн үнэ цэнэтэй. Тиймээс л хотын төвийн газар хамгийн үнэтэй, хэмжээ, хязгаартай. Энэ хязгаар руу хүмүүс чихсээр байгаад зай талбайгүй болчихсон учир энэ барилгууд нүдэнд харагдаад байгаа. Энэ хотын төвийн хуучны байшингуудыг 10 давхар шилэн байшин болгочихвол их ашиг олох юм шиг санагдаад байж магадгүй. Гэтэл бид газар дор байгууламжгүй улс. Эндээс хоёр км-ийн цаадах зам харилцаагаа шийдээгүй л байгаа улсууд. 

Бид өөрсдийгөө Сингапур, Хонконгтой харьцуулах дуртай. Тэд нар санхүүгийн цөм болчихсон, нягтаршил ихтэй хотууд. Бүх төрлийн эдийн засгийн задрал явагдчихсан. Зөвхөн санхүүгийн чиглэлээр цагт орж, гарч байгаа хүмүүсийн тоог харьцуулаад үзэхээр үл хөдлөх хөрөнгө нь тэгж шавж баригдахаас өөр аргагүй. 

Ийм газруудтай бид өөрсдийгөө харьцуулах бололцоогүй. Зам, харилцаа, газар доогуур, дээгүүр бүх харилцаагаа шийдвэрлэсэн ч гэсэн тэнд асуудал дуусахгүй. 

Гэтэл Монголд одоо байгаа дэд бүтцийн хүчин чадлаа хэтрүүлчихсэн. Нэг байр 50-100 өрхтэй. Нэг хороолол 500 өрхтэй гэж жишээ аваад бодоход энэ 500 өрхийг бүх шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй байж чадаж байгаа билүү. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд юу болж байгаа билээ дээ. Гэтэл энэ хуучны барилгуудыг нураагаад өндөр байшингууд барихаар юу болох вэ. Бодоод үз дээ. Урбан хөгжил дээр тулгуурласан эдийн засаг эргэлтийн хүчин чадлаа тооцож байж л хөгждөг, эсвэл мөхдөг. Тэгээд ч байгаа зүйлээ нурааж тоглодог тийм хүчин чадалтай улс бид биш. 

- Товчхондоо энэ барилгуудаа нураах биш, шинэ дэд бүтэц бий болгох тухай ярих ёстой.
- Улаанбаатарыг залгаад, тэлээд явах боломж бүрэн байна. Хамгийн гол асуудал болох ТЭЦ-5 -ыг бий болгоод тэлэлт хийх хэрэгтэй. Ингээд явбал заавал одоо байгаа энэ бүхэн рүүгээ дайраад байхгүй. Дээрээс нь Улаанбаатар гэдэг чинь муу ч, сайн ч бидний нийслэл. Энэ нийслэл маань өөрийн гэсэн өв түүхтэй.

Хэн ч үл анзаарагдам Лондоны утасны бүхээгийг одоо ашигладаг хүн байхгүй. Гэтэл тэрийг зай, гай болоод байна гээд устгаад хаячихаагүй. Лондоны нэрийн хуудас болтол нь улам тордсон. Лондоны утасны бүхээг утсан харилцаа үүсэхэд ямар байсан яг түүгээрээ л өнөөдөр байж байдаг. 

Дөчин мянгатын байшин өнөөдөр муухай харагдаж байж болно. Гэтэл экстерьер гэдэг зүйл өөрөө хөгжих ёстой. 

Байшин хүртээмжтэй байх тусмаа үнэ цэнэ бага байдаг. Нийслэлийнхээ төвийг орон сууц, нийтийн байрны бүүм болгоно гэдэг өөрөө буруу. Хотын төв гэдэг өөрөө хамгийн чамин, хамгийн хүртээмж бага, хуучны зүйлүүд нь үлдсэн байх ёстой. Нурах гээд байна гэдэг. Гэтэл Италийн 5000 жилийн түүхтэй Венец хот өнөөдөр хүртэл байж л байна. Хуучныхаа барилгуудыг ямар ч үнээр хамаагүй бэхэлгээ нөхөн сэргээлт хийж байдаг. Европ өв соёлоо хадгалан, арчилж байснаараа өнөөг хүртэл мөнгө эргэдэг гол цөм нь болсоор байна. 

Парис гэхэд өнөөдөр дэлхийд ганц танигдах ялгагдах зүйл нь барилгын дээд талын мансартны давхрууд байдаг. 200-400 жилийн өмнө тэр давхарт язгууртнуудын үйлчлэгч, зарц нар нь амьдардаг байсан. Гэтэл өнөөдөр хамгийн их өрсөлдөөнтэй, хамгийн үнэтэй хөрөнгө болсон байна. Ийм хэмжээнд хүртэл нь хөгжүүлж чадсан. 

Том орон сууцанд амьдрах нь гоё, сайхан амьдрал гэдэг үзэл өөрчлөгдөж байна

- Хотын төвийн хуучны барилгуудыг нураах асуудалд та их бухимдалтай яваа юм байна. 
- Бухимдалтай гэхээсээ илүү энэ хотын соёлын үндсэн зарчмыг хүмүүс мэддэг байх ёстой гэж боддог. Өнөөдөр Монголчууд газар үзэж, нүд тайлсан хүмүүс. Лондонгийн хотын төвд байдаг хорьхон м/кв байр Лондонгийн захын дүүргийн 200 м/кв байрнаас илүү үнэтэй байх жишээтэй.

