Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ HD –ийн сэтгүүл зүй биш байна!

Ч.Болортуяа
2013 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Монгол HD, "Оргил цаг" мэдээллийн хөтөлбөр, 2013.12.11

Монгол HD телевиз өчигдөр өөрсдийгөө сэтгүүл зүйд их баатарлаг зүйл хийлээ гэж бахархаж байх шиг. Тэдний санаачилсан зүйл зөв байж болох юм. Гэвч арга буруу байж, байгаа ерөөсөө онож чадсангүй!

Гэнэн байна!

Бизнесийн агуулгатай зар сурталчилгааны үнэн бодит байдлыг зарлуулсан байгууллага өөрөө хариуцна гэсэн зарчмаар Монголын бүх л хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллаж ирсэн. Энэ нь хоёр талтай. Нэг талаар хөнгөн хуумгай, худал ташаа мэдээлэл түгээх боломж юм шиг харагдавч нөгөөтэйгүүр арилжааны телевиз чинь өөрөө бизнесийн байгууллага. Төрийн хянаж, цагддаг байгууллага биш шүү дээ. 

Өчигдөр болон уржигдар хэвлэлүүдээр цацсан McDonalds-ийн мэдээг сонин, сайт, телевизүүд зарлуулсан газраас нөгөө байгууллагатай хийсэн гэрээ эсвэл яг хаана байршиж байгааг асуух эрх байгаа билүү?! Энэ чинь өөрөө бизнесийн нууц бас маркетингийн арга хэлбэр байж болно шүү дээ. Бас ингэж хянаж, шалгах нь бизнесийн байгууллага өөрөө хүнд сурталтай гэж байгаа нөгөө төрийн зарчмаар ажиллаж эхлэхийн шинж биш гэж үү.

Зүгээр л бод доо. Сонин дээр гарч байгаа бүх реклам, зар сурталчилгааны шинж чанартай мэдээллийг бүх байгууллагын бичиг, баримттай танилцаад, байгуулсан гэрээг нь хараад явна гэвэл энэ нь өөрөө маш бүдүүлэг арга барил болох юм. Үүнийг бизнесийн байгууллагууд өөрсдөө хүлээн зөвшөөрөх үү?!

Монгол HD яах ёстой байсан бэ?
Монголын сэтгүүл зүйн орчинг эрүүлжүүлж, сайжруулах тал дээр анхаарч байгааг чинь сайшаая! Гэвч арга хэлбэр чинь биш байна. Үнэхээр Монголын хэвлэлүүд асуудалд хөнгөн хандаж, худал мэдээлэл ард түмэнд түгээж байгааг нотлох гэсэн бол Та нар өөр мэдээ сонгох байсан. 

Жишээ нь, нэг байгууллагаа бусдыгаа муулсан, нэг улстөрч бие биенээ гүтгэсэн тийм мэдээлэл явуулах ёстой байсан. Ийм худал, сөрөг мэдээллийг хэвлэл мэдээлэл нягтлахгүйгээр цацсан бол хэвлэл хариуцлага хүлээх ёстой. Яагаад гэвэл тэр худал мэдээллийг авсан үзэгчид түүнд нь хууртаж тухайн байгууллага эсвэл хувь хүний талаарх сөрөг ойлголттой болсон  бол үүнд хохирогч бий. 

Харин McDonalds Монголд нээгдэх гэж байна гэсэн мэдээллийг уншсан Монголчуудын аль талд ч хохирогч байхгүй шүү. Ингэж сэтгүүл зүй хийнэ гэж байхгүй!

УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн эсрэг кампанит ажлыг харсан. Та нар энэ субьект дээр ажиллах ёстой байсан юм.

Бэлэн жишээ байна шүү дээ. Өдөр тутмын сонин, телевиз, сайтуудаар УИХ-ын гишүүд бие биерүүгээ дайрсан довтолсон мэдээ явуулдаг шүү дээ. Хамгийн сүүлд бид бүгдээрээ УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн эсрэг кампанит ажлыг харсан. Та нар энэ субьект дээр ажиллах ёстой байсан юм.

Бушуу туулай борвиндоо баастай!
Монгол HD бусдынхаа мууг үзэх гээд бүр улайрсан харагдсан.  Учир нь өчигдөр тэдний бэлтгэсэн мэдээлэл агуулгын, тооны хувьд алдаатай мэдээлэл их байсан. Тухайлбал дүрс авсан хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэр усыг сольж гаргасан. Төлбөртэй мэдээнүүдийн үнэ, ханшийн буруу харьцуулалт хийж байгаа нь ажиглагдсан. 
 
Энэ тоо баримт, мэдээллийн алдаа чинь харин Сэтгүүл зүйд учирч байгаа нэг гай шүү дээ. Иймэрхүү зүйл дээрээ  мэргэжлийн байдлаар ажиллаж чадахгүй байж бусдыгаа шүүмжилнэ гэж битгий ярь! 

Зарчим ярьж байгаа бол өөрсдөө зарчимтай бай. Өдөр бичээд тавьсан iKon.mn сайтын мэдээг үг үсэггүй уншчихдаг сэтгүүлчтэй байж шинэ сэтгүүл зүй хийнэ гэж битгий ярь!

Өдөр бичээд тавьсан iKon.mn сайтын мэдээг үг үсэггүй уншчихдаг сэтгүүлчтэй байж шинэ сэтгүүл зүй хийнэ гэж битгий ярь!

Өрсөлдөгч чинь чи өөрөө!
iKon.mn сайт Mонгол HD телевизээр хагас сар өөрсдийн рекламаа цацсан. Харин тэднийд рекламаа өгөх гээд очиход iKon.mn сайт нээлтээ хийгээд удаагүй байсан учир ийм сайт байдаг эсэхийг ч мэддэггүй байж танай рекламны менежер манай шторкийг 15 хоног цацсан шүү дээ. Та нар өөрсдөө реклам, зар сурталчилгаа явуулдаг байгууллагуудынхаа үнэмлэхийг ч шалгадаггүй юм билээ. 

Та нар өөрсдөө реклам, зар сурталчилгаа явуулдаг байгууллагуудынхаа үнэмлэхийг ч шалгадаггүй юм билээ. 

Тэгээд бусдыгаа ийм байдалд оруулж байгаа чинь дэндүү инээдтэй.

Өрсөлдөнө гэж бусдыгаа дэвсэлж гарч ирдэг маркетинг ард үлдсэн ш дээ. Чи өөрөө л хамгийн шилдэг нь байхад хангалттай. Тэгвэл хүссэн хүсээгүй үзэгч, уншигчид танайхыг гэдэг болно. 

Хамгийн том өрсөлдөгч чи өөрөө шүү дээ. 

Эцэст нь сэтгүүл зүйн орчинг эрүүлжүүлэх гэсэн чинь зөв. Харин өөрсдөөсөө эхлэх ёстой. Хамтраад үүнийг хийе гэвэл эхлээд тогоон дотроо асуудлаа нэн тэргүүнд ярих ёстой болов уу!

Олон нийтээс авах гэсэн өндөр оноо чинь даан ч явуургүй бас арга ядсан байлаа. Үүнд чинь харин аливаад ултай суурьтай ханддаг нэгэн нь ундуйцаж, харин хүний мууд дуртай, хөнгөн хуумгай нэгэн нь баярлаж суугаа нь хөөрхий. 

Bolortuya@ikon.mn