Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Бат-Эрдэнэ: Баялаг бий болгож улмаар татвар төлж байгаа маань ЭХ ОРОНДОО оруулж буй ХУВЬ НЭМЭР

Ч.Болортуяа
2014 оны 2 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Твиттер идэвхтэй хэрэглэгчид Г.Бат-Эрдэнийг шооч, наргианч хэрнээ олон сайшаалтай ажил санаачилж хийж байгаа гэдгээр нь сайн мэднэ. 

Харин энэ хүрээллээс гадуур байгаа олонх нь түүнийг Монголын топ аж ахуйн нэгжүүдийн нэг "Гацуурт" компанийг үүсгэн байгуулагч Л.Чинбатын охин Ч.Номингийн нөхөр гэдгээр илүү сайн мэдэх байх. 

Г.Бат-Эрдэнэ олон нийтийн сүлжээнд нээлттэй ч хэвлэлд төдийлөн ярилцлага өгч байгаагүй. 

Түүний анхны дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байгаадаа сэтгүүлч би багагүй олзуурхлаа. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал "Өглөөний хүн" ярилцагын булангийнхаа ээлжит зочныг хүлээн авна уу. 

“ЦАХИМ ЗААГГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ”

- Хэвлэлд өгч байгаа Таны анхны ярилцлага гэж хэлж болох уу?
- Анхны дэлгэрэнгүй ярилцлага гэж болно. 

- “Цахим зааггүй Монголын төлөө” гэсэн уриа таны твиттерт харагддаг. Яг одоо хийж байгаа ажил тань анхаарал их татаж байна. “Nomad Wi-Fi” төслийн тухай яриагаа эхэлье.
- Тэгье. Интернэт хэрэглэдэг ба хэрэглэдэггүй хүмүүсийн ялгааг бид цахим зааг гэж хэлж байгаа. Энэ заагаас үүдэж интернэт хэрэглэгчид нь мэдээлэлтэй ойр байж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх зэрэг боломж илүү их. Харин хэрэглэдэггүй нь ямар нэгэн байдлаар хойш суусаар байна. 

Ялгаа хотын гэр хорооллынхонд мөн хөдөөгийнхөнд их байгаа. Үүнд санаа зовсон “Global shapers” –ийн залуус болон манай компани хамтран төсөл санаачлаад ажлаа эхлүүлээд байна.

- Гэр хороололд тавьж байгаа танай интернэтийн хурд бага, гацалттай байна гэсэн шүүмжлэл их байсан. Үүнд тайлбар хийх нь зөв байх. 
- Гэр хорооллыг Wi-Fi-тай болгох нь их ойлгомжтой шалтгаантай. Гэхдээ үүнийг нэг ч компани хийгээгүй нь олон шалтгаантай. Дэд бүтэц болоод эрх зүйн орчны хувьд саад бэрхшээл их байсан. Харин бид энэ асуудлыг хялбар шийдэж чадсан. Яаж гэхээр энэ ажилд иргэдийг өөрсдийг нь оролцуулсан. Иргэдтэй зөвшилцөөд айлын газар дээр дэд бүтцээ байрлуулаад тухайн өрх нь цахилгаанаар хангаж, харж ханддаг байхыг санал болгосон. Хариуд нь бид хямд интернэтийг өгч байгаа. Харилцан ашигтай гэрээ байгуулж байна. Ингэснээр бид дэд бүтэц буюу анхны хөрөнгө оруулалтаа бага зардлаар хийх боломжтой болсон. Үүнээс улбаалаад хэрэглэгчийн төлөх мөнгө ч багасна гэсэн үг.

Гэр хорооллыг Wi-Fi-тай болгох нь их ойлгомжтой шалтгаантай. Гэхдээ үүнийг нэг ч компани хийгээгүй нь олон шалтгаантай.

- Өрхийн тоогоор үзвэл танай сүлжээнд хэчнээн айл орсон бэ?
- Нэвтрэх хуудсанд сард 60 орчим мянган хүн орж байна. Энэ тоо сар болгон 10 орчим хувийн өсөлттэй байгаа. 

- Сард 9900 төгрөг төлж байгаа өрх нь хэд байх уу?
- Бид үйл ажиллагаагаа сэргээгээд хоёр сарын хугацаа ч өнгөрөөгүй байна. Хэрэглэгчийн тоо чамлахааргүй. Нарийн тоо хэлэх боломжгүй. 

- Зорилтот зах зээлийнхээ хэдэн хувь гэж үзэх үү?
- Тав хүрэхгүй хувь. 

