Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

А.Урангоо: Шинжлэх ухааны эсвэл бизнесийн үлгэр авах хүн яагаад байж болохгүй гэж ...

Ч.Болортуяа
2013 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
А.Урангоо: Ажиллаж байгаа салбарууддаа шинэ стандартыг тогтоохын төлөө ажиллаж байна

Ярилцлага хийх гэж буй зочноо би их том хүзүүний зүүлттэй, ганган дэгжин гэж сүрхий эмэгтэй ирэх болов уу гэж бодож суусан юм. Энэ бол А.Урангоотой уулзахаас өмнөх ойлголтын зөрүү байлаа.

Харин тэр илүү дутуу зүйлгүй ажил хэрэгч хувцасласан гэхдээ бусдын анхаарлыг татах бүсгүй байв. 

"Өглөөний хүн". Түүнийг ярилцлагын буландаа урьж оролцуулсан маань учиртай. 

Бизнес эрхлэгч, хүзүүний зүүлтний хоббитой, сайхан дуулдаг, нийгмийн идэвхтэй гээд хувь хүний хувьд түүнийг тодорхойлох имиж арвин ажээ. 

...

- Олон нийтийн сүлжээг идэвхтэй хэрэглэгчдийн дунд Таныг танихгүй хүн ховор байх. Гэхдээ манай нийт уншигчдад зориулж өөрийгөө товч танилцуулахгүй юу?
- Намайг Алтангэрэлийн Урангоо гэдэг. Хувиараа бизнес эрхлэгч.

- Одоо хийж буй ажлаас чинь өмнөх түүх буюу АНУ-д байхдаа ажиллаж, амьдарч байсан тухайгаас асуух нь зөв болов уу. Тэнд нэр хүндтэй ажил хийдэг байсан гэсэн. Яг ямар ажил хийдэг байсан юм бэ. Үүнээс яриагаа эхэлье.
- АНУ-ын сургуульд сурахад гадаад оюутан хуулийн дагуу 20 цаг ажил хийх эрхтэй байдаг. Үүний дагуу Колорадогийн их сургуулийн АНУ-ын Засгийн газрын нэгэн төсөл дээр ажилладаг байсан. Төгсөн төгстлөө долоо хоногийн 20 цаг энэ байгууллагад ажиллаж байгаад сүүлдээ төв оффист нь ажилладаг болсон. Миний ажиллаж байсан төв оффис нь АНУ-ын Засгийн газрын төслүүдийг хэрэгжүүлдэг байгууллага. Жилдээ дунджаар 7000 орчим төсөл авдаг байсан. Эрдэм, шинжилгээний хүрээлэнгийн харьяа хууль болон төслийн санхүү хариуцсан байгууллага юм. Тэнд даргын туслахаар нэлээн удаан ажилласан. 

Сургуулиа төгсөөд шууд ажлын санал авсан ч аав маань зуурдаар бурхан болоод Монголдоо ээждээ түшиг болж амьдрах шийдвэр гаргасан.

- Харамсалтай зүйл болжээ. Уучлаарай. 
- ...

- АНУ-д яг ямар мэргэжлээр төгссөн бэ?
- Коллежоо бизнесийн удирдлагаар төгссөн. Их сургуулийн үндсэн мэргэжил олон улс судлал. Үүн дотроо улстөр, ази тив дээр төвлөрч сурсан. Гүнзгийрч судалсаар байгаад Ази тивийн газар зүйн байрлал, эдийн засагт нөлөөлөх давамгай байдлаар одоо ч хичээлүүд үзээд явж байна.

- АНУ-д сургуулийн оюутны зөвлөл, Монголчуудын холбоо, сургуулийнхаа парламентийн гишүүн гэх зэрэгт ажилладаг нийгмийн идэвхтэй оюутан байсан гэдэг. 
- Колорадогийн Монголчуудын холбооны нарийн бичиг, Монгол оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан. Холбоодууд маань сүүлдээ нэгдээд найман мужийг хамарсан нэгдсэн Монголчуудын холбоо болсон. 

Монголчуудтайгаа холбоотой уулзалт, арга хэмжээг олон зохион байгуулдаг байлаа. Эх орноо төлөөлөх их олон арга хэмжээ зохион байгуулж оролцож байсан. 