 Бид л том машин унаад, том квадраттай орон сууцанд амьдарвал гоё гэж үздэг байсан бол дэлхий өөрчлөгдөж байна. Парист гэхэд машин унахгүйгээр явганаар ажилдаа очиход ойрхон орон сууцанд амьдардаг хүн хөрөнгөтэй хүнд тооцогддог. Яагаад гэхээр тэр хотын төвд байгаа тэр хөрөнгө нь өөрөө өндөр үнэтэй. Ямар нэгэн стрессгүй, мөнгө зарахгүйгээр амьдралынхаа хэрэгцээг хангадаг болчихсон. Машин юунд хэрэг болдог вэ гэхээр хотоос гарах, нийтийн тээврийг хэрэглэх бололцоогүй тохиолдолд өөрсдийнхөө машиныг хөдөлгөдөг эсвэл хөлсөлдөг. 

Улаанбаатар давтагдахгүй онцлогтой хот. Тэр онцлогуудаа улам тодруулж байж хотынхоо үнэ цэнийг нэмэгдүүлэх болохоос бид өөрийн онцлогтой гээд суурин хөжлийн зарчмаас гажиж тэс хөндлөнгөөр явна гэсэн үг биш. Миний бодлоор Улаанбаатарын төв маань энэ чигээрээ хадгалагдах ёстой. 

Аль бололцоогоороо газраа нөөцлөх ёстой. Харин чадвал газар доорх байгууламжуудыг хөгжүүлэх л хэрэгтэй. Харин дээр нь байгаа хөрөнгүүдээ улам ихээр засан сэлбэж, чанарыг нь сайжруулж, орчныг нь эрүүлжүүлж, гоёмсог сайхан экстерьертэй, үзэсгэлэнтэй болгож байж үнэлэмжийг нь нэмэгдүүлэх ёстой.

Манай үйлчлүүлэгчдийн дийлэнх нь гадны иргэд. Гэтэл энэ гадныхны Монголд ирээд түрээслэж байгаа барилгуудыг хар л даа. Тийм муухай юм бол яагаад ийшээ орох гээд зүтгээд байдаг юм. Яагаад өөрийнх нь үнээс хоёр дахин илүү хөрөнгө оруулалт хийж янзлуулах гээд зүтгээд байна вэ гээд бодоод үзээрэй. 

ХОНГОНК, СИНГАПУР ШИГ БУЖИГНАСАН АМЬДРАЛ БИДНИЙ ХҮСЧ БАЙГАА ЗҮЙЛ МӨН ҮҮ

"M.A.D Mongolia" компанийн оффис, 2014 он

- Хэрвээ хотын төв маань дүүрэн өндөр байшинтай болоод Сингапур, Хонконг шиг болвол бүх зүйл сайхан болчих юм шиг боддог хүмүүс байна. 
- Ингэж хөгжих гээд байгаа бол бид өөрсдийнхөө хөгжлийн загварыг өөрчлөх ёстой. Монгол өөрөө цагт хэдэн мянган хүн орж, гарч байдаг тийм галзуу бизнестэй газар болох ёстой. 

Гэтэл энэ яг бидний хүсээд байгаа зүйл мөн үү юм уу. Хонгонкийн хүмүүс аз жаргалтай амьдраад байна уу. Монголчууд өнөөдөр хэт Ази гэхээсээ европ соёл, араншинг илүү нутагшуулчихсан. Үүнийгээ бид зөв ойлгох ёстой. Бид нар хэн юм бэ. Бид нар яаж амьдарвал гоё байдаг юм бэ. Бид нар яг юунд дуртай хүмүүс вэ гэдгээ бодох хэрэгтэй. Түүнээс бид яг шоргоолж шиг ажиллаад л түүнээсээ кайф авдаг хүмүүс биш.  Юунд дуртай юм гэдгээ бодчих хэрэгтэй. Ажил хийх дуртай хүмүүс бол биш. 

Хонгонк, Сингапур шиг бужигнасан болчихвол гоё гэж ойлгоод байдаг. Энэ бол андуурал. 

Бид цөөхөн хүн амтай. Боломжгүй зүйлийг өөрсдөөсөө шаардах хэрэггүй. Үнэхээр завсар зайгүй шилэн барилгууд босоод кондо маягийн хэмнэлээр хөгжинө гэж бодож байгаа бол тийм хэмжээний халаалттай эдийн засагтай байх ёстой. Гэтэл бид нар цөөхүүлээ. Тийм галзуу хөгжил хаана тохиромжтой вэ гэхээр нэг сууринд 20 -оос дээш сая хүнтэй газар. 

Гадныхныг татахын тулд тэднээс бид судалгаа авч байсан. Сурталчилгааны зориулалттай. Гадныхан манай яг ямар соёлд дуртай байдаг талаар асуухад ихэнх нь Улаанбаатарын төвийн хуучин соц үеийн барилгууд түүнийх нь хажуугаар бүрэлдэн бий болж байгаа орчин үеийн нийгэм нь хүмүүсийг татаж байдаг гэж хариулсан байсан. Өөрийн гэсэн соёл, өв түүхтэй улс, хот л бусдын хүндэтгэлийг хүлээдэг. Дан тэмээ, ямаа, зуух, домбо биш шүү дээ. Хөжлийн түүхэн замнал, уламжлалт соёлоо өнөө цагтайгаа хоршуулан хөгжүүлж буй бидний амьдралын хэмнэл, хэлбэр бүгд орно.