- Тэгвэл дөнгөж л ажил эхэлж байгаа юм байна. 
- Тийм ээ. Дөнгөж ажил эхэлж байна. Харьцангуй шинэ ажил болохоор хийхийн хажуугаар суралцаж байгаа зүйлс их. Сэтгэл хангалуун хэрэглэж байгаа олон хэрэглэгч байна. Үүний хажуугаар хурд тааруу гэж хэлж байгаа хүмүүс ч бий. Мэдээж аль болох бид сайжруулалтыг хийж, хүмүүстэй холбогдож санал хүсэлтийг нь бүгдийг авч байна. Өдөр болгон сайжруулалт тал дээр хичээж буй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй болов уу. 

- Хурд муу гэж хэлж байгаа хүмүүс шонгоос хол байгаа гэсэн үг үү?
- Wi-Fi технологи маань өөрөө 150 метрийн радиуст сайн ажилладаг. Энэ радиусаас гадна байгаа бол нэмэлт төхөөрөмж хэрэгтэй. 

- Нийслэлийн гэр хорооллын өрхийг, дараагаар нь орон нутгийн өрхүүдийг Wi-Fi - тай болгоно гэж ойлгож болох уу?
- Тийм ээ. Дэлхийн хотуудтай харьцуулахад манай нийслэл харьцангуй бага хүн амтай. Тэгэхэд хотын төвийн дөрөв, таван км/кв газарт л хөгжил байгаад байдаг. Харин “100 айл”- ын зам гараад л уул давсан гэр хороолол. Амьдралын нөхцөл шал өөр. Ямар нэгэн бизнес явуулахад наад захын дэд бүтцийн шаардлага хангаж чадахгүй байна. 

Тэгэхээр бидэнд маш их боломж байна. Зах зээл байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гэр хорооллын орчимд 150 орчим Wi-Fi цэг байрлууллаа. Мөн Баянзүрх дүүргийн Улаанхуаран, Шархад, Цайз орчмын гэр хороололд 50 гаруй Wi-Fi хотспот байрлуулсан.

Хавраас Яармаг, Нисэхийн орчимд мөн 50 гаруй цэгүүд орчихно . Цаашдаа санхүүжилт маань бүтэмжтэй байвал энэ ондоо багтаад Чингэлтэй дүүрэг, “100 айл”-ын замаас хойш гэр хороололд дэд бүтцээ бэлдчихсэн байгаа. 

- Танай компани нийгмийн хариуцлага тал дээрээ илүү анхаарч байгаа талаар өмнөх уулзалтаар ярьж байсан. Сайн хэрэг. Гэхдээ санхүүжилт болоод ашиг орлогын тал дээр сонирхолтой санагдаж байна.
- “Nomad Wi-Fi” төсөл маань өөрөө зээлийн эх үүсвэртэй. Хамтарсан хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр анхны хөрөнгө оруулалт боссон. Хөрөнгө оруулагчид маань санхүүгийн ашиг орлого гэхээсээ илүү нийгмийн хариуцлага болоод хүмүүст өөрт нь хөрөнгө оруулалт хийж байгаа нь мөнгөн ашгаас илүү гэж үзсэн. Хэчнээн нийгмийн хариуцлагатай бизнесийн загвар ч энэ нь Монголдоо шинэлэг бизнес. Ашиг, орлого нь шууд мөнгөн хэлбэрээр гэхээсээ илүү цаашдын бизнесийн дэд бүтцийн суурь болж байгаа бас нэгэн ашиг тустай. Тухайлбал цаашдаа контентийн, маркетингийн зэрэг олон бизнес хийх боломж бий болж байна гэсэн үг. 

- “Номад Wi-Fi” төслийг хэрэгжүүлж байгаа “Номсис” компанийн тухай товч танилцуулахгүй юу?
- “Номсис” компанийг би арван жилийн найзуудтайгаа хамтарч 2009 онд байгуулсан. Анх программ хангамж, вебсайт хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллах зорилготой байгуулагдсан. Харин яваандаа сүлжээ, харилцаа, холбооны салбар руу түлхүү орж байна. Улаанбаатарыг хамарсан шилэн кабелийн сүлжээтэй. Сүүлийн хоёр жилд Wi-Fi үйлчилгээнд суурилсан бизнесүүд дээр түлхүү ажиллаж байна. 

- Дэлхий нийтээр ялангуяа IT, технологийн компаниудын дунд старт-ап компани хэмээх ойлголт яригдах болсон. “Номсис” старт-ап мөн үү?

- “Номсис” бол яах аргагүй старт-ап компани. Маш олон залуу хамтраад энэ ажлыг хийж байгаа. Wi-Fi бол хэрэглээ, зах зээл угаасаа өсч байгаа бизнес. Бидний хийж байгаа ажлыг зохих хэмжээнд дэмжээд, хамтрах хүмүүс гарч ирэхийг үгүйсгэхгүй. 