- Монголд ирээд хамгийн түрүүнд эхлүүлсэн ажил чинь олон хүний сонирхлыг татсан болов уу. Гадаадад байгаа чадварлаг Монгол залуусыг эх орон руугаа авчрах төсөлд оролцож байсан. “Mongolia Тalent network” төслийн талаар танилцуулахгүй юу?
- Эх орондоо ирэх шийдвэр гэнэт гарсан болохоор ирээд тохирох ажил хайж байх хугацаанд маань хүний нөөцийн компани санал тавьсан. Энэ ажлын саналыг авсан нь одоо хийж буй ажлын маань Хүний нөөцийн чиглэлтэй холбох гараа болсон. 

Хилийн чанад дахь Монголчуудыгаа эх орон руугаа дуудах энэ төслийг эхэлсэн маань санаандгүй үйл явдал байсан. Монголын зах зээл хөрсөнд буусан франчайзинг загвар үүсгэх зорилгоор АНУ-д франчайзийн (franchise) үзэсгэлэнд оролцож явж байгаад тэнд амьдарч буй Монголчууддаа хүний нөөцийн компанид ажиллаж байгаагаа хэлсэн. Харин нутаг нэгтнүүд маань үүнийг маш их сонирхож хүлээж авсан. Ингэж уулзалтууд маань гурав, дөрвөн хүнтэйгээр анх эхэлж байсан. Дараа нь долоо, найм, тэгээд бүр зарлалтай зохион байгуулалттай арга хэмжээ болж эхэлсэн. 

Нийтдээ АНУ-ын долоон мужаар явж зургаад нь албан ёсны уулзалт хийсэн. Сүүлдээ Солонгос, Герман, Их Британи, Швэд, Япон, Турк, Франц дахь Монголчуудын холбооноос лекц зохион байгуулах урилгууд ирж эхэлсэн. Одоо ч ирж уулзалт зохион байгуулаач гэсэн хүмүүс их холбогддог.

- Энэ төслийн үр дүн ямар байсан бэ?
- Мэдээж энэ том ажлын үр дүн тэр дороо харагдана гэж байхгүй. Тухайн хүний олон жил сурч ажиллаж амьдарч буй газраас шийдвэрт нь нөлөөлөөд авчирна гэдэг лекц төдийхнөөр хийгдэх ажил биш. Гэхдээ энэ зун эх орондоо амьдрахаар ирээд манайд хандсан хүмүүсийн тоо компани байгуулах хэмжээнд хүргэсэн. Олон улсын түвшинд ажиллах чадвартай, Монголд хүний оюуны чадварыг олон улсад  гайхуулж буй олон чадварлаг залуус байдаг. 

Манай компанийн бүх ажилтан гадаадад ажиллаж амьдарч сурч байсан хүмүүс.

- Олон нийтийн сүлжээгээр “UA consulting” ХХК -ийн ажилчид гээд олон сайхан бүсгүйн зураг хөрөг яваад байдаг. Яг одоо өөрийн эрхэлж байгаа ажлынхаа тухай танилцуулахгүй юу. Ямар үйл ажиллагаа явуулдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх.
- Манай компани нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй таван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хүний нөөцийн салбараас улбаалан компаниуд шинэ хүн ажилд авахаас илүү дотоод хүмүүсээ илүү сургаж дэвшүүлж ажиллуулах сонирхолтой байдаг. Манайх хүний нөөц бүрдүүлэлт, сургалт, төлөвлөлт гээд цогц үйлчилгээ үзүүлдэг. 

Мөн санхүү, бизнес франчайзинг, эрүүл мэндийн аялал гээд бие даан ажиллаж байгаа салбарууд бий. Дээрээс нь үл хөдлөхийн салбарт шинэ албан тушаал үүсгэхээр ажиллаж байна. 

Тодруулбал, манай улсад өнөөдөр бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Гэтэл яг энэ зах зээлд зуучлалын үйл ажиллагаа дутмаг байгаа санагдсан. Өнөөдөр дунджаар нэг орон сууц 100 сая төгрөгний үнэтэй. Энэ худалдан авалтыг хүн амьдралдаа цөөхөн удаа хийдэг бас хөрөнгө оруулалтаар худалдаж авдаг тодорхой хүрээ үүссэн байна. Тэгэхээр энэ чухал шийдвэр гаргахад зуучлагч буюу риалтор (realtor) гэж хүн заавал байх ёстой. Үүнээс үүдэлтэйгээр риалтор хэмээх албан тушаалыг илүү мэргэжлийн болгох ёстой юм байна гэж бодсон. Хүмүүсийн харж байгаагаар сайхан бүсгүйчүүдийн зураг гараад байгаа юм шиг боловч Монголд риалтор гэх албан тушаалыг мэргэжлийн түвшинд албаны гоё имижтэй эмэгтэйчүүдээр гаргаж ирэх бодлоготой юм. 