Дөч, тавин мянгатыг арчих юм бол Улаанбаатар нь Улаанбаатар биш л болно. 

Гэтэл энэ яг бидний хүсээд байгаа зүйл мөн үү юм уу. Хонгонкийн хүмүүс аз жаргалтай амьдраад байна уу. 

- Хуучны энэ барилгуудыг нураая гээд байгаа гол асууудал барилгын чанар байх. Газар хөдөлвөл энэ байшингууд яах бол. 
- Үүнийг ярихаас өмнө нэг жишээ яръя. Лондонд гэхэд нэг алдартай усны шахуурга одоо хүртэл байдаг. Шинэ төлөвлөлт хийгээд энэ шахуургыг сугалж авах шийдвэр гарсан чинь тэр хавийн хүмүүс бүгд гараад жагсаж байх жишээтэй. Хотынхны үнэтэй зүйл нь болчихсон. Манайхны шар дэлгүүр дээр уулзъя гэдэг шиг тэр усны шахуурга дээр уулзъя гэж яригдах хүртэл нэг үнэт зүйл нь болчихсон. Ийм л зүйл бидэнд дутагдаад байгаа. Бид үнэтэй юмтай болж чадаагүй улс. Байгаа зүйлээ үнэтэй болгохыг хүсдэггүй. 

Манай хуучны барилгуудад давхар хоорондох нь дандаа модоор хийгдсэн учраас давхар хоорондын нуралт үүсэх магадлалтай. Гэхдээ үнэхээр газар хөдөлвөл энэ байшингууд уу шинээр баригдсан барилгууд нурах уу гэдэг бас л бодох асуудал. Аль хямдаар барьж өндөр ашиг олох гэсэн байшингууд нурах уу, үлдэх болов уу. Үнэхээр байшин нурахаас хүн аврах гээд байгаа бол шүү дээ. Энэ хуучны барилгууд чинь тухайн үедээ ашиг харахгүйгээр юмаар зодож хүний хүчээр гараараа барьсан барилга.

Гараараа хийнэ гэдэг чинь өнөөдөр хамгийн үнэтэй зүйл. 64 -ийн ханаар яг үүн шиг нэг, нэг тоосгоор нь хийсэн байшин эд нараас өөр байхгүй. Бид нар эртний тэр суурин иргэншилтэй хотуудад очоод хүний гараар барьсан барилгуудыг хараад биширч чаддаг мөртлөө өөрсдөдөө байгаа зүйлээ хог ш дээ, наадахаа нураа гээд байдаг. Гараараа хийнэ гэдэг хүн болгоны түүх, жаргал, зовлон шингэсэн бүтээл байдаг. Одоо сайхан барилгууд баригдаж л байна. Гэхдээ энэ салбар хүчээ авахад ямар янзын барилгууд баригдаж юу л болоо бол доо. 

 Гэхдээ үнэхээр газар хөдөлвөл энэ байшингууд уу шинээр баригдсан барилгууд нурах уу гэдэг бас л бодох асуудал.

2010 оноос л бид чанар гэдэг зүйл ярьдаг болсон улс. Энэ үеэс нарийн нандин зүйл ярьж сонголт хийдэг болсон болохоос тэрнээс өмнө баригдсан барилгуудыг хэлэхэд хэцүү. 

Энэ хуучны барилгуудын давхар хоорондын бэхэлгээ хийдэг технологи чинь өөрөө дэлхийгээр нэг тарчихсан. Тэр нь ямар үнэтэй байх нь хамаагүй үүнийгээ л бид авч үлдэх ёстой. Экстерьерийг яаж ч янзалж болж байна. 

- Эхний ээлжинд та бүхэн байрны дотор талыг засаад явж байна. Яваандаа орц, гадна талыг тохижуулах бодол бий юу?
- Энэ байрны ихэнх оршин суугчид нь Монголчууд. Тийм болохоор зохион байгуулахад хэцүү байна. Бид өөрсдийнхөө хөрөнгөөр энэ орцнуудыг нь засаад зориулалтын бэхэлгээг нь хийгээд харуул хамгаалалтыг тавиад ажлуулах гэхээр байнгын асуудалтай тулгардаг. 

Нийтийн эзэмшил учраас би дангаараа шийдчих боломжгүй. Манайхан чинь хөрөнгө гэхээр хаалгаа хаагаад дотор нь байж байгаа зүйлээ гэж боддог. Хөрөнгө гэдэг чинь гадаа байгаа ширхэг чулуу, тэнд суудаг эмээ, өвөөгийн сандал, хажуу айлын амьдралын чанар гээд энэ бүх нийлээд дээрээс нь яг чамд оногдож байгаа нэгж хөрөнгийн үнэлгээ тогтдог. Түүнээс биш дотор нь хэчнээн алтан суултуур тавиад ч хөрш нь архичин, үүдэнд нь гудамжны хүн хонож байдаг, гадаа гараад хэнд ч хамаагүй дээрэмдүүлчихдэг бол хэцүү шүү дээ. Өнөөдөр бидний амьдралд тулгарч байгаа зүйл бол энэ. 