- “Нийгмийн хариуцлага” гээд их яриад байгаа хүнийг “Улстөрд орох гэж байна” гэсэн яриа дагадаг. Таны хувьд ийм бодол байгаа юу?
- Яг одоо би улстөрд орох бодолгүй байна. Өнөөгийн сонгосон түшээдүүддээ их итгэж байгаа. Миний хувьд өмнөх ажлаа сайн хийгээд баялаг бий болгож улмаар татвар төлж байгаа маань эх орондоо оруулж буй хувь нэмэр гэж бодож байна. 

- Таны үндсэн мэргэжил улстөр, нийгмийн чиглэл юм байна лээ. 
- Тийм ээ. Энэ бол яг улстөрч болно гэсэн үг биш. Нийгэм, улстөрийн боловсрол олон чиглэлд хөрвөх чадвартай шүү дээ. 

- Та тэгвэл бизнес энтрепренер мөн үү ?
- Миний ойлгож байгаагаар өөрт байхгүй мөнгөөр маш их хэмжээний баялаг бүтээсэн хүнийг энтрепренер гэх болов уу. Харин миний хувьд би өөрийгөө дүгнэж мэдэхгүй байна. Бас цаг нь болоогүй байх. 

- Танай компанийн хэтийн зорилгыг сонирхмоор байна. 
- Ажлаа хийгээд явж байхад дараа дараагийнхаа шинэ санаануудыг олж нээсээр байна. Сайн сүлжээ байхад үүнд суурилаад хэрэглэгчийн хэрэглээтэй холбоотой буюу контент тал дээр бид анализ хийх боломжтой болж байна. Тодруулбал, интернэт хэрэглэгчид маань юунд цагаа зарцуулж байгааг олж тогтоох боломжтой. Тоглоом тоглоод өнгөрөөж байна уу. Эсвэл өөрийнхөө боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд зарцуулж байгаа юу зэрэгт дүгнэлт хийсэн. Ихэнх хэрэглэгч хэлний бэрхшээлээс болоод зөвхөн Монгол контент дотроо эргэлдэж байна. Харин Монгол контент нь хангалттай байгаа юу гэдэг асуудал. Тэгэхээр бид ирээдүйд үндэсний контент үйлдвэрлэх тал дээр ажиллана гэж бодож байна. 

- Контентийн бизнест хүч үзнэ гэдэг их сонирхолтой сонсогдож байна. 
- Бид энэ бизнесийн талаар яриа дэлгэхэд арай эрт байна. Гэхдээ Монголын видео контент, үйлчилгээний апплейкшн чиглэлд шинэ зүйл хийх бодол байгаа. Энэ бол зөвхөн судалгааны түвшинд байгаа гэж хэлж болно. 

“ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ АЖЛАА САЙН ХҮМҮҮСТ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН”

- Технологийн тухай ярианаасаа түр хөндийрөөд таны өмнө нь хийж байсан Монголын чөлөөт бөхийн холбооны ажлын талаар асуумаар байна. Чөлөөт бөхийн холбоонд та яг ямар өөрчлөлт хийж чадсан бэ?
- Бээжингийн олимпийн дараахан томилогдоод сонгуульт хугацаа буюу дөрвөн жил дуусаад “Лондон 2012” –ын дараа ажлаа өгсөн. Монголын чөлөөт бөхийн холбоонд ажиллаж байх хугацаанд тамирчдын маань амжилтын график огт буураагүй. Амжилт улам нэмэгдэж байх үед ажлаа дараагийн хүнд хүлээлгэж өгсөн. 

Оролцсон тэмцээнээс “хоосон” ирсэн тохиолдол гараагүй. Миний гол хийсэн ажил хэн ч байсан эрх тэгш харьцах буюу алагчлахгүй шударга шийдвэр гаргахыг зорьдог байсан. Хэний шавь байхаас үл хамаарч чадалтай нь тэмцээн, уралдаанд явдаг байх ёстой тэр зарчмыг барьсан. Намайг энэ ажлыг анх авахад холбоонд үүнээс үүдэлтэй хэл ам ихтэй, эв түнжин муутай байдал ажиглагддаг байсан. Одоо тийм зүйлгүй болсон гэж бодож байна. 

- Энэ ажлыг хүлээж  авахад өөрийг чинь хэвлэлээр сайн, муу бичиж байсан. “Ямар ч туршлагагүй хүн тавьчихлаа” гэж.
- Туршлагын хувьд надад тийм ч их байгаагүй. Дунд сургуульд байхдаа жаахан барилддаг байсныг эс тооцвол. Гол нь энэ ажлыг би ганцаараа хийгээгүй. Чөлөөт бөхийн спортод өөрийн амьдралаа зориулсан олон хүний зөвлөгөөнд үндэслэж, харьцуулж шийдвэр гаргадаг байсан. 

Туршлагын хувьд надад тийм ч их байгаагүй. Дунд сургуульд байхдаа жаахан барилддаг байсныг эс тооцвол.