Миний өөрийнхөө хүрээлэлд тавьсан энэхүү мэдээлэл өргөн хүрээнд тардаг болсон нь сүүлийн үед их мэдрэгдэж байна. Маркетинг гэдэг бол үүнээс өөр.

- Танайхны маркетингийн арга хэлбэр гэж ойлгож болох уу?
- Үгүй дээ. Миний өөрийнхөө хүрээлэлд тавьсан энэхүү мэдээлэл өргөн хүрээнд тардаг болсон нь сүүлийн үед их мэдрэгдэж байна. Маркетинг гэдэг бол үүнээс өөр. Ямарваа нэг зүйлд зардал гаргаад түүнээсээ ашиг олохыг хэлдэг. Харин одоо миний хийж байгаа зүйл ажлаа бусдад таниулах, танилцуулах арга хэлбэр. Гэхдээ энэ маркетинг шиг харагддаг болсон байна. 

- Эх орондоо ирээд удаагүй ч бизнесээ амжилттай эхлүүллээ. Харин Монголд байгаа зарим нь бизнесийн орчин таатай бус байна гэх шалтаг шалтгаан их хэлдэг. Тэдэнд юу гэж хэлмээр санагддаг вэ?
- Ямарваа нэгэн зүйлд зориод тэрийгээ ажил болгоод хийж байна гэдэг их чухал. Их гоё мөрөөдөлтэй олон залуу миний хүрээлэлд байдаг. Хийж эхлэх зориг чухал.

 Дараа нь тогтвортой үйл ажиллагаа явуулах арга тэгээд ашиг орлоготой ажиллах гэх мэтээр үр дүн бизнэсийнхээ хуулиар явдаг. Миний өнгөрсөн өвөл эхлүүлсэн “Эх орондоо эргэж ирцгээе” төсөл гэхэд энэ зун үр дүнгээ өгсөн нь анзаарагдсан. Одоо хийж байгаа ажлын маань үр дүн гарах болоогүй байна. Ялангуяа буурь сэлгэж бизнесээ эхлүүлсэн миний хувьд. 

"Монгол металаар өөрөө дизайн хийгээд франчайзинг модулаа босгох санаа авсан"

Ямар нэгэн том хэмжээний хөрөнгө оруулалт хийчээд тэрийгээ зарах гэж хүлээх биш Монголдоо хүний нөөц, хөрөнгө зуучлал зэрэг ажиллаж байгаа салбарууддаа шинэ стандартуудыг тогтоохын төлөө ажиллаж байгаа. Ер нь хүн аливааг хийе гэсэн тууштай сэтгэл байвал болдог юм билээ. 

Би их туршлагатай хүн шиг ярих гээгүй. Ямартай ч эхний ээлжинд ажил маань боломжийн амжилттай байгаа. 

- Энэ сарын эхээр бүсгүйчүүдийн анхаарлыг татсан “Uran boutique” дэлгүүрийн нээлт боллоо. Миний хувьд ямар дэлгүүр болох бол гээд хүлээлттэй байсан. Гоё дэлгүүр болсон байна лээ. Энэ дэлгүүр өөрийн чинь хоббитой холбоотой гэж байсан.  
- Би өөрөө үнэхээр дуртай. Хоббитой хүн энгийн нэг зүйлийг ч амьдралын аз жаргал болгож чаддаг. Өөрөө их дуртай болохоор цуглуулахгүй, хэрэглэхгүй байхын аргагүй. Олон хүн сонирхон асууж, ямар гоё зүүлт зүүгээ вэ хаанаас авсан бэ гэсэн үгийг байнга сонсдог болохоор бусдыг ч гоёх юмсан гэсэн бодлоор бас Монголд франчайзийн загвартайгаар бизнес эрхлэх бодол надад байсаар байсан.  Үүн дотроо Монгол брэндийг бий болгох юмсан гэсэн зорилттой. Аав, ээж хоёр маань Монголд “Ариун” гэсэн брэндийг бий болгож чадсан. Тэрийг би харж өссөн. 

Тиймээс би өөрөө нэг брэнд бий болгох ёстой ч юм шиг, эсвэл бизнес гэхийг брэнд үүсгэх гэж төсөөлдөг ч юм шиг санагддаг /инээв/.