СӨХ гэхээр эмээ, өвөө нарын хийдэг ажил биш. Манайхаас бусад газар СӨХ гэдэг зүйлийг хамгийн мэргэжлийн байгууллагууд хийж байдаг. Яагаад гэхээр энэ бол өдөр тутмын арчилгааны ажил байдаг. Нурж, хагарч байвал битүүлж байх, цууралт үүсч байвал тооцоо гаргаж бэхэлгээ хийж байдаг, хүн юманд өртсөн байвал харуул хамгаалалтаа нэмж байдаг, нэг мод нь үхч байвал дараагийн үрсэлгээгээ бэлдэж байдаг ийм ажил. Үүнийг бид өдөр тутам хийгээд анхаараад байж чадахгүй учраас энэ хүнд ажлыг хийж байгаа хүмүүс хамгийн гол нь өөртөө тохирсон бодит үнэлгээтэй байх ёстой. Тийм үнэлгээ байхгүй бол мэргэжлийн компаниуд нь гарч ирэхгүй. 

Либерал ардчилсан гэр бүл гээд хүүхдүүдээсээ ямар хоол идэхийг санал хураавал өдөр болгон чихэр, боов, бургер, кола ууна гэдэг санал давамгайлна.

- Өнөөдөр тав, 20 мянган төгрөгний СӨХ-ны мөнгөө төлж чаддаггүй хүмүүс тийм мэргэжлийн байгууллагын хөлсийг бүр ч төлөхгүй гэх биз дээ. 
- Хүмүүс хөрөнгө гэхээр унаж байгаа машин, тэнд байгаа ажил, банкинд байгаа мөнгөө гэж бодоод байдаг. Харин хамгийн гол капиталаа хардаггүй. Гол хөрөнгийн маань үнэлгээг алдагдуулахгүй байх тэр орчинг бий болгох үйлчилгээнүүдэд хамгийн үнэтэй хөлсөө төлж байх ёстой. Хогныхоо хоёр мянган төгрөгийг төлөхгүй байж Э.Бат-Үүл даргаас хотыг хоггүй байлга гэж шаардаад байх хэрэггүй. Миний орчинг цэвэр, цэмцгэр байлга. Тэрэнд тохирсон хөлсийг хангалттай төлөхөд бэлэн байна гэж ярих ёстой.

Бид өлссөндөө 20, 30 мянган төгрөгний хоолыг нэг орой аваад идчихдэггүй. Тухайн ресторанд ороод тухтай орчин, үйлчилгээ, хоолны урлагт буюу цаг зуурын аз жаргал авах гэж мөнгө төлдөг. Гэтэл бүх амьдралынхаа баталгаа болсон хөрөнгөндөө 20 мянган төгрөг төлөхөөс татгалздаг л хүмүүс. СӨХ мөнгө идэж, уудаг л гээд байдаг.  Гэтэл яахаараа ийм хямдхан байдаг юм бэ гэж бодохоор мөнгө хураадаг. Хямдхан байна аа гэдэг чинь миний ямар нэгэн хэрэгцээ хангагдахгүй байна гэсэн үг. Миний даатгал төлөгдөхгүй байгаа юм биш биз. Байрны труба засагдахгүй яваад байдаг юм биш биз. Таван жилийн дараа труба задраад байраараа аюулд орох юм биш биз дээ гэж болгоомжилж байх ёстой. 

Ямар нэгэн тогтмол зардлыг төлөхгүй явснаар нэг л өдөр одоо байгаа байшингаасаа илүү их эрсдэл хүлээнэ гэдгээсээ болгоомжилж байх ёстой. 

Либерал ардчилсан гэр бүл гээд хүүхдүүдээсээ ямар хоол идэхийг санал хураавал өдөр болгон чихэр, боов, бургер, кола ууна гэдэг санал давамгайлна. Эцсийн бүлэгт гэрийн бүлийн эрүүл мэнд доголдоно. Эдийн засаг нь муудна. Айл өрхийн амьдралын төлөвлөлтийн энгийн зарчмыг ойлгодог юм шиг хэр нь асуудлын хүрээ нь үл ялиг томроод ирэхээр ойлгохоо байчихдаг.

ДӨЧИН МЯНГАТАД ТӨРСӨН, ӨССӨН ХҮН 10-Р ХОРООЛОЛД ЯАГААД ОЧИЖ АМЬДРАХГҮЙ БАЙНА ВЭ

"M.A.D Mongolia" компанийн засал чимэглэл хийсэн байранд,

- Тэгвэл нийслэлийг шилжүүлэх тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
- Улаанбаатарыг өөр газар нүүлгэхчихвэл бас их сайхан амьдарчих юм шиг санаад байдаг. Өөртөө тулгарсан асуудлаа хүлээн зөвшөөрөх дургүй зан чанарын л нэг л дээ

Бид нар энд байхдаа л амьдарч сураагүй юм бол өөр шинэ газар очоод яг л бахь байдгаараа л байна. Дээрээс нь зах зээл бий болгоно гэдэг чинь өөрөө маш урт хугацааны асуудал. Түүхээсээ эхлэх ёстой. Өөрсдийнхөө хөгжлийг 100, 200 жил хойшоо татна л гэсэн үг. Бүх соёл нь бий болж байж тэр өвөн дээр нь зах зээл, бизнес бий болж хөрөнгө оруулалтууд хийгдэнэ үү гэхээс хэдэн байшин, зам, яам бариад хот болчихдог зүйл биш. 