- Сүүлийн үед томоохон бизнесийн компаниуд ямар нэг спортын төрлийг дэмжээд санхүүжилт, менежмент хийгээд сайшаалтай үр дүнгүүд гарч байна. Тэрний нэг жишээ болов уу. 
- Монгол улс шиг спортоо дэмждэг газар ховор. Би өмнө нь бас л төр спортоо дэмжихгүй байна гэсэн бодолтой явсан нэгэн. Харин холбооны ажилд оролцоод 200 гаруй орны спортын холбоодын туршлага судлаад, уулзаад явж байхад Монголыг үнэхээр гайхсан. “Үнэхээр та нарт улсаас спортод чинь зориулж төсөв гаргаад дэмждэг юм уу” гэж байсан. Гадны жишээ бол тодорхой хэмжээнд амжилттай явж байгаа бизнесменүүд спортод мөнгө хандивлах нь нэр төрийн хэрэг байдаг. Бөхөд хайртай олон хүн маш их хандив өгдөг. Ингэснээрээ тэд сэтгэлийн их таашаал авдаг. 

Хандивын энэ мөнгийг сайн менежмент хийх нь л чухал. 

- Үүний сонгодог жишээ нь манай анхны олимпийн аварга. 
- Тэгэлгүй яахав. Х.Баттулга Ерөнхийлөгч Жүдо бөхийн холбоог аваад найман жил хөдөлмөрлөсөний эцэст олимпийн анхны аварга түрүүлсэн. 

- Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр Асашёорюү Д.Дагвадорж томилогдсон. Харин таны ажлыг ямар хүн авсан бэ?
- Б.Төмөрбаатар гэж хүн хийж байгаа. Сайн хүмүүст ажлаа хүлээлгэж өгсөн.

#SOCIAL ENTREPRENEUR 

Г.Бат-Эрдэнэ "Яг одоо би улстөрд орох бодолгүй байна"

- Миний ярилцлага хийхээр сонгосон хүмүүс нийгмийн их олон салбарт оролцож байгаа хүмүүс байдаг. Өөрийг чинь ч нийгмийн идэвх нэлээд их болохоор санаж, сэдсэн ажлуудын чинь мэдээлэл их байсан. Одоо “Халуун сэдэв” байгаа ЕБС-ын сурагчдыг Монгол гэр барьж сургах санаачлага ямар шатанд явж байна вэ?
- Миний хувьд твиттерт нээлттэй байдаг учраас хийж байгаа ажлууд маань илүү мэдээлэл сайтай байдаг байх. Түүнээс өөр, өөр салбарт ажиллаж байгаа хүн олон. 

Дунд сургуулийн сурагчид Монгол гэр барьж сургах санаа твиттерт байхад төрсөн. Би л гэхэд одоо хүртэл Монгол гэр гардаад барьж чадахгүй. Үүндээ их харамсдаг, ичдэг. Гадаадад явж байхад Монголчууд өөрсдөө гэрээ барьж чадахгүй Монголд хоёр жил амьдарсан япон хүн тусалж тэр гэрийг барьж байсан. Энэ бол маш харамсалтай жишээ. 

Тэгэхээр энэ сайхан Монгол заншил мартагдаж байгаад эмзэглээд дунд сургуулийн сурагчид жилд хоёрхон цаг хөдөлмөрийн хичээл дээрээ гэр барихыг заагаад өгчихөөч ээ гэдэг саналыг гаргасан. Хэрвээ энэ саналыг Л.Гантөмөр сайд дэмжих юм бол найз нөхөд, твиттерчидтэйгээ хамтраад нийслэлийн 400 гаруй сургуульд гэр олгох асуудлыг шийдэж болохоор санагдаж байна. 

- Гэр бэлэглэх санаачлага эхнээсээ гараад эхэлсэн байсан. 
- Энэ саналыг бичсэн жиргээ маань 1000 рэтвийт авч байгаа. Хамгийн технологит ойр байдаг орчин үеийн залуус энэ саналыг ийм их дэмжиж байна гэдэг чинь бид нар хэчнээн хөгжсөн ч гэсэн Монголчуудын хувьд үнэтэй энэ заншлыг авч явах эрмэлзлэл байгааг харуулж буй хэрэг байх. Гэр барьж сурах нь ач холбогдол асар их. Наад зах нь биеийн тамир болно. Энэ саналыг Л.Гантөмөр сайд дэмжинэ гэж бодож байна. 

Залуус өдөр болгон твиттерийн захирал руу Монголын тухай мэдээлэл бичье гэсэн уриалга гаргасан.

- Энэ хичээлийг орохдоо жижиг макетууд дээр ажиллавал илүү сонирхолтой биш үү?
- Энэ асуудлыг олны анхааралд оруулаад эхлэхэд Монгол гэрийн макет хийсэн хүмүүстэй холбогдож чадсан. Ширээн дээр багтах хэмжээний гэрийн загвар хийсэн гэсэн. Сайдад танилцуулахдаа энэ макетийг үзүүлээрэй гэж надад санал болгосон. Энэ бас сайхан санаа. Хүүхдийн тоглоом байдлаар хийх ч санаа байж болж байна. Онлайн тоглоом хийсэн ч болохоор. 