Монголчууд бид эртнээсээ хувцас, эдийн арвин түүх, ёс уламжлалтай. Өнгөрсөн жил олимпийн алтан медалийг Монгол алтаар хийсэн. Үүнээс би Монгол металаар өөрөө дизайн хийгээд франчайзинг модулаа босгох санаа авсан. 

Дэлгүүрээ нээсний дараа охид бүсгүчүүдийн хүссэн дэлгүүрийг үүсгэж чаджээ гэсэн бодолдоо бат итгэлтэй болсон. 

- Монгол брэнд гэдэг их чухал сэдэв болоод байгаа. Яг танай дэлгүүр дээр Монгол брэндийг бий болгох дээр яаж ажиллаж байна вэ?
- “Уран” брэндийн өөрийнх нь онцлог маш ихэмсэг тансаг байх ёстой. Энэ утгаараа манай дэлгүүрээс үйлчлүүлэгчид маань бүтээгдэхүүн худалдаж авахдаа ганцхан зүүлт биш ихэмсэг дүр төрх, өөртөө итгэх итгэл, хүмүүсийн гаднаас үнэлэх үнэлэмж гээд мөнгөөр худалдаж авдаггүй гурван зүйлийг зэрэг авдаг юм. Брэнд болготол тэр тусмаа гадаадын улс оронд салбарлах хэмжээний франчайзинг болгоно гэдэг олон жил гадаадад байсан миний сэтгэлд зовлонгүй буусан. Тавигдсан тавиурын хэмжээ, пос систем, борлуулалтын схем маркетинг тэнд байгаа зураг, цэцэг, үнэр хүртэл брэндийн маань эхлэл юм. 

2015 оноос эхлэн өөрийнхөө загварыг үнэт металаар гаргаж эхэлнэ. Учир нь эхний ээлжинд бид хэрэглэгчийн боловсрол дээр ажиллах хэрэгтэй байна. Эхлээд эмэгтэйчүүдийгээ хүзүүний зүүлт зүүж сургах хэрэгтэй байна гэж үзсэн. Зүүлт зүүхээр эмэгтэй хүн маш сайхан мэдрэмж авдаг, ихэмсэг дүр төрхтэй болдог юм байна. Зүгээр нэг энгийн цамцыг хүртэл чамин хувцас болгох боломжтой гэсэн хэрэглээг сургамаар байна.  Ингэхийн тулд эхний ээлжинд боломжийн үнэтэй бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байгаа. Одоохондоо миний өөрийн загварууд арай үнэтэй гараад байгаа. Яаж үйлдвэрлэх хэмжээнд боломжийн үнэтэй ажиллах вэ бас үнэт мэталуудаа хаанаас их хэмжээгээр авах вэ гэдэг дээр манай компанийн бизнесийн зөвлөхүүд ажиллаад л байна.

А.Урангоо: 2015 оноос эхлэн өөрийнхөө загварыг үнэт металаар гаргаж эхэлнэ.

- Зүүлтнүүдийнхээ загварыг зураад бэлдээд байж байгаа гэсэн үг үү?
- Дэлгүүр маань түүхий эдийн хэсэгтэй. Энэ бол миний жаргалын орон. Тэр өрөөнд орчихоор би утсаа сонсохгүй, юун фэйсбүүк, твиттер болчихдог. Загвар хийдэг гэхээр гал маналзуулаад, зураг зураад учиргүй ган гагнуур хийдэг гэж ойлгодог юм шиг байгаа юм. Нэг жинсэн өмд бүтэхдээ 13 түүхий эд хэрэглэгдэж дор хаяж гурван улс дамжиж америкийн зах зээл дээр гардаг. 

Таны зүүж байгаа цаганд дор хаяж 30-40 түүхий эд орж байж сайхан цаг бүтсэн байгаа. Би бас л хоббиндоо хөтлөгдөн түүхий эдийг олон төрлөөр ашиглаж өөртөө болон Монгол бүсгүйчүүддээ хамгийн тохирох гоёлыг хийж байгаа хүн. Өөрөө үнэхээр дуртай болохоор муухайг хийх ч юмуу хямдыг бодож сонголт хийж чаддаггүй юм билээ.

Монголчууд бол гоёж, чимэглэх дуртай ард түмэн. Гэхдээ энэ нь баахан зүйлүүд холбоод зүүчих хэрэг биш. Бүгд өөрийн гэсэн учир, ухаантай. Хоосон баярхал ч бас биш юм. Том зүүлт чимэглэлийг зоригтой зүүж тэрүүгээр өөрийгөө үггүй илэрхийлж чаддаг эмэгтэй хүний сэтгэхүй ямар байх вэ гээд бас бодоод үзээрэй.