Улаанбаатарын түүхийг ч гэсэн бодоод үз дээ. Анх Гандан бий болоод хүмүүс энд ирж мөргөдөг болсон. Тэр ирсэн хүмүүст алжаал тайлах зорилготой газрууд бий болох ёстой. Үүнийг хэн мэдэрсэн бэ гэхээр хятад арилжаачид хүрээнд ирж наймаа хийж, хоолны газар нээж эхэлсэн. Дараагаар нь жижиг буудал, ший янгуу тавьдаг болсон. Мөн торго дурдан зарна. Ингээд энэ хотод арилжаа бий болсон. Ийм суурин дээр ирсэн зах зээл. Дараа нь хот болтлоо хүн татдаг газар болсон. 

Ганцхан ганданд мөргөх гэж ирдэг байсан хүмүүс нь тэр хооронд олон энтертайнмент зүйлийг мэдэрч амьдралынх нь сайхан өдрүүдийн нэг нь болсоор хүмүүсийн төвлөрөл бий болсон. Энэ бүх харилцаанаас тэлэлт үүсдэг. 

Энэ бүхнийг би хүн болгонд очоод яриад тулгаад байх хэцүү. Хүн болгоны өнцөг өөр. 

Нийслэлээ шилжүүлсэн улс орнуудын туршлагын сайн судлах хэрэгтэй. Зах зээл арилжаа нь бий болсон газар л үүнийгээ шийддэг. 

- Хамгийн ойрын жишээ Казакстан байна. 
- Тийм ээ. Тэд шинэ нийслэл барьсан. Астана гээд шинэ хотыг бий болгосон. Улс нь төлөвлөөд шинэ гоё зүйлийг бий болгосон ч хүмүүс нь тэнд очиж амьдрахгүй байна. Яагаад гэвэл Алматыд нь өв түүх нь, амьжиргаа нь байгаа учраас очихгүй. 

Дөчин мянгатад төрсөн, өссөн хүн 10-р хороололд яагаад очиж амьдрахгүй байгаа вэ. Тэнд яагаад Битлзийн хөшөө нь баригдахгүй байгаа юм. Яагаад гэхээр энд чинь Монголын анхны гитарчид, орчин үеийн урлаг нь үүссэн учраас эндээ байна. Бид нар зөв төлөвлөөд явах юм бол 20, 30 жилийн дараа 10 -р хорооллын соёл бий болно ш дээ. 

Ганцхан Алматы, Астана биш. Станбулийн жишээ байна. Станбул маш замбааргүй хот. Хөл, толгой нь мэдэгдэхгүй. Хэчнээн орон эзлээд гараад явчихсан. Олон янзын шашинтай. Гэтэл энэ хэмжээгээрээ хүнийг татдаг. Жуулчлалын улирлаараа бөгс эргэх зайгүй болдог. Тэгтэл тийшээ нь хүмүүс чихээд л байдаг. Гэтэл яагаад Анкара руу нь очихгүй байгаа юм бэ. Анкара нь цэлийсэн сайхан, тайван хот. Гэтэл энэ бол өөр соёл. 

Гэтэл яагаад Анкара руу нь очихгүй байгаа юм бэ. Анкара нь цэлийсэн сайхан, тайван хот.

Дэлхийн хамгийн гоё хотоор байнга тодорч байдаг Сидней байна. Сидней хэзээ ч амьдралын чанараа алдахгүй байгаа байхгүй юу. Үнэхээр гоё хот. Гэтэл тэд Канберра гээд шинээр нийслэл байгуулсан. Нэлээн тархацтай. Тэгээд Канберра руу нь явахаар нэг юм тохиолдчихсон хот шиг санагддаг. Чернобил болчихсон юм уу гэмээр. Тайван амьдрах нөхцөл нь бүрдчихсэн мөртлөө хот гэхэд хэцүү. Тэнд бүх захиргаа нь байдаг. Гэтэл Сидней яадаг вэ гэхээр бүх ретро залуус нь  хуучны бүх соёл, түүх нь тэндээ байдаг. Ази, номхон далайн бүх соёлыг хамаад Сиднейн соёлыг бий болгочихсон. 

БИ БАС НЭГ НИЙГМИЙН ДАЙСАН БОЛЧИХООД БАЙГАА ХҮН. МАНАЙ ХҮН ФРАНЦ УЛСЫН ИРГЭН

Ц.Уянга "Би нийгмийн дайсан болчихоод байгаа хүн"

- Таны байгаа байдал твиттерт гаргадаг араншин тэс өөр санагдлаа.
- Твиттер бол миний хувийн орон зай. Уянга гэдэг хувийн орон зай гэдэг өөр. Хүсэл, мөрөөдөл, уур бухимдал, зөвшөөрөгдөөгүй дүрмээс гадуурх зүйлээ тэнд илэрхийлэх боломж гардаг учраас твиттер хүнийг татаж байгаа. 

- Та гэр бүлээ танилцуулж болох уу?
- Одоо энд байна уу, үгүй юу. /Сур: Ажил дээрээ/ Би нийгмийн дайсан болчихоод байгаа хүн. Манай хүн Франц улсын иргэн. Бид хоёр 12 жилийн өмнө танилцаад гэр бүл зохиогоод явж байна. Насны хувьд үе тэнгийн. Хоёулаа өмнө нь амьдрал үзсэн хүмүүс. Гэхдээ амьдрал үзсэн гэх нь бас хаашаа ч юм. Оюутан болоод хүнтэй суугаад хүүхэд гаргасны дараа анхны нөхрөөсөө салсан. Харин дараа нь ухаан орсон гэхэд бас хаашаа юм ямар ч байсан өөрөө өөрийнхөө үйлдэлд хариуцлага хүлээх хэмжээний ухамсартай болсон хойноо нөхөртэйгээ санаандгүй байдлаар танилцсан.