- Гэр барих хичээлийг заах багш нарт зориулж гарын авлага хийнэ гэсэн. 
- Өмнөх уулзалтан дээр өөрөө хэлж байсанчлан морин хуурын хичээлийн хөтөлбөр ЕБС-д мөн байвал зүгээр байсан. Хамгийн гол нь ийм ажлыг хийе гэхээр багш нарын хувьд гачигдалтай тулгардаг юм шиг байна лээ. Тиймээс одоо яриад байгаа гэр барьж сурах тал дээр гарын авлага,  видео материал бэлтгэх хэрэгтэй гэж бодож байгаа. 

- Монгол гэрэн угсардаг тоглоом хийвэл их гоё юм байна шүү дээ. Лего шиг.
- Тийм. Монгол мужаануудаар тийм тоглоом хийлгэж болно. Фэйсбүүк дээр “Залуу архитекторын холбоо” групп байдаг юм билээ. Тэр залуучууд энэ төсөл дээр саналаа өгье, тусалъя, дэмжье гэсэн байгаа. 

- Энэ төслөө яг хэзээ Л.Гантөмөр сайдад танилцуулах гэж байна?
- Твиттер дээр 1000 рэтвийт хүрэнгүүт танилцуулна. 

- Одоо хэд болсон бэ?
- Твиттер дээр 970 рэтвийттэй. Фэйсбүүк дээр 1200 шэйр, лайктай. /2014.2.10/

- Таны хийсэн бас нэгэн ажлыг санаж байна. Агаарын бохирдол, утаатай холбоотойгоор цагдаа, ТҮК-ийн ажилчдад утааны эсрэг маск тарааж байсан. Энэ ажил цаашид үргэлжлэх үү?
- Үе үеийн залуучууд өөр өөрийн онцлогтой. Бидний үеийнхэн олон нийтийн сүлжээгээр бие биетэйгээ нэгдэж олон сайхан ажил хийх боломж байна. 

Утаанд бухимдахгүй байгаа нийслэлийн иргэн гэж байхгүй. Залуучуудаараа нэгдээд энэхүү ажлыг хийсэн. Жиргээч Б.Наранзуны /@naranzun/ санаачилсан төсөл. Байнга асуудал шүүмжилж байдаг жиргээч Танхай эмээ /@Tanhai_Emee/ маань хүртэл энэ ажлыг дэмжсэн. Мөн жиргээч Х.Батсайхантай /@batnice/ хамтраад утаанд өдөржингөө зогсож биднээс илүү хордож байгаа энэ хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс 300 цагдаа, 300 ТҮК-ийн ажилчдад утаанаас хамгаалах маск тараасан. Энэ ажлыг АПУ компани дэмжээд бидэнд маск худалдаж авч өгсөн. Мөн UFC чацарганы шүүсээр дэмжиж энэ ажилд оролцсон. Энэ санаачилга өглөө нь яриад өдөртөө бараг ажил хэрэг болсон. 

28 хоног хэрэглэдэг энэ маскийг тараасан бас цаад шалтгаан нь Монголын залуучууд сайн сайхан зүйлийг хийх гэж хичээдэг болж, бие биенээ ойлгож, хайрлаж, хүндэлдэг болжээ гэсэн эерэг хандлагыг цагдаа нар болоод ТҮК-ийн ажилчдад давхар өгөхийг зорьсон. 

- Нэг маск нь хэдэн төгрөг байсан бэ?
- 600 төгрөг. 

- Энэ ажлыг цааш үргэлжлүүлэх үү. Ялангуяа бие давхар ээжүүд, хүүхдүүдэд маск тараах, тэднийг өөрсдийгөө утаанаас хамгаалах аргачлалд сургах хэрэгтэй юм шиг.
- Твиттер дээр үүсч байгаа олон сайхан санаа байдаг. Дээрх маск тараасан ажил маань твиттерээс үүссэн бодит ажлын нэг. Жил болгон утааны үеэр үүнийг дахин үргэлжлүүлэх боломжтой. 

Олон нийтийн сүлжээгээр олон сайхан санал гарч байна. Гэр барих төсөл ч эндээс төрсөн. Бас нэг сонин зүйл нь твиттерт Ерөнхийлөгчөөс нь эхлээд олон мянган хүн байхад манай улсын бүртгэл твиттерт байдаггүй юм билээ. Монгол улс өөрөө твиттерт бүртгэлгүй байдаг гэсэн үг.