Гоёл чимэглэлийн дэлгүүрт өөртөө гоёл сонгож байгаа эмэгтэй хүн яг л “өөрийгөө” сонгоод гардаг гэдгийг та бүхэн анзаарсан уу.

- Бодож үзэх л зүйл байна. Өөрийг чинь аавынхаа “энгэрийн зүүлт” гэсэн хочтой байсан гэж сонссон. 
- Тийм ээ. Би айлын том охин. Нэг сайхан дүүтэй. Намайг аавынхаа зан байдал бүх зүйлийг өвчиж төрсөн гэж хүмүүс ярьдаг.  Айлын том охин бас эмээ, өвөөдөө анхны ач нь байсан болохоор хүн болгон намайг тэвэрч өсгөсөн. Аавдаа дандаа тэврүүлээд явдаг байсан болохоор хүмүүс “Алтангэрэлийн энгэрийн зүүлт” гэж хочилдог байсан. Хэзээ нэгэн цагт ийм бизнес хийгээд явж байна гэж төсөөлж байсангүй. Эмээ, ээж маань их уран хүн. Тиймээс намайг мөн л уран болоорой гэж Урангоо гэж нэрийг өгсөн болов уу. Юм бүхний учрал бүрдээд энэ брэндийг бий болгох гэж зорьж яваа юм.

- Та өөрийнхөө аав, ээжийг танилцуулахгүй юу. Мөн таныг “Хөгжил трейд” ХХК-ийг эзэмшдэг гэсэн ойлголт хүмүүст байдаг. 
- Сайхан асуулт байна. Аавыг маань Х.Алтангэрэл гэдэг. “Хөгжил трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч. Хүмүүс аавыг маань их сэргэлэн, ухаалаг залуу гэдгээр нь мэддэг. Ховд нутагт төрсөн, эрх зүйч мэргэжилтэй, шударга, зарчимч хүн байсан. 

Ээжийг маань Б.Ургамал гэдэг. Эмээ, өвөө хоёр маань олны танил олон шавь нартай багш хүмүүс байдаг.

“Хөгжил трейд” компани маань “Ариун” гэж үйлдвэртэй. Үйлдвэр маань 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголдоо бас нэг цоо шинэ брэнд бий болгож чадсан компани.  Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Энгийн өдөр тутмынхаа хэрэглээг ч гэсэн Монголдоо үйлдвэрлэж байгаа улс гэдгийг харуулж чадсан. Аав, ээж хоёр маань хоёулаа их дайчин хүмүүс гэдгийг олон хүн мэддэг. “Хөгжил трейд” компани хүмүүсийн бодож байгаа шиг тийм том компани биш. Гэхдээ Монголын хэрэглэгчдийн дийлэнх хувийг хамарч чадсан. 

Миний өөрийн хувийн бизнес бол “Хөгжил трейд”-тэй холбоогүй. Сургуулиа төгсч ирээд ээжээсээ хоёр хувийн хүүтэй зээл аваад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ээж маань миний ажилд огт оролцдоггүй. Олон жил биеэ даагаад амьдарсан нэг ёсондоо тусгаар тогтносон хүн болохоор би бизнесээ хэн нэгний харъяа болгохгүйгээр өөрөө алдаж оноод тэрэндээ  туршлагажаад аваад явна гэж боддог. Туршлагыг хэн ч худалдаж авч чаддаггүй.

Сургуулиа төгсч ирээд ээжээсээ хоёр хувийн хүүтэй зээл аваад үйл ажиллагаагаа явуулж байгаа.

- Ээж тань тэгвэл өөрт чинь сайхан боломж өгчээ. Гэхдээ бас нэлээд хатуу ханддаг бололтой.
- Анх бизнесээ эхлээд банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө байхгүй байсан. Тиймээс ээж маань надад өөрийнхөөрөө ажиллах боломжийг өгсөн. Ер нь ээж маань намайг шүүмжилнэ үү гэхээс магтдаггүй. Ээжээсээ магтаал ховорхон сонсч байсан. Гэхдээ найзууддаа намайг магтаж ярихыг нь сонсоод үүнийг нь би магтаал гэж хүлээж авдаг. Миний ээж их төлөв даруу, үг дуу цөөтэй, хөдөлмөрч сайхан эх хүн бий. 