Найз, нөхөд, ажил, хэргийн холбоотой байж байгаад аяндаа бие биедээ татагдаад гэр бүл болсон. Хоёулаа л халаасандаа мөнгөгүй хүмүүс хамтраад амьдарсан. Амьдрал явдаг жамаар л явсан. Хүмүүс гадаад нөхөртэй гэхээр чухам баян хөгшин хүнтэй суусан байх гэж боддог. Эсвэл амьдрал нь ямар ч асуудалгүй жаргалтай мэт төсөөлдөг. Тийм зүйл байхгүй. Хүмүүс яаж амьдардаг тэр жамаар л амьдарч байна. 

- Энэ бизнестээ хамтарч ажиллаж байгаа юу?
- Тийм ээ. Манай нөхөр IT-ийн мэргэжилтэн. Өндөр зарчимтай хүн. 

- Эмэгтэй хүнээс насыг нь битгий асуу гэдэг. Гэхдээ танаас асуумаар санагдаад байх юм. 
- Би одоо 40 хүрч байна. 

- 40 хүрч дөнгөж амьдрал эхэлнэ гэдэг дээ.
- Ирэх жил 40 хүрнэ. 40 гэдэг нас их хол санагддаг байсан. Жаахан байхад томчууд цаг хугацаа маш хурдан өнгөрч байна гээд ярихад тэр нь тийм үнэ цэнэтэй санагддаггүй байж. Гэтэл одоо харахад  амьдрал үнэхээр хурдан өнгөрдөг юм байна. 

40 хүрээд дөнгөж амьдрал эхэлдэг гэдэг нь унасан, боссон, сэгсгэнэж, сагсаганасан нас нь дуусч тогтвортой зүйл хийгээдэх ээ л гэдэг нас юм болов уу гэж ойлгож байна. Тэгэхээр энэ насанд хүртлээ өмнө нь олж авах ёстой зүйлүүдээ л залуучууд маань бий болгох ёстой гэж зөвлөх гээд байна.

Бүгдийг бүтэх эсэх талаас нь хараад болгоомжлоод явсан бол өнөөдөр юу ч бүтэхгүй байсан.

Хийх гээд хүсээд байгаа зүйлээ тойроод, хаширлаад байх биш захаас нь аваад хийгээд эхлүүлээд үзэх хэрэгтэй. Би ч бас бизнес эхлүүлэх гэж их олон зүйл болсон. Нөхөр маань технологийн хүн. Би өөрөө хаа байсан олон улсын харилцааны чиглэлийнх. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл гэдэг хол хөндий зүйл байсан. Бүгдийг бүтэх эсэх талаас нь хараад болгоомжлоод явсан бол өнөөдөр юу ч бүтэхгүй байсан. Харин ажлаа эхлүүлсэн. Бизнесээ төрүүлсэн хүүхэд шигээ арчлаад биеэ дайчлаад явсан. Амьдрал хүний зүтгэлийг ямар нэгэн байдлаар заавал урамшуулж байдаг.

- Бизнест аз бас их хэрэгтэй гэдэг дээ.
- Хүн азыг аз эсвэл боломж гэж харахаас олон зүйл хамаарна. Монголчуудад маань хаалгаа нээхэд л үүдээр нь дүүрэн боломж бий гэж боддог. Хамгийн гол нь тэр боломжийг ашиглаж аз болгоно гэдэг их чухал. Хэн нэгэн надад азыг авчирч өгөх биш түүнийг нь очиж авахын тулд би ингэх ёстой гэдгээ л тооцоолж ажиллах ёстой.

- Та дараа жил 40 хүрлээ гэж байна. Яаж ийм гоё залуухнаараа байгаад байна?
- Баярлалаа. Магтаал л гэж хүлээж авъя. Түүнээс хөгширч байгаа байлгүй дээ. Би энэ тал дээр зөвлөгөө өгөхөд их маруухан байна. Би ингэдэг, тэгдэг гэж хэлэхэд хэцүү. 

Саяхан чамтай уулзахаас өмнө 80 нас гарч яваа францын нэг түнштэйгээ таарсан юм. Тэр хүн манай компанийн харилцагч бидний ажлыг дэмжсэн хүний нэг. Хамтарч ажлаад тав, зургаан жил болж байна. Одоо 85, 86 настай хөгшин. Гэтэл саяхан тэр хүн Монголд ирээд би нэг байранд оруулах гээд "Дөрвөн давхарт та алхаж чадах уу" гэсэн чинь тэр өвөө "саяхан би цанаар гулгаж байгаад шагайгаа эвгүй болгочихсон. Гэхдээ санасныг бодоход гайгүй ээ" гээд бид хоёр дээшээ алхтал би бараг хоёр давхарт гараад л амьсгаадах гэж байхад нөгөө өвөө маань миний өмнө ачаагаа бариад түрүүлээд гарчихсан. Тэр хүнээс асуулаа. Таны насан дээр цанаар гулгах нь битгий хэл одоо би тэшүүрээр гулгахад л хөл, гараа гэмтээчих вий гээд эмээдэг ш дээ гэсэн чинь "хүн өөртөө зүгээр суух цаг хугацааг л олгож болохгүй. Зүгээр сууж байгаа үедээ хүмүүс өөрийгөө дандаа амьдралын хохирогч болгож хардаг" гэж хэлж байсан. 