Тэгээд манай залуус өдөр болгон твиттерийн захирал руу Монголын тухай мэдээлэл бичье гэсэн уриалга гаргасан. Өнөөдөр өглөө гэхэд би “Та Улаанбаатарыг дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэж мэдэх үү” гээд араас нь Монгол улсыг нэмээд өгөөрэй гэж бичсэн. 

Мөн iOS үйлдлийн утас дээр манай Монголын “ө, ү” үсэг дэмжигддэггүй. Энэ асуудлыг бид хандаж үзье гэж бодож байгаа. “Самсунг” гэхэд “ө, ү” үсгийг бичих боломжтой болгож өгсөн. 

“ЭХНЭР МААНЬ МИНИЙ МЭДЭХ ХАМГИЙН ХӨДӨЛМӨРЧ ЭМЭГТЭЙ”

- Таны гэр бүлийн тухай асуумаар байна. Гэргий тань өнгөрсөн жил дэлхийн телевизийн салбарын хүчирхэг 25 эмэгтэйн нэгээр бичигдэж байсан. Гэр бүлийн хүнээ манай уншигчдад танилцуулахгүй юу?
- Гэр бүлийн хүнийг маань Ч.Номин гэдэг. Эхнэр маань миний мэдэх хамгийн хөдөлмөрч эмэгтэй​. Бас их сайн ээж, гэрийн эзэгтэй. 

Өнгөрсөн жил телевизийн салбарын шилдэг 25 захирлын нэг нь болсон. Энэ шагналын гол утга учир нь хэчнээн хүнд нөхцөлд байсан ч оюуны өмчийг дээдлэн, хамгаалах, зохиогчид нь үр ашгаас нь заавал хүртээх гэсэн бодлогыг Монголд дэлгэрүүлж байгаа явдлыг үнэлсэн болов уу гэж бодож байна.

- Хүнд нөхцөл гэж сая таны ярианд гарлаа.
- Хэвлэл мэдээллийн салбарт оюуны өмчийн асуудал хүнд нөхцөлд орох хэмжээнд байгаа. Жишээ нь, С.Жавхлан гээд дуучин сэтгэлээрээ, хөдөлмөрөөрөө дуугаа дуулчихсан байхад тэр дууг нь FM – ээр явуулж л байна. “Мобиком”-ын HiTone дээр хүртэл явж л байна. Гол нь дуучин энэ бүхнээс үр шимээ хүртэж байна уу гэхээр чадахгүй байгаад байдаг. Ингэж уран бүтээлчдийг урамшуулж чадахгүй байгаа учраас өнөөдөр манай урлагийнхан шинэ зүйл хийх урамгүй болсон юм шиг санагддаг.

- С.Жавхлангийн хувьд үүсгэсэн асуудал нь өөрөө жаахан асуудалтай. Нарийн учрыг би бас гадарлаж байна.
- Тийм үү. Би яг нарийн асуудлыг мэдэхгүй байна. С.Жавхлангаар жишээ авсан юм. Гэхдээ олон уран бүтээлч байгаа. Гэрэл зурагчид, видео бүтээл хийсэн хүмүүс гээд. 

Эхнэр маань дахиад бие давхар болсон. Морь жилд шинэ хүнтэй болно гээд хүлээж байгаа.

- Тийм ээ. Гэр бүлийн яриа руугаа эргээд оръё. Таныг хөөрхөн ихэр хөвгүүнтэй гэж сонссон. Удахгүй бас бүл нэмэх гэж байгаа гэсэн. 
- Тийм ээ. Би их азтай. Ихэр хөвгүүнтэй. Эхнэр маань дахиад бие давхар болсон. Морь жилд шинэ хүнтэй болно гээд хүлээж байгаа.

- Таныг эхнэртэйгээ цэцэрлэгт байхаасаа хамт хүмүүжиж байсан гэж дуулсан. 
- Тийм ээ. Эхнэрийн маань аав, ээж геологич мэргэжилтэй. Манай аав, ээж ч геологич хүмүүс. Тухайн үед геологичид нэг л байранд амьдардаг байсан. Бид хоёр нэг газар төрж, өссөн. Их эртний найзууд гэсэн үг. 

- Танай гэргий чинь мөн “Тэрэлж” зочид буудлыг удирддаг. Тансаг зэрэглэлийн зочид буудлууд олноор байгуулагдаж байна. Хамгийн гол нь ашигтай ажиллаж чадаж байна уу гэдэг их сонирхолтой. 
- Хэцүү бизнес. Гэхдээ “Тэрэлж” зочид буудал бол Монгол хүн Монголдоо хийсэн бүтээн байгуулалтын нэг. Олон гадны зочдод “Тэрэлж” зочид буудлыг үзүүлдэг. Монгол хүн ямар хэмжээний бүтээн байгуулалт хийх чадвартай вэ гэдгийг үзүүлэх сайхан боломжийн нэг. 