Монголд ирээд хоёр жил ч болоогүй таван салбарт 18 хүн удирдаад ажиллуулж байгаа надад ээж маань их итгэдэг юм шиг байгаа юм.

- Хүзүүний зүүлт гэснээс энэ бүхнийг ярьж байгаа та өөрөө өнөөдөр яагаад зүүлт зүүгээгүй байна?
- Зүүлтний хоббитой гэхээр хүмүүс намайг байнга л хүзүүгээрээ дүүрэн зүүлт ороогоод явж байдаг гэж боддог юм шиг байгаа. Гэтэл хувцас, зүүлт бүхнээ тухайн өдрийн ажлын онцлогтой тааруулахгүй бол утгагүй зүйл болно. Ажилдаа бол би ажил хэрэгч ханддаг. Хүний нөөцийн чухал уулзалтуудыг хийж, хүний хүсэл, мөрөөдлийг сонсч, тэдний ирээдүйн талаар хэлэлцэж, олон удирдах түвшний хүмүүстэй уулзаж шийдвэр гаргаж байдаг болохоор ажлаа хийхдээ гоёл чимэглэл дээрээ бусдын анхаарлыг нь татахыг хүсдэггүй. 

- Бизнес, гэр бүлийн яриагаа түр завсарлаад хувь хүн рүү чиглэсэн хэдэн асуулт тавихыг хүсч байна. Өөрийг чинь дуулах дуртай гэж сонсч байсан. Бас нэг дуу чинь интернэтээр нэлээд тарчихсан юм байна лээ. 
- Тийм ээ. Багаасаа дуулах, урлагийн хүн болох сонирхолтой байсан. Аав маань их сайхан дуулдаг хүн байсан. Тэр авъяас нь өвлөгдсөн юм болов уу гэж боддог. Дунд сургуульд байхаасаа дуучин болно гэж зүтгэсэн. Харин эцэг, эх маань тэр хүслийг маань дэмжээгүй. “Бизнесмэнийн хүүхэд юм чинь бизнесмэн л болох ёстой” гээд сургуулиа төгсөнгүүт Сингапур луу явуулчихсан. “Миний охин сайн дуулдаг. Гэхдээ чи дуучин болох албагүй. Сайн сонсогч байж болно шүү дээ” гэж тэр үед аав, ээж маань намайг ятгасан. Үүний ачаар өнөөдөр би шал өөр зүйл бодоод, бизнес хийгээд явж байна. Гэхдээ би дуулж чадна.

- Интернэтээр цацагдсан дууны тухайд?
- Америкад байхад Монголчуудын холбоонд дууны хамтлаг байсан. Тэр хамтлагт дуулдаг байлаа. Үүний дараа америк хамтлагууд намайг сонирхоод нэг хэсэг америк хамтлагт дуулсан. АНУ-д оюутан байхдаа гэртээ дуулсан нэг дуу маань интернэтээр санамсаргүй цацагдсан чинь маш их лайк, сэтгэгдэл авсан. Одоо үзэхээр бага зэрэг ичдэг. Тэр бичлэгийн дараа хэд хэдэн студи хамтарч ажиллах санал болон дуулсан дуучин нь хүртэл тэр дуугаа намайг дуулах санал тавьсан.

- Таныг өөрийнхөө тухай мэдээллийг шар сайтуудад цацуулдаг гэх мэдээлэл гараад байдаг.  Үнэхээр тэгдэг хэрэг үү?
- Үгүй дээ. Миний хийж байгаа ажил, төслүүдийг маань хүмүүс их сайн мэддэг болсон байсан лээ. Олон нийтийн сүлжээнд мэдээллээ цацчих хангалттай орон зай надад бий. Би өөрийнхөө фэйсбүүкдээ өөрийн хүссэн зүйлээ, хийж буй ажлаа л бичдэг. Тэгсэн миний бичсэн зүйлүүдээр мэдээ болгоод тавьчихсан тохиолдлыг би хэд хэдэн удаа олж харсан.  Үүнийг хүмүүс өөрийгөө бичүүлсэн гэж ойлгосон бололтой. Хэвлэл мэдээлэлд мөнгө төлж үзээгүй. Барагтаа уншиж амждаггүй. Харин гарсан мэдээллийг мөнгө төлж устгуулж үзсэнээ нуулгүй хэлчье. 

- Өөрийнхөө тухай сөрөг мэдээллийг устгуулсан гэсэн үг үү?
- Би хүний нөөцийн чиглэлээр бизнес эрхэлдэг бас олон хүний ажилтай орлоготой байх шийдвэрт нөлөөлдөг. Худал мэдээлэл миний ажилд бизнес хамтрагчдад маань нөлөөлөөд эхлэхийг би бол тэвчихгүй. 