Бодоод байхад хүн өөрийгөө хөгшрөх тухай бодож амжихгүйгээр өөрийгөө завгүй байлгаж чадвал тэр хүн 20 настайгаараа л тогтчихдог юм шиг.

Бодоод байхад хүн өөрийгөө хөгшрөх тухай бодож амжихгүйгээр өөрийгөө завгүй байлгаж чадвал тэр хүн 20 настайгаараа л тогтчихдог юм шиг. Туршлага нь нэмэгдэнэ үү гэхээс хөгширсөн болохоороо ухаантай болж байгаа хэрэг биш. Хөгшин ч гэсэн тэнэгээрээ үлдчихсэн хүмүүс зөндөө бий. Тэгэхээр хүн идэвхтэй л байвал залуугаараа үлдэж чаддаг болов уу гэж бодсон. Түүнээс би тийм гоо сайхны бүтээгдэхүүн, тийм нууц гээд яриад байх юм алга. Өглөө босоод осолдохгүй л шүдээ угаагаад л гүйдэг. Нүүрээ будсан бол орой нь тэрийгээ арилгахаа ч мэдэхгүй. Нэгдүгээрт залхуу, хоёрдугаарт завгүй. Өөрийгөө илж таалдаг юмаа сайн мэдэхгүй. Энэ нь арчаагүйн л шинж байх.  Зарим тохиолдолд зориудаар өөрийгөө бэлдэнэ үү гэхээс ихэнх тохиолдолд замдаа таарсан хувцсаа өмсөөд л гардаг хүн. Өглөөд унтчихдаг. Хувийн зохион байгуулалт муутай хүн л дээ би. 

- Та аль зэрэг сайн эзэгтэй вэ?
- Би үнэхээрийн бүтэхгүй эзэгтэй. Гэхдээ ээж хүний заавал биелүүлэх ёстой тэр үүргүүдээ бол биелүүлнэ. Хүүхдээ хичээлд явуулна, авна. Хоолыг нь идүүлнэ. Дараа дараагийнх нь ажлыг төлөвлөнө. Тэрэндээ бас л хоцорно. Хүүхдээ уурлуулаад  чирээд л. Ийм л амьдарлаар амьдарч байна. Зарим хүн чи яасан хэвээрээ байдаг юм бэ гэдэг. Би бодохдоо стресстэй амьдраад үхчидэг бол би аль хэдийнэ нас барчихсан байгаа. Эсвэл өөртөө анхаарал тавиад их гоё байдаг бол би аль хэдийнэ шулмас болуул болчихоор арчаагүй явж байгаа хүн байхгүй юу. 

Юу нөлөөлдөг юм бол гэж бодохоор миний амьдралын хэмнэл байнгын идэвх намайг эрч хүчтэй байхаас аргагүй, өөр сонголтгүй нөхцөлд амьдарч байна. Би өнөөдөр ажилдаа очихгүй, би өнөөдөр хүүхдээ авахгүй гэх нөхцөл боломж надад байхгүй. Хааяа амрах үе байна. Дандаа 09.00 цагтаа уралдахгүйгээр унтах үе байна. Гэхдээ ихэнхдээ бужигнасан орчинд ажиллаж, амьдарч байна. Идэвхтэй, ачаалалтай байснаараа хүний бие мууддаг гэж би боддоггүй. 

Өөртөө анхаарал тавиад их гоё байдаг бол би аль хэдийнэ шулмас болуул болчихоор арчаагүй явж байгаа хүн байхгүй юу. 

- Таныг фитнест тогтмол хичээллэдэг гэж сонссон юм байна. 
- Фитнест тогтмол хичээллэхийг боддог. Хэчнээн бид нар ажил дээрээ гүйгээд хөдлөөд байгаа ч гэсэн хүний бүх булчин хөдөлж чаддаггүй. Тэр бүхнийг хөдөлгөж байж биенээсээ хортой зүйлүүдээ гаргадаг болов уу. 

Над шиг байнгийн стресст байдаг хүн фитнест очоод ямар ч тэнхэлгүй болтлоо дасгал хийгээд өөрийгөө цэвэрлэх нь их зөв гэж боддог. Биендээ ачаалал өгөөд стрессээ тайлдаг гэж хэлж болно. Энэ намайг гайгүй эрчтэй байхад нөлөөлдөг болов уу. 

Мөн гэртээ хоол унд хийх гээд янз бүр болоод байдаггүй. Энэ бас намайг стресст оруулдаггүй зүйлүүдийн нэг байх.

- Муу зуршил?
- Муу зуршил надаар дүүрэн. Тамхийг нь татна. Архийг нь ууна. Орой үдэшгүй сууж ажиллана.  