Ашигтай бол ажилладаггүй. Аялал жуулчлалын орчин нь өөрөө цогцоороо хөгжихгүй бол тэнд нэг буудал, амралтын газар барьчихаад сайхан болно гэдэг хэцүү. Шантрахгүй л аваад явж байгаа.  

“МОНГОЛ HD ДАХИАД ОЛОН КАМПАНИТ АЖИЛ ХИЙНЭ”

"“Монгол HD” судалгааг харахаар үзэгчдийн тоо буураагүй харин ч өссөн таатай үзүүлэлттэй байгаа"

- "Гацуурт" компанийг төлөөлүүлж асуулт тавьж болох уу?
- Асуу асуу.

- “Монгол HD” телевизийн талаар хамгийн түрүүнд асууя. Та бүхний сүүлд хэд хэдэн хэвлэл мэдээллийнхэн дунд төлбөртэй мэдээний эх сурвалжийг шалгалгүй тавьдаг асуудлыг хөндсөн. Харин үүнтэй холбоотойгоор сайн, муу янз бүрийн асуудал “дэвэрч” гарч ирсэн. Санаа зөв ч арга нь буруу санагдсан. 
- Үүнд би албан ёсоор тайлбар өгөхгүй. Гэхдээ мэдээлэлд ойр хүний хувьд хэдэн үг хэлж болох байх. “Монгол HD” телевизийн явуулсан туршилтыг хүмүүс янз бүрээр харж байгаа. Туршилтыг зөв, буруу болсон гэсэн дүгнэлтийг үзэгчид л хийх хэрэгтэй болов уу. Телевизийн оршин тогтнох эсэхийг угаасаа үзэгчид л шийднэ. Тэгэхээр “Монгол HD” судалгааг харахаар үзэгчдийн тоо буураагүй харин ч өссөн таатай үзүүлэлттэй байгаа.

- Сэтгүүл зүйн салбарыг эрүүлжүүлэх талд бүгд санал нэгдэнэ. Санаа зөв байсан. Харин арга нь түргэдсэн, яарсан шинжтэй байсан. 
- Чөлөөт хэвлэл хөгжөөд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд бид бахархмаар, бахадмаар салбарыг байгуулж чадсан уу, үгүй юу гээд бодох хэрэгтэй. Бид өөрсдөө өөрсдийгөө л шүүмжилж, ингэхдээ бүтээлчээр шүүмжлэх хэрэгтэй. Мэдээллийн эх сурвалжаа шалгахгүйгээр нийтэлнэ гэдэг бол “нүгэл”. Үүнийг “Монгол HD” л хэлээд байгаа юм биш. Сэтгүүл зүйн ангийн нэгдүгээр курсийн нэг дэх өдөр л хэлдэг дүрэм. Манай салбар санхүүгийн хүнд байдалд буй. Бүх газар л цалингаа тавихад хэцүү байгаа. Гэхдээ ямар ч мэдээллийн эх сурвалжийг шалгаж байгаарай гэсэн дохио. 

- Гэхдээ бизнес, төлбөртэй мэдээ гэдэг бол байх ойлголт. Энэ бол захиалгат гүтгэлгээс өөр. 
- Тийм ээ. Бизнес мэдээ байдаг. Дэлхийн хамгийн том том хэвлэлд ч бий. Гэхдээ хэчнээн бизнес мэдээ байсан ч эх сурвалжаа л шалгах ёстой. 

- “Монгол HD” телевизийн хувьд бизнес мэдээг огт хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан шүү дээ. 
- Энэ нь тухайн байгууллагын л шийдвэр. 

- Дахиад төлөвлөж байгаа кампанит ажил бий юу?
- Бүгдийг нь хэлэх нь тохиромжгүй байна. Ямар ч байсан цаашдаа “хаалтын гэрээ” гэдэг зүйлийг хийх нь зөв үү, буруу юу, шантаажийн сэтгүүл зүй байна уу, үгүй юу, нийтлэлүүд хуурамч нэрээр явах нь олон улсын стандартад нийцдэг үү, үгүй юу гэсэн хөндөх ёстой асуудлууд бий. Эдгээрийг хийхийн тулд хэн нэгнийг гүтгэхгүйгээр, хөнгөн хийсвэр хандахгүйгээр нэлээд судалгаа хийж байж хийх хэрэгтэй. 

- Танай хийсэн алхмыг тухайн үед би ч бас шүүмжлэлтэй хандаж бичиж байлаа. Ер нь шилдэг байна аа гэдэг бусдыг дайрч, давшлахаас илүү өөрөө л шилдэг байхад болох биш үү гэж бичиж байлаа. /Нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дарна уу/
- Энэ бол эмзэглэх асуудал биш. Салбар дотроо бие биенээ шүүмжилж чадаж байвал хөгжихийн л эхлэл болов уу. Монголын сэтгүүл зүй, сэтгүүлч нар дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц мэргэжилтнүүд гарч ирээсэй л гэж бид бодож байна. Түүнээс дайснаа дарах гэсэн бодол байгаагүй. 