Хэвлэл мэдээлэлд мөнгө төлж үзээгүй. Барагтаа уншиж амждаггүй. Харин гарсан мэдээллийг мөнгө төлж устгуулж үзсэнээ нуулгүй хэлчье. 

- Олон хүний асуугаасай гэсэн асуулт надад байна. Монголчуудын бахархал болсон Их аварга Д.Дагвадоржтой таныг нэр холбогдсон, хайр сэтгэлийн холбоотой гэдэг. Та хоёрын хамтдаа авхуулсан зураг хүртэл байдаг.
- Миний тухай мэдээлэл яагаад тийм сонин байдагт би их гайхдаг. Цагаан сараар хүн айлд ирээд золгоход түүнийг нь мэдээ болгоод бичиж болохгүй байх аа. Монголд олны анхааралд өртөх гэж хүмүүс янз бүрийн алхам хийдэг юм шиг байгаа юм. Намайг тийм хүмүүстэй андуураад бичсэн байх. Миний хувьд хийж буй ажил маань тэртээ тэргүй олон хүмүүст хүрч тэр маань ч интернэт ертөнцөд ил тод байж байдаг.  

- Таныг Д.Дагвадорж аваргын гэр бүлийг үймүүлж, эхнэрээс нь салгаж суух гэж байгаа гэх юм. 
- Би аливаад тууштай ханддаг. Хоёрын хооронд харилцаа болон юмыг эхлүүлчихээд хаяхыг өөртөө хүлээн зөвшөөрдөггүй. Д.Дагвадорж аваргын гэр бүлийг  үймүүлэх нь битгий хэл богино хугацаанд ч хүнтэй үерхэж найзална гэсэн ойлголт надад байдаггүй. Тийм болохоороо өөрийнхөө бий болгочоод байгаа компанидаа ажиллаад хүнтэй суух талаар бодох сөхөөгүй явна. 

- Спортод нэлээд авъяастай гэж дуулсан юм байна.
- Авъяастай гэхээсээ илүү дуртай байна гэдэг их чухал юм болов уу. Өдөр, тутам хийдэг ажлаасаа гадна хүн өөрийнхөө дуртай зүйлд цаг заваа зарцуулна гэдэг их чухал. Спорт спортдоо би бөмбөгтэй спортод их дуртай. Бөмбөгний учрыг олчихоод байдаг. 

Амарна гэхээр дээшээ харж хэвтэж гэртээ суухыг боддоггүй дуртай зүйлээ хийх миний хувьд амралт. Газрын тэннисээр хоёрдугаар ангиасаа хичээллэж эхэлсэн. Багагүй шагнал бий.

- Хэзээ гэр бүл зохиож айлын эзэгтэй болно гэж боддог вэ?
- Би харагдаж байгаагаасаа хамаагүй залуу. Хүнтэй сууж хүүхэд гаргаад ээж болох нь ойлгомжтой. Үлдсэн амьдралдаа тэр чигтээ л эхнэр, ээжийн амьдралаар өнгөрөөнө. Харин санаа зовох юмгүй өөрийн дураар ажиллаж хүссэн үедээ өсгийтэй гутлаа өмсөөд шөнийн 02.00 цаг хүртэл бүжиглэх үе маань юу билээ... 

Залуу насаараа гоёх гэдгийг нүүрээ будахгүй богино даашинз өмсөөд гүйхээс тэс өөр утгатай үг юм байна гэдгийг одоо л ойлгож байна.

"Монголдоо үлгэр болох хүмүүсийг гаргаж ирэхийг хүсдэг"

- Олон зүйл санаачлаад хийж байгаа бүсгүй хүнд цаашдаа хийхээр төлөвлөсөн ажил их байгаа байх. Түүнээсээ хуваалцахгүй юу?
- Дэлхийн биш юм гэхэд азийн хэмжээнд ямар нэгэн бизнесийн сүлжээ, төвлөрлийг Монголдоо бий болгохыг хүсдэг. 