ТВИТТЕР БИДНИЙ ОНОГДСОН АМЬДРАЛААС ӨӨР УЧРААС БИД ТИЙШЭЭ ТАТАГДААД БАЙДАГ БАЙХ

Ц.Уянга "Ихэнх тохиолдолд өөрийнхөөрөө дайрч тулгана, хараалын үг хэрэглэнэ"

- Таныг би твиттерээс “олсон”. Тэнд нэг сонин ертөнц, хүрээлэл бий болчихлоо. 
- Хүн болгон нийгэмд маш олон дүрийг бүтээж байгаа. Хүүхэддээ ээж байх. Найзууддаа найз нь байх, нөхөртөө хамгийн сайн туслагч нь, хайрт эмэгтэй нь байх гээд олон дүрийг бүтээж байдаг. Бид нар хамгийн хайртай дотны хүмүүстэйгээ хамгийн өөрийнхөөрөө харьцаж байх ёстой гэдэг боловч тэгэх боломжгүй. Хайртай, хүндэтгэдэг, эмээдэг хүн тус бүртээ тохирсон дүрээр харьцаж байдаг.  Ингэхээс ч аргагүй, энэ бол бидний харилцан хүндлэл, хайр энэрэлээ хамгаалах гэсэн зан араншин. Үгүй бол энэ дэлхийд зах замбараагүй хаос байдал үүснэ.

Харин твиттер хүний энэ хайрцгийг задалж өгсөн гэж би ойлгодог. Мэдээж ямар ч зүйл хэмжээ хязгаараа давахаар бурууддаг. Өөрт шал хамааралгүй танихгүй хэн нэгнийг бусдыг дагаад муулчихсан хүртэл явж байх жишээтэй. Амьдралын амьд харилцаан дээр бүгдээрээ нийлээд мод бариад нэгнийгээ баяр хөөртэйгээр балбаж байгаатай яг адилхан. Юу болоод байгааг ойлгоогүй байж өөрт нь ямар ч хамааралгүй хүн рүү нийтээрээ дайрдаг хүн сүргийн нэг болчихсон яваа дүр зургаа өрөөлөөс л олж хардаг.

Би тийм тэвчээрэй хүн биш. Ихэнх тохиолдолд өөрийнхөөрөө дайрч тулгана, хараалын үг хэрэглэнэ. Гэхдээ твиттер миний сул дорой зан, ёс зүйгүй араншинг бусдын үйлдлээр тольдон харуулж, ухааруулж байдаг. 

Гэхдээ хараалын үг дотроо бас цензуртэй. Хувь хүн рүү хандсан байдлаар би үүнийгээ хэрэглэдэггүй. Твиттер бидний оногдсон амьдралаас өөр учраас бид тийшээ татагдаад байдаг байх. 

- Сайн, муу бүх л зүйл тэнд байгаа учраас илүү амт, шимтэй болж байгаа байх.
- Тийм ээ. Бас нэг талаар анзаарагдахгүй байгаа юм шиг боловч гол хүмүүстэй энэ бүх мессеж том зүйл болоод очиж байгаа. Нийгмийн нөлөөллийг ойртуулж өгч байгаа зүйл яах аргагүй твиттер. Муугаар ч сайнаар ч. 

Мэдээж янз янзын араншинтай хүмүүс байгаа. Өөртөө дурлачихсан ч хүмүүс байгаа. Бүх хүн өөртөө дурлачихсан. Түүнийгээ илэрхийлж болдог орчин нь твиттер, фэйсбүүк. Үүнийгээ твиттер дээр илэрхийлэхээр гадаа гудамжинд алхаад явдаг шиг дүрэм шаардаад байж болохгүй. Тэгсэн нэгнийгээ нийлээд доош нь хийх, нэр нүүргүй болтол нь доромжлох буруу ш дээ. 

Нийгэмд тодорхой хэсэг бүлэг үүсэж байж тухайн нийгэмдээ томхон өөрчлөлт хийдэг түүчээ нь, эсхүл нийгмийнхээ бусад хэсгийг чирж явдаг зүтгүүр нь болдог. Аливаа улсын хөгжлийг хааны язгуурт угсаа нь бус харин байнгын золиослогдож явсан сэтгэлгээний тэрс үзэлтнүүд, соёл, шинжлэх ухааны салбартаа үнэнч бүлэг улсууд л хийсээр ирсэн.

- Оюун санааны шинэ төлөөллийг үү?
- Яг чаддаг хүмүүс нь өнөөдөр тодрохгүй байна. Телевизээр нэг талд зориулсан, нэг чиглэсэн бодлоготой бэлдсэн хөтөлбөрүүд яваад байхаар манай нийгмийн сэхээтний бүлэг байхгүй  болсон. Тухайн асуудлыг ярих ёстой, хийдэг, мэддэг хүмүүс нь алга болсон. Жишээ нь зам харилцааны асуудал дээр яг салбараа мэддэг нь биш загнисан, шүүмжилсэн, мэдэмхийрсэн хүмүүс орон зайг нь эзлээд байна. Надаас эхлүүлээд л хар /инээв/.

Сэтгэгчид, санаачлагчид байж болно. Харин гол мэддэг, хийдэг, тооцдог хүмүүс нь байхгүй болчихсон. Тэднийг гаргаж ирэх ёстой. Нийгэмд тэр орон зайг нөхөх шаардлага, эрмэлзэл байгаа учраас л цэц булаалдан мэтгэлцэж муудалдаад байгаа байх. Тэгж байгаад нэг л хэлбэрээ олох л байх даа. 

Ярилцсан: Ч.Болортуяа (Bolortuya@ikon.mn)

Гэрэл зургийг: Б.Бямба-Очир

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.