- Албан тушаалын статусаар та “Монгол HD” -д ямар оролцоотой вэ?
- Зөвлөх. 

- “Монгол HD” телевизийн хийсэн ажилтай холбоотой танай зарим ажил хууль бус зарчмаар явж байгаа гэсэн мэдээлэл хүчтэй яригдаж байсан. Ялангуяа хотын төвд баригдсан нэг орон сууцны барилгын асуудал. 
- Үүний нарийн зүйлийг би мэдэхгүй байна. Хуультай, дүрэмтэй улс юм чинь үүгээрээ шийдэгдээд явах байх. Түүнээс “Гацуурт” ялах ёстой, ялагдах ёстой гэж би хэлэхгүй. 

“10 ХҮН ЦАЛИНЖУУЛАХ ГЭЖ ХОЁР ЖИЛ НУСАА ХАЦАРТАА НААХ ШАХУУ Л ЮМ БОЛЖ БАЙНА”

 

Г.Бат -Эрдэнэ

- Дийлэнхдээ “Гацуурт” компанийн Л.Чинбатын хүргэн” гэж таныг олон нийт мэддэг. Өөрийг тань энэ тодорхойлолтоор хүлээж авах нь таалагддаг уу?
- Миний хувьд “Гацуурт” компанийг үүсгэн байгуулсан Л.Чинбат гэж хүнээр их бахархдаг. Энэ хүнээс сурсан, мэдсэн зүйл их.

Би 10 хүн цалинжуулах гэж хоёр жил нусаа хацартаа наах шахуу л юм болж байна. Дээрээс нь компаниа ашигтай ажиллуулж, татвараа төлөөд явна гэдэг хүнд даалгавар. Тэгэхэд “Гацуурт” сар болгон 1000 гаруй хүнийг цалинжуулаад дээрээс нь Монгол улсынхаа хүнсний аюулгүй байдалд анхаарсан үйл ажиллагаа явуулж байгаа. Амархан мөнгө олох хялбар олон ажил байхад Монголынхоо тусгаар тогтнол, хүнс хангамжийн салбарт ажиллаад 1000 хүнийг цалинжуулаад явж байгаа хүнтэй би нэр холбогдоход бахархана уу гэхээс эмзэглэх зүйл байхгүй. 

- Гэхдээ “Гацуурт”-ыг хүмүүс уул уурхайн бизнесээр илүү сайн мэддэг шүү дээ. Алтны олборлолт. 
- Монгол хүн Монголынхоо газар шороонд байгаа баялгийг ашиглаад эргээгээд Монголынхоо хүмүүст хүнс бэлдэнэ гэдэг байх ёстой асуудал гэж бодож байна. 

“Инээгээгүй өдрөө амьдраагүй өдөр гэж тооцоорой” 

Ялангуяа энэ компаний хариуцлагатай уул уурхайд хийсэн ажлууд, нөхөн сэргээлт бол үлгэр болж явдаг. 

Хууль бусаар алт ухаад, хамаг мөнгөө гадаад руу шилжүүлчихээд Монголдоо ирдэг ч үгүй хүмүүс бий л байх. Харин эх орондоо 1000 хүн цалинжуулаад тариа тариад дутсан гээд байгаа улаан буудайг нь гүйцээх гээд ажиллаж байгаа хүмүүсийг хүндлэх ёстой л гэж боддог. 

- Твиттерт таны жиргээнүүдийг харж байхад шооч нэгэн санагддаг. Харин ингээд яриад суухаар их төлөв, зарчимч хүн шиг санагдлаа. 
- “Инээгээгүй өдрөө амьдраагүй өдөр гэж тооцоорой” гэдэг үгэнд дуртай. Амьдралд хэчнээн сайн, муу байдаг ч түүнээс сайныг бас шог өнцгийг нь олж харахыг хүсдэг. 

Харин чухал асуудалдаа бол чухал хандаж чаддаг л байх хэрэгтэй.

- Та чинь бас Монгол –Америкийн бизнес түншлэлийг хариуцдаг албан тушаалтай гэл үү?  

- Монголд бизнес эрхэлж байгаа америкийн компаниудын нэгдсэн худалдааны танхим гэж байдаг. Хоёр улсын бизнесийг холбох хамтын ажиллагааны худалдааны танхим. Үүний удирдах зөвлөлд ажилладаг. 

- Энэ ярилцлагыг дуусгаад та ямар ажилтай вэ?
- Телевизүүдийн хуралд орох гэж байна. 

- Яарч байна уу.
- Тийм ээ. 

 

Ярилцсан Ч.Болортуяа bolortuya@ikon.mn 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.