Их сургуульд байхдаа Сингапур улсын газар зүйн байрлал эдийн засгийн өсөлтийн том нөлөөний тухай төсөл бичиж байсан болохоор  “Азийн тав дахь бар улс Монгол” гэсэн сэдвээр дипломоо хийж байсан. Яг л үүнийхээ төлөө ажиллаж байна. Яагаад Монгол маань ази тивийн төв цэг байж болохгүй гэж боддог. Олон зүйл ярихгүйгээр ядаж ложистикийн хувьд бид Монголдоо азийн нэгдсэн сүлжээ, төв оффис /headquarter/ бий болгох боломжтой санагддаг. Монгол хоёр том гүрэн улстай хиллэсэн оюуны чадамж сайтай үндэстэн, герман, америк хэв маягийн хуультай, орос соёлтой, ази тивд байрладаг цөөхөн боловсон хүчинтэй улс. Хүний нөөцөөр ажиллаад чадварлаг хүмүүсийг зөв газар нь зөв ажлыг нь хийлгүүлэх гэдэг миний өөрийн компанийн арга барил. 

Бас нэг бодож явдаг нэгэн зүйл бол Монголдоо үлгэр болох хүмүүсийг гаргаж ирэхийг хүсдэг. Монголд одоо урлаг эсвэл улстөрийн хүмүүсийг бүгд шүтэж байна. Яагаад шинжлэх ухааны эсвэл бизнесийн үлгэр авах хүн (role model) байж болохгүй гэж. Нийгэмдээ зөв дүр төрх, тийм боломж байдгийг харуулах үлгэрлэл хэрэгтэй бна.  Шинжлэх ухааны эрдэмтэн, инженер, зохион бүтээгч, бизнесийн алдартай хүмүүстэй болж оюутан залуус маань яг тэдэн шиг хүн болохыг мөрөөддөг хүсдэг байх хэрэгтэй. Ихэнх хүмүүс нийгэмдээ нөлөөтэй ажил хийхийн тулд улстөрч байх ёстой гэсэн сэтгэхүйтэй. Гэтэл сургуулиа төгсөөд ирсэн оюутан эх орондоо чадварлаг хүмүүсээ татаад төсөл хийхэд нийгэмд нөлөөлж болж байна шүү дээ. 

- Энэ булангийн уламжлалт асуулт. Та өглөө хэр эрт босдог вэ?
- АНУ –д ажиллаж амьдарч байхад сургууль, ажил хоёр маань нэлээд зайтай байсан. Сурангаа ажилладаг байсан болохоор бусад оюутнаас түрүүлж хичээлээ сонгох хэрэгтэй. Засгийн газрын төсөлд буюу нэр хүндтэй ажил хийдэг гадаад оюутан болохоор ажлаа алдахгүйн тулд их хичээж цагийн юмыг цагт нь дуусгахыг зорьдог байсан. 

Дээрээс нь даргын туслахаар ажиллаж байсан болохоор даргаасаа эрт ирж ажлаа бэлдэнэ гээд эрт босох зайлшгүй шаардлагатай. 

Үүнийхээ хажуугаар албан бус олон арга хэмжээнд ажиллаж сурсан дадал маань өнөөдөр миний амьдралд нөлөөлж байдаг. Өглөө хичээл хийх их дуртай. Яагаад ч юм өглөө юм сайн цээжлээд байдаг. Би ажиллаж байсан төслүүдийн код, төслийг хэрэгжүүлэгч эрдэмтдийн нэрийг цээжээрээ сайн мэддэг байсан. Манай ажлынхан намайг оффисийнхоо Google гэдэг байсан шүү.

- Өглөө хэр их ажил амжуулах уу?
- Өглөө 6.00 цаг жаахан илүү унтлаа гэхэд 7.00 цагт сэрүүлэггүй сэрнэ. Босоод твиттерээ уншина бас их дуулна. Үүний дараа ажлаа төлөвлөөд өөрийгөө бэлдээд ажилдаа гарна даа. 

Өөрийгөө бэлдэхэд надад 15 минут л хангалттай байдаг. 

Ер нь өглөө гэртээ байх хамгийн таатай боломж байдаг. Ажил их учир орой гэртээ ирээд л шууд амардаг. 

- А.Урангоо сүүлийн асуулт. Өөрийгөө гурван үгээр илэрхийлэхгүй юу?
Би яг л бизнесийн төлөө төрсөн хүн юм шиг байгаа юм. Хүлээцтэй биш хурдтай. Цөхрөхдөө биш уярахдаа нулимс унагадаг тийм л эмэгтэй хүн.

- Тэгвэл гурав дахь тодорхойлолтыг уншигчид маань олоод бөглөчих болов уу. 
- Харин...

 

Ярилцсан Ч.Болортуяа  bolortuya@ikon.mn  

